Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2021/0168

Б.Т болон “И м т” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч бөгөөд “И м т” ХХК-ийн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, Ю.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар шийдвэртэй, Б.Т болон “И м т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 57 дугаар зүйлийн 57.4, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т болон “И м т” ХХК-иас Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1004 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох захирамжийн улмаас Б.Тт учирсан хохиролд 302,100,000 төгрөг, “И м т” ХХК-д учирсан хохиролд 217,300,000 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд “И м т” ХХК-ийн төлөөлөгч Б.Т тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэг. Хууль хэрэглэсэн зарчмын зөрүү ба хуулийн зохицуулалт, нийцүүлэлтийг авч үзвэл:

Нийслэлийн засаг дарга 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/1004 дүгээр захирамжаараа иргэн Б.Т миний өмчийн 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2201027266, “И м т” ХХК–ийн 664 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2201029468 дугаарт тус тус бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, залуусын гудамжинд байрлах барилгуудыг албадан буулгаж, газрыг чөлөөлж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасныг тус тус баримталжээ.

Дээрхи хуулийн зохицуулалтаас харахад нийслэлийн Засаг дарга нь барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой байна.

Гэтэл “И м т” ХХК, иргэн Б.Т миний барилгууд нь барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй болохыг тогтоосон улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт байхгүй, барилгыг албадан буулгах, газрыг чөлөөлөх талаар шүүхийн шийдвэрүүд огт гараагүй байхад Засаг дарга захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй буюу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах  хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг хөндсөн илт хууль бус шийдвэр болсон, илэрхий хүч түрж албадан хохирол учруулсан.

Нэхэмжлэгчдийн зүгээс шүүхэд энэхүү байдлыг тайлбарлаж, нийслэлийн хууль бус акт гаргасан талаар маргасан боловч анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “...Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д ...гэж заасан нь захиргааны байгууллага тухайн актыг гаргах эрх хэмжээгүй атлаа тухайн захиргааны актыг гаргасныг тохиолдолд актын илт хууль бус буюу гарах ёсгүй байсан гэж үзнэ”... гэж дүгнэж хуулийг зөв хэрэглэж явснаа хариуцагчийн өөр өөр тайлбарт хөтлөгдөн, шал өөрөөр дүгнэж шийдвэртээ ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Угтаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсгийн заалт нь шүүхийн тайлбарлаж, дүгнэсэнчлэн тухайн актыг гаргах эрх хэмжээгүй атлаа тухайн захиргааны акт гаргасан тохиолдолд илт хууль бус хэмээн хэрэглэгдэх ёстой зохицуулалт.

Мөн Барилгын тухай хуулиар Засаг даргад барилгыг албадан буулгах эрх хэмжээ олгогдсон хэдий ч уг эрхээ урьдач нөхцөл зайлшгүй бүрдсэн тохиолдолд л хэрэгжүүлэх үүрэгтэй. Ийнхүү шүүх хуулийг буруу тайлбарласан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засаг даргад давуу байдал өгч иргэн ба нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулах, захирамжийн илт хууль бус болох хангалттай үндэслэл, холбогдох хуульд нийцүүлээгүйгээс Үл хөдлөх хөрөнгө өнөө ч үүрэгжээд явж байгаа нотлох баримтыг үнэлэлгүй аль эрт 2017 оны хагас хугас хурлын тэмдэглэлд үндэслэж шийдвэр гаргасан. Тэр хурлынхаа шийдвэрлэсэн хэсгийг нь ч дүгнэж үзээгүй.

Иймд анхан шатны шүүх шийдвэртээ “ хуульд заасан “..ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсан байх”, “урьдчилан мэдэгдсэн байх” гэсэн урьдач нөхцөлүүд нь ашиглалтын шаардлага хангахгүй, баримт бичгийн зөрчилтэй, зохих зөвшөөрөлгүй баригдсан барилгыг өмчлөгч сайн дураараа буулгаж газрыг чөлөөлөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллагаас нийтийн эрх ашигт нийцүүлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлж албадан буулгах тохиолдолд заавал хангагдсан байх хуулийн шаардлага...", " ...газар чөлөөлөхийг хүлээн зөвшөөрч газрын нөхөн олговор авсан нөхцөлд заавал улсын байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсан байх шаардлагагүй...” хэмээн дүгнэснийг хууль буруу хэрэглэсэн байх тул бид хэзээ ч хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсгийн зохицуулалт нь зайлшгүй улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд л барилгыг албадан буулгах эрх хэмжээг Засаг дарга эдлэх тухай хуулийн тусгайлан заасан нарийн зохицуулалт.

Нийслэлийн засаг дарга 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/1004 дүгээр захирамжаа тус хуулийн зохицуулалтад үндэслэн гаргаж байгаа бол улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсан байхыг хууль шаардах бөгөөд хуульд нийцүүлж захирамж гаргахыг, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.гэж холбогдох хуулиар давхар зааж өгсөн байгаа. Энэ тохиолдолд урьдач нөхцөл бүрдээгүй байхад хариуцагч алдаатай захирамж гаргасан, уг алдааг анхан шатны шүүх зөвтгөөгүй нь буруу юм.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг барилгыг буулгах үед байлцсан, зарим төмөр эд зүйлсээсээ авсан явдлыг барилга буулгах ажиллагааг хүлээн зөвшөөрсөн мэтээр газартаа холбогдсон хэлцлийг барилгын нөхөн төлбөртэй адилтган хийсвэрээр дүгнэж, “учирсан гэх хохирол нь захиргааны хууль бус үйлдлийн улмаас учирсан гэх үндэслэлгүй” гэснийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг бүхэлд нь хянаж, зөв шийдвэрлэхийг хүсч хуулийн заалтаа холбогдох тайлбар, нотлох баримтын хэсгээс зориуд тэмдэглэж байна

Хоёр. Хуулийн зарчим, нотлох баримтыг дутуу, өрөөсгөл, буруу үнэлсэн асуудлуудаас заримыг тодотгоход: Улсын Их Хурал ба Хууль зүй дотоод хэргийн яамнаас  өгсөн бичигт: Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актанд гарсан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэж болно” гэж заасныг дурдан шүүхэд ханд гэсэн тул заалтыг үндэслэн шүүхэд хандсан бөгөөд тэдгээр болон дараах баримтууд хавтас хэрэгт бий.

Монгол Улсын засгийн газрын 2018 оны 10 сарын 19-ны дугаар ЗГ-2/552 албан бичгээр Нийслэлийн засаг даргад ...Хотын удирдлага асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг гаргаж яаралтай арга хэмжээ авч, надад хариу мэдэгдэнэ үү. гэсэн чиглэлийг Шадар сайд Ө.Э  өгсөн байтал засгийн чиглэлийг зөрчиж ажлын хэсэг гаргалгүйгээр 6 хоногийн дараа буулгалт хийсэн, хууль зөрчсөн эдгээр үйлдлүүдэд буруутган Ерөнхий сайд С.Б-д хариуцлага тооцсон ба тэр ажлаа өгснөөр, нөхөн олговор замхарсан. Засгийн газрынхаа журам биелүүлдэггүй, хуульд нийцүүлэлгүй шийдвэр гаргасан Засаг даргын буруутай үйлдлийг хамгаалсан. Хууль тогтоомж биелүүлээгүй, гэм бурууг тогтоолгүй шүүгч өөрийн үзэмжээр хууль хэрэглэсэн нь эрхтэн дархтаны шууд ба шууд бус нөлөөллийн илрэлүүд өмнө тэмдэглэсэн болон доорхи бичилтүүдээс харагдаж байна.

Шүүх үндэслэх хэсэгтээ: Хуульд заасан урьдач нөхцөл бүрдээгүй байхад суулгах шийдвэр гаргасан нь хууль бус гэх маргааны тухайд: Газрын тухай болон Барилгын тухай хуулийн зохицуулалтуудын дагуу нийслэлийн Засаг даргаас аливаа барилгыг албадан буулгах шийдвэр гаргахад “...Ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсан байх “- урьдчилан мэдэгдсэн байх” гэсэн нөхцөлүүд заавал хангагдсан байх шаардлагатай бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд үндэслэгдэх учиртай тул нэхэмжлэгч бөгөөд “Их мөнх тэнгэр ХХК-ийн захирал Б.Тын “Барилгын тухай хуульд заасан барилгыг албадан буулгах захирамж гаргах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад нийслэлийн Засаг дарга нь A/1004 дугаар захирамжийг гаргасан нь илт хууль бус болсон “хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авахуйц байна, гэж тэмдэглэсэн нь хуульд нийцүүлэн Засаг дарга захирамж гаргах ёстой байтал, нийцүүлэлгүй захирамж гаргасныг шүүгч зөв дүгнэсэн хэрэг. Харин цааш нь Гэвч, гээд хуулийн зохицуулалтаас тойроод хариуцагчдын хууль бус тайлбар, худал нотлох баримтын ач холбогдолгүй ба эсрэг утгатай үгийг иш үндэс болгон шийдвэр гаргасан нь хуулийн зарчмыг дагаж мөрдөөгүй хуулийн заалтыг хурлын тэмдэглэлээс дорд үзэж, илт буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгчээс тэмдэглэсэн, Шийдвэрийн 14-р хуудасны эхний мөрөнд ...Би 1 давхрын хэмжээнд ярьж байна. ...газар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгсөн тохиолдолд буулгалтын зардал нэхэхгүй гэж мэдэгдсэн байна гэж дурдаж биднийг буруушаасан.

Тэгвэл би 1, 2 давхрын түвшинд гэснийг тэд 1 гэж бичсэн. Дүнжингарав төвийн дэргэд адил дэд бүтэцтэй газар сольж өгөхийг хүссэнийг дурдаагүй, харгалзан үзээгүй хээр тог цахилгаан, худаг усгүй миний хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн авах ёстой бусдад өгөхгүй он удаан жил хамгаалж ирсэн газруудад шийдвэр гаргаж өгснийг дурдаж... зөвхөн газрын асуудлыг асуудлыг ингээд эцэслэж байгаа болохыг баталгаажуулж байна гэж гэснийг тэмдэглэсэн нь дан нэг талын эрх ашгийг хамгаалсан Засаг даргад тал зассан хэрэг. ...буулгалтын зардал нэхэхгүй гэсэн үг бол би хуулийн дагуу өмчөө өөрөө захиран зарцуулах эрхээ эдлэхээ мэдэгдсэн бусдын нөлөөнд орохгүй гэсэн үг бөгөөд албадах болон бусад хэлбэрээс хамгаалж ширхэг тоосгоо ч бүрэн бүтэн авах гэсэн санаа болохоос шүүгчийн дүнгэнэсэн зөвшөөрсөн хэрэг огт биш бусад эс үйлдэхүйгээс хамгаалсан хэрэг.

Иймд би 2020 оны 9 сард тус шүүхэд “Хариу тайлбарт хөдлөшгүй баримтуудаар няцаалт өгч, хүсэлт гаргах нь” гэсэн бичиг өгч, гол шалтагласан хурлын тэмдэглэлийг өгүүлбэр өгүүлбэрээр нь тодотгож ялгасныг дурдвал: Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020.08.31-ны №01-04\4334 тоот “Хариу тайлбар“ гэсэн бичгийн эхний хуудасны доороосоо 11-6 дахь мөрөнд... Шатсан үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газар чөлөөлөн нийтийн эзэмшлийн талбайгаар тохижуулахаар шийдвэрлэсэн гэсэн оргүй худал байна.

Нотолгоо нь хавтаст хэргийн материалд байгаа Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 4 сарын 15-ны өдрийн А/99 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурлын тэмдэглэл 5 хуудас материалд дээр дурдсан ...Шатсан үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газар чөлөөлөн нийтийн эзэмшлийн талбайгаар тохижуулахаар шийдвэрлэсэн гэх тийм өгүүлбэр огт байхгүй, оргүй зүйлийг зориуд тэмдэглэн шүүгчийг төөрөлдүүлсэн тул уншиж сайн магадла. Гэсэн тайлбараа шүүгчийн үндэслэлээс болж энд дахин оруулж байна.

Харин уг тэмдэглэлийн 3-р хуудасны доороосоо 7-5 дахь мөрөнд НМХГазрын ДБХХ-ын дарга Н.Гантулга ...Тийм учраас 1 давхараа буулгахаар бол төсөв мөнгөө хүсэлтээ гаргаад холбогдох газруудаар шийдүүлж болно. 2-3 давхрыг буулгах асуудлыг та өөрөө хариуцна.

Мөн 4-р хуудасны дээрээсээ 7-8 дугаар мөрөнд УБ ЗАА 3CX-ын мэргэжилтэн Э.У  Т та ажлын хэсэгт саналаа хэллээ одоо та гараад байж байна уу. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргах гэж байна гэснээр би гарсан ба эргэж ороогүй. Ийм байхад тэрхүү 4-р хуудасны доороосоо 7-1 өгүүлбэр худал ба би байгаагүй байхад огт оргүй зүйл бичигдсэн, хүн гүтгэж бичээд түүнийгээ баримт болгодгийн жишээ тул сайн ухаж үзвэл өөрсдөө хийхгүй үйлдэл хийснийг нь нотлох тул зориуд дурдаж байна.

Хамгийн гол зүйл бол, мөн уг тэмдэглэлийн 5-р хуудасны дээрээсээ 4-р мөрөнд \Шийдвэрлэсэн хэсгийн\...Нийслэлийн газрын алба гээд “Барилгын асуудлыг ч гэдэг 2 үгийн НӨХ газарт гэдгийн өмнө оруулаагүй байсан тул уг тэмдэглэлд би гарын үсэг зураагүй. Шийдвэрлэсэн хэсэгт... Шатсан үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газар чөлөөлөн нийтийн эзэмшлийн талбайгаар тохижуулахаар шийдвэрлэсэн гэх тийм үг үсэг өгүүлбэрт огт байхгүй. Ингэж л гүтгэж хуурч, худал бичиг үйлдэж болдог юм уу.

Дээрхи 1-2 үгийг засуулна гээд хотын Ерөнхий менежер дээр ороход Чи үг үсгээр хөөцөлдлөө, Засаг дарга юу л гэж тэр 3 давхар барилгыг шүүхийн шийдвэргүйгээр буулгах юм, эхлээд газраа л шийдүүл гэсэн тул тэгээд орхисон.Мөн тэр тэмдэглэлийн 2 дахь хуудасны доороосоо 17-16 дахь мөрөнд Иргэн Б.Т би Дүнжингарав орчмоор 622 м.кв газар авах хүсэлтийг Сандуй даргад танилцуулсан.

Миний санал бол энэ байгаа гэж тодорхой бий. Иймд дээрхи байдлаар эдний тайлбар бүрэн няцаагдаж, худал болох нь баримтаар нотлогдож байна гэдгийг бичгээр болон урьдчилсан хэлэлцүүлэг ба шүүх хурлуудад бид мэдүүлсээр байхад шүүгч нотлох баримтыг дутуу үнэлж, хариуцагчдын өөрсдийнхөө гэм бурууг хаацайлсан зүйлүүдэд үндэслэн шийдвэр гаргасан нь ташаарал тул 2 оролцогчийн гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан баримтууд болон хөндлөнгийн олон байгууллага иргэд болон НИТХурлын төлөөлөгчийн тодорхойлолтууд зэргийг дахин судлан шинжлэхэд аль тал гэм буруутай, хуулийг илтээр завхруулж, хүч түрж хохирол учруулсан нь нотлогдоно.

Нэхэмжлэгч нар нь Засаг даргын захирамж илт хууль бус /Захиргааны хууль бус үйлдэл\ болохыг тогтоолгохоор маргасан, хуульд нийцээгүй, гарах ёсгүй байсан захирамжаас үүдэн барилгыг албадан буулгах ажиллагаа хийгдэж, бодит байдалд нэхэмжлэгч нарт Хохирол учирсан. Олон зуун сая төгрөгийн өр зээл үүсч, 3-4 өрхийн 10 гаруй иргэн орох оронгүй, Засаг дарга буруутай үйлдлээ хүлээж олгоно гэсэн нөхөн төлбөр талаар болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Б.Т, “И м т” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1004 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, захирамжийн улмаас Б.Тт учирсан хохиролд 302,100,000 төгрөг, “И м т” ХХК-д учирсан хохиролд 217,300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг[1] Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

          Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1004 дугаар захирамжаар[2] Сонгинохайрахан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Залуусын гудамжинд байрлах, 3 давхар барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

          Нэхэмжлэгчээс “актыг албан ёсоор мэдэгдэж, танилцуулаагүй, барилгыг шаардлагад нийцээгүй болохыг тогтоосон улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэр гаргаагүй байхад албадан буулгаж, чөлөөлөх захирамж гаргасан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгч нарын эрхийг хөндсөн илт хууль бус шийдвэр гаргасан, уг шийдвэрийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан” гэж маргадаг.

          Харин хариуцагчаас “гал гарч ашиглах боломжгүй болсон барилгыг оршин суугчдын өргөдөл, гомдлын дагуу барилгын асуудлыг шийдвэрлэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж, нэхэмжлэгчийг байлцуулан уг асуудлыг хурлаар шийдвэрлэж, төсвөөс хөрөнгө гаргуулан буулгаж, газар чөлөөлөн нийтийн эзэмшлийн талбайгаар тохижуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь газраа эргүүлэн өгч, нөхөн олговорт 2 байршилд газар авсан, ашиглах боломжгүй, шатсан барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй” гэж маргажээ.

          1.Маргааны үйл баримтын талаар:

          Нэхэмжлэгчийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны Залуус гудамжийн 14/5 тоот, 664 мкв, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 14/6 тоот 360 мкв, 75%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гал түймэрт шатсан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэдэг нь Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 93/3110 акт[3], Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлт[4], буулгахын өмнөх зурган мэдээлэл[5], нэхэмжлэгчээс албан тушаалтнуудад хүргүүлсэн өргөдөл[6] зэргээр тогтоогдож байна.  

          Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар[7] Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны “Өнөр 14” сууц өмчлөгчдийн холбоо, 14 дүгээр байрны оршин суугчдын гомдлын мөрөөр иргэн Б.Тын үйлчилгээний барилгын газрын асуудлаар гаргасан маргааныг хэлэлцэх санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, санал дүгнэлт боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахыг Ажлын хэсэгт даалгажээ.

          Уг Ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах иргэн Б.Тын шатсан барилгын газрыг өөр газарт шилжүүлэх асуудлыг Нийслэлийн газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус шийдвэрлүүлэхээр шилжүүлэх саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт танилцуулахаар шийдвэрлэсэн[8].

          Үүний дараа Нийслэлийн газрын албаны холбогдох албан хаагчид иргэн Б.Ттой түүний газрын асуудлыг шийдвэрлэх санал бэлтгэх, харилцан зөвшилцөх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хамтарсан уулзалт хийжээ.

          Уулзалтаар “1.Иргэн Б.Т-ын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 622 м2 газрын иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа хийх зорилгоор эргүүлэн авахтай холбоотой нөхөх олговорт мөн дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлтэд байрлах 1.6 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын ам явах зам дагуу 0.8 га газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлэх тухай санал бэлтгэж, шийдвэрлүүлэх, 2.дээрх 2 байршил, хэмжээ бүхий газрыг нөхөн олговрыг үндэслэн эзэмшүүлэх тухай захирамж гарснаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/179 дүгээр захирамжийн иргэн Б.Тт холбогдох хэсгийг үл маргах журмаар хүчингүй болгож, орон нутгийн эзэмшилд шилжүүлэх асуудлыг хамтад нь шийдвэрлэх, 3.Энэхүү зөвшилцөл, тэмдэглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар иргэн Б.Т газрын маргаан гаргахгүй байх” гэсэн хэлцэл хийж, тохиролцоонд хүрсэн гэдэг нь хэлцлийн тэмдэглэлээс[9] тогтоогдож байна.

          Мөн нэхэмжлэгч нь зөвхөн газраа шилжүүлэх хэлцэл бус гал түймэрт шатсан барилгыг буулгах талаар зөвшөөрч, барилгыг буулгах тухай ярилцаж, энэ тухай мэдэж байсан гэдэг нь Ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлийн Н.Гантулгаас “1 давхар барилгыг та дураараа 2 давхар нэмж хууль зөрчсөн, ...Тийм учраас 1 давхраа хэрвээ буулгахаар бол төсөв мөнгөө хүсэлтээ гаргаад холбогдох газруудаараа шийдүүлж болно. 2, 3 давхрын буулгах асуудлыг та өөрөө хариуцна.” гэхэд нэхэмжлэгчээс “1-рт буулгах асуудал ..., би ямар ч байсан хуулийн хүрээнд гарц олоод буулгая” гэсэн хариулт[10], Э.Уянгаас “Та газраа шилжүүлэх, барилга буулгах санхүүжилтийг Нийслэлээс олгох гэсэн 2 хүсэлт гаргаж байна уу?, Та санхүүжилт өг гэдэг хүсэлтээсээ татгалзаж байна гэж ойлгож байна зөвүү?” гэсэн асуултад нэхэмжлэгчээс “Тийм ээ. Газар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгсөн тохиолдолд Нийслэлээс буулгалтын зардал гэж нэхэхгүй, ...буулгах зардлаа хотоос нэхэхээ татгалзаж байна” гэсэн хариулт[11] өгсөн.

          Түүнчлэн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хэлцлийн тэмдэглэлийн Ц.Ш-ээс “...Хотын захиргааны нэр дээр шилжүүлж холбогдох ажлууд нь цаашдаа хийгдэх, барилгыг буулгах учраас үүнтэй холбоотой дахин ямар нэг асуудал байхгүй болсон гэсэн үг.” гэхэд нэхэмжлэгч Б.Тоос “...газрыг тус тус миний нэр дээр эзэмшүүлэх шийдвэр гарсан тохиолдолд ...эзэмшиж буй 622 м2 газрын эрхийг хүчингүй болгож, хот өөрийн нэр дээр авахад татгалзах зүйлгүй, энэ газрын асуудал ингээд эцэслэж байгаа болохыг баталгаажуулж байна.” гэж хэлсэн[12] зэргээс тогтоогдож байна.

          Эдгээр үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн “зөвхөн газрын талаар хэлцэл хийгдсэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нураахтай холбоотой хэлцэл хийгдээгүй, барилгыг буулгах талаар мэдэгдэж, танилцуулаагүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

          Нэхэмжлэгчийн өмчлөлд байсан барилгыг нурааж, газрыг чөлөөлөх маргаан бүхий А/1004 захирамжийг үндэслэн барилгыг буулгах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайран дүүргийн Газрын алба, “С б” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 57,900,000 төгрөгийн төсөвтэйгөөр гүйцэтгэжээ[13].

          Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 захирамжийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Т-т Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 16.000 мкв газрыг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 8.000 мкв газрыг тус бүр 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/179 дүгээр захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

          Энэхүү Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 захирамжаар “олгогдсон газрыг байршил шилжүүлэн нөхөн олговорт олгосон” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөхгүй байхаар тогтоосон[14] байна.

          Эдгээр үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн өмчлөлд байсан гал түймэрт шатсаны улмаас ашиглах боломжгүй болсон бөгөөд уг барилгыг зэргэлдээ байрны оршин суугчдын өргөдөл, гомдлын дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер болон хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр Ажлын хэсэг байгуулан улмаар нэхэмжлэгчийг байлцуулан уг асуудлыг хурлаар шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэгчийг барилгыг нурааж газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, барилгыг 57,900,000 төгрөгийн төсөвтэйгөөр буулгаж, газрыг чөлөөлжээ.

          Мөн нэхэмжлэгч нь газраа эргүүлэн өгч, барилгаа буулгахыг зөвшөөрөн тохиролцсон, үүний нөхөн олговорт хариуцагч талаас 2 байршилд байрлах газруудын эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгож, барилгын буулгалтын зардлыг хариуцаж, мөн нэхэмжлэгчид нөхөн олговорт олгосон 2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөхгүй байхаар тогтоосон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

          2.Хууль зүйн үндэслэлийн тухайд:

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Иргэн ..., нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, ... эрхтэй.” гэжээ.

          Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5“газрыг чөлөөлөх” гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн ... газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг”, 4 дүгээр зүйлийн 4.1.2-тТөрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”-аар тус тус зохицуулсан.

          Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24-т ““буулгалтын ажил” гэж ашиглалтын шаардлага хангахгүй болсон, ... барилга байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буулгах үйл ажиллагааг хэлэхээр, 35 дугаар зүйлийн 35.1.4-т “..., нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: тухайн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж,... гэж тус тус зохицуулжээ.

          Хариуцагч Нийслэлийн Засаг даргын иргэдийн өргөдөл, гомдлын дагуу гал түймэрт шатаж ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгын газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авч, газар эзэмшигч бөгөөд газар дээр байрлах барилгыг өмчлөгч Б.Т-той харилцан тохиролцсоны дагуу барилга буулгах зардлыг төлж, барилгыг буулгах замаар газрыг чөлөөлсөн шийдвэр нь дээр дурдсан хуулиудад заасан газар эзэмшигчээс хууль тогтоомжийн дагуу газрыг үр ашигтай, зохистой ашиглаж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, тухайн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих бүрэн эрхтэй холбоотой бөгөөд Нийслэлийн Засаг даргад ийм бүрэн эрхийг хуулиар олгосон гэж үзнэ.

          Үүнээс үзэхэд, нэхэмжлэгчээс “барилгыг шаардлагад нийцээгүй болохыг тогтоосон улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэр гаргаагүй байхад албадан буулгаж, чөлөөлөх захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн заалтыг зөрчсөн илт хууль бус акт” гэж маргаж байгаа  үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Б.Т болон “И м т” ХХК-ийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөн, тэдгээрийн эд хөрөнгөнд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

          Нөгөөтэйгүүр, маргаан бүхий актын нэг үндэслэл болох Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасныг хариуцагч захиргаа баримталсан, тодруулбал, маргааны үйл баримтад хамааралгүй хуулийг хариуцагчаас баримталж хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр уг актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 57 дугаар зүйлийн 57.4, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д” гэснийг “Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

[1] Хэргийн 2-р хавтас 67-71 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 12 дахь тал

[3] Хэргийн 2-р хавтас 102 дахь тал

[4] Хэргийн 2-р хавтас 103 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 148-150 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 6, 171-173 дахь тал

[7] Хэргийн 2-р  хавтас 21 дэх тал

[8] Хэргийн 2-р хавтас 23-26 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 92-94 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 98 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 99 дэх тал

[12] Хэргийн 1-р хавтас 93 дахь тал

[13] Хэргийн 2-р хавтас 122-167  дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал