Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Б.С-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.С-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005004030235 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.С-, 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.С-нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 03-04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 41 дүгээр байрны 53 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.О-ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь болон баруун, зүүн шанаан хэсэгт гараараа цохих, эрүүн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “эрүүний ясны баруун, зүүн нумны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С-д шүүх хуралдаанд: “...Тухайн үед пабад ууж байгаад гараад манайд очиж уусан. Ядарсан байснаасаа болоод согтчихсон байсан. Яг ямар учраас найзыгаа цохисон, юу болсныг сайн мэдэхгүй байгаа. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, бид нар эвлэрсэн байгаа” гэв.

Хохирогч О.О-мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байтал манай найз А- 18 цагийн үед залгаад орой зааланд тоглох уу гэж хэлсэн. Ингээд 22 цагт С-, А-, Н- бид дөрөв уулзаад 93 дугаар сургуулийн зааланд 2 цаг тоглосон. Ингээд шөнийн 00 цагт заалнаас гараад С-, А-, Н- бид дөрөв 10 дугаар хорооллын Q төвийн пабад орсон. Н- хүргэж өгчихөөд яваад өгсөн. Ингээд бид гурав 1 шил 0.75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уусан. Ингээд шөнийн 02 цагийн үед гараад 10 дугаар хороололд байрлах С-гийн гэрийн гадаа очсон. Эхнэр З- гарч ирээд бид дөрөв яваад Стелла баарны хажууд байрлах газраас 1 шил архи авсан. Ингээд бид нар С-гийн гэрт орж архиа уусан. Шөнийн 04 цаг өнгөрч байхад А- тасраад унтаад өгсөн. Би С-тэй хамт сууж байхад гэнэт ямар ч шалтгаангүй босож ирээд миний баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа цохисон. Би боль гэтэл дээр гарч суугаад нүүрний зүүн шанаа, эрүү хэсэгт 1 удаа, баруун шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл 00-ын өрөөнөөс З- гарч ирээд харчихаад боль гэж хэлсэн. С-, З-г ор руу түлхээд намайг заамдаж аваад баруун нүдний доод хэсэгт 1 удаа гараараа цохисон. С-г З- цамцнаас нь татаад боль гээд холдуулахад би газар унасан байсан бөгөөд миний баруун шанаа, эрүү орчимд 1 удаа өшиглөсөн. Тэр үед эрүү “так” гэж дуугарсан. Ингээд би босоод гараад явсан. Гадаа гараад цагдаа дуудаж С-г бариулсан. Миний эрүү хугарсан, хамар бас хугарсан байна гэж хэлсэн. Би 1 дүгээр эмнэлэгт хэвтэж эрүүний хагалгаанд орсон. Одоо эрүүндээ аппарат зүүсэн бөгөөд баруун зүүн талд 2 газар хугарсан байна гэсэн. Би өөрөөсөө нэг ч эмчилгээний мөнгө гаргаагүй. Манай найз С- намайг эмнэлэгт хэвтүүлж өгөөд хагалгаанд оруулсан. Миний эмчилгээнд зарцуулсан баримтууд С-д байгаа. Эрүүний эмчилгээний зардлыг С- төлж байгаа надад одоо ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...бид хоёр найзууд бөгөөд хоорондоо сайн дураараа эвлэрсэн, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 18, 20/,

Гэрч Б.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О-, А- хоёр 1 шил архи ууя гэнээ, хамт байж байгаад оръё гэсэн. Шөнө унтаж байгаад 03 цагийн үед залгаад хаана явнаа зүгээр үү гэтэл одоо очиж байна гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа залгахад ахиад нэг шил архи уучихвал болох гээд байна гэсэн. Би уурлаад одоо болчихсон юм биш үү гэтэл эргээд залгъя гэж хэлээд тасалсан. Тэгснээ эргэж залгаад ахиад 1 шил архи ууя гэж байна намайг гарч ирээд аваадах гэсэн. Би 03 цаг 30 минутын үед гадаа гартал гадаа С-, А-, О- 3 согтуу зогсож байсан. Тэр гурав 1 шил архи ууя гээд байхаар нь би 1 шил архины мөнгө болгож 35.000 төгрөг өгсөн. Ингээд тэр гурав яваад 1 шил архи аваад гэрт ирсэн. ...Би архинаас 1 хундага уусан. Бид 4 юм ярьж сууж байтал А- унтаад өгсөн. С-, О- хоёр өөд өөдөөсөө хараад юм яриад сууж байсан. Би хамт сууж байгаад 00-ын өрөө орсон. Намайг 00 орох үед тэр хоёр маргалдаж муудалцсан зүйл байгаагүй. Ингээд 00 орчихоод гараад иртэл С-, О-заамдаад зогсчихсон баруун шанаа хэсэгт нь 2-3 удаа цохисон байх. Яг хэд гэдгийг нь санахгүй байна. Намайг 00-с гарч ирэхээс өмнө О-бас цохисон байсан. 00-с гарч ирэхэд О-баруун шанаа улайсан байсан. С-, О-нүүр шанаа хэсэгт дахиад хэд хэдэн удаа цохисон. О-гар гээд гаргаад явуулсан. О- С-г цохиж зодсон үйлдэл гаргаагүй. Манайд орж ирэхэд О-нүүр ам зүгээр байсан. С- О-цохиж гэмтэл учруулсан. А- согтоод тасраад унтаж байсан болохоор огт сэрээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Шинжээчийн 2055 тоот дүгнэлтэд: “...О.О-биед эрүүний ясны баруун, зүүн нумны хугарал, 2 шүдийг авах ажилбар, хамар ясны хугарал, тархи доргилт, эрүүний хугарлыг цэгцлэх мэс ажилбарын дараахь байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 22-23/,

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсанд: “...Бугат 66 чиглэлд жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Бугат-10-с 99734037 дугаараас 05 цаг 19 минутанд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 41 дүгээр байрны 4 орцны үүдэнд манай найз С- намайг зодчихлоо гэх дуудлага мэдээллийг очиж шалгаад дуудлага өгсөн О.О- /ЛЙ-93070111/-тэй уулзахад найз С-д зодуулсан гэх ...гомдол мэдээллийг хүлээн авч ГССҮТ-д ...хүлээлгэн өгч үзүүлээд явуулсан... С- гэх залууг саатуулсан болно” гэжээ /хх-н 7/,

Яллагдагчаар Б.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...юм ярьж байгаад юунаас маргалдсан нь тодорхойгүй маргалдсан. Ингээд би О-барьж аваад цохиж зодсон нь үнэн. Хэрхэн, хаана, яаж цохиж зодсоноо санахгүй байна. Манай эхнэр З- надад хэлэхдээ “00 орчихоод гараад ирэхэд О-цохиж байсан. Дахиад цохих гэхээр нь салгасан” гэсэн. ...О-эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг орчим гарсан байх баримтуудыг нь цуглуулаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-43/, хохирогчийн хүсэлт /хх-н 52/, хохирлын баримтууд /хх-н 54-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.С-нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 03-04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 41 дүгээр байрны 53 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.О-ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь болон баруун, зүүн шанаан хэсэгт гараараа цохих, эрүүн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “эрүүний ясны баруун, зүүн нумны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Отгон-Эрдэний: “...С-тэй хамт сууж байхад гэнэт ямар ч шалтгаангүй босож ирээд миний баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа цохисон. Би боль гэтэл дээр гарч суугаад нүүрний зүүн шанаа, эрүү хэсэгт 1 удаа баруун шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл 00-ын өрөөнөөс З- гарч ирээд харчихаад боль гэж хэлсэн. С- З-г ор руу түлхээд намайг заамдаж аваад баруун нүдний доод хэсэгт 1 удаа гараараа цохисон. С-г З- цамцнаас нь татаад боль гээд холдуулахад би газар унасан байсан бөгөөд миний баруун шанаа, эрүү орчимд 1 удаа өшиглөсөн. Тэр үед эрүү “так” гэж дуугарсан. Ингээд би босоод гараад явсан. Гадаа гараад цагдаа дуудаж С-г бариулсан. Миний эрүү хугарсан, хамар бас хугарсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18, 20/, гэрч Б.З-гийн: “...Ингээд 00 орчихоод гараад иртэл С-, О-заамдаад зогсчихсон баруун шанаа хэсэгт нь 2-3 удаа цохисон байх. Яг хэд гэдгийг нь санахгүй байна. Намайг 00-с гарч ирэхээс өмнө О-бас цохисон байсан. 00-с гарч ирэхэд О-баруун шанаа улайсан байсан. С-, О-нүүр шанаа хэсэгт дахиад хэд хэдэн удаа цохисон. О-гар гээд гаргаад явуулсан. О- С-г цохиж зодсон үйлдэл гаргаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, шинжээчийн 2055 тоот дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С-нь согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогчийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 52/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.С-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР