| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00241/И |
| Дугаар | 495 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 495
Ховд аймаг дахь Сум дындын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн 153/2016/00241/И индекстэй хэргийгхянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Ч.*******, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би Ч.*******тай 1994 онд гэр бүл болсон. Бидний дундаас 1995 онд хүү Б., 1998 онд хүү Б., 2002 онд охин Б. нар төрсөн. Ч.******* нь сүүлийн жилүүдэд архи ууж, агсам согтуу тавьж намайг зодож, хэл амаар доромжилж хэрүүл тасрахгүй болсон. Хүүхдээ ч хүртэл миний хүүхэд биш гэж хэлдэг, мөн намайг ажил хийхээр хардаж сэрдээд байдаг. Энэ байдлаас болж би болон хүүхдүүд минь гэртээ амьдарч чадахгүй дүүгийндээ амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.гаа өөрийн асрамждаа авч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн. Энэ 3 сарын хугацаанд Ч.******* нь гэрийнхээ эд зүйлийг зарж үрсэн байлаа. Гэр орон гэж авах юм байхгүй. Гэрийн бүрээс нь унасан байсан. Би байсан бол гэр орноо ийм янзтай байлгахгүй л байх байсан. Би 3 хүүхдээ тэжээж ганцаараа амьдарч байгаа. Хүүхдэдээ 5000 төгрөг ч өгч чадах чадваргүй ийм эцэг байхгүй. Ч.******* нь хийсэн ажилгүй архи уучхаад намайг дарамталж байдаг. Ийм янзтай би амьдарч чадахгүй. Би гэр оронгүй түрээсийн байранд амьдарч байна. Гэрээ авмаар л байна. Гэхдээ архичид цуглуулаад архидаад байдаг болохоор би гэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн тайлбар, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр хүүхдээ зодоод байдаггүй. Надад салах шаардлага байхгүй. Эвлэрэх хугацаанд уулзах гэсэн боловч зугтаад уулзахгүй байсан. Гэрт нь очихоор гараад явчихдаг. Гэрийн зарим эд зүйлээ зарсан нь үнэн. Өрөндөө өгсөн. Би гэрээ өгөхгүй. Миний эцгийн гал голомт юм. Үр хүүхдээ ч өгөхгүй би өөрөө авна. Б. нь өөр хүн амьтантай нийлээд түүнээс болж би архи уудаг болсон. Хамаг бурууг над руу чихдэг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ч.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Б. нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад дундын хөрөнгө болох 6 ханатай гэр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид 1994 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байх ба тэдний дундаас 1995 онд хүү Б., 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Б., 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Б. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид шүүхээс өгсөн 3 сарын хугацаанд эвлэрээгүй байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигчид нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаж байх бөгөөд 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б. нь эх Б.тэй хамт байх санал өгсөн ба хүүхдийн өссөн болон амьдрах, сурч боловсрох орчин, орон байр, эцэг эхийг халамж, амьдралын бусад нөхцөл байдлыг харгалзан охин Б.г эх Б.ийн асрамжид үлдээв. Харин 1995 онд төрсөн хүү Б., 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б. нар нь 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болсон тул тэдгээрийн хувьд асрамжийн асуудал яригдахгүй.
Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
Хариуцагч Ч.******* нь охин Б.д тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй боловч Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир сар бүр эцэг Ч.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.*******гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.т даалгах нь зүйтэй байна.
Харин зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар ******* овогт *******ы *******, ******* овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.г эх Б.ийн асрамжид үлдээсүгэй
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.г тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.*******гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.т даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.
6.Зохигчид нь эд хөрөнгийн төлөөр маргаангүй болохыг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА