Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 4156

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, Голомт банк ХХК /РД:2075377/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгий, 5-55 тоот хаягт оршин суух Мөнхсүрэнгийн Үнэнбаяр /РД:ЦД85071716/-т холбогдох 3,410,194.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            Иргэн М.Үнэнбаяр нь Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-нд ажиллаж байхдаа буюу 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 6,500,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж авсан.

 

            Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчиж, төлбөрийн хоцрогдол бий болгосон ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 125 хоногийн хоцрогдолтой болж, талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчөөд байна.

 

            Иймд, нэхэмжлэгч бидний зүгээс Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,170,202.00 төгрөг, үндсэн хүү 239,992.35 төгрөг, нийт 3,410,194.00 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна гэжээ.

 

            Хариуцагч М.Үнэнбаяр 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:

 

            Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь ийм нэхэмжлэл гаргах нь зөв, энэхүү 125 хоногийн төлөөгүй зээлийг энэ 4 дүгээр сарын дотор төлж барагдуулна. Тухайн төлөх зээлээ 5 дугаар сараас хуваарийн дагуу төлж барагдуулна, сар, сардаа тогтмол төлнө гэжээ.

 

            Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах тус тайлбартай танилцаад хүлээн авах боломжгүй тул шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Б.Үнэнбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 

            Миний бие 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,000,000.00 төгрөгийг төлж, үлдэх 1,410,194.00 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч М.Үнэнбаярт холбогдуулан 3,410,194.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас тус тус үзвэл хэдийгээр хариуцагч М.Үнэнбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх хэдий ч тэрээр 3,410,194.00 төгрөгийг хэсэгчлэн хувааж, тодорхой хугацааны турш төлөх тухай түүний саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчдыг эвлэрсэн гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл, хариуцагч М.Үнэнбаяр нь 2,000,000.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлсөн тохиолдолд үлдэх 1,410,194.00 төгрөгийг Зээлийн гэрээний графикийн дагуу төлөхийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч нар эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай ба гагцхүү эвлэрэл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх, ашгийг хөндөөгүй байх ёстой юм.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зээл болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч М.Үнэнбаяр нь  6,500,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж авахаар тохирчээ.

 

Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь зээлийг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т заасан барьцааг сонгож, хариуцагчийн 1109178152 тоот дансыг барьцаалахаар болсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх тухай түүний саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талууд эвлэрч байгаа нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Зээлийн гэрээний харилцаанаас бий болсон байгаагаас гадна зохигчид эвлэрлийн нөхцлөө биелүүлээгүйгээс гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй байна гэж дүгнэв.

 

Түүнчлэн талуудын эвлэрэл нь Иргэний хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 35 дугаар зүйлд зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор болж, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А.Мандахад итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах нь хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

 

 Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хариуцагчтай эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

 

Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл зохигчдын эвлэрэл нь тэдгээрийн хоорондын Зээлийн гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл алга байна.

Иймд, Голомт банк ХХК-ийн М.Үнэнбаярт холбогдох 3,410,194.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн гаргасан М.Үнэнбаярт холбогдох 3,410,194.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч М.Үнэнбаярт 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2,000,000.00 төгрөгийг төлж, үлдэх 1,410,194.00 төгрөгийг Зээлийн гэрээний графикийн дагуу төлж барагдуулах болсныг дурдсугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,513.00 төгрөгийн тал хувь болох 34,756.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 34,756.00 төгрөгийг хариуцагч М.Үнэнбаяраас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

 

 

                                   

 

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР