Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч: М.Б-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905031610232 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б-, 1991 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодрохой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс зах дотор хүний нэр барин мессеж бичин хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Т.Ц-ээс 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б- шүүх хуралдаанд: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг нэмж өгөх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо төлсөн” гэв.

Хохирогч Т.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Барс захад ажил дээрээ байхад миний дугаар руу ... дугаараас “Сайн уу, Д- байна” гэхээр нь “Мэндийн Д- мөн үү” гэхэд мөн гээд ойр зуурын юм бичиж байгаад ...300.000 төгрөг зээлээч гэхээр нь би өгөхгүй гэж бичсэн боловч удаахгүй өгнө, манай цалин 30-нд бууна гээд Хаан банкны 5225249412 дугаартай данс өгсөн. Би өмнө нь хамт ажиллаж байсан Д- мөн гэж бодоод ...мобайл банк ашиглан 300.000 төгрөг явуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тухайн дугаар руу залгахад орох ярианы эрх нь хаагдсан байсан....Д- над руу залгаад надаас мөнгө аваагүй талаараа хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-20/,

Гэрч Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Ц-тэй 2012-оноос 2018 онд Мэнд Интернэйшнл хиамны компанид хамт ажиллаж байсан. ...Би ... дугаар болон 5225249412 дансний эзэмшигчийг мэдэхгүй. Миний бие Т.Ц-ээс 300.000 төгрөг аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Яллагдагчаар М.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сард байх байх М.Б- миний бие нь төрсөн ах М-ын Эволво ХХК-д тогоочоор ажиллаж байх хугацаандаа мөнгөний хэрэг гараад таньдаг хүмүүс рүүгээ өөрийн дүү болох Мишээл /13 настай/ барьж байсан ... дугаарын утаснаас ...Т.Ц- гэх эмэгтэйгийн 90331331 дугаарын утас руу мөнгө зээлээч гэж гуйхаар ...мессеж явуулсан. ...өмнө нь Цэгмид эгчид өртэй байсан учраас санаа зовоод Д- байна гэж мэссеж илгээсэн бөгөөд Т.Ц- эгч хуучны танил Мэндийн Д- мөн үү гэж асуухаар нь “тийм байна” гэж хэлээд ойр зуурын зүйлээр мессежээр харилцаж байгаад 300.000 төгрөг зээлээч, удаахгүй өгнө гэж хэлээд өөрийн ээж болох М.Х-гийн хаан банкны 5225249412 тоот дансны дугаарыг өгсөн. Т.Ц- эгч уг данс руу 300.000 төгрөгийг шилжүүлэхээр нь би ээж Хандсүрэн рүү залгаад таны данс руу мөнгө орсон уу, орсон мөнгийг нь миний данс руу шилжүүлчих гэж хэлээд өөрийн хаан банкны 5135480373 тоот данс руу шилжүүлэн хүлээн авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгч, хохирогч нарын хооронд харилцсан мессежний хуулбар /хх-н 9-15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-40, 46-51/, М.Х-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 56-64/, шүүгдэгч М.Б-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 67-73/, хохирлын мөнгө шилжүүлсэн маягт /хх-н 93/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс зах дотор хүний нэр барин мессеж бичин хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Т.Ц-ээс 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Ц-ийн: “...2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Барс захад ажил дээрээ байхад миний дугаар руу ... дугаараас “Сайн уу, Д- байна” гэхээр нь “Мэндийн Д- мөн үү” гэхэд мөн гээд ойр зуурын юм бичиж байгаад ...300.000 төгрөг зээлээч гэхээр нь би өгөхгүй гэж бичсэн боловч удаахгүй өгнө, манай цалин 30-нд бууна гээд Хаан банкны 5225249412 дугаартай данс өгсөн. Би өмнө нь хамт ажиллаж байсан Д- мөн гэж бодоод ...мобайл банк ашиглан 300.000 төгрөг явуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тухайн дугаар руу залгахад орох ярианы эрх нь хаагдсан байсан. ...Д- над руу залгаад надаас мөнгө аваагүй талаараа хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-20/, гэрч Д-ийн: “...Т.Ц-тэй 2012-2018 онд Мэнд Интернэйшнл хиамны компанид хамт ажиллаж байсан. ...Би ... дугаар болон 5225249412 дансний эзэмшигчийг мэдэхгүй. Миний бие Т.Ц-ээс 300.000 төгрөг аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, шүүгдэгч, хохирогч нарын хооронд харилцсан мессежний хуулбар /хх-н 9-15/, М.Х-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 56-64/, шүүгдэгч М.Б-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 67-73/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б- нь хохирогч Т.Ц-эд өөрийгөө Д- гэх хуучны танил нь байна гэж итгүүлэн, өөрийн эх М.Х-гийн дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирлын 300.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн /хх-н 93/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч М.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Б-г “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР