Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00027

 

 

 

 

 

 

 

 

           

 

Ц.Х-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0250/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.О,

           Шүүгдэгч:Ц.Х,

Хохирогч: Т.Н,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.А,

Нарийн бичгийн дарга: Э.С нарыг оролцуулан

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Х-д холбогдох 201722000217 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр  төрсөн, 47 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бэлчир овогт Ц-ийн Х /регистрийн дугаар .........../.

Шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Уран-Эрдэнэ” цайны газрын өмнөх шороон зам дээр 3683 ХӨВ улсын дугаартай Toyota Landcruiser-80 маркийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас замын хажууд явж байсан Л.Х-г дайрч амь насыг нь хохироосон, зам тээврийн осол болсон газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Ц-ийн Х-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Х-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 04  /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ийн цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201722000217 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Х-ийн эзэмшлийн land cruiser-80 маркийн 36 83 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн К8 камерийн бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Х-ийн 144544 дугаартай BC ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар хохирогч Т.Н нь гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Х-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Х давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар Ц овогтой Х миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-н жилийн хугацаагаар хасч, мөн 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би 2012 онд аваарт орсноос тархи толгой байнга өвдөж, татаж унах, толгойд судас тасарсан шохойжилттой болж, даралт байнга ихсэж, эмнэлгийн хяналтанд байдаг болсон ба одоо эмчлүүлж, онош тодруулах шаардлагатай байгаа.

Үйлдсэн хэрэгтээ би чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2002 оны Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрэглэн ялыг хөнгөрүүлж, давж заалдах шатны шүүх хуралд оруулж өгнө үү. Миний бие байнга өвдөж, өвчин ужгирч даралт болон өвчин намдаах эмээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Үүнийг харгалзан үзнэ үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Э давж заалдах гомдолдоо:  ... Анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэснийг дурдсан байх боловч энэ нь хуулийг хэрэглэсэн жинхэнэ агуулгатайгаа зөрчилдөж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, Ц.Х-ийн үйлдлийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл нь ял шийтгэлийн төрөл хэмжээний хувьд аль ч талаараа 2017 оноос эхлэн шинээр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиас илүү буюу тухайлбал торгох ялын хэмжээ 12 240 000-18 000 000 төгрөг байхад шинэ хуулиар уг зүйл хэсэгт оногдуулахаар заасан торгох ялын хэмжээ 450 000-2 700 000 төгрөг байгаа ба баривчлах, хорих ял үгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан, мөн хүнд ялтай зүйлийг хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь шинэ хуульд энэ зүйл хэсгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял 5-8 жил, хорих ялын хугацаа 2-8 жил байхад өмнөх хуулиар эрх хасах ялын хугацаа 4 жил хүртэл, хорих ялын хугацаа 3-5 жил байна.

Ц.Х-д ял оногдуулсан хоёр зүйл, хэсэг нь гэмт хэргийн ангиллын хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байгаа. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг нь хоёулаа “хүндэвтэр” гэмт хэргийн ангилалд хамаарч байхад шинэ хуульд заасан нь 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг нь “хүнд” гэмт хэрэгт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хөнгөн” гэмт хэрэгт хамаарч байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэж байна. Дээрх нөхцөл байдлаас гадна Ц.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа “хүндэвтэр” гэмт хэрэг үйлдсэн болон өөрийн үйдлийн улмаас учирсан эдийн засгийн гэм хорыг арилгасан, чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2002 оны Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрэглэн шийдвэрлэж өгнө үү гэжээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ц.Х нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Уран-Эрдэнэ” цайны газрын өмнөх шороон зам дээр 3683 ХӨВ улсын дугаартай Toyota Landcruiser-80 маркийн автомашиныг согтуугаар жолоодож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Л.Х-г дайрч амь насыг нь хохироосон, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 46, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай дүгнэлтүүд, Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ц.Х-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч Ц.Х-ийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ц.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль /шинэчлэн найруулсан/-ийг дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан ба шүүгдэгч Ц.Х-д Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байхад дээрх хуулийг хэрэглэсэн нь буруу болжээ. Иймд Ц.Х-ийг “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

Мөн анхан шатны шүүхээс Ц.Х-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” байхыг шаарддаг ба мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаардаг тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх ба давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй тул Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж буй дээрх өөрчлөлтүүд нь шүүгдэгчийн өмгөөлөгч В.Э-ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдтэй адил байх тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Х-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэснийг “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон” гэж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Шүүгдэгч Ц.Х-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хууль /шинэчлэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэсэн заалтын дугаарыг 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Х-ийн өмгөөлөгч В.Э-н давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Хадхүрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ