Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 47

 

 

У.Бямбарагчаа, Н.Батхүү нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/04081 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч У.Бямбарагчаа, Н.Батхүү нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Залуусын гудамжны 8а тоот үйлчилгээний зориулалттай 32 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014603 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчилдөг бөгөөд бидний зүгээс 2008 оны 1 дүгээр сард иргэн Ц.Сарантуяад уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, гэрээг бүртгүүлэх эрхийг олгосон итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон болно. Улмаар Ч.Сарантуяа нь итгэмжлэлийг үндэслэн Капитрок банкны зээлийн барьцаанд барьцаалах замаар зээл авсан байдаг ба зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, талууд эвлэрснээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 598 дугаар захирамж гарч, Ц.Сарантуяа нь 54 796 983 төгрөгийг Капитрон банкинд төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4016 дугаар захирамж гарсан бөгөөд уг захирамжид барьцааны хөрөнгө төлбөр гаргуулах талаар огт заагаагүй. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өмчлөгч бидэнд мэдэгдэж, барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг өмчлөгч нараас авч байсан. Улмаар 2014 оны эхээр 300 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдэж байсан боловч дуудлага худалдаанд хүн оролцоогүй гэж хойшлуулж байсан. Гэтэл 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 3/4418 тоот мэдэгдлийг өмчлөгч бидэнд хүргүүлсэн ба энэхүү мэдэгдэлдээ бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь удаагаа албадан дуудлага худалдаанд оруулах болсныг дурдаад 54 891 900 төгрөгөөр үнэлсэн тухайгаа мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг бид хүлээн авч эс зөвшөөрөн шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх гомдлыг хүлээн авч 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1625 тоот шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зарласан гэх 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/30 тоот тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэгч нь бидэнтэй холбогдож дахин дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдэж байгаагүй. Бидний хувьд уг үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслэн цайны газар ажиллуулж байсан боловч 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цайны газрын түрээслэгчийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөөж гарган Капитрон банкинд хүлээлгэн өгсөн тухай түрээслэгч хэлсэн тул 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяртай очиж уулзахад тэрээр байрыг Капитрон банкны өмчлөлд шилжүүлсэн тухай мэдэгдэж холбогдох баримтыг үзүүлсэн болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан тухай баримт үйлдсэн байх ба энэ талаар өмчлөгч бидэнд огт мэдэгдээгүй, улмаар 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр санал болгох комиссын хурал гэж хийгээд уг хурлаар бидний өмчлөлийн барилгыг Капитрон банкинд шилжүүлсэн тухай шийдвэрийг гаргасан. Энэ хурлын талаар өмчлөгч У.Бямбарагчаа, Н.Батхүү нарт огт мэдэгдээгүй, хэлээгүй, оролцуулаагүй атлаа төлбөр төлөгч гэж иргэн Ц.Сарантуяа болон төлбөр авагч гэж Капитрон банкны ажилтан Д.Мөнхбаатар нарыг оролцуулсан. Хуралд Ц.Сарантуяа нь "энэ миний өмчлөлийн хөрөнгө биш, төлбөр төлөгчид шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй" гэсний дагуу бидний өмчлөлийн хөрөнгийг Капитрон банкинд шилжүүлсэн шийдвэрийг гаргасан. Бидний зүгээс иргэн Ц.Сарантуяад тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, бүртгүүлэх эрхтэй итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон, итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь Ц.Сарантуяаг уг хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй мэтээр дүгнэж, хөрөнгийн өмчлөгч нарыг оролцуулалгүй, мэдэгдэлгүй бидний саналыг авалгүйгээр 300 000 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг ийнхүү Капитрон банкинд шууд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх ба энэ тухайгаа бидэнд огт мэдэгдэлгүйгээр 3 сарын дараа Капитрон банкинд өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Бид өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зарлан явуулж байгаа дуудлага худалдаанд оролцох эрхтэйгээс гадна, албадан дуудлага худалдааны үнэлгээг тогтооход оролцох эрхтэй байхад энэхүү эрхийг эдлүүлэлгүйгээр 2 дахь албадан дуудлага худалдааг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр явуулсан талаар болон 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Санал болгох комиссын хурлын талаар огт мэдэгдээгүй, уг хурлаар Капитрон банкинд бидний өмчлөлийн зүйлийг шилжүүлсэн тухай мэдэгдээгүй атлаа өмчлөх эрхийг Капитрон банкинд шилжүүлсэн явдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11 дэх заалтыг зөрчсөн хэрэг болсон. Иймээс бид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын нэр дээр шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдэлтэй холбогдуулан гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга, хошууч Ж.Нандинтуул 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3/519 тоот тогтоолоор "... 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 3/12861, 3/12860, 3/12858 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлсэн ... тул гомдлыг хүлээн авах боломжгүй" гэсэн хариуг ирүүлсэн. Энэ тогтоолд бичсэнчлэн өмчлөгч бидний нэр дээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл ирж байгаагүй болно. Иймд өмчлөгч бидний эрхийг зөрчсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион явуулсан гэх 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Санал болгох комиссын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 598 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Сарантуяагаас 54 796 983 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Сарантуяагийн ''үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18030/, Залуусын гудамжны 8А тоотод байрлах 32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч Ц.Сарантуяа болон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч У.Бямбарагчаа, Н.Батхүү нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 300 000 000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч Капитрон банкны зүгээс уг үнийн саналыг зөвшөөрч харилцан тохиролцсон байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгчид 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/9702 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн болно. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсон үнэлгээ болох 300 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 3/1903 дугаартай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Ц.Сарантуяад, хамтран өмчлөгч У.Бямбарагчаа, Н.Батхүү нарт итгэмжлэл, иргэний үнэмлэхний бүртгэлтэй оршин суух хаягаар Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, Сариг 13 дугаар гудамжны 1 тоот хаягийн дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр оруулах тухай 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3/2713 дугаартай мэдэгдлийг хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/4430 дугаартай мэдэгдлийг Н.Батхүүд өөрт нь шийдвэр гүйцэтгэгч биечлэн хүлээлгэн өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч өөрөө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл Н.Батхүү нь хаягаа өөрчилсөн талаар шийдвэр гүйцэтгэгчид огт мэдэгдээгүй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1625 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/30 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийн шаардлагын хэмжээгээр нийтэд зарласан. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай өмчлөгч Н.Батхүүд 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/12860 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул тус албаны санал болгох комиссын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, /18030/, Залуусын гудамжны 8А тоотод байрлах 32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитрон банкинд төлбөрт нь тооцож олгохоор санал болгож, шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу өмчлөгч, гуравдагч этгээдийг зайлшгүй оролцуулах шаардлагагүй. Хамтран өмчлөгч Н.Батхүү нь Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, Сариг 13 дугаар гудамжны 1 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн мэдэгдлүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухай бүр мэдэж байсан нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн гомдол, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдол, мөн шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1625 дугаар шийдвэрээс тодорхой харагдана. Мөн тус шүүхэд гаргасан Н.Батхүүгийн гомдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйл, 51.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан хугацааг зөрчиж гомдол гаргасан байна. Төлбөр төлөгч Ц.Сарантуяа нь тайлбар, хүсэлтдээ "Н.Батхүү нь Капитрон банкинд ажиллаж байхдаа өөрөө зээл авах боломжгүй тул миний нэрээр уг зээлийг гаргуулж авсан, Н.Батхүү, У.Бямбарагчаа нар энэ мөнгийг хэрэглэж, захиран зарцуулсан, өөрсдөө төлөх ёстой, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитрон банкинд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн талаар тус албанд хүсэлт гаргасан. Мөн Ц.Сарантуяа нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц болон албадан дуудлага худалдааны талаар мэдэгдсэн, санал болгох хурлын талаар хэлсэн боловч намайг өөрөө оролц гэж хэлээд ирээгүй гэсэн тайлбар гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банкны төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдсан албадан гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч тал нь Капитрон банк бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2 дахь дуудлага худалдаа болон санал болгох хурлын үр дүнд банк нь өөрийн барьцаа хөрөнгө болох Ү-2201014603 тоот Улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Залуусын гудамж, 8а тоотод байрлалтай, 32 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөртөө тооцон, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх зорилгоор өөрийн өмчлөл бусад эд хөрөнгөд шилжүүлэн авч, Ү-2201014603 тоот Улсын бүртгэлийн дугаартай, №000334688 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Гэтэл нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээр дурдсан эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны болон санал болгох хурлын талаар мэдэгдээгүй үндэслэлээр "Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Санал болгох комиссын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №26 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгохыг хүссэн байна. Харин тус банк нь нэхэмжлэгчийн уг шаардлагыг дэмжихгүй байх бөгөөд дор дурдсан үндэслэлийг гаргаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр №5/75 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол" гаргасан байх бөгөөд уг тогтоолыг иргэн У.Бямбарагчаад 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №3/12861 тоот мэдэгдлээр, иргэн Н.Батхүүд мөн өдрийн №3/12860 тоот мэдэгдлээр тус тус хүргүүлсэн байна. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол шуудан компанийн баримтаар нотлогдож байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлэх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг баримтлах бөгөөд нэхэмжлэгч этгээдэд шийдвэр гүйцэтгэгч нь уг хуулийн заалтын дагуу мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хуульд нийцсэн ажиллагаа юм. Ийнхүү мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу тогтоолыг мэдэгдсэнд тооцогдоно. Мөн мэдэгдлийг хүлээн авсан этгээд нь албадан дуудлага худалдаа болоод санал болгох хуралд ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх ажиллагаанд буюу албадан дуудлага худалдааг явуулахад саад болохгүй юм. Үүнээс дүгнэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хариу үндэслэлтэй байх бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаа болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Санал болгох комиссын хурал нь хуульд заасан журмын дагуу явагдсан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгч Ахлах дэслэгч Д.Лхагвасүрэнгийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/75 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг төлбөр төлөгч болох Ц.Сарантуяад мэдэгдэх үүрэгтэй байна. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь уг тогтоолыг төлбөр төлөгч Ц.Сарантуяад мэдэгдсэн ба төлбөр төлөгч Ц.Сарантуяа нь уг ажиллагаанд гомдол гаргаагүй юм. Мөн албадан дуудлага худалдааны комиссын барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралд зайлшгүй өмчлөгч этгээдийг оролцуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгийг төлбөрт тооцож авах асуудал нь төлбөр авагчийн саналаас шалтгаалдаг байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Зар мэдээ сонинд гарсан зар болон хуулийн дагуу Капитрон банкнаас уг объектыг худалдах худалдан авах гэрээ хийж худалдан авсан. Одоо миний өмчлөлд байгаа. Би энэ асуудлаас болж хохирч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтад зааснаар 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/75 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны "Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол", 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын протоколыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч У.Бямбарагчаа, Н.Батхүү нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч Н.Батхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Батхүүд олгож, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дуусгавар болсон тул У.Бямбарагчаа, Н.Батхүүгийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч маргаанд хамааралгүй хуулийн заалтыг баримталсан нь буруу байна.

 

Нэхэмжлэгч У.Бямбарагчаа, Н.Батхүү нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 20 тоот санал болгох комиссын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 598 дугаар захирамжаар хариуцагч Ц.Сарантуяа нь нэхэмжлэгч Капитрон банкинд 54 796 983 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Сарантуяа нь Капитрон банкнаас мөнгө зээлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Залуусын гудамжны 8А тоот 32 м.кв талбай бүхий Н.Батхүү, У.Бямбарагчаа нарын өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээг бүртгүүлэх, хүлээн авах эрхийг итгэмжлэлээр 1 жилийн хугацаатай авч уг үл хөдлөх эд хөрөнгийг Капитрон банктай байгуулсан зээлийн үүрэгт барьцаалуулсан байна.

                                                                                                     /хэргийн 14 дүгээр тал/

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа хийгджээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Ц.Сарантуяагийн итгэмжлэлээр барьцаалсан Н.Батхүү, У.Бямбарагчаа нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Залуусын гудамжны 8А тоот 32 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 598/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 598/02 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гараагүй байна.                                                                                          

/хэргийн 19-20 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авахад өмчлөгч Н.Батхүү, У.Бямбарагчаа, төлбөр төлөгч Ц.Сарантуяа нар нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Залуусын гудамжны 8А тоот 32 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 300 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгснийг төлбөр авагч Капитрон банк зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсон гэж үзнэ.                                                                       /хэргийн 33-36 дугаар тал/

 

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Залуусын гудамжны 8А тоот 32 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 300 000 000 төгрөгөөр үнэлж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2/47 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй ба уг ажиллагаанд гомдол гараагүй байна.               /хэргийн 37 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон үнэ 300 000 000 төгрөгөөс бууруулж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/75 тоот тогтоолоор 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт болох хоёр дахь дуудлага худалдаанд оруулахаар болсон байна.                                /хэргийн 86 дугаар тал/

 

Ийнхүү хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул албадан дуудлага худалдааны комиссын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар төлбөрийн үнийн дүнд тооцон төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж дээрх үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Капитрон банкны өмчлөлд шилжүүлэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 547 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаажээ.  

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь өмчлөгч У.Бямбарагчаад 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/2861 тоот мэдэгдлийг Баянгол дүүргийн 9 дүгээр хороо СОТ-ын 2 дугаар байрны 72 тоот хаягаар хүргүүлэхээр Монгол шуудан компанийн 26 салбарт хүлээлгэн өгсөн боловч уг хаягтаа байхгүй гэх шалтгаанаар гардуулагдаагүй, мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1867 тоот шийдвэрт өмчлөгч Н.Батхүүгийн хаяг тодорхой байтал 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3/2860 тоот мэдэгдлийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Сариг сумын 13 дугаар гудамжны 01 тоот хаягаар хүргүүлсэн нь үндэслэлгүй болох нь хэргийн 52, 100-101, 106-107 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд нийцүүлэн  өмчлөгч нарт мэдэгдэх хуудсыг хүргүүлээгүй гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллага албадан дуудлага худалдааг эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэлээлэлийн хэрэгслээр мэдээлэх хуулийн зохицуулалтыг зөрчиж хэвлэлд мэдээлснээс хойш 13 дахь хоногт дуудлага худалдааг зохион байгуулсан нь хуульд нийцээгүй буруу болжээ.

 

Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлыг өмчлөгч нарт мэдэгдээгүй, уг хуралдаанд оролцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь өмчлөгч У.Бямбарагчаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хаягаа өөрчилснөө өөрөө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж мэтгэлцсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хаягаа өөрчилбөл мэдэгдэх тухай үүргийг танилцуулсан тухай баримт хэрэгт үгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/75 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Санал болгох комиссын хурлын протоколыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтыг баримталсан тохиромжгүй байх тул хасч, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/04081 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ