Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0239

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох “Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч “И” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2021/0129 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх шийдвэртээ “... Хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1 болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн, маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай тодорхой тогтоогдож байх тул шүүх Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 879 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх боломжгүй байна ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/3734 дүгээр албан бичгээр манай Банк бус санхүүгийн байгууллагыг банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг баталсны дагуу танай байгууллага нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоосон хэмжээнд хүргэх үүргээ биелүүлж ажиллаагүй байна гэж 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн боломж, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг харгалзан боломжоороо дүрмийн сангийн хэмжээгээ үе шаттай нэмэгдүүлж, эхний ээлжинд 200 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо 200 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тушаалаа хүчингүй болгосон байж хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлээгүй гэж байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг акт нь гарсан цагаасаа илт хууль бус захиргааны акт байсан гэж үзэж байна.

Манай байгууллагын тусгай зөвшөөрлийг үндэслэлгүй түдгэлзүүлснээр манай хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж, хохирсон болно. Хэдийгээр 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, уг хугацаа дууссан ч уг 3 сарын хугацаанд хэвийн үйл ажиллагаа алдагдаж хохирсон юм. Иймд анхнаасаа түдгэлзүүлэх ёсгүй байсан бөгөөд дэлхий нийт, манай улсад нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдал, цар тахал гарч давагдашгүй хүчин зүйл үүссэн байхад манай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь анхнаасаа хуульд нийцэхгүй байгаа болно.

Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актын талаар заасан бөгөөд 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэж гарсан цагаасаа эхлэн үйлчлэлгүй байхаар заасан.

Манай байгууллага Санхүүгийн хууль тогтоомж, хорооноос гаргасан дүрэм, журам, шаардлагыг хангаж ажиллахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч байгаа хэдий ч Дэлхийн бүх улс орнуудад тархаад буй Covid-19 цар тахал гарсантай холбогдуулан Монгол улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдалд хүндрэл учирч, зарим аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, ажлын байр, хүмүүсийн цалин орлого хэд дахин буурч, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч харилцагч, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлт, хүү зэргээ төлөхгүй байгаа зэрэг шалтгаанаас болж байгууллагын дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан хуваарийн дагуу үе шаттайгаар нэмэгдүүлэх санхүүгийн нөөц боломж, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бүрдэхгүй байгаа болно.

Иймд бидний зүгээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг хойшлуулж өгөх талаар Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20/12 дугаар албан бичгээр хүсэлт, тайлбарыг удаа дараа гаргаж байсан болно.

Захиргааны байгууллагын алдаатай шийдвэрийн улмаас манай талын эрх хууль ёсны ашиг сонирхол маань хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүхээс энэ бүх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2021/0129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 879 дүгээр тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, Хорооны 2019 оны 370 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-ын 6.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн “И кББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “И к ББСБ” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... санхүүгийн боломж, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг харгалзан боломжоороо дүрмийн сангийн хэмжээгээ үе шаттай нэмэгдүүлж, эхний ээлжинд 200 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн ... 200 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тушаалаа хүчингүй болгосон байж хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлээгүй гэж байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг акт нь гарсан цагаасаа илт хууль бус захиргааны акт байсан ... тусгай зөвшөөрлийг үндэслэлгүй түдгэлзүүлснээр манай хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж, хохирсон ... дэлхий нийт, манай улсад нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдал, цар тахал гарч давагдашгүй хүчин зүйл үүссэн байхад манай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь анхнаасаа хуульд нийцэхгүй ... эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч ... дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн дагуу дүрмийн сангаа үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж эхний ээлжинд дүрмийн сангаа 1 тэрбум 900 сая төгрөгт хүргэх арга хэмжээг авч ажиллаж байгаа ... тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа нь анхнаасаа илт хууль бус акт бөгөөд уг актыг бодит байдалд шууд биелүүлэх боломжгүй, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй ...” гэж тайлбарлан маргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болохоор зохицуулсан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно”, 14.2-т “Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно”, 14.6-д “Дүрмийн санг нэмэгдүүлэх, хорогдуулах шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно”, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.1.3-д “санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”, 6.2-т “Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараах хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.1-д “банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан”, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.1-д “Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ”, 19.2-т “Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна”, 19.2.2-д “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй”, 10.1.4-д “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, хорогдуулж, шинээр хувьцаа гаргаж, худалдаж, шилжүүлэхээр, нөгөө талаас Санхүүгийн зохицуулах хороо нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийх, банк бус санхүүгийн байгууллагууд нь хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийг шинжгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эрхийг хуулиар олгожээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 27 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг баталсан, нэхэмжлэгч “И к ББСБ” ХХК Санхүүгийн зохицуулах хорооны тогтоосон хэмжээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн эсэхтэй маргаагүй байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны маргаан бүхий 879 дүгээр тогтоолыг бодит нөхцөл байдалд биелэх боломжгүй, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27  дугаар тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000.0, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,400.0, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,900.0, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,500.0 төгрөгт хүргэхээр баталсан байх бөгөөд “И кББСБ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус хуулийн этгээд дүрмийн сангаа 200,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 196 дугаар тушаалаар зөвшөөрсөн байх боловч  хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль зөрчсөн гэж тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээс гомдол гаргаснаар улсын бүртгэлийн байгууллагаас компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 392 дугаар тушаалаар дүрмийн сангаа нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 196 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

 “И кББСБ” ХХК нь дээрх Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 392 дугаар тушаал нь хуульд нийцээгүй гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар тушаал, тус хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0888 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар магадлалаар “И кББСБ” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 9/2950 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон, эдгээр үйл баримттай талууд маргаагүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор мөн банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг үүрэг болгож, тус хорооны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/3218, мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9/3631 дүгээр мэдэгдлүүдийг хүргүүлсэн, нэхэмжлэгч эдгээр мэдэгдлүүдийг авсан эсэхтэй маргаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “И кББСБ” ХХК-ийг дүрмийн сангаа нэмэгдүүлэхийг эрх бүхий байгууллагаас тогтоосон, нэхэмжлэгч уг шаардлагад нийцүүлэн дүрмийн сангаа нэмэгдүүлээгүй, нэмэгдүүлсэн гэж маргаагүй энэ тохиолдолд эрх бүхий байгууллагаас удаа дараа тавьсан шаардлагыг хангаж ажиллаагүй нэхэмжлэгчийн “...дэлхий нийт, манай улсад нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдал, цар тахал гарч давагдашгүй хүчин зүйл үүссэн байхад манай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь анхнаасаа хуульд нийцэхгүй ... эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч ... дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн дагуу дүрмийн сангаа үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж эхний ээлжинд дүрмийн сангаа 1 тэрбум 900 сая төгрөгт хүргэх арга хэмжээг авч ажиллаж байгаа” гэж маргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илэрхий ноцтой дордуулсан гэж үзэх үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасанд хамааруулах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны маргаан бүхий 879 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг баримтлаагүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт эдгээр хуулийн заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан хуулийн зүйл, заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ