Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 4269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж-39, Корпорейт энд конвеншин центрийн 8 дугаар давхарт байрлах Алтандорнод монгол ХХК /РД:2112868/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 51б байр, 50 тоот хаягт оршин суух Баярцогтын Цэрэнбалтав /РД:НЭ78101218/-т холбогдох 99117796 тоот дугаарын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгож, Б.Цэрэнбалтавын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “99117796 тоот дугаар нь 2003 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10000254 тоот дугаартай гэрээгээр Алтандорнод монгол ХХК-ийн нэр дээр үүссэн.

 

            Дээрх хугацаанаас хойш манай компани 99117796 дугаарыг хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Гэтэл Монгол Улсын их хурлаас баталсан 2006 оны Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиар алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод 68 хувийн албан татвар ногдуулж, Захиргааны хэргийн шүүхээс 2007 онд 254 дугаартай шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

 

            Мөн энэ татварын өр төлбөрийн маргаантай асуудлаар Улсын мөрдөн байцаах газраас Алтандорнод монгол ХХК-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагааг давхар явуулсан. Манай компанийн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 68 хувийн татварын өр төлбөр, барагдуулалтын маргаанаас үүссэн иргэний болон эрүүгийн хэргийн шүүх, хууль хяналтын байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2008 оноос эхэлж, 2012 оны 04 дүгээр сард дууссан.

           

            Энэхүү Алтандорнод монгол ХХК-нд холбогдох татварын, эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурор, Цагдаагийн ерөнхий газраас Алтандорнод монгол ХХК Востокнефтегаз ХХК, Бумбат ХХК-иудаар татварын өр төлбөрийг албадан төлүүлэх, бүх эд хөрөнгийн болон эрхийн тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэх, ашиглах эрхийг нь хязгаарлах, арилжааны банкууд дахь бүх дансны гүйлгээг зогсоох, тамга, тэмдгийг хураах зэрэг албадлагын үйл ажиллагааг явуулж, компаниудын үйл ажиллагааг хүчээр зогсоосон.

 

            Компанийн үйл ажиллагаа зогссон, эд хөрөнгө битүүмжлэгдсэн, тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан, арилжааны банкинд эзэмшиж байсан дансны зарлагын гүйлгээг хаасан, компанийн Гүйцэтгэх удирдлага нас барсан байх үед хуурамч бичиг баримтаар 99117796 дугаар нь бусдын эзэмшилд шилжсэн байна.

 

            Алтандорнод монгол ХХК-ийн өмнөх удирдлагуудад холбогдох эрүүгийн хэргийн улмаас Улсын мөрдөн байцаах газраас 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Алтандорнод монгол ХХК-ийн тамга тэмдгийг хураан авсан ба албан бичигт зурагдсан гарын үсэг нь компанийн өмнөх удирдлага болох С.В.Паушокийнх биш гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой илэрхий байх тул дээрх албан бичиг нь тамга, гарын үсэг нь хуурамж байжээ.

 

            Ийнхүү компанийн бланкыг ашиглан эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, эрх бүхий байгууллагад хураагдсан байсан тамга тэмдгийг ашигласан хууль бус баримтыг үндэслэн итгэмжлэлтэй эсэхийг нягтлан шалгалгүй компанийн эзэмшлийн дугаарыг О.Соёнгоо гэгчид шилжүүлсэн байна.

 

            99117796 дугаар нь О.Соёнгоогоос Ч.Гантөмөрийн нэр дээр, Ч.Гантөмөрөөс Нэт капитал ХХК-ийн нэр дээр, тус компаниас С.Батжаргалын нэр дээр, С.Батжаргалаас Б.Цэрэнбалтавын нэр дээр шилжсэн байна.

 

            Иймд, Алтандорнод монгол ХХК-ийг 99117796 дугаарын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоож, тус дугаарыг Б.Цэрэнбалтавын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулж, өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагч Б.Цэрэнбалтав шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Ч.Болдбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2011 оны 12 дугаар сард С.Батжаргалаас дээрх дугаарыг худалдаж авсан бөгөөд нэхэмжлэлд дурьдсан шиг хууль бус үйлдлээр аваагүй юм. 2014 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс О.Соёнгоо гэгчийг хуурамж бичиг баримт хэрэглэж, уг дугаарыг авсан үйлдлийг хуулийн дагуу шалгаж, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2150 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.

 

            Шүүхээс О.Соёнгоог гэм буруутай гэж тогтоогоогүй байхад хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн түүнээс хойш олон хүн дамжиж, зах зээлийн дагуу худалдагдсаар миний бие хамгийн сүүлд С.Батжаргалаас худалдан авсан болох нь Цагдаагийн байгууллагын баримт бичигт тодорхой байгаа.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хариуцагч гэдэгт нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээдийг хэлнэ гэжээ. Гэтэл би Алтандорнод монгол ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд уг компанид хохирол учруулаагүй тул хариуцагч мөн эсэхэд эргэлзээтэй байна.

 

Иргэний хуулийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэсний дагуу 99117796 тоот дугаарыг хууль ёсны дагуу өөрийн эзэмшилд шилжүүлж авсан юм. Мөн 90 дүгээр зүйлийн 90.3-т хууран мэхэлж, хүч хэрэглэх замаар эд хөрөнгийг олж авснаас бусад тохиолдолд шинэ эзэмшигч тухайн эд хөрөнгийн хувьд өмнөх эзэмшигчээс илүү эрхтэй бол энэ хуулийн 90.2-т заасан журам үйлчлэхгүй гэж заасан ба Улсын дээд шүүхийн 2009 оны 17 дугаар тогтоолын дагуу авч үзвэл Алтандорнод монгол ХХК нь миний хууль ёсны эзэмшлийн дугаарыг надаас нэхэмжлэх эрхгүй байх учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК нь хариуцагч Б.Цэрэнбалтавт холбогдуулан 99117796 тоот дугаарын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгож, Б.Цэрэнбалтавын хууль бус эзэмшлээс буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл /хавтас хэргийн 67 дугаар хуудас/ тус 99117796 тоот утасны дугаар нь:

 

  1. 2003 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10000254 тоот гэрээгээр анх Алтандорнод монгол ХХК-ийн нэр дээр үүсч,
  2. 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Алтандорнод монгол ХХК-иас 20055973 тоот гэрээгээр Очир овогтой Соёнгоогийн нэр дээр,
  3. 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Очир овогтой Соёнгоогоос 20137379 тоот гэрээгээр Чинбат овогтой Гантөмөрийн нэр дээр,
  4. 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Чинбат овогтой Гантөмөрөөс 20128908 тоот гэрээгээр Нэт капитал ХХК-ийн нэр дээр,
  5. 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Нэт капитал ХХК-иас 20166282 тоот гэрээгээр Самбуугийн Батжаргалын нэр дээр,
  6. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Самбуугийн Батжаргалаас 20042591 тоот гэрээгээр Баярцогтын Цэрэнбалтавын нэр дээр тус тус шилжсэн байна.

 

Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө гэх бөгөөд үйлчлэгч гэдэгт Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг ойлгоно.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйл болон 9 дүгээр зүйлд тус тус зааснаар Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах, Засгийн газраас байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороо нь сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд холбогдох журамд заасны дагуу дугаарлалтыг тодорхой зориулалтаар үйлчлэгч аж ахуйн нэгжид олгодог байна.

 

            Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон 99117796 тоот дугаар нь үйлчлэгчийг ялгаж таних, хэрэглэгч, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийлэл бүхий таних тэмдэг бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан буюу Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2-т зааснаар харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж буюу үйлчлэгчээс хэрэглэгчиддээ олгосон сүлжээний дугаарлалт юм.

 

            Харилцааны холбооны зохицуулах хорооны 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 тоот тогтоолоор баталсан Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т зааснаар сүлжээний дугаарлалт гэдэг нь цахилгаан холбооны үйлчилгээний бүх төрлийн бие даасан сүлжээнд хэрэглэгдэх, хэрэглэгчдэд шууд олгогдох, тухайн үйлчлэгчийн сүлжээний оноосон дугаар, станцын болон хэрэглэгчийн дугаар эсхүл станц, хэрэглэгчийн дугааруудыг багтаасан цифрүүдээс бүрдсэн дугаарлалтын серийг ойлгох бөгөөд энэхүү дугаар нь тус журмын 2 дугаар зүйлийн 2.4.2-т ангилснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны сүлжээнд холболт тогтоох, тухайн үйлчлэгч, станц, хэрэглэгчийн дугааруудыг агуулсан үүрэн телефон холбооны дугаарлалтын багц (9ххх хххх, 8ххх хххх) гэсэн ангилалд хамаарах ажээ.

           

            Тус Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журмын 6 болон 7 дугаар зүйлд зааснаар үүрэн холбооны сүлжээний дугаарлалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу олгох бөгөөд тэдгээрт олгогдсон сүлжээний дугаарлалт нь тухайн үүрэн холбоо эрхлэгчийг ялгаж таних, хэрэглэгч, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийлэл бүхий таних тэмдэг байх юм.

 

            Ийнхүү 99117796 тоот дугаар нь Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны үйлчилгээний дугаарлалт бөгөөд тус журамд зааснаар хэрэглэгчид дугаар олгох, шилжүүлэх зэрэг асуудлыг тухайн компани гэрээ, дотоод журмаараа тусгайлан зохицуулж, Харилцаа холбооны тухай хуульд зааснаар тухайн дугаар дээр суурилж, хэрэглэгч нарт холбогдох үйлчилгээг үзүүлдэг байна.

 

            Нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК мөн О.Соёнгоо, Ч.Гантөмөр, Нэт капитал ХХК болон С.Батжаргал, Б.Цэрэнбалтав нар нь Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа хэрэглэгч бөгөөд 99117796 тоот дугаарыг эзэмшин Мобиком корпораци ХХК-ийн үүрэн холбооны үйлчилгээг авдаг бол харин Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 1.6-д зааснаар тус дугаарыг хуваарилах, гэрээгээр эзэмшүүлэх, хураах, өөрчлөх эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлдэг байх тул эзэмшигч нарыг тухайн дугаарын өмчлөгч гэж үзэхгүй.

 

            Нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл             /хавтас хэргийн 92 дугаар хуудас/ Алтандорнод монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.В.Паушокийн гарын үсэгтэй 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 101/01 тоот албан бичгээр Мобиком корпораци ХХК-нд хандаж, 99117796 тоот дугаарыг тус компанийн ажилтан О.Соёнгоогийн нэр дээр Барьцаа төлбөрийн хамт шилжүүлж өгөхийг хүссэн байна.

 

Гэтэл Хил хамгаалах ерөнхий газрын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2б/1943 тоот дугаартай тодорхойлолтоор /хавтас хэргийн 92 дугаар хуудас/ нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Сергей Викторович Паушок нь 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан гэсэн мэдээлэл бүртгэлд авагдсан байх бөгөөд тус 99117796 тоот дугаар бусдад шилжих энэ үед Эрүүгийн хэргийн 20947101 тоот хэрэгт тус компанийн санхүүгийн болоод бусад тамга, тэмдгүүд хураагдаж, уг эрүүгийн хэргийг шалгаж дуустал Алтандорнод монгол ХХК нь дахин тамга, тэмдэгт хийлгэхгүй байх нөхцөл байдалтай байсан байна /хавтаст хэргийн 12, 13 дугаар хуудас/.

 

 Түүнчлэн нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК-ийн Мобиком корпораци ХХК-д хандаж, 99117796 тоот дугаарыг О.Соёнгоогийн нэр дээр шилжүүлэх тухай 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 101/01 тоот албан бичигт О.Соёнгоог тус компанийн ажилтан гэж бичсэн байх боловч О.Соёнгоо нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст сэжигтнээр тооцогдож, мэдүүлэг өгөхдөө өөрийгөө Вагнер ази ХХК-нд ажилладаг /хавтас хэргийн 81-84 дэх хуудас/ гэсэн байгаагаас тус тус дүгнэвэл 99117796 тоот дугаар нь эзэмшигч Алтандорнод монгол ХХК-ийн зөвшөөрөлгүй, түүний хүсэл зоригоос гадуур О.Соёнгоогийн нэр дээр шилжиж, тэрээр 20055973 тоот гэрээний дагуу эзэмшихээр болжээ.

 

Нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК-ийн зүгээс О.Соёнгоод тус 99117796 тоот дугаарыг шилжүүлсэн үйлдлийг хууль бус гэж тооцуулж, хууль бус эзэмшлээс гаргуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мобиком корпораци ХХК-ийг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 759 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/.

 

Хавтас хэргийн 64-80 дугаар хуудас дахь баримтуудаас үзвэл 99117796 тоот дугаар нь О.Соёнгоогоос Ч.Гантөмөрийн, Ч.Гантөмөрөөс Нэт капитал ХХК-ийн, Нэт капитал ХХК-иас С.Батжаргал, С.Батжаргалаас Б.Цэрэнбалтавын нэр дээр тус тус шилжиж, өнөөдрийн байдлаар хариуцагч Б.Цэрэнбалтав нь 20042591 тоот дугаартай Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байгаа ажээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд тус хуулийн 90 дүгээр зүйлд тодорхойлсноор хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх ба зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэх юм. 

 

            Шаардах эрх бүхий эзэмшигч нь Иргэний хуульд зааснаар өмчлөгчийн нэгэн адил хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй ба гагцхүү тухайн хөрөнгө нь түүний хууль ёсны эзэмшил, ашиглалтанд хэвээр, эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болоогүй байх ёстой.

 

            Нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК нь Харилцаа холбооны тухай хууль,  Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журмын дагуу тус 99117796 тоот дугаарыг 2003 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10000254 тоот гэрээгээр анх өөрийн нэр дээр үүсгэж, Мобиком корпорци ХХК-иас холбогдох үйлчилгээг авч, эзэмшиж, ашиглаж байжээ. Гэвч дээр дурьдснаар тухайн дугаар нь хожим хэд, хэдэн этгээдийн нэр дээр шилжиж, тэдгээрийн эзэмшил, ашиглалтанд очсоноор Алтандорнод монгол ХХК-ийн хувьд тухайн дугаарыг эзэмшиж, ашиглах боломжгүй болж, эзэмшил нь дуусгавар болжээ.

 

            Учир нь, хариуцагч Б.Цэрэнбалтав нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн С.Батжаргалаас 99117796 тоот дугаарыг 12,000,000.00 төгрөгөөр Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлснөөр авчээ /хавтас хэргийн 62 дугаар хуудас/.

 

Талууд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлчлэгч Мобиком корпораци ХХК-нд хандаж, 164349 тоот дугаартай Гэрээ шилжүүлэх баримтаар Б.Цэрэнбалтавын нэр дээр дугаарын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг тус компанийн зүгээс хүлээн авч, түүний нэр дээр шилжүүлж, хариуцагчтай Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулсан ба Б.Цэрэнбалтав болон С.Батжаргал мөн түүнчлэн Б.Цэрэнбалтав болон Мобиком корпораци ХХК нарын хооронд байгуулсан гэрээнүүд өнөөдрийг хүртлэх хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байна /хавтас хэргийн 70-73 дугаар хуудас/.

 

            Хэдийгээр хариуцагч Б.Цэрэнбалтав болон С.Батжаргал нар энэхүү гэрээг Мобиком корпораци ХХК-ийн 99117796 тоот дугаарын өмчлөх эрхийг шилжүүлэн гэж тохиролцсон байгаа боловч дээр дурьдснаар Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 1.6-д тус тус зааснаар тухайн дугаарыг хуваарилах, өөрчлөх, хураах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлдэг учраас өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзэхгүй, харин тухайн дугаарыг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн гэж үзэх нь зүйтэй байна.

 

            Нэгэнт хариуцагч Б.Цэрэнбалтав болон С.Батжаргал нарын энэхүү Худалдах, худалдан авах тухай гэрээ нь хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал байхгүй байгаагаас гадна Мобиком корпораци ХХК-ийн зүгээс уг гэрээг үндэслэн хариуцагчтай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, холбогдох үйлчилгээг үзүүлж байгаа эдгээр харилцаанууд нь бие даасан тусдаа харилцаа бөгөөд Б.Цэрэнбалтавыг 99117796 тоот дугаарын эзэмших эрхийг гэрээний үндсэн дээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй.

           

Хариуцагч Б.Цэрэнбалтавын хувьд маргааны зүйл болсон 99117796 тоот дугаарын эзэмших, ашиглах эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авах үедээ тухайн дугаар нь нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК-ийн хүсэл зоригоос гадуур бусад этгээдэд шилжсэн үйл баримтын талаар мэдээгүй байсан ба түүнийг мэдэх ёстой бөгөөд мэдэх боломжтой байсан эсхүл энэ талаар мэдэж байсан гэж буруутгах үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Учир нь, энэхүү дугаар нь нэг этгээдээс нөгөө этгээдэд тодорхой гэрээ, хэлэлцээр, албан бичгийн хүрээнд шилжиж, үйлчлэгч Мобиком корпораци ХХК-ийн  зүгээс тус үйлдлийг хүлээн зөвшөөрч, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийж, эзэмшигчтэй холбогдох гэрээ, хэлэлцээрийг байгуулдаг байсан ба хамгийн сүүлд Б.Цэрэнбалтав болон С.Батжаргалын нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн Мобиком корпораци ХХК нь хариуцагч Б.Цэрэнбалтавын нэр дээр дугаарыг шилжүүлэн бүртгэж, Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан нь түүний хувьд тухайн дугаар болон дугаарыг шилжүүлсэн С.Батжаргалын эзэмших, ашиглах эрхийг шалгах, үүнд эргэлзэх сэдлийг өгөөгүй байх тул хариуцагчийг тухайн дугаарын эзэмших эрхийг олж авахдаа шударга бусаар хандсан гэж үзэх нөхцөл байдал байхгүй байна.

 

 Нөгөө талаар хариуцагч Б.Цэрэнбалтавын зүгээс тухайн дугаар нь нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК-ийн хүсэл зоригоос гадуур О.Соёнгоогийн нэр дээр шилжсэнийг мэдэх ёстой бөгөөд мэдэх боломжгүй байсан ба хариуцагчийн С.Батжаргалыг уг дугаарын хууль ёсны эзэмшигч мөн гэж итгэсэн итгэл үнэмшлийг буруутгах, түүнийг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 99117796 тоот дугаарын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулахдаа тухайн дугаартай холбоотой өмнөх бүхий л үйл баримтыг шалгах ёстой байсан гэж үзэх нь Худалдах, худалдан авах тухай гэрээний харилцаанд оролцогчид хүндрэл учруулахаас гадна түүний энэ төрлийн эрх зүйн харилцаанд оролцох итгэл үнэмшлийг үгүйсгэсэн зүйл болох юм.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэсний дагуу хариуцагч Б.Цэрэнбалтавын хувьд С.Батжаргалыг тухайн дугаарын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч мөн гэж үзэх эрхтэй юм.

 

Иймд, хариуцагч Б.Цэрэнбалтавыг 99117796 тоот дугаарын эзэмших, ашиглах эрхийг олж авахдаа шударгаар хандаж, хууль ёсны дагуу олж авсан гэж дүгнэв.

 

            Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх ба хариуцагч Б.Цэрэнбалтавын хувьд тухайн маргааны зүйл болсон дугаарыг гэрээний дагуу шударгаар олж авсан байх тул түүнийг хууль бусаар эзэмшиж байгаа этгээд гэж үзэхгүй, тэрээр хууль ёсны шударга эзэмшигч юм.

 

            Нэгэнт хариуцагч Б.Цэрэнбалтав нь 99117796 тоот дугаарын хууль ёсны шударга эзэмшигч тул түүнээс Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар 99117796 тоот дугаарыг буцаан шаардах боломжгүй.

 

            Иймд, дээр дурьдсныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Алтандорнод монгол ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

  

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР