Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч: М.П-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.П-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905031411369 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.П-,  1987 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....тоот регистртэй,

Шүүгдэгч  М.П- нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 203 тоотод иргэн Я.Н-байшингийн вакум цонхыг хагалж нэвтрэн орж, 287.976 төгрөгийн үнэлгээ бүхий sony /сони/ маркийн 43 инчийн зурагтыг хулгайлсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадмын 02-11 тоотод байрлах иргэн Л.Г-ийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож нэвтрэн орж 480.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн 48 инчийн зурагтыг хууль бусаар авсан,

- 2019 оны 6 дугаар сарын 15-наас 16-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 7 дугаар гудамжны 148 тоотод иргэн Э.С-гийн монгол гэрт нэвтрэн орж, 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хайэр /Haier/ маркийн 42 инчийн хавтгай зурагтыг хулгайлсан,

- 2019 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 7 дугаар гудамжны 144 тоот иргэн Д.Ж-ын монгол гэрийн хаалганы цүүг хөшин орж нийт 940.000 төгрөгийн үнэлгээ бүхий индүүкцэн плетка, Тошиба маркийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний гар цүнх зэргийг хулгайлж, нийт 2.257.976 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.П- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй”” гэв.

Хохирогч Я.Н-мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулийн 11-203 тоотод эзгүй байхад 12 цагийн хугацаанд цонх хагалан орж 43 инчийн Sony /Сони/ брэндийн зурагт алдсан. Өөр алдсан эд зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 51-52/,

Хохирогч Л.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь гадаа хашааны хаалга онгорхой, дотогш яваад ороход манай байшингийн хоёр давхрын тагтны хаалга нь онгорхой байсан. Тэгээд гайхаад гэртээ яваад ороход байшингийн хоймор хэсэгт байсан 48 инчийн Самсунг маркийн Лэд смарт зурагт байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 178-179/,

Хохирогч Э.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 7-148 тоотоос нөхөр Батзоргийн хамт гарч яваад 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирээд гэрийн хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод ортол манай гэрийн зурагт алга болсон байсан. Манай гэрийн цоожийг эвдсэн юм байхгүй байсан. 42 инчийн зурагт байхгүй байсан. Зурагтаа 2017 онд 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 600.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 96-97/,
            Хохирогч Д.Ж-мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ганбаа ах миний утас руу залгаад “танайд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тухайн үед манай гэрийнхэн хөдөө Төв аймгийн Эрдэнэ суманд явж байсан. ...Гэр дотроос 42 инчийн Тошиба брэндийн зурагт, жижиг индүүкцэн плетка, эмэгтэй хүний гар цүнх алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 9-10/,

Гэрч Л.Я-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед гэрээсээ гарч яваад 22 цагийн үед гэртээ ирэхэд жижиг өрөөний вакум цонх хагалаад 42 инчийн SONY /Сони/ зурагт алга болсон байсан. Зурагтаа 2014 онд 880.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 53/,

Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим гэртээ хэвтэж байсан чинь манай 3 дугаар ангид сурдаг Туяа гэх охин “ааваа манай хашаанд танихгүй хүн явж байна” гэхээр нь хөл нүцгэн гэрээс гараад харсан чинь толгой дээрээ зурагт өргөж барьсан намхан залуу явж байхаар нь “юу бариад явж байгаа хүн бэ” гэхэд нөгөө залуу “би эхнэрээсээ айгаад зурагтаа нуугаад аваад явж байна” гэж хэлээд манай хашааны хаалгыг онгойлгож гараад явсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 186-188/,

Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 7-148 тоот гэрээсээ гарч яваад хөдөө явчихаад маргааш нь буцаад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр цоожтой байсан. Тэгээд түлхүүрээр онгойлгоод гэртээ орж ирээд 42 инчийн хар өнгийн Эл Си Ди зурагт алдагдчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 98-99/,

Гэрч Ч.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 06 цагт гэрээсээ бие засахаар гарахад манай хөрш айлын гэрийн хаалгыг хөшсөн байдалтай цоожгүй байхаар хаалгыг нь татаж үзэхэд гэрт нь хүн байхгүй, ил харагдахаас зурагт нь байхгүй, эд зүйлүүд нь хөглөрсөн байдалтай байхаар нь цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 11-13/,

Шинжээчийн 08/100 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газраас илрүүлсэн 4 ширхэг гарын мөрнөөс №1, 4 гэж тэмдэглэсэн 2 ширхэг гарын мөр шинжилгээнд  тэнцэнэ. Бусад гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөр нь папилон санд MN000710009817 дугаартай бүртгэгдсэн Мөнхбат Пүрэвдарь /НС-87031275/ зүүн гарын эрхий хуруутай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 193-194/,

Яллагдагчаар М.П-мөрдөн байцаалтад өгсөн: “...яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. ....хулгай хийе гэж бодоод гэр хороолол ороод айлуудын хашааны завсраар харж яваад нэг айлын хашааны хаалга нүдэхэд хүн гарч ирэхгүй эзэнгүй бололтой байхаар нь хашааг нь давж ороод гарааш дээр нь гараад 2 давхрын тагтны хаалгыг түлхэхэд онгорхой байсан ба дотогшоо ороход асаалттай зурагт байхаар нь тэрийг авсан. ... /хх 1-н 206-207/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5, 43, 87, 171/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 44, 88/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 6-7, 45-47, 89-92, 172-176/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 22, 69-70, 118-120, 191-192/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 28-30, 73-75, 127-129, 2-н 65-71/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 150-151, 2-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 208-239, 2-н 8-25, 31-32, 41-57, 72-79/ зэрэг болно.   

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.П- нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 203 тоотод иргэн Я.Н-байшингийн вакум цонхыг хагалж нэвтрэн орж, 287.976 төгрөгийн үнэлгээ бүхий sony /сони/ маркийн 43 инчийн зурагтыг хулгайлсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Налайх дүүргийн 2 дугаар хороо, Наадмын 02-11 тоотод байрлах иргэн Л.Г-ийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож нэвтрэн орж 480.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг маркийн 48 инчийн зурагтыг хууль бусаар авсан,

- 2019 оны 6 дугаар сарын 15-наас 16-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 7 дугаар гудамжны 148 тоотод иргэн Э.С-гийн монгол гэрт нэвтрэн орж, 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хайэр /Haier/ маркийн 42 инчийн хавтгай зурагтыг хулгайлсан,

- 2019 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 7 дугаар гудамжны 144 тоот иргэн Д.Ж-ын монгол гэрийн хаалганы цүүг хөшин орж нийт 940.000 төгрөгийн үнэлгээ бүхий индүүкцэн плетка, Тошиба маркийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний гар цүнх зэргийг хулгайлж, нийт 2.257.976 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Я.Номин-Эрдэний: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулийн 11-203 тоотод эдгүй байхад 12 цагийн хугацаанд цонх хагалан орж 43 инчийн Sony /Сони/ брэндийн зурагт алдсан. Өөр алдсан эд зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 51-52/, хохирогч Л.Г-ийн: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь гадаа хашааны хаалга онгорхой, дотогш яваад ороход манай байшингийн хоёр давхрын тагтны хаалга нь онгорхой байсан. Тэгээд гайхаад гэрэтэ яваад ороход байшингийн хоймор хэсэгт байсан 48 инчийн Самсунг маркийн Лэд смарт зурагт байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 178-179/, хохирогч Э.С-гийн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 7-148 тоотоос нөхөр Батзоргийн хамт гарч яваад 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирээд гэрийн хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод ортол манай гэрийн зурагт алга болсон байсан. Манай гэрийн цоожийг эвдсэн юм байхгүй байсан. 42 инчийн зурагт байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 96-97/, хохирогч Д.Жамънжавын: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ганбаа ах миний утас руу залгаад “танайд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тухайн үед манай гэрийнхэн хөдөө Төв аймгийн Эрдэнэ суманд явж байсан. ...Гэр дотроос 42 инчийн Тошиба брэндийн зурагт, жижиг индүүкцэн плетка, эмэгтэй хүний гар цүнх алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 9-10/, гэрч Л.Я-гийн: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн үед гэрээсээ гарч яваад 22 цагийн үед гэртээ ирэхэд жижиг өрөөний вакум цонх хагалаад 42 инчийн SONY /Сони/ зурагт алга болсон байсан. Зурагтаа 2014 онд 880.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 53/, гэрч С.М-гийн: “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим гэртээ хэвтэж байсан чинь манай 3 дугаар ангид сурдаг Туяа гэх охин “ааваа манай хашаанд танихгүй хүн явж байна” гэхээр нь хөл нүцгэн гэрээс гараад харсан чинь толгой дээрээ зурагт өргөж барьсан намхан залуу явж байхаар нь “юу бариад явж байгаа хүн бэ” гэхэд нөгөө залуу “би эхнэрээсээ айгаад зурагтаа нуугаад аваад явж байна” гэж хэлээд манай хашааны хаалгыг онгойлгож гараад явсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 186-188/, гэрч С.М-ийн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 7-148 тоот гэрээсээ гарч яваад хөдөө явчихаад маргааш нь буцаад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр цоожтой байсан. Тэгээд түлхүүрээр онгойлгоод гэртээ орж ирээд 42 инчийн хар өнгийн Эл Си Ди зурагт алдагдчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 98-99/, гэрч Ч.Г-ын: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 06 цагт гэрээсээ бие засахаар гарахад манай хөрш айлын гэрийн хаалгыг хөшсөн байдалтай цоожгүй байхаар хаалгыг нь татаж үзэхэд гэрт нь хүн байхгүй, ил харагдахаас зурагт нь байхгүй, эд зүйлүүд нь хөглөрсөн байдалтай байхаар нь цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 11-13/, шинжээчийн 08/100 дугаартай дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.П-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч,” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.П- нь 4 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлж хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хавтаст хэрэгт авагдсан баримт болон эд зүйлийн үнэлгээгээр учирсан хохирол нийт 22.257.976 төгрөг гаргуулж хохирогч Я.Номин-Эрдэнэд 287.976 төгрөг, хохирогч Л.Г-т 480.000 төгрөг, хохирогч Э.С-д 550.000 төгрөг, хохирогч Д.Ж-т 940.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.П-гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 03 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч тус зүйл ангид заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч М.П-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу урьд тухайн төрлийн гэмт хэргээр удаа дараа шийтгүүлж байсан зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан хорих ялын хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.П-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-урьд цагдан хоригдсон 83 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1905005761388, 1905027221389, 1907000400004 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.П- “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.П-03 жил 6 сар жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д оногдуулсан 03 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-урьд цагдан хоригдсон 83 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 1905005761388, 1905027221389, 1907000400004 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тус хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пүрэвдариас нийт 2.257.976 төгрөг гаргуулж хохирогч Я.Номин-Эрдэнэд 287.976 төгрөг, хохирогч Л.Г-т 480.000 төгрөг, хохирогч Э.С-д 550.000 төгрөг, хохирогч Д.Ж-т 940.000 төгрөг тус тус олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР