Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Э.Т-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Т-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005000070170 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Т-, 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дэнд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Т-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 03-04 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны гадна “машины урд суулаа” гэх шалтгаанаар иргэн Б.Б-ын нүүрэн тус газар цохиж, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хоншоорт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Т-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид нийт 730.000 төгрөг өгсөн” гэв.

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед 51 дүгээр сургуулийн хойно Үндэсний дээд сургуулийн гадаа ажлын газрын О- гэдэг залуутай уулзсан. О- манай найзын төрсөн өдөр болж байгаа хамт явах уу гээд би хамт явсан. О- бид хоёр модны хоёрт Амур төвийн доод караокед ороход төрсөн өдрийн эмэгтэй, бас нэг эмэгтэй, хоёр залуу байсан. Бид караокед 2 шил архи, пиво уусан. Караокенээс шөнө 00 цаг өнгөрч байхад гараад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын Стелла баар руу 8 хүн орсон, хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. Бааранд бид нэг шил архи, ундаа, ус, пиво аваад сууцгаасан. Баарнаас гарах үед тооцоо 100.000 төгрөг болсон би тооцоог хийгээд бид гарцгаасан. Баарны үүднээс шөнө 03 цагийн үед байх таксинууд эгнээд байж байхад би нэг такси бариад таксины урд талын суудал дээр суугаад хаалгаа хаасан, тэр таксины ард суудал дээр хамт явсан 2-3 эмэгтэй суусан. Тэр үед хамт явсан нэг эрэгтэй миний талын хаалгыг татаад буу гэсэн, би буухгүй гэр ойрхон дөхөөд бууна, чи хойшоо суу гээд хаалгаа хаахад дахин хаалга татаад намайг дахин буугаарай гэсэн би үгүй гэхэд намайг цохиод авсан. Намайг татаад буулгасны дараа намайг цохиод татсан залуутай хамт явсан залуу нь бас намайг өшиглөсөн. Би гар утсаа гаргаж ирээд эхнэр рүүгээ ярих гэтэл гар руу өшиглөсөн, гар утас унаад дахин зодсон. Би холдоод гар утсаа аваад найз О- рүү ярьсан. О- одоо очлоо гээд намайг Стелла баарны гаднаас ирж авсан. Намайг зодсон хоёр залуугийн нэг нь такси барих гээд зогсож байсан. Цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч Х.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Стелла бааранд ороод бид маргалдаагүй зүгээр сууж байсан. Шөнө 04 цаг 10 минутын үед баар хаагаад бид гарцгаасан. Би өөрийн найз Мягмарбаатарыг машинтай нь дуудсан байсан гарч ирэхэд машин ирээд машины хойд талд Б-, Э-, Б- Т- нарыг суулгаад өөрөө машины урд суух гэтэл Б- суучихсан байхаар нь чи буугаад өөрөө яв, би энэ хүмүүсийг хүргэж өгөөд явлаа гэж 2-3 удаа хэлсэн. Тэгтэл үгүй чи өөрөө яв, би энэ унаагаар хүргүүлнэ гээд байхаар нь миний дуудсан машин, найз байгаа юм чи өөрөө явчихаа гэж 2-3 удаа дахин хэлээд татаж буулгахад Б- намайг заамдаж авсан. Тэгтэл хажуунаас Т- орж ирээд Б-ын нүүр рүү нь цохих үед Б- газар унасан. Хөөе гэхийн завдалгүй Т- Б-ыг өшиглөсөн. Би Т-ийг татаад хойш болгоод замын хойш гаргасан. Бааска бас надтай хамт Т-ийг бариад авч холдуулсан. Б-ыг Э- холдуулсан. Би Т-ийг одоо гэр рүүгээ яв гээд замын урагшаа гаргаж өгсөн. Буцаад машин дээрээ ирэхэд Б- байхгүй, Э-, Б- хоёр машинд сууж байсан. О-, С- нар баарнаас гараад явчихсан байсан. Манай найзын машинд суугаагүй, байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баарнаас гарах үед О-, С- хоёр байхгүй байсан. Жагаа гэдэг залуу нь машин дуудаад найз нь ирчихсэн, Жагаа биднийг машинд суулгасан байсан. Машины хойно Э- Б-, Т- бид суугаад Жагаа машины урагшаа яваад суух гэтэл Б- машины урд суудал дээр суучихсан байсан. Жагаа өөрөө суух гээд Б-ыг буугаад яв, би энэ хэдийг хүргэж өгнө, танай найз О- явчихсан байна, чи эндээс буугаад явчих гэж хэд хэдэн удаа хэлсэн. Б- буухгүй гээд байхаар Жагаа татаад буулгасан чинь Т- машинаас бууж ирээд Б-ыг өшиглөсөн. Би машинаас буугаад Жагаатай нийлээд Т-, Б- хоёрыг салгасан. Жагаа бид хоёр Т-ийг бариад авсан. Э-, Б- хоёр Б-ын цусыг цэвэрлээд үлдсэн. Жагаа бид хоёр Т-ийг зам руу дөхүүлж өгөхөд Т- өөрөө гэр рүүгээ явчихна гээд яваад өгсөн. Жагаа бид хоёр эргээд машин руу ирэхэд Б- явчихсан, Б-, Э- хоёр байж байсан. Жагаа бид гурвыг хүргэж өгөөд явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр хоёр маргалдаагүй, Жагаа Б-ыг буу, буу гээд байсан. Би бас араас нь буу л даа гэсэн. Т- бас буугаач гэх шиг болсон. Тэгээд л Жагаа Б-ыг татаж буулгаад Т- хажуунаас нь цохисон. Б-, Т- хоёр хоорондоо маргаж зодолдсон зүйл байхгүй. Б-ыг татаад чирч буулгах үед Т- өшиглөсөн байх. Тэгээд Б-ын хөмсөг сэтэрсэн гэж бодож байна, тэрнээс тэнд өөр юм болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч С.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр Ж- над руу залгаад намайг ирээд аваадхаач би архи уусан байна гэхээр нь би 10 дугаар хорооллын Стелла бааран дээр очиход Ж- миний машинд хоёр эмэгтэй суулгаад жаахан байж байгаад дахиад нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн авчирч суулгасан. Энэ үед миний машины урд суудалд нэг эрэгтэй хүн орж ирээд суусан. Ж- урд талын хаалга онгойлгоод машинд суух гэтэл нөгөө хүн байсан учир “чи буучих би энэ хэдийг хүргээд өгчихнө” гэтэл нөгөө машины урд суудаг залуу би такси барьсан, чи өөрөө өөр такси бариад яв гэсэн. Тэгтэл Ж- наад хүн чинь манай найз байгаа юм гэж хэлээд тэр залуутай хоорондоо маргалдсан. Тэгтэл машины урд сууж байсан залуу Ж-ыг чи яагаад байгаа юм гээд барьж аваад тэр залуу машинаас буусан. Тэгэхээр нь би бас машинаас буутал машины араас буудаг залуу Ж-тай маргалдсан залууг цохиод авсан. Тэгтэл нөгөө залуу цохиулаад доошоо тонгойтол дахиад өшиглөсөн. Гэхдээ яг биенийх нь аль хэсэгт өшиглөснийг хараагүй. Тэгтэл Ж- нэг эмэгтэй хоёр нөгөө хүн цохисон залууг цааш нь аваад явсан нөгөө зодуулдаг залууг хартал хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Энэ үед машины ард сууж байсан хоёр эмэгтэй бууж ирээд зодуулдаг залуугийн цусыг нь арчуулаад байсан. Би буцаад машиндаа сууж байтал Ж- нэг эмэгтэйтэй ирсэн. Тэгээд нөгөө машины ард сууж байгаад буудаг хоёр эмэгтэй бас ирээд бид нар явцгаасан. Ж-ыг би хүн цохиж байхыг хараагүй, машин урд суудаг залуутай маргалдаад барьцалдаж байхад машины ард сууж байсан залуу машинаас бууж гүйж очоод нөгөө залууг цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Шинжээчийн 518 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хоншоорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 17-18/,

Шинжээчийн 168 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ын биед 2019 оны 12 дугаар сарын 21-ний Тархины КТГ-н шинжилгээний дүрслэлд тархи доргилтийг илтгэх шинж тэмдэг байхгүй ба хамрын таславч зүүн тийш мурийлттай гэсэн нь гэмтэлд хамаарахгүй болно. Б.Б-ын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хоншоорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн нярцал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн хацар, хоншоорт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 26-28/,

Яллагдагчаар Э.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний орой би ажлын Жаргалсайхан ахтай хамт Э-ын төрсөн өдөрт очсон. Тэндээ бид ууж идэж байгаад дараа нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Стелла бааранд ороод бүжиглээд архи уусан .Тэгээд би согтсон, баарнаас хэзээ гарсан яасан талаар санахгүй байгаа. Би маргааш нь эрүүлжүүлэхэд сэрсэн юм. Дараа нь Жаргалсайхан ахтай уулзсан. Намайг Б-ыг цохисон гэж надад хэлсэн. ...Би цохиж зодсоноо санахгүй байгаа, тухайн үед миний дэргэд Жаргалсайхан ах, хамт явсан Болор, Баасансүрэн нар байсан. Би өөрийн буруугаа ойлгож байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-43/, хохирлын баримтууд /хх-н 54-62, 69-71/, хохирогчийн хүсэлт /хх-н 68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Э.Т-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 03-04 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” баарны гадна “машины урд суулаа” гэх шалтгаанаар Х.Ж-тай маргалдсан иргэн Б.Б-ын нүүрэн тус газар цохиж, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хоншоорт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ын: “...хамт явсан нэг эрэгтэй миний талын хаалгыг татаад буу гэсэн, би буухгүй гэр ойрхон дөхөөд бууна, чи хойшоо суу гээд хаалгаа хаахад дахин хаалга татаад намайг дахин буугаарай гэсэн би үгүй гэхэд намайг цохиод авсан. Намайг татаад буулгасны дараа намайг цохиод татсан залуутай хамт явсан залуу нь бас намайг өшиглөсөн. Би гар утсаа гаргаж ирээд эхнэр рүүгээ ярих гэтэл гар руу өшиглөсөн, гар утас унаад дахин зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Х.Ж-ын: “...Тэгтэл үгүй чи өөрөө яв би энэ унаагаар хүргүүлнэ гээд байхаар нь миний дуудсан машин, найз байгаа юм чи өөрөө явчихаа гэж 2-3 удаа дахин хэлээд татаж буулгахад Б- намайг заамдаж авсан. Тэгтэл хажуунаас Т- орж ирээд Б-ын нүүр рүү нь цохих үед Б- газар унасан хөөе гэхийн завдалгүй Т- Б-ыг өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 9/, гэрч Б.Б-гийн: “...Б- буухгүй гээд байхаар Жагаа татаад буулгасан чинь Т- машинаас бууж ирээд Б-ыг өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, гэрч Б.Б-ын: “...Тэгээд л Жагаа Б-ыг татаж буулгаад Т- хажуунаас нь цохисон. Б-, Т- хоёр хоорондоо маргаан, зодолдсон зүйл байхгүй. Б-ыг татаад чирч буулгах үед Т- өшиглөсөн байх. Тэгээд Б-ын хөмсөг сэтэрсэн гэж бодож байна, тэрнээс тэнд өөр юм болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч С.М-ын: “...машины урд сууж байсан залуу Ж-ыг чи яагаад байгаа юм гээд барьж аваад тэр залуу машинаас буусан. Тэгэхээр нь би бас машинаас буутал машины араас буудаг залуу Ж-тай маргалдсан залууг цохиод авсан. Тэгтэл нөгөө залуу цохиулаад доошоо тонгойтол дахиад өшиглөсөн гэхдээ яг биенийх нь аль хэсэгт өшиглөснийг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, шинжээчийн 518, 168 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т-нь согтуурсан үедээ хохирогчийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 68/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Т-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР