Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 4225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,

1977.12.04-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршооллын 9-01 тоотод оршин суух, Боржигон овогт Батхүүгийн Батбуянг /рд:ЦА77120418/ архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, а/д Б.Батзориг /Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны байцаагч/,  гуравдагч этгээд Б.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Д.Түмэндэлгэр нар оролцов.                                                                                                                                                                  

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс болон итгэмжлэгдсэн төлөөлөгч а/д Б.Батзориг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршооллын 9-01 тоотод оршин суух, Боржигон овогт Батхүүгийн Батбуян нь байнга архидан согтуурч ар гэртээ агсан тавьдаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Урьд нь архины албадан эмчилгээнд явж байгаагүй, хэд хэдэн удаа эрүүлжүүлэгдэж байсан.

Мөн тэрээр архи согтууруулах зүйл байнга хэрэглэх идэвхитэй донтох хам шинж 2 дугаар зэргийн оноштой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тус шүүхэд Б.Батбуянг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Б.Батбуян нь  Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 9-01 тоотод Боржигон овогт Батхүүгийн Батбуян оршин суудаг болох нь тогтоогдож байна. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын архины албадан эмчилгээнд явуулж өгөхийг хүссэн тодорхойлолтыг ирүүлсэн байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч болон  Б.Батбуянгийн тайлбар мэдүүлэгт “би урьд нь 4 удаа эрүүлжүүлэгдэж байсан, 10 удаа хуулийн дагуу арга хэмжээ авагдаж байсан” гэсэн  байна.

 

Б.Батбуян нь “архи согтууруулах зүйл байнга хэрэглэх идэвхитэй донтох хам шинж 2 дугаар зэрэг” оноштой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул дээрх нөхцөл байдлыг тус тус үнэлж, түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар, Боржигон овогт Батхүүгийн Батбуяныг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2.Б.Батбуянг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР