| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 554 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Мөнхтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч П.Мөнхтуяа,
Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Б холбогдох эрүүгийн 2006 00969 0706 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , А.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Алтан-Очирын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял
шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Алтан-Очирын өгсөн мэдүүлэг /хх-10-11/, гэрч Б.Янжингийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2315 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22-23/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2/106 дугаартай сэтгэлзүйн шинжилгээний дүгнэлт /хх-31-34/, хохирогч С.Алтан-Очироос гаргуулан авсан эмчилгээ хийлгэсэн талаархи баримт /хх-83-84/, А.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-42/, хохирогч С.Алтан-Очирын хохирлын баримт /хх-83/, хохирогч С.Алтан-Очирын хохирлыг төлж барагдуулсан баримт /хх-84/, А.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, хохирогч С.Алтан-Очир, яллагдагч А.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-89-90/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Алтан-Очирын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Алтан-Очирын өгсөн: "2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 15 цагийн үед би гэртээ эхнэрийнхээ найзын хамт байж байсан чинь гаднаас Бямбадорж орж ирсэн. Тэгээд орж ирэхээс нь өмнө бид 3 нэг шил 0,75 граммын “Хараа” нэртэй архи задалчихсан байсан юм. Тэгээд тэр орж ирээд бид нар бүгдээрээ нөгөө архиа хувааж уусан. Тэгээд Бямбадорж нилээн согтохоор нь би тэрнийг “одоо гэртээ ор” гэж хэлээд өөрийнхөө гэрээс дагуулаад гарсан юм. Тэгээд би түүнийг зүүн талын суганаас нь түшээд гаргаж явах үед яг манай гэрийн хаалгаар гарснаа үүдэнд баруун гараараа шууд үгийн зөрүүгүй миний ам хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд тэр намайг цохингуут л би гэрийн үүдэнд уначихсан юм. Тэгээд Бямбадорж гэр рүүгээ яваад өгсөн. Би шууд 102 дугаар руу дуудлага өгсөн. Ямар шалтгааны улмаас цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Бид 2-ын дунд өмнө нь муудалцсан, өш хонзонгийн сэдэлттэй асуудал баихгүй."/хх-10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Янжингийн өгсөн: "Тэр өдөр манай найз манайд ирээд би хоол унд хийж өгөөд бас 0,75 граммын “Хараа” нэртэй архи авсан. Тэгээд байж байтал гаднаас Бямбадорж орж ирсэн. Тэгээд бид нар архиа уугаад сууж байсан чинь найзын хүүхэд нь ээжтэйгээ утсаар ярих гээд дуудлага ирээд манай найз утсаар ярих гээд гадагш гарсан. Тэгээд нэг харсан чинь манай хүн Бямбадоржийг “гэртээ харь” гээд гэрээс гаргаж байх шиг байсан. Тэр хоёр манай гэрээс ар араасаа цуваад гарсан. Гэрийн хаалга онгойлгоод Бчмбадорж түрүүлж гараад манай нөхөр араас нь гарсан. Тэгээд гэрт байж байхад тэр хоёр гараад удаагүй байтал манай нөхөр “Бямбадорж миний шүдийг цохиод унагачихлаа, би өөрөө цагдаа дуудчихлаа” гээд ороод ирсэн. Манай нөхрийн уруул нь язарчихсан, амнаас жоохон цус гарчихсан байдалтай орж ирсэн. “Шүдийг минь угаар нь булгалчихлаа” гэж хэлсэн. Амныхаа шүд байсан гэх газрынхаа буйл хэсгийг нь л үзүүлсэн. Хиймэл шүд зүүдэг. Хиймэл шүдийг нь тогтоож байдаг үүдний хэсгийнх нь 1 шүдийг нь цохиод унагаачихсан байсан. Унасан гэх шүд нь хиймэл шүдийг нь тогтоож байсан ганц өөрийнх нь ориг шүд байсан юм." /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2315 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2/106 дугаартай сэтгэлзүйн шинжилгээний дүгнэлтэд:
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Б ийн яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр би хойд айлд орсон юм. Тэднийд тэр залуу авгайтайгаа бас нэг эмэгтэй байсан. Тэд нар гурвуулаа архи ууж байсан. Тэгээд би тэр архичаас бас хувааж уусан. Тэгээд тэр айлын нөхөр нь намайг гэрээсээ хөөгөөд гэрээсээ аваад гарсан. Тэгэхээр нь би тэрний ам руу 1 удаа гараараа цохичихсон юм. Тэгээд байж байсан чинь баахан цагдаа сэргийлэх болчихсон. Би тэр үед согтуу байсан богохоос зарим болсон явдлыг санахгүй байна. Тэр намайг гэрээсээ хөөгөөд байсан юм. Тэгэхээр нь би уур хүрээд нэг удаа цохичихсон. Би С.Аптан-Очирын шүдийг нь хийлгэж өгсөн. Тэрний шүдний эмчилгээний зардалд 150.000 төгрөг өгсөн. Мөн бид 2 биенээсээ уучлалт гуйж, сайн дураараа эвлэрсэн." /хх-40-42/ гэх мэдүүлэг,
Хохирогч С.Алтан-Очироос гаргуулан авсан эмчилгээ хийлгэсэн талаархи баримт /хх-83-84/,
Хохирогч С.Алтан-Очирын хохирлын баримт /хх-83/,
Хохирогч С.Алтан-Очирын хохирлыг төлж барагдуулсан баримт /хх-84/,
А.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/,
Хохирогч С.Алтан-Очир, яллагдагч А.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-89-90/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Б нь 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Алтан-Очирын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч С.Алтан-Очир нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар А.Б ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Б ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС