Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 4279

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Говь Алтай аймгийн Есөнбулаг сум, 4 дүгээр баг, Харзат, 36 дугаар байр, 5 тоот хаягт оршин суух Боржигон овогт Дүгэрсүрэнгийн Энхцэцэг /РД:ДЮ69090808/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20-1236 тоот хаягт оршин суух Баясгалангийн Сонинбаяр /РД:ДЮ87052506/-т холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 230,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            Б.Сонинбаяр нь 2012 оны 12 дугаар сараас эхлэн аймгийн зах дээр байрлах манай дэлгүүрт худалдагчаар ажилласан. 2013 онд тооцоо хийхэд ажиллах хугацаандаа 825,000.00 төгрөгийн барааны үнэ дутаасан. Өөрөө тухайн үед надад өөрийнхөө өрийг хаасан мөн өөртөө хэрэглэсэн гэж байсан.

 

            Тэрээр 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж дуусган гэж баримт үйлдээд 595,000.00 төгрөгийг төлж, одоо 230,000.00 төгрөг үлдээд байна.

 

            Иймд, Б.Сонинбаяраас 230,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Сонинбаяр 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:

 

            Миний бие нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, одоохондоо цалин буугаагүй тул төлөх боломжгүй байгаа учраас 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 130,000.00 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 100,000.00 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишиг нь хариуцагчийн гаргасан тус тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байна гэжээ.

             

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь хариуцагч Б.Сонинбаярт холбогдуулан 230,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас тус тус үзвэл хэдийгээр хариуцагч Б.Сонинбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх хэдий ч тэрээр 230,000.00 төгрөгийг хэсэгчлэн хувааж, тодорхой хугацааны турш төлөх тухай түүний саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишиг хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчдыг эвлэрсэн гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч нар эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба гагцхүү эвлэрэл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх, ашгийг хөндөөгүй байх ёстой юм.

 

Нэхэмжлэлд цугларсан баримтаас үзвэл хариуцагч Б.Сонинбаяр нь нэхэмжлэгч талд 825,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий бараа дутаасан болохоо хүлээн зөвшөөрч, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүсэл зоригоо илэрхийлж байжээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх тухай түүний саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэв.

 

Хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талууд эвлэрч байгаа нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн харилцаанаас бий болсон байгаагаас гадна эвлэрлийн нөхцлөө биелүүлээгүйгээс гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор болж, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.Буянхишигт итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхээс бусад бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишиг нь хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

 

 Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хариуцагчтай эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

 

Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл зохигчдын эвлэрэл нь тэдгээрийн хоорондын харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.

 

Иймд, Д.Энхцэцэгийн гаргасан Б.Сонинбаярт холбогдох 230,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн гаргасан Б.Сонинбаярт холбогдох 230,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч Б.Сонинбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 130,000.00 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 100,000.00 төгрөгийг төлж барагдуулах болсныг дурдсугай.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,550.00 төгрөгийн тал хувь болох 3,775.00 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас, үлдэх 3,775.00 төгрөгийг хариуцагч Б.Сонинбаяраас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

 

 

                                     

    ШҮҮГЧ                                                       Б.МАНДАЛБАЯР