Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: Д.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905044290189 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б-, 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн механик инженер мэргэжилтэй... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны гадна иргэн Б.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт цохиж тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар шанаа, дээд уруул, зүүн хацрын доод хэсэг, цээжний зөөлөн эдийн няцрал, зовхи, хацар, хамар, дээд уруул, зүүн завьжинд цус хуралт, дээд, доод зовхи, зүүн завьжинд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Э-гийн гэрт бид нар ярилцаад сууж байтал ямар ч байсан бурхан, шашны талаар ярьж байгаад, манай клубын гишүүн Б-гэх залуу лам хүн бөгөөд би тэр залууд ..танай лам нар архи, тамхи хэрэглэдэг, хүүхэнтэй унтдаг ...гэх зэргээр ярьж байтал, тэр асуудлаас болоод маргаан болсон. Тэр үед гэрийн эзэн Э-гийн эхнэр уурлаад унталгынхаа өрөөнд орох үед нь би уучлалт гуйсан боловч Э-гийн эхнэр бид нарыг гэрээс гарцгаа гэхээр нь бид нар Э-гийн гэрээс гарсан. Тэгээд гадаа гараад Э-гийн байрнаас дөнгөж хойшоо гараад явган хүний зам хавьцаа байж байтал Б-гэх залуу миний нүүрэнд юугаар цохисныг мэдээгүй байна, тас буугаад явсан бөгөөд миний нүдний шил хагараад нүд юм харахаа больсон. Тэр үед би шууд доошоо суусан чинь Б-миний толгой, цээж орчим гараараа болон хөлөөрөө цохиж, зодоод эхэлсэн бөгөөд би өөрийгөө хамгаалах гээд нүүрээ дараад доошоо суусан хэвээрээ байгаад байсан болохоор .. намайг зодохоо болиод явсан. Тэгээд би Бум-Эрдэнийг явсны дараа нүүр болон хамар амнаас гарсан цусаа гараараа цэвэрлээд бостол миний хажууд Эрхэмбаяр гэх залуу ирчихсэн харж байснаа яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд тэд нар гарч ирээд байж байтал Н- ах Мөрөн гээд залуутай маргалдаад бие биетэйгээ барьцалдаад авахаар нь бид нар салгаад ...Үүрээ гээд ах Н- ахыг дагуулж яваад таксинд суулгах гэсэн боловч Н- ах явахгүй гээд байсан бөгөөд тэр үед Үүрээ ах явлаа гээд яваад өгсөн. Тэр үед Н- ах надтай бас маргах гээд байхаар нь би Н- ахад ...та одоо болилдоо хүн болгонд агсам тавиад байх юм... гээд маргааныг салгаад байтал Б-хажуунаас орж ирээд Н- ахыг ...та одоо болилдоо, алив хоёулаа явъя” гээд ...хүргэж өгөх гээд маргааныг салгах гэтэл Н- ах дахин Б-д караокед байсан шигээ дайраад ...чи лам бацаан, чамайг ална, тална... гэх зэргээр дайрсан. Тэр үед Б-, Н- ахаас зугтаагаад явсан бөгөөд Н- ах араас нь ална гээд хөөгөөд явсан. Тэгээд Н- ах Б-нар бид нараас нилээн хол зайтай очоод хоорондоо барьцалдаад байх шиг байсан бөгөөд бид нар “за ингэж байгаад учраа олоод явчих байлгүй” гэж бодоод зогсож байтал Б-...над руу хутга гаргах гээд байхаар нь би цохьчихлоо шүү” гэж хэлээд Н- ахаас салаад явахаар нь бид нар гайхаад очтол Н- ах баруун нүдээ баруун гараараа барьчихсан байдалтай байсан бөгөөд зүүн гартаа гар утсаа барьчихсан оролдож байсан бөгөөд “...би та нарыг хүнд дуудаж, алуулна” гээд байсан. Тэр үед би буцаад нөгөө хэд дээрээ очиж болсон зүйлийн талаар хэлээд буцаад нөгөө хэдийг дагуулан Н- ахын байсан газар очтол Н- ах явчихсан байсан. Тэгээд би тэндээсээ Эрдэнэбаярын гэрт орчихоод буцаад гэртээ харьсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Шинжээчийн 13278 тоот дүгнэлтэд: “...Б.Н-гийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар шанаа, дээд уруул, зүүн хацрын доод хэсэг, цээжний зөөлөн эдийн няцрал, зовхи, хацар, хамар, дээд уруул, зүүн завьжинд цус хуралт, дээд, доод зовхи, зүүн завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгэнлт /хх-н 123-124/,

Яллагдагчаар Д.Бум-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хэрэг болсон өдөр өөрийн ажил мэргэжил болон шашин шүтлэгээрээ маш их доромжлуулсан байгаа. Тэр асуудлаас ийм хэрэг болсон байгаа. Би хэд хэдэн удаа хохирогчид сануулсан, хэлсэн боловч хохирогч Н- өөрийн үйлдлээ болиогүй. ...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 148-149/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-42/, хохирогчийн хүсэлт /хх-н 57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Д.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны гадна иргэн Б.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт цохиж тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, баруун хацар шанаа, дээд уруул, зүүн хацрын доод хэсэг, цээжний зөөлөн эдийн няцрал, зовхи, хацар, хамар, дээд уруул, зүүн завьжинд цус хуралт, дээд, доод зовхи, зүүн завьжинд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Н-гийн: “...Тэгээд Э-гийн гэрт бид нар ярилцаад сууж байтал ямар ч байсан бурхан, шашны талаар ярьж байгаад, манай клубын гишүүн Б-гэх залуу лам хүн бөгөөд би тэр залууд ..танай лам нар архи, тамхи хэрэглэдэг, хүүхэнтэй унтдаг ...гэх зэргээр ярьж байтал, тэр асуудлаас болоод маргаан болсон. ...гадаа гараад Э-гийн байрнаас дөнгөж хойшоо гараад явган хүний зам хавьцаа байж байтал Б-гэх залуу миний нүүрэнд юугаар цохисныг мэдээгүй байна, тас буугаад явсан бөгөөд миний нүдний шил хагараад нүд юм харахаа больсон. Тэр үед би шууд доошоо суусан чинь Б-миний толгой, цээж орчим гараараа болон хөлөөрөө цохиж, зодоод эхэлсэн бөгөөд би өөрийгөө хамгаалах гээд нүүрээ дараад доошоо суусан хэвээрээ байгаад байсан болохоор Б-намайг зодохоо болиод явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/, гэрч Б.Э-ын: “...Н- ах Б-нар бид нараас нилээн хол зайтай очоод хоорондоо барьцалдаад байх шиг байсан бөгөөд бид нар “за ингэж байгаад учраа олоод явчих байлгүй” гэж бодоод зогсож байтал Б-“над руу хутга гаргах гээд байхаар нь би цохьчихлоо шүү” гэж хэлээд Н- ахаас салаад явахаар нь бид нар гайхаад очтол Н- ах баруун нүдээ баруун гараараа барьчихсан байдалтай байсан бөгөөд зүүн гартаа гар утсаа барьчихсан оролдож байсан бөгөөд “би та нарыг хүнд дуудаж, алуулна” гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, шинжээчийн 13278 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Бум-Эрдэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б-нь согтуурсан үедээ хохирогчийг өөрийг нь доромжлолоо гэх шалтгаанаар цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 57/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Бум-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийдэт тустай ажил хийлгэх ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б-“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бум-Эрдэнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР