| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04200/и |
| Дугаар | 4200 |
| Огноо | 2016-05-11 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 4200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,
1977.02.04-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 6-1296 тоотод оршин суух, Харагчууд овогт Чимэдийн Суманг /РД:СГ77020410/ архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, д/ч Д.Батсайхан /Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны байцаагч/, гуравдагч этгээд Ч.Суманг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс болон итгэмжлэгдсэн төлөөлөгч д/ч Д.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 6-1296 тоотод оршин суух, Харагчууд овогт Чимэдийн Суманг /РД:СГ77020410/ нь байнга архидан согтуурч ар гэртээ агсан тавьдаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Урьд нь архины албадан эмчилгээнд явж байгаагүй, хэд хэдэн удаа эрүүлжүүлэгдэж байсан.
Мөн тэрээр архи согтууруулах зүйл байнга хэрэглэх идэвхитэй донтох хам шинж 2 дугаар зэргийн оноштой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тус шүүхэд Ч.Суманг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Ч.Суман нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 6-1296 тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын архины албадан эмчилгээнд явуулж өгөхийг хүссэн тодорхойлолтыг ирүүлсэн байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч болон Ч.Сумангийн тайлбар мэдүүлэгт “би урьд нь 3,4 удаа эрүүлжүүлэгдэж байсан, 8 удаа хуулийн дагуу арга хэмжээ авагдаж байсан, 2010 оноос хойш архи ууж байна” гэсэн байна.
Ч.Суман нь “архи согтууруулах зүйл байнга хэрэглэх идэвхитэй донтох хам шинж 2 дугаар зэрэг” оноштой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул дээрх нөхцөл байдлыг тус тус үнэлж, түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Иймд, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар , Харагчууд овогт Чимэдийн Суманг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2.Ч.Суманг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг
дурьдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР