Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 4268

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө хаягт байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв  /РД:2646161/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 4 дүгээр хэсэг 56 дугаар гудамжны 1990 тоот хаягт оршин суух Нэвтээн овгийн Батбаярын Төвшинжаргал /РД:ЖВ87070113/-д холбогдох 1,928,512.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв  нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Цахилгааны эрчим хүчний хэрэглэгчийн 5065545 тоот кодтой, 563857 тоот гэрээтэй Б.Төвшинжаргал нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал 1,928,512.00 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэж, төлбөрөө одоо хүртэл төлөлгүй, манай байгууллагыг хохироож байгаа тул Батбаярын Төвшинжаргалаас 1,928,512.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.Төвшинжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:

            “Миний бие Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 4 дүгээр хэсэг, 56 дугаар гудамжны 1990 тоот хаягт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг ба өвөл Улаанбаатар хотод утаа, агаарын бохирдол маш их байдагтай холбогдуулан хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодох үүднээс 2015 оны 12 дугаар сараас Дорнод аймгийн Баян Уул суманд өвөлжсөн.

            Гэртээ байхгүй хугацаанд гэрийн паар, халаалтын системийг хөлдөөхгүйн тулд нам даралтын зуухыг цахилгаанд холбоод явсан. Энэ хугацааны цахилгааны мөнгийг төлөөгүй нь үнэн бөгөөд 1,928,512.00 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлөх саналтай байна. Үүнд:

  1. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1,028,512.00 төгрөг,
  2. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 300,000.00 төгрөг,
  3. 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 300,000.00 төгрөг,
  4. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 300,000.00 төгрөг төлнө.

Иймд, хариуцагч миний нөхцөл байдлыг харгалзан үзээд тус хуваарийн дагуу цахилгааны төлбөр төлөх боломжоор хангаж өгөхийг хүсье” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргалын зүгээс хариуцагчийн тайлбартай танилцаад татгалзах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв  нь хариуцагч Б.Төвшинжаргалд холбогдуулан 1,928,512.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт зэргээс үзвэл хэдийгээр хариуцагч Б.Төвшинжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа боловч цахилгааны төлбөр болох 1,928,512.00 төгрөгийг тодорхой хугацааны турш хувааж төлөхөөр түүний илэрхийлсэн саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авсан байх тул талуудыг тодорхой хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар эвлэрсэн байна гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба эвлэрэл нь гагцхүү Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашин сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Б.Төвшинжаргал нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 3 /гурав/ жилийн хугацаатайгаар Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай байгуулж, цахилгаан эрчим хүч ашиглахаар болжээ.

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т зааснаар хариуцагч Б.Төвшинжаргал нь эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа хэрэглэгч бөгөөд тэрээр гэрээнд заасны дагуу ашигласан эрчим хүчний төлбөрийг төлөх үүрэгтэй ба хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл хариуцагчийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөр нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 1,928,512.00 төгрөг болсон байна.

Гэвч хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч Б.Төвшинжаргалын  зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжилсэн төлбөрийг тодорхой хугацаанд хувааж төлөх тухай түүний саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авч, талууд тодорхой нөхцлөөр эвлэрсэн нь зохигчдын тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талууд эвлэрсэн зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний харилцаанаас бий болсон байгаагаас гадна хэрэв хариуцагч Б.Төвшинжаргал нь Эвлэрлийн гэрээг үл биелүүлсэн тохиолдолд гарах үр дагавар зөвхөн түүнд хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж үзэв.

 

Түүнчлэн зохигчдын төлбөрийг хэсэгчлэн хувааж төлөх тухай эвлэрэл нь  Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууунд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 болон 35 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор хүсэл зоригоо илэрхийлж, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.Отгонжаргал, Д.Төрмөнх, Т.Жарангүл нарт итгэмжлэл олгож, тэдгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал нь Сүхбаатарын Төмөрхүү бөгөөд тэрээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусад этгээдээр төлөөлүүлэхээр хүчин төгөлдөр бүхий итгэмжлэл олгосон байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх тул хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

 

 Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хариуцагчтай эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн  эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

 

Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл зохигчид эвлэрсэн нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.

 

Иймд, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн гаргасан Б.Төвшинжаргалд холбогдох 1,928,512.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гаргасан хариуцагч Б.Төвшинжаргалд холбогдох 1,928,512.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч Б.Төвшинжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1,028,512.00 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу сар бүрийн 15-ны өдөр 300,000.00 төгрөгөөр тус тус төлж, 1,928,512.00 төгрөгийг барагдуулах болсныг үүгээр дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 45,806.00 төгрөгийн тал хувь болох 22,903.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 22,903.00 төгрөгийг хариуцагч Б.Төвшинжаргалаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.

 

 

                                   

   

  ШҮҮГЧ                                             Б.МАНДАЛБАЯР