Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 745

 

А.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Чинбилиг,

          шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Н,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлоор А.Бт холбогдох 2017 2601 0825 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн А-ийн Б, 1998 оны 8 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Хишиг Өндөр сумын 2 дугаар баг, Хүрэмт гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 353 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

А.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 2б байрны 4 дүгээр давхрын 22 тоотод оршин суух иргэн Л.Ш-гийн байрны гал тогооны өрөөний цонхоор архины шил шидэж, цахилгаан зуухны нүүрэн хэсгийн шилийг хагалсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Б-ийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн “0.75 литрийн хэмжээтэй “Экс” архины шилний болон цахилгаан зуухны шарагчийн нүүрний шилний хагархай хэсгүүд”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

А.Б-ийн хувьд биеийн эрүүл мэндийн байдал муу, үе үе ухаан алдаж, унаж татдаг ба байнгын мэргэжлийн эмнэлгийн хараа хяналтад байдаг тул анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх боломжгүй ба харин мөнгөн төлбөрийг төлөх бүрэн боломжтой юм.

А.Б нь ШУТИС-ийн 1 дүгээр дамжааны оюутан тул сурч, боловсрох эрхээр нь хангаж, түүнчлэн биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх сонгох санкцитай байх тул ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж торгох ялын доод хэмжээгээр сольж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу ялын зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүх А.Б-ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиход татгалзах зүйлгүй...” гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

А.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр цонхоор архины шил шидэж, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 2б байрны 4 дүгээр давхрын 22 тоотод оршин суух иргэн Л.Шгийн байрны гал тогооны өрөөнд байсан цахилгаан зуухны нүүрэн хэсгийн шилийг хагалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Ш-гийн “...2017 оны 4 дүгээр сарын 9-ний шөнийн 23 цагийн орчим гэртээ нөхөр Ч.Н-ийн хамт унтахаар хэвтэж байтал гэнэт “тас няс” гээд дэлбэрч байгаа юм шиг чимээ манай гэрийн гал тогооны өрөөнөөс гарсан. Тэгээд гал тогооныхоо өрөөнд нөхөр Ч.Н-ийн хамт ороод харахад гал тогооны шалан дээр битүү архины шилний хагархай болон манай гал тогооны цахилгаан зуухны шарах шүүгээний хаалганы нүүрний шил хагарсан байдалтай байсан. Тэгээд цонхоор харахад манай гал тогооны өрөөний вакум цонх бүрэн бүтэн жижиг цонх нь онгорхой байсан. Тэгээд шууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирээд манай цонхоор архины шил орж ирээд цахилгаан зуухны нүүрний шил хагалсан байж болох нөхцөл байдлыг судалж, харж үзээд манай зэргэлдээ байрны 5 давхрын модон араам бүхий тагттай айлаас архины шил шидсэн байж болзошгүй байсан болохоор орж шалгаж үзэхэд түрээсийн байр бололтой, тусдаа 2 өрөө байр байсан. Тэгээд тагттай өрөөнд нь ороод харахад нэг залуу согтуу шал, хөнжил дээрээ бөөлжсөн байдалтай, тасарчихсан унтаж байсан. Нөгөө залуу нь арай гайгүй, хөрш өрөөний түрээсэлж байсан 2 охин гарч ирэхээр нь “та нар архины шилээ цонхоор шидээд байхдаа яадаг юм, хүн байсан бол алах нь байна ш дээ” гэхэд тэр 2 охин “түрүүн айлын цонх хагалчихлаа гээд гэрлээ унтраагаад нуугдаад цонхоор харж байгаад унтсан гэж хэлж байсан” гэж хэлсэн...”/хх-31-32/,

Гэрч Ч.Н-ийн “...Тэгтэл 23 цагийн үед бид хоёрыг том өрөө, жижиг өрөөнд байж байхад гэнэт юм дэлбэрч байгаа юм шиг чимээ гарахаар нь сандраад голын өрөө рүү очтол гал тогооны өрөөний цахилгаан зуухны шарагчны шилэн нүүр бутарч хагарсан, дэргэд нь архины шилний хагархай байсан. Тэгээд хаанаас орж ирснийг нь хайхад гал тогооны өрөөний цонхны салхивчаар орж ирсэн байсан. Тэр шилийг манайхтай ойрхон “Г” хэлбэртэй байрны 5 давхрын тагтнаас шидсэн байсан. Учир нь гэрлээ унтраагаад цонхныхоо цаанаас цухалзаад байгаа нь харагдсан...” /хх-38-39/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5, 6-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-18, 19, 20-21/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22-24, 25-30/, шүүгдэгч А.Бийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч А.Б-ийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй ба шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учруулсан гэм хорд тохирсон.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Г.Н давж заалдах шатны шүүхэд “...А.Б нь ШУТИС-ийн 1 дүгээр дамжааны оюутан тул сурч, боловсрох эрхээр нь хангаж, түүнчлэн биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх сонгох санкцитай байх тул ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж торгох ялын доод хэмжээгээр сольж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу ялын зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч А.Б нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч А.Б-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, шүүхээс оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Г.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Г.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ