Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 46

 

 

П.Билэгтийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00960 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Билэгтийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Өлзийдэлгэрт холбогдох

 

2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, С.Өлзийдэлгэрийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Билэгт миний бие нь С.Өлзийдэлгэртэй ажил төрлийн байнгын холбоотой ажиллаж байсан. С.Өлзийдэлгэрээс мөнгөний хэрэгцээ гарсан үед мөнгө зээлж аваад буцааж төлдөг байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ гараад С.Өлзийдэлгэртэй утсаар ярихад “Чамд барьцаалах зүйл байвал аваад ир” гэсэн хариу өгсөн. Ингээд уг байрны гэрчилгээг түүнд үзүүлж мөнгө авахаар очиход С.Өлзийдэлгэр нь уг байрны гэрчилгээг авч үзээд одоо надад зээлүүлэх мөнгө алга байна. Харин чи түрүүн зээлсэн 10 000 000 төгрөгөө авчирч өгөөд энэ байрныхаа гэрчилгээг аваарай гээд авч үлдсэн. С.Өлзийдэлгэр нь миний мөнгөний гачигдалтай байдлыг овжиноор ашиглаж хууран мэхлэх замаар уг байрны гэрчилгээг надаас авсан. Би уг 2 өрөө орон сууцыг С.Өлзийдэлгэрт огт бэлэглээгүй. Одоо би С.Өлзийдэлгэрт 10 000 000 төгрөг л өгөх ёстой. С.Өлзийдэлгэр нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 287 тоот 3 өрөө байрыг 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр худалдаж авсан. Уг байртай холбоотой материалаас Хас банк ба Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс үзэж болно. Иймд С.Өлзийдэлгэрийн 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бага тойруугийн 64 дүгээр байр 10 тоот 2 өрөө орон сууцтай холбоотой бичиг баримт хуурамчаар бүрдүүлж хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн С.Өлзийдэлгэрийн нэр дээрх улсын бүртгэлийн 000001167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008018 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Өлзийдэлгэр нь иргэн П.Билэгттэй 2004 оноос хойш ажил төрлийн холбоотой байсан нь үнэн. П.Билэгт нь надаас түр хугацаагаар мөнгө зээлж аваад эргүүлэн төлдөг байсан бөгөөд би түүнээс зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцаагүйгээр итгээд зээл олгож байсан ба итгэлцэл дээр хийгддэг байсан. Харин 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 22 000 000 төгрөгийг гурав хоногийн хугацаатай зээлдүүлээч гэхэд нь зээлийн гэрээ байгуулахгүйгээр түүнд итгэн 22 000 000 төгрөгийг мөнгөний баримт үйлдэн зээлдүүлсэн. Гэвч П.Билэгт нь 3 хоногийн хугацаатай зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөхгүй байсан тул зээлийн гэрээ байгуулъя, эсвэл барьцаалах хөрөнгө тавь гэсэн чинь зээлийн гэрээ хийж болно гээд компанийхаа нэр дээр гэрээ байгуулсан ба зээл төлөх хугацаа нь болчихоод байхад зээлээ төлөхгүй байсан ба түүнээс мөнгийг минь буцааж өгөхийг удаа дараа шаардуулсаар байсан. Гэтэл П.Билэгт Сүхбаатар дүүргийн 2 өрөө байр миний нэр дээр байдаг чи түүнийг өгсөн зээлийнхээ барьцаанд барьцаалчих гээд 22 000 000 барьцаанд 11 000 000 төгрөгт тооцон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрөө авчирч өгсөн. Тэгэхэд нь энэ байрыг чинь очиж үзье гэхэд түүний эхнэр н.Билэгмаа нь уг байрыг үзүүлсэн бөгөөд байр нь хоосон хүн амьдраагүй байр байхаар нь барьцааны гэрээ хийлгүй нотариатаар оролгүй зүгээр л П.Билэгтийн нэр дээр байгаа байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зээлийн баталгаа барьцаа болгож авч үлдсэн. П.Билэгтийн зээлээ төлөх хугацаа болж намайг мөнгөө нэхэхэд тэрээр төлөхгүй бас л удаа дараа шаардуулж байснаа гэнэт чи нөгөө үзсэн 2 өрөө байраа худалдаж авах уу гэсэн санал тавьсан. Ингээд бид хоёр 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүрэгт орших нотариат дээр /081 дугаартай/ очиж Бэлэглэлийн гэрээ байгуулан хуулийн дагуу дээрх 2 өрөө байрны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж авсан болно. Гэтэл энэхүү орон сууцны өмчлөх эрх нь миний нэр дээр шилжиж ирсэн боловч тус орон сууцыг өнөөдрийг хүртэл суллаж, чөлөөлж өгөөгүй иргэн намайг хохироож байна. Орон сууцаа авъя эсвэл мөнгөө авъя гээд П.Билэгттэй холбогдох гэсэн боловч 2007 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хил гараад гадаад руу алга болсон ба араас нь е-майлээр харьцахад удахгүй очино, учрыг нь олоод өгнө гэж хууран мэхэлж 5 жил гаруй сураггүй алга болсон. П.Билэгт нь олон хүнээс мөнгө луйвардсан хэргээр Улсын Мөрдөн байцаах газарт шалгагдаж байхад намайг тус газраас дуудаж мэдүүлэг авч байсан бөгөөд миний өгсөн мэдүүлэг болон гарын үсгийн албан шинжилгээний нотлох баримтууд П.Билэгтэд үүсгэсэн эрүүгийн хэргийн хавтас хэрэгт байгаа. П.Билэгт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Орон сууцны бэлэглэлийн гэрээнд гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж өргөдөл гаргасан байна. Бэлэглэлийн гэрээнд намайг гарын үсэг хуурамчаар зурсан эсэх талаар Улсын Мөрдөн байцаагч Даваадалай дуудаж мэдүүлэг авахдаа П.Билэгт бид 2 гарын үсэг болон бичгийн хэвийг баталгаа буюу криминалистикийн шинжилгээнд оруулан, шалгаж, намайг хуурамчаар гарын үсэг үйлдээгүй болох мөн П.Билэгтийн өөрийнх нь гарын үсэг болохыг нотолсон бөгөөд уг нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. П.Билэгтийн энэхүү бусдыг улаан цайм гүжирдэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа увайгүй үйлдлийг хууль, журмын дагуу шалгаж иргэн намайг хохиролгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан П.Билэгт, С.Өлзийдэлгэр нарын хооронд байгуулагдсан 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, 64-10 тоот хаягт байрлах Ү-2203008018 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 31 м.кв орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг П.Билэгтийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн хэлцлийн талаар дүгнэхдээ хэлцэл хийгч талуудын хүсэл зоригийн илэрхийллийг анхаарч чадалгүй хууль бус алдаатай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон ба нэхэмжлэгчийн энэ үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Энэхүү бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч П.Билэгт нь өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураар нотариатыг зорин очиж үйлдсэн идэвхтэй үйлдлээр хийсэн байхад уг гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэл гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Талууд орон сууц худалдах-худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж энэхүү бэлэглэлийн гэрээг байгуулсан ба өөр хэлцлийг халхавчилж хийсэн боловч энэхүү гэрээний цаана бодитой хийгдсэн өөр хэлцэл байгааг анхан шатны шүүх зөв дүгнэж чадаагүйд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч П.Билэгт нь 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээний талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй шаардлагыг хангасан. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг П.Билэгтийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэл статистикийн ерөнхий газарт даалгасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тодорхойлсоноос хэрэгт цугларсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл муутай болжээ.

 

Нэхэмжлэгч П.Билэгт нь хариуцагч С.Өлзийдэлгэрт холбогдуулан 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, С.Өлзийдэлгэрийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг "С.Өлзийдэлгэртэй хүсэл зоригоо илэрхийлэн ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй харин гэрээний дагуу зээлдсэн зээлийн үлдэгдэл болох төлбөр тооцоотой байсан ч орон сууц барьцаалж байгаагүй бэлэглэх болон худалдах хэлбэрээр шилжүүлээгүй, С.Өлзийдэлгэр миний гарын үсгийг дууриалган зурж бэлэглэлийн гэрээг үйлдэх замаар хууль бусаар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, 22 000 000 төгрөг зээлсэн асуудал байхгүй, 2005 онд төлөгдсөн” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч С.Өлзийдэлгэр татгалзлаа “П.Билэгтэд баримт үйлдэн 2006 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 22 000 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, хугацаандаа зээлээ төлөөгүй, төл гэхэд 2 өрөө орон сууцныхаа гэрчилгээг барьцаалсан, дараа нь зээлийн төлбөрт 2 өрөө орон сууцныхаа өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн” гэж тайлбарлажээ.

 

Зохигчид бэлэглэлийн гэрээ байгуулагдсан эсэх, маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг дээрх гэрээний дагуу шилжүүлсэн эсэх үйл баримтын талаар маргажээ.

 

Хэрэгт 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч П.Билэгт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн 64 дүгээр байрны 10 тоот 2 өрөө, 31 м.кв талбай бүхий 30 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаа хариуцагч С.Өлзийдэлгэрт бэлэглэж өмчлөх эрхээ шилжүүлжээ.

                                                                       /хэргийн 1 дүгээр хавтасны 4 дүгээр тал/

 

Ийнхүү бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагч С.Өлзийдэлгэр маргааны зүйл болох дээрх 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын гэрчилгээгээр тогтоогдсон байна.

                                                                       /хэргийн 1 дүгээр хавтасны 3 дугаар тал/

 

Хэрэгт П.Билэгт нь С.Өлзийдэлгэрээс 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 22 000 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлж авсан тухай баримт авагдсан бөгөөд уг баримтад 2005 оныг 2006 он болгож зассан бөгөөд түүнээс 2005 онд 22 000 000 төгрөг зээлснээ төлөөд дууссан гэж нэхэмжлэгч П.Билэгт мэтгэлцжээ.

        /хэргийн 1 дүгээр хавтасны 157 дугаар тал/

 

Хариуцагч С.Өлзийдэлгэр 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлсэн 22 000 000 төгрөгийг нэхэмжлэгч П.Билэгт төлөөгүй, энэ зээлийн төлбөрт тооцон маргааны зүйл болох орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж маргасан нөхцөлд нэхэмжлэгч П.Билэгт 2006 онд С.Өлзийдэлгэрээс мөнгө зээлээгүй, зээлийн төлбөрт тооцож уг орон сууцыг шилжүүлээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг хооронд нь харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу талууд өмнөх зээлийн гэрээний үүргийг бэлэглэлийн гэрээгээр сольсон тул өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гаргасан өргөдөл дээр гарын үсэг зураагүй гэж мэтгэлцээд энэ байдлаа нотлохын тулд дээрх баримтуудад зурсан гэх гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт удаа дараа гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 121 тоот, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1076 тоот, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3164 тоот, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1159 тоот шинжээчийн дүгнэлтүүд гарсан бөгөөд дээрх дүгнэлтүүдээр талуудын хооронд 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээнд нэхэмжлэгч П.Билэгт гарын үсэг зурсан түүний гарын үсэг мөн болох нь тогтоогдсон байна.

/хэргийн 1 дүгээр хавтасны 107-108, 177-178 дугаар тал, хэргийн 2 дугаар хавтасны 61-64, 97-101 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбараас үзвэл бэлэглэлийн гэрээ байгуулагдсан тухай үйл баримт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Мөн хэргийн 104-105 дугаар талд нэхэмжлэгч П.Билэгт Монгол Улсын хилээр 2007 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гарч 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр орж ирсэн талаарх 2012 оны 12 дугаар 25-ны өдрийн 2б/5527 Хил хамгаалах Ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралт авагдсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч П.Билэгтийг Монгол Улсын хилээр гарахаас өмнө талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  албанд гаргасан өргөдөл 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр тус тус үйлдэгджээ.

 

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч П.Билэгт бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зураагүй, уг гэрээ байгуулагдаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч П.Билэгт хариуцагч С.Өлзийдэлгэр нарын хооронд 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, С.Өлзийдэлгэрийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Билэгт хариуцагч С.Өлзийдэлгэр нарын хооронд 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, С.Өлзийдэлгэрийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч П.Билэгт хариуцагч С.Өлзийдэлгэр нарын хооронд 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, С.Өлзийдэлгэрийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ