| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04267/и |
| Дугаар | 4267 |
| Огноо | 2016-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 4267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл, 105-001 тоот хаягт байрлах Эм Энд Жи Констракшн ХХК /РД:2823632/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 105-303 тоот хаягт оршин суух Дамдингийн Цагаанхүү /РД:УУ57061912/-д холбогдох 78,200.09 ам.доллар буюу 157,530,238.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан, түүний өмгөөлөгч Б.Заантогтох, хариуцагч Д.Цагаанхүү, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Д.Цагаанхүү нь манай компанийн өмчлөлийн орон сууцыг 2009 оны 09 дүгээр сараас хууль бусаар эзэмшиж, ашигласаар ирсэн юм. Хариуцагч нь орон сууцны төлбөрт нэг ч төгрөгийг манай компанид төлөөгүй, төлбөрөө төл гэж шаардахад удахгүй төлнө, зээл хөөцөлдөж байна гэсээр манай компанийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөх хууль ёсны эрхийг жил гаруй хугацаанд зөрчиж, оршин суусаар байна.
Мөн тухайн байрыг улсын комисс хүлээн авсан хэдий ч хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас болж манай компани өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган авч чадахгүй байна.
Хариуцагч тал 6 жил 4 сарын турш нэхэмжлэгчийн дээр дурьдсан орон сууцтай адил нөхцөл бүхий орон сууцыг түрээсэлсэн бол хамгийн багадаа энэ хугацаанд 78,200.09 ам.долларын зардал гаргах байсан байтал уг хэмжээний өөрийн мөнгөө хэмнэсэн байна. Мөн манай компанийн хувьд 6 жил 4 сарын турш дээрх орон сууцыг бизнесийн эргэлтэнд оруулж, эдийн засгийн хувьд маш олон давуу талыг үүсгэх байсан боловч хариуцагчийн хууль бус үйлдлээс болж өөрийн хууль ёсны эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, өмчилж чадахгүй байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг хөрөнгөө үүрэг гүйцэтгэгч болон хөрөнгө олж авсан этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах журамтай.
Манай компанийн зүгээс хариуцагч Д.Цагаанхүүтэй орон сууцтай холбоотой аливаа гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, бидний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, өөрийн зардлаа хэмнэсэн. Хариуцагчийн зүгээс манайд урьдчилгаа төлбөр өгсөн гэдэг боловч бид юу ч хүлээн аваагүй, Си Энд Си Комоко ХХК нь 103 дугаар байрыг манайхаас авах гэж байсан нь үнэн боловч талууд харилцан тохиролцоод өөр байдлаар асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Д.Цагаанхүү нь Си Энд Си Комоко компанид төлбөр өгсөн нь бидэнд хамаагүй, хариуцагч тал орон сууцны төлбөрийг удахгүй төлнө, зээл хөөцөлдөж гэх зэргээр хугацаа авсаар өнөөдрийг хүрсэн.
Иргэний хуулийн 439 дугаар зүйлд өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимийг буцаан шаардах шаардлагад хамруулах ба хэрэв хариуцагч тал манай компанийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар суугаагүй бол бид энэхүү орон сууцыг бусдад хөлслүүлэх, түрээслүүлэх зэргээр эдийн засгийн эргэлтэнд оруулж, ашиг олох боломжтой байсан юм.
Нэхэмжлэлд хавсаргасан Тэнхлэг зууч ХХК-ийн үнийн мэдээллээс бид өнгөрсөн хугацаанд 78,200.09 ам.доллар буюу 157,530,238.00 төгрөгийн түрээсийн орлого олох боломжтой байсан байна.
Хэрэв манай компани уг байрыг бусдад түрээслүүлсэн бол 2009 онд 710.00 ам.доллар, 2010 онд 750.00 ам.доллар, 2011 онд 1010.00 ам.доллар, 2012 онд 1386.00 ам.доллар, 2013 онд 1150.00 ам.доллар, 2014 онд 1079.04 ам.доллар, 2015 онд 899.07 ам.доллараар түрээслүүлэх боломжтой байсан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйл болон 493 дугаар зүйлд тус тус зааснаар буцаан шаардах шаардлагад тухайн хөрөнгө өөрөө хамаарах боловч манай компанийн зүгээс орон сууцаа буцаан шаардах асуудлыг жич шийдвэрлүүлнэ.
Иймд, хариуцагч Д.Цагаанхүү 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 103 дугаар байрны 303 тоот 149.35 м,кв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж, 6 жил, 4 сар гаруй буюу 76 сарын хугацаагаар хууль бусаар эзэмшиж, ашиглаж ирсэн байх тул 78,200.09 ам.доллар буюу 157,530,238.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд үүрэг үүсээгүй, Худалдах, худалдан авах тухай гэрээний бэлтгэл шатанд явж байгаад энэ хүн байранд орсон.
Манай компани худалдан авагч нартайгаа Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулдаг, тэр гэрээг Д.Цагаанхүүтэй байгуулаагүй, тухайн гэрээ хийгдэх бэлтгэл шатандаа явж байгаад зогссон юм. Хариуцагч нь гэрээ ч байгуулаагүй, мөнгөө ч төлөөгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй байгаа.
Нэгэнт үүрэг үүсээгүй бол бид нар эд хөрөнгөө буцаан шаардах ёстой. Энд юу хамаарах уу гэхээр олсон орлого, үр шим хамаарна. Хариуцагчийн хувьд ямар орлого үүсч байна гэхээр энэ хүн өөр газар ийм байр түрээсэлсэн бол төлбөр төлөх байсан тэр зарлагаа багасгаж байгаа, мөн манай компани байраа бусдад түрээслүүлсэн бол орлого олох байсан ба тэр орлогоо олоогүй. Иймд, бид олох байсан орлогоо нэхэмжилж байгаа юм” гэв.
Хариуцагч Д.Цагаанхүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч талтай Түрээсийн гэрээ байгуулаагүй учраас үндэслэлгүй байна. Миний бие 2008 оны 8 сараас маргаан бүхий байранд амьдарч байгаа. Эм энд Жи констракшн ХХК-аас миний нэр дээр энэ байртай холбоотой зардлыг манай компани бүрэн хариуцана гэсэн албан тоот өгсөн. Би түүний дагуу л энэ байранд орсон.
Манай компани нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-тай хамтын ажиллагаатай байсан. Нэхэмжлэлд дурьдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 103 дугаар байрыг барьж гүйцэтгэж байхад нэхэмжлэгч талаас манай компанид 5 /тав/ ширхэг байр өгсний нэгийг би авсан юм. Энэ компанитай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр тодорхой хэмжээний буюу 5,000.00 ам.доллар төлсөн.
Си энд Си Комока ХХК болон Эм энд Жи констракшн Констрашн ХХК-ийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлээгүй учраас нэхэмжлэгч Си энд Си Комока ХХК нь шүүхэд хүсэлт гаргаж хариуцагч Эм энд Жи констракшн ХХК-ийг шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж өгнө үү гэсний дагуу 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 653 дугаар захирамж гарсан байдаг. Үүгээр манай байртай холбоотой асуудлыг шийдэж, бид нартай Си энд Си Комока ХХК гэрээ байгуулж, бид нараас 5,000 ам.доллар авсан. Эм энд Жи констракшн ХХК төлбөр төлөөгүй гэж байна гэвч бид төлбөр төлсөн. Бид нарын 2012 оны 03-р сарын 23-ны өдөр байгуулсан гэрээнд Эм энд Жи констракшн ХХК-ийн хуулийн зөвлөх гарын үсэг зурсан байдаг.
Би тус байранд хүчээр нүүж ороогүй, худалдана гэхээр нүүж орсон ба нэхэмжлэгчээс манай компанид хандаж 5 /тав/ ширхэг байрны төлбөр мөнгийг хариуцана гэсэн бичиг өгч байсан. Үүний дараагаар Си Энд Си Комоко гэдэг компанийн зүгээс дээрх орон сууцыг нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-иас авсан учраас манай компаниас авах ёстой гээд гэрээ байгуулсан, энэ 6 жилийн хугацаанд аль компани нь тухайн байрны өмчлөгч эсэх нь тодорхой бус байсан.
Нэгдүгээрт, Эм энд Жи Констракшн ХХК надад албан тоот өгсөн. Тус албан тоотод 103 байрны 303 тоотод амьдар, бүх зардлыг манайх хариуцана гэсэн. Хоёдугаарт, миний бие Эм энд Жи констракшн ХХК-тай Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэрээ нь Эм энд Жи констракшн Контракшн ХХК-нд өөрт нь байгаа. Гуравдугаарт, би дараа нь Си энд Си Комока ХХК-тай байрны талаар хариуцлага хүлээх гэрээ байгуулсан. Би энэ гэрээний заалтыг баримталж өдий хүртэл явж ирсэн. Уг гэрээний заалт дээр “Б тал орон сууцны үнийг бүрэн төлөгдөж дуусахаар А талд орон сууцны эрх шилжүүлэх үүрэг хүлээнэ гэсэн байгаа А тал буюу миний бие 224.000 ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн. Энэхүү гэрээг байгуулснаас хойш 100 хоногийн дотор Б тал үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн талд гаргуулж чадаагүй тохиолдолд А талын төлсөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй бол хариуцлага хүлээнэ гэсэн агуулгатай гэрээ байсан юм. Одоо аль компани надад энэ байрыг худалдах нь тодорхой бус байна гэв.
Анхандаа тус байрнаас манай компани 5 /тав/ ширхэгийг аваад миний бие нэгийг нь авах ёстой байсан, гэвч нэхэмжлэгч Эм энд Жи констракшн ХХК-тай байгуулсан манай компанийн гэрээ хэрэгжихгүй болохоор мөнгөөр худалдаж авахаар болсон” гэв.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох болон бусад баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК нь хариуцагч Д.Цагаанхүүд холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 103 дугаар байрны 303 тоот 149.35 м,кв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж, 6 жил, 4 сар гаруй буюу 76 сарын хугацаагаар хууль бусаар эзэмшиж, ашигласан гээд Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлийн үндэслэн 157,530,238.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Цагаанхүүгийн зүгээс 157,530,238.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, маргааны зүйл болсон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 103 дугаар байрны 303 тоот 149.35 м,кв талбайтай 4 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй гэж мэтгэлцэж байна.
Шүүхээс хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-ийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тус компани нь маргааны зүйл болсон дээрх орон сууцны өмчлөгч гээд хариуцагч Д.Цагаанхүү хууль бусаар тухайн орон сууцанд оршин сууж, эзэмшиж, ашиглаж байгаагаас улбаалан өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, энэхүү хугацаанд орон сууцыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, бусдад хөлслүүлж, түрээслүүлсэн бол 157,530,238.00 төгрөг олох ёстой байсан гэж 157,530,238.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг болон иргэн, хуулийн этгээд өмчлөгч байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчмын дагуу хуулийн этгээд нь иргэнтэй нэгэн адил хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах эрхтэй болно.
Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно”, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т тус тус зааснаар аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэх бөгөөд эд хөрөнгө нь үл хөдлөх болон хөдлөх гэсэн төрөлтэй байх ба газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах ажээ.
Ийнхүү иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Гэвч өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай юм.
Нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 103 дугаар байрны 303 тоот 149.35 м,кв талбайтай 4 өрөө орон сууцыг манай компанийн өмч гэж байна.
Монгол Улсын Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хамруулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар орон сууц өмчлөгч гэдэгт тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагыг тус тус хамруулжээ.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 103 дугаар байрны 303 тоот 149.35 м,кв талбайтай 4 өрөө орон сууц нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-т тус тус тодорхойлсноор нийтийн зориулалттай орон сууцны байшинд тооцогдох ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг ойлгох юм.
Нийтийн зориулалттай орон сууц нь эд хөрөнгийн шинж, элэгдэл, ашиглалтын хувьд авч үзвэл үл хөдлөх хөрөнгөд тооцогдох бөгөөд дээр дурьдснаар өмчлөгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталгаажуулж, өмчлөгч гэдгээ нотолсон байх хэрэгтэй.
Монгол Улсын Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 182 дугаар зүйлд тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгэх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ тус хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний хувьд өмчлөх эрх нь баталгаажих юм.
Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлж, 18 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан тохиолдолд тухайн этгээдийг хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.
Гэтэл нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-ийг маргааны зүйл болсон 4 өрөө орон сууцны өмчлөгч мөн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Хэдийгээр нэхэмжлэгч нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26/2009 тоот актыг үндэслэн тус орон сууцны өмчлөгч мөн гэдэг боловч тухайн актанд дурьдснаар “Эм Энд Жи Констракшн” ХХК нь барилгын ажлын захиалагч юм.
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т тодорхойлсноор “барилгын ажлын захиалагч” гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар барилгын үйл ажиллагаанд захиалагч нь тодорхой байх, хэрэв захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцох, барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцох зохицуулалтын дагуу авч үзвэл нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК нь тус 103 дугаар байрны 303 тоот 149.35 м,кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгч биш байна.
Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар "хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц" гэж тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууцыг ойлгоно гэжээ.
Нэхэмжлэлд хавсаргасан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-ийн нь 2014 оны 02 дугаар улирлын санхүүгийн тайлангаас үзвэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 103 дугаар байрны 303 тоот 149.35 м,кв талбайтай 4 өрөө орон сууц нь тус компанийн санхүүгийн тайланд өмчлөх болон өмчлөх бус хөрөнгөд бүртгэлгүй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй” гэсний дагуу тус хуулийн 14.4.2-т зааснаар дээрх этгээдүүд нягтлан бодох бүртгэлдээ бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлагаа бүртгэж, барилга байшингийн хувьд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар элэгдэл, хорогдол тооцох ёстой юм.
Гэтэл нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн тайлан баланс дээр дурьдсан үйл баримтууд байхгүй байгаа тул уг компанийг тус 4 өрөө орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг хөрөнгийг олж авсан этгээдээс тус хуулийн 492.1-д зүйлд заасан үндэслэлүүдээр уг хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим зэргийг буцаан шаардах эрхтэй боловч хөрөнгийг түүний өмч, эзэмшлийнх гэдгээ нотлох ёстой.
Гэвч нэхэмжлэгч тал тус орон сууцыг өөрийн компанийн өмч гэдгээ нотлохгүй байгаа учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан шаардлага хангагдахгүй байна.
Нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК нь хариуцагч Д.Цагаанхүүг энэхүү хугацаанд дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж ирсэн гэжээ.
Иргэний хуулийн 89 болон 90 дүгээр зүйлд тус тус зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Өөрөөр хэлбэл, эзэмшил нь хэдийгээр хууль болон гэрээнд зааснаар үүсэх боловч хэрхэн үүссэнээс хамаарч хууль ёсны болон хууль бус буюу шударга, шударга бус гэсэн хэлбэртэй.
Талуудын тайлбараас үзвэл хариуцагч Д.Цагаанхүү нь тус орон сууцыг өөрийн ажилладаг компани болон нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК нарын хооронд тохирсны дагуу авахаар нүүн орж, эзэмшсэн байх хэдий ч хожим тухайн тохиролцоо хэрэгжээгүй учраас нэхэмжлэгч талаас 220,000.00 ам.доллараар худалдан авахаар тохиролцож байсан ажээ.
Гэвч энэ хугацаанд өөр этгээд болох Си Энд Си Комоко ХХК болон нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-иудын хоорондын асуудлаас улбаалан хариуцагч уг орон сууцны худалдагчийг Си Энд Си Комоко ХХК гэж ойлгож, тус компанид гэрээний төлбөрт 5,000.00 ам.доллар төлсөн гэсэн үйл баримтын талаар зохигчид маргахгүй, харин нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-нд төлбөр төлсөн эсэх талаар маргаж байна.
Үүнээс дүгнэвэл хариуцагч Д.Цагаанхүү нь тодорхой тохиролцооны дагуу тухайн орон сууцыг худалдан авах зорилгоор эзэмшиж байгаа учраас түүнийг бусдын өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхгүй юм.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хөрөнгө шилжүүлсэн этгээд нь үүргийн харилцаа үүсээгүй байхад эсхүл үүрэг үүссэн боловч хожим дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон байхад тухайн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол буцаан шаардана.
Хариуцагч Д.Цагаанхүү нь нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК болон Си Энд Си Комоко ХХК-иудтай дээрх орон сууцыг худалдан авах талаар тодорхой харилцаа үүсгэж байсан байх бөгөөд тэдгээрийн хооронд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон, 103 дугаар байрны 303 тоот 149.35 м,кв талбайтай 4 өрөө орон сууцтай холбоотой үүрэг үүссэн нь хожим дуусгавар болсон эсхүл хүчин төгөлдөр бус болоод одоо үргэлжилж байгаа гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна.
Учир нь, хариуцагч Д.Цагаанхүүгийн зүгээс тус орон сууцыг нэхэмжлэгч Эм Энд Жи Констракшн ХХК-иас авах болоход Си Энд Си Комоко ХХК болон нэхэмжлэгч “Эм Энд Жи Констракшн” ХХК-иудын хоорондын асуудлаас улбаалан өнөөдөр тухайн орон сууцыг аль компаниас авах, аль компанийн өмнө төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхээ мэдэхгүй байгаагаас гадна эдгээр компаниудтай үүсгэсэн иргэний эрх зүйн аль харилцаа нь одоо хүчин төгөлдөр хэвээр байгаа болон хожим дуусгавар болсон эсхүл хүчин төгөлдөр бус болсон гэх үйл баримтууд тус тус тодорхой бус байна.
Иймд, хариуцагч Д.Цагаанхүүг бусдын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон нэхэмжлэгч талыг хариуцагчид үндэслэлгүйгээр хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй тул Эм Энд Жи Констракшн ХХК-ийн гаргасан хариуцагч Д.Цагаанхүүд холбогдох 157,530,238.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР