Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2021/0132

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  С.Н нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээд “Глоб констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гуравдагч этгээд Г.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 761 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах  гомдлоор, С.Н-гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 761 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.6-д заасныг тус тус баримтлан С.Н-гээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны 27 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2204098670 дугаарт бүртгэсэн, 000684639 дугаартай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ү-2204098670 дугаартай бүртгэл, 000684639 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: Шүүх улсын байцаагчийн бүртгэлийг хууль, журамд заагдсаны дагуу бүртгэл хийсэн гэж үндэслэсэн байх ба үүнийг дараахь байдлаар үгүйсгэж байна.

“Глоб констракшн” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны газрын эрх хэний эзэмшилд байгааг тодруулах гэхэд шүүх тодруулж чадаагүй. Хэрэгт авагдсан кадастрын зураг 36 дугаар байр, амины орон сууцны зураг байдаг ба 32 дугаар байр газар эзэмших эрх олгогдоогүй газар баригдсан байна.

Шүүх эрх олгогдоогүй газарт Газрын тухай хууль зөрчиж баригдсан байранд бүртгэл хийсэн нь хуульд нийцнэ гэжээ. Барилга хүлээн авах комиссыг Нийслэлийн орон сууцны ерөнхий төлөвлөгөөний газраас томилуулдаг юм байна. Улсын комисс хүлээн аваагүй орон сууцны өмчлөгчөөр бүртгэх нь Монгол улсын хүчин төгөлдөр хууль, хуульд заагдсан бүх журмыг зөрчөөгүй гэж шийдвэрлэжээ. Маргаан бүхий 32 дугаар байрны барилгын зураг гэж огт байдаггүй, байгаа ч үгүй, байх боломжгүй юм байна. 36 дугаар байрны зургаар 32 дугаар байрыг барьсан гэдэг. Шүүх барилгын зураггүй байрыг бүртгэсэн бүртгэл хүчинтэй гэж үзлээ. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 32 дугаар байрны захиалгын бүх гэрээ нь 2005 онд байгуулагдсан ба жагсаалт нь ч байгаа.

Гэтэл 2005 онд гэрээ байгуулагдсан гэдгийг мэдсээр байж 2018 онд өмнөх гэрээг хүчингүй болгоогүй байж шинээр гэрчилгээ олгосон нь Иргэний хуульд бүрэн нийцнэ гэж шийдвэрлэжээ.

Шүүх “Глоб констракшн” ХХК нь нэг орон сууцыг 2 хүнд худалдаж болно. Өмнө нь худалдаж авсан хүнээс мөнгө хүлээн авсан нь гэрчийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдож байгаа тул дараагийн хүнд давхардуулан орон сууцыг худалдаж байгаа үйдлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх зөв зүйтэй хуульд нийцсэн үйлдэл гэж үзжээ. Өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн “Глоб констракшн” ХХК-ийн батламж бичиг хүчинтэй байгаа, захиалгын гэрээг хүчингүй болгосон ямар ч эрхийн акт байхгүй буюу хүчинтэй хэвээр байхад гэрээ болон батламж бичгээр эзэмшиж, өмчилж байгаа этгээдийг байрнаас хөөж гаргаад байрны төлбөрт өгсөн, мөнгийг идэж завших нь зөв зүйтэй хуульд нийцнэ гэж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газарт н.Н хохирогчтой Г.М, Ж.М-т холбогдох эрүүгийн 190602279 дугаартай С.Н-гийг залилан мэхэлсэн гэх хэрэг ахлах Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор н.Б-т хянагдаж байгаа ба шүүх Г.М, Ж.М нар С.Н-гийг залилан мэхэлсэн нь зөв гэж шийдвэр гаргалаа.

Иймд мэргэжлийн биш, хуульч биш, ямар ч боловсролгүй хүн үээд шүүх арай ч ингэж шийдмээргүй юм гэж халаглан хэлэхээр шийдвэр буюу илэрхий 7 зөрчилтэй шийдвэр байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0761 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Н давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “Эд хөрөнгийн эрхийн улын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ” гэж заасны дагуу бүртгэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу гэрчилгээ олгогджээ” гэжээ. Мөн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар захирамжийн дагуу “Глоб Констракшн” ХХК-д тус дүүргийн 4-р хороо, Магнай трейдийн шатанхуун түгээх станцын зүүн талд, авто засварын зориулалтаар 225 мкв газрыг олгосон болохыг дурдах нь зүйтэй байна” гэжээ.

Хавтаст хэргийн 88-р хуудаст авагдсан “Архитектур төлөвлөлтийн даалгаварт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 476 тоот, 2004 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар газар эзэмших эрх олгох захирамж”, “...Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, Хилийн цэргийн удирдах газрын хойт талд 0,03 га” гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр 225 мкв газар бол уг архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан газар биш.

Мөн хэргийн 91-р хуудаст авагдсан “УСАГ-ийн техникийн нөхцөл”, хавтаст хэргийн 94-р хуудаст авагдсан “Барилгын “O” тэнхлэг” байгуулсан акт нь 476 тоот захирамжтай газар дээр баригдсан барилгынх болох нь тодорхой байдаг. Хэрэгт авагдсан техникийн нөхцлүүд нь 32-р байрных биш, 36-р байрны баримт бичгүүд юм.

Харин 225 мкв газар бол 32 болон 36-р байрны хажууд байх амины орон сууцны доор орших газар юм. Баянзүрх дүүргийн тамгын газраас шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий 32-р байрны дор байрлах газар нь газрын алба, кадастрт бүртгэгдээгүй болох нь тодорхой байхад анхан шатны шүүх тэдгээр баримтыг огт үнэлээгүй, маргаанд хамааралгүй амины орон сууцны газрыг хамаатуулж авч үзсэн нь хууль бус гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт: “... эд хөрөнгийн эрхийг анх удаа бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт хавсаргах нотлох баримтыг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана” гэж анх зөв дүгнэсэн. Гэвч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4-т “Тухайн нэгж талбар газар дээрх үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, зориулалт, ашиглалтад орсон он, сар, өдөр үнэ зэргийг заавал бүртгэхээр заасан байх ба барилгыг ашиглалтад оруулах улсын комисс ажиллаагүй, акт дүгнэлт гаргаагүй байхад улсын бүртгэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө ямар зориулалтай болохыг ямар баримтад үндэслэж бүртгэсэн болох, ашиглалтанд оруулсан он, сар, өдрийг хэрхэн тогтоосон болох, зэрэг нь тодорхой бус байна. Мөн үндэслэж бүртгэх газар байхгүй, нэгж талбарын дугаар байхгүй, 32 дугаар байрны доорх газар нь газрын албанд бүртгэлгүй. зөвшөөрөлгүй. Мөн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02-07-005/972 дугаар дүгнэлтийг үндэслэж, улсын бүртгэлд бүртгэсэн байх боловч уг дүгнэлт нэхэмжлэлд дурдсан 32 дугаар байранд огт хамааралгүй бөгөөд зэргэлдээ орших 36 дугаар байрны 32, 35 тоот, иргэн Ж.Т-ын орон сууцанд хийсэн дүгнэлт байдаг.

Дээрх байдлаар дутуу болон буруу нотлох баримтад үндэслэж хийсэн улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийг зөвтгөж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг алдаатай болсон гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт: “Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” хүчин төгөлдөр үйлчилж байсан тул уг журамд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах шаардлагатай байна” уг нотлох баримтын бүрдлийн аль нэгийг мэдүүлэг гаргагч өөрийн мэдүүлэгтээ хавсаргаагүй тохиолдолд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтад заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах буюу улсын бүртгэлд бүртгэхгүй байх хууль зүйн үр дагавартай” гэсэн байх боловч “нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргахад хавсаргах нотлох баримтад тухай үл хөдлөх эд хөрөнгийг улсын комисс хүлээж авсан тухай акт хавсаргахыг шаардахгүй байх тул ... улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ гаргаж өгсөн хариуцагчийг буруутгаж буй нь үндэслэлгүй байна” гэж зөрүүтэй байдлаар дүгнэжээ.

Хэрэгт авагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ийн 4.4.2 болон 4.5-т зааснаар Эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэхдээ аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актыг хавсарган ирүүлэхээр заасан байдаг. Улсын бүртгэгч нь эдгээр баримтуудыг үндэслэж бүртгэл хийхээр журамласан байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр Улсын бүртгэлийн газрын цахим хуудаст үзлэг хийж үзэхэд “үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагчаас заавал бүрдүүлэн өгөх ёстой материалд “Улсын комиссын акт, дүгнэлт” авахаар заасан болох нь харагддаг. Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт: “нэхэмжлэгчийн зүгээс уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 190602279 дугаар хэрэг нээж шалгалтын аажиллагаа явуулж, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4776 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098670 дугаарт бүртгэж, №000684639 дугаартай гэрчилгээ олгоход хавсаргасан нотлох баримтыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

С.Н миний гомдлын дагуу 2005 онд “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Ч.П-д худалдсан байраа 13 жилийн дараа буюу 2018 оны 12 сард гуравдагч этгээд болох Г.М-д давхар зарсан “Глоб констракшн” ХХК-ийн захирал Ж.М-ын үйлдлийг хууль бус үйлдэл, “Глоб констракшн” ХХК-ийн захирал Ж.М, Г.М нар нь худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан орон сууцыг маань залилан авсан байж болзошгүй” асуудлаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдсан. Уг асуудлыг шалган шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, гомдол гаргаад Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа. Эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх байдал нь эд хөрөнгө бүртгэсэн улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 0761 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Гуравдагч этгээд Г.М нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст /ЭУБ-01/ маягтаар маргаан бүхий 32 дугаар байрны 27 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандаж, холбогдох баримтуудыг хавсаргасан ба улмаар хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098670 дугаарт бүртгэж, 000684639 дугаартай гэрчилгээг олгожээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, анх “Глоб констракшн” ХХК болон иргэн н.Пүрэвзана нар 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, 4 давхар нийт 77 мкв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан байна. Улмаар иргэн н.П нь 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч С.Н-тэй “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, захиалсан байраа 25,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан, үүний дараагаар 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захирал Ж.Э гэх гарын үсэгтэй “...С.Н-т “Глоб констракшн” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 мкв бүхий 3 өрөө 27 тоот орон сууцны бүрэн эрхт эзэмшигч мөн тул БАТЛАМЖ” олгосон үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгчээс “.:.маргаан бүхий 32 дугаар байрыг улсын комисс хүлээж аваагүй, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, актгүйгээр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн...” гэж маргаж байна. Гэтэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхийг зааж, 10.2-д “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ” гэж заасны дагуу хариуцагчаас өмчлөх эрхийг, эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон гэж үзэхээр байна.

Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд...мэдээллийг тусгана” гэж, 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана” гээд газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг, улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт” гэж заасан. Харин үл хөдлөх хөрөнгийг улсын комисс хүлээн авсан талаарх баримт бүрдүүлэхийг шаардаагүй банйа.

Маргаан бүхий барилгыг 2005 онд гуравдагч этгээд “Глоб констракшн” ХХК барьж ашиглалтад оруулсан гэх бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 07/1920, 2017 оны 5/3895 тоот албан бичгүүдийг Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлд хүргүүлсэн. Уг албан бичигт гүйцэтгэх байгууллагын төлөөлөл комиссын бүрэлдэхүүнд оролцох боломжгүй болсон, зураг төсөл улсын архивт байхгүй тул улсын комисс зохион байгуулах боломжгүй гэж дурдсанаас үзвэл бүртгэл хийлгэхдээ улсын комиссын “барилгыг хүлээж авсан тухай” актыг хавсаргах шаардлагагүй, харин тухайн байрны нийт оршин суугчдын нийтлэг эрх ашгийн төлөө бүртгэсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн “улсын комисс хүлээж аваагүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн” гэх гомдол үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Нөгөөтэйгүүр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д “эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлсэн байх гэж журамласан байх ба гуравдагч этгээд Г.М-аас гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн улсын байцаагчийн үйлдэл хууль бус гэж үзэх үндэслэл бичгийн нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Мөн нийтийн зориулалттай орон сууцны нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.4.2-т зааснаар урьдчилан ирсэн бол жагсаалтын дагуу бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж буй өмчлөгчид улсын комиссын актыг хавсаргах шаардлагагүй. Энэ тохиолдолд улсын бүртгэгч энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэхээр байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны “Глоб хотхон”-ы 32, 36 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан 2015 онд барилгын дүгнэлт гаргуулахаар хандаж, албан бичиг хүргүүлсний дагуу Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02-07-005/972 дугаар дүгнэлт гаргуулсанаас үзвэл, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс албан бичгийг Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлд хүргүүлж байжээ. Үүнээс үзвэл, “Реконстракшн” төвөөр дүгнэлт гаргуулж оршин суугчдын өмчлөх эрхийг баталгаажуулах арга хэмжээ авсан төрийн захиргааны байгууллага, уг баримтуудыг үндэслэж бүртгэл хийсэн хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.  

Түүнчлэн нэхэмжлэгчээс С.Н-т “Глоб констракшн” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 мкв бүхий 3 өрөө 27 тоот орон сууцны бүрэн эрхт эзэмшигч мөн тул БАТЛАМЖ” олгосон, хоёр этгээдэд байр зарсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэх бөгөөд дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн тухайд субьектив эрх зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй, тэрээр гуравдагч этгээд “Глоб констракшн” ХХК, Ж.М нартай ямар нэг эрх зүйн харилцаа үүсгэсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН