| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00400/И |
| Дугаар | 525 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 525
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* *******ууд овогт *******ын од холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А., хариуцагч С., нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Цэрэгтогтохтой 2009 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж амьдарч байна. С.той гэр бүл болсноос хойш 2009 оны 08 дугаар сард хүү С., 2014 оны 07 дугаар сард охин Ц. нар төрж бид одоо хүртэл хамт амьдарч байгаа болно. С. нь сүүлийн жилүүдэд архи ууж, агсам тавьж, намайг зодож хэрүүл маргаан тасрахгүй байна. Иймээс амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа болно. Мөн бид өмнө нь шүүхээр гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаад эвлэрлийн хугацаа авч эвлэрч байсан. Бид нарын амьдралд дээрх байдал дахин давтагдаж байсан учир би дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эвлэрүүлэх хугацаа олгосон.Одоо эвлэрэх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүү Ц., охин Ц. нарыг эх А. миний асрамжид үлдээж, эцэг С.оос хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. С. нь банкнаас зээл авч машин худалдан авсан. Тэрхүү зээлийн мөнгөөрөө авсан машинаа өөрөө унаж байгаа, би тэр машиныг нь авна гэж нэхэмжлээгүй учир банкны зээл надад хамааралгүй гэв.
Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. сална гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ би банкнаас зээл авсан. Тэр зээлээ төлж дуусах хүртэл хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид нарын дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А. нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч А., хариуцагч С. нар нь 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүү Ц., 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин Ц. төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахыг хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн, мөн гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон байх ба гэрлэгчид шүүхээс өгсөн хугацаанд эвлэрээгүй байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Хариуцагч нь 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүү Ц., 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин Ц. нарыг эх А.ын асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрсөн ба хүү Ц.ын шүүхэд өгсөн тайлбар, хүүхдүүдийн өссөн болон амьдрах, сурч боловсрох орчин, орон байр, амьдралын бусад нөхцөл байдал, эцэг эхийн хайр халамж зэргийг харгалзан хүү Ц., охин Ц. нарыг эх А.ын асрамжид үлдээж, сар бүр эцэг С.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагч С. нь банкны зээлтэй учир зээлийг төлж дуусах хүртэл хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хүүхдүүдээ тэжээн тэтгэхээс чөлөөлөгдөх хуульд заасан үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг тус тус заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ц., охин Ц. нарыг эх А.ын асрамжид үлдээсэн нь эцэг С.оос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байхэрхтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.оос 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ын ,******* *******ууд овогт *******ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөртөрсөн хүү Ц., 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Ц. нарыг эх А.ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ц., 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Ц. нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.д даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Зохигчид нь дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.оос 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.д олгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА