| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0584/З/Т |
| Дугаар | 593 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 593
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банк, Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч К ХХК тус шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо ГҮТББ-д бүртгэлтэй ******* тоот регистрийн дугаартай К ХХК нь тус шүүхэд Хүнсний бүтээгдэхүүний зоорь агуулахыг нэмэгдүүлэх, дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монгол банк, арилжааны банкуудын хооронд байгуулсан Бодлогын гэрээний хугацааг сунгуулахыг даалгах эс үйлдэхүйг хэрэгжүүлэх зорилгоор Монгол банк, Сангийн яамыг хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч Голомт банкнаас авсан манай компанийн зээлийн гэрээний хугацаа дуусч, төлбөр төлөлт графикийн дагуу хийгдэж дуусах төлөвтэй байна. Иймд дээр дурдсан асуудлаар манай компани тус шүүхэд хянагдаж буй хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас хуульд заасан эрхийнхээ дагуу бүрмөсөн татгалзаж байгааг хүлээн авна үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К******* ХХК Монгол банк, Сангийн яаманд холбогдуулан “Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Хүнсний бүтээгдэхүүний зоорь агуулахыг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монгол банк, арилжааны банкуудын хооронд байгуулсан Бодлогын гэрээний хугацаа сунгах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх гэрээний хугацаа сунгахыг даалгуулах ” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч К ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.М 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгч К ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.М Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн гаргасан “Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Хүнсний бүтээгдэхүүний зоорь агуулахыг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монгол банк, арилжааны банкуудын хооронд байгуулсан Бодлогын гэрээний хугацаа сунгах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх гэрээний хугацаа сунгахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН