Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 016

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч А,

шүүгдэгч С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох 1913*********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс казах, БӨ аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, С , регистрийн дугаар БВ********.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С  нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд БӨ аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар толгой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэгцээнд зориулж 49 ширхэг Говийн харгана хууль бусаар бэлтгэж улмаар иргэн Т гийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн 00-00 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч С гаас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

2. Хууль бусаар бэлтгэсэн гэх харганад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

3. Иргэний нэхэмжлэгч Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

4. Гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

5. Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

6. Гэрч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

7. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

8. БӨ аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

9. Тээврийн хэрэгсэлд үнэ тогтоосон тухай шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

10. Яллагдагч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

11. БӨ аймгийн Б сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт,

12. БӨ аймгийн Б сумын Төрийн сангийн төлөөлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт,

13. БӨ аймгийн Б сумын Төрийн сангийн 10************ дугаартай дансанд 735.000 төгрөг төлсөн тухай банкны мөнгөн шилжүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар санал дүгнэлт гаргасан байх ба шүүгдэгч С  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгч А гаас шүүгдэгчийн гэм буруугийн  талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Шүүгдэгч С  нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд БӨ аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар толгой” гэх газраас хуульд зааснаас өөр зорилгоор буюу хувийн хэрэгцээнд зориулан 49 ширхэг “Говийн харгана” ургамал бэлтгэж, улмаар өөрийн эзэмшлийн Зил-131 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

- С ийн хууль бусаар бэлтгэсэн Харганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б сумын 2 дугаар багийн иргэн С  нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар уулнаас харгана бэлтгэсэн бөгөөд хууль бусаар бэлтгэсэн харганы экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх ёстой байдаг. Иймд яллагдагч С гийн нийт учруулсан 1.225.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

- Гэрч Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Миний бие Б сум хариуцсан байгаль хамгаалагчаар 2013 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд Б сумын иргэд болох Х , Е, О, С  нар нь 2019 онд надаас ямар нэгэн ойгоос түлээний мод бэлтгэх эрхийн бичиг огт авч байгаагүй. Б сумын иргэн О, С  нар Б сумын нутаг дэвсгэрээс харгана бэлтгэх талаар ямар нэгэн эрхийн бичиг аваагүй, байгаль хамгаалагчийн хувьд харгана бэлтгэх талаар ямар нэгэн эрхийн бичиг өгөх хуулийн заалт байхгүй. С гийн харгана бэлтгэсэн гэх газар нь сумын төвөөс 8-10 орчим километр зайтай байдаг ба “Хар толгой” гэх нэртэй газрын уулнаас бэлтгэсэн гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

- Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Дээрхи иргэд нь сумын байгаль хамгаалагч Е аас ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Тухайн сумын жилд бэлтгэж ашиглах түлээ модны хязгаарыг оны эхэнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталж өгдөг юм. Уг түлээ модны дотор нь хус, улиас, бургас гэсэн модны төрлүүд багтдаг. Харин харгана болохоор ургамлын төрлийн багтдаг болохоор харганыг бэлтгэх, ашиглах, түүхэд эрхийн бичиг олгодоггүй бөгөөд хориглодог юм. С гийн харгана бэлтгэсэн гэх газар нь сумын төвөөс 8-10 орчим километр зайтай байдаг ба “Хар толгой” гэх нэртэй газрын уулнаас бэлтгэсэн гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

-Гэрч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Ах болох С  нь 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдийн хооронд байх Хар толгой гэх газрын уулнаас харгана бэлтгэсэн гэж хэлсэн. Намайг оны 10 дугаар сарын 15-ны өдөр байх харгана бэлдсэн байгаа түүнийг ачилцаж өгөөрэй гэхээр нь би өөрсдийн эзэмшлийн Зил-130 машинаар сумын төвд ирж байх үедээ сумын цагдаад баригдаж саатуулагдсан юм. Тухайн үед уулнаас харгана бэлтгэх үед тусгай зөвшөөрөл авсан эсэхийг нь би мэдэхгүй. Уг нь мод бэлтгэхдээ тусгай зөвшөөрөл авдаг байсан. Тухайн үед ах С  нь хонь хариулах үедээ 2-3 хоног ганцаараа бэлтгэсэн гэсэн. Харин ачиж тээвэрлэх үед намайг туслаарай гэхээр нь би тусалсан юм. Би хууль бус гэдгийг нь мэдээгүй. Ах С  тэр талаар надад юм яриагүй.

Уг тээврийн хэрэгслийг 2019 онд Увс аймгийн Өмнөговь сумаас 2 сая төгрөгөөр худалдаж авсан. Шаардлагатай үед би бас унаж хэрэглэдэг, надад жолоодох тээврийн үнэмлэх байгаа. Тухайн үед ах С  нь жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэхээр нь би уг тээврийн хэрэгслийг унаж бэлтгэсэн харганыг ачилцсан юм. Ахуйн хэрэгцээнд түлшний зориулалтаар бэлтгэсэн гэсэн. ЗИЛ-130 машины тэвш дүүрэн хуурай харгана байсан. Цагдаагийн кобонд ирж саатуулагдах үед цагдаа нар хэмжиж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

-  Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчаар ажилладаг ба миний ажил байдлын тодорхойлолтонд заасны дагуу түлээ мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрлийг би олгодоггүй юм. Тус сумын О, С  болон Х , Е нар нь хууль бусаар түлээний мод бэлтгэсэн гэдгийг байгаль хамгаалагч Е аас сонссон. Харгана ургамлын төрөлд багтдаг юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай: “Б сумын 2 дугаар багийн иргэн С  нь тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар толгой” гэх газраас хууль бусаар бэлтгэн авч ирсэн харганы экологи эдийн засгийн үнэлгээ нь 49 ширхэг х 5.000 төгрөг, нийт 245.000 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Модны төрөд хамаарахгүй ба харганы төрөл буюу олон наст сөөгний төрөлд хамаарна. Хэзээ огтлогдсоныг нарийн тогтоох боломжгүй. Говийн харгана нь олон наст сөөгний төрөлд хамаарах тул багцалж ширхгээр тоолж гаргана. Эзлэхүүний хэмжээгээр тогтоохгүй болно. Сөөг гэж бутлан ургадаг, өвдөг ташаагаар татам намхан модлог ургамлыг хэлнэ. С ийн бэлтгэсэн говийн харганыг багцалж ширхгээр тоолоход 49 ширхэг болно. Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар толгой” гэх газарт байгаа ой мод Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Энэ ургамал харганы төрөл буюу говийн харгана байна. Байгалийн ургамлын тухай хуулиар нэн ховор ургамлын жагсаалтад хамааруулсан болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үнэ тогтоосон тухай БӨ аймгийн Б сумын Төрийн сангийн төлөөлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай: “Тус суманд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2002 оны Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн Зил-130 маркийн хуучин ашиглаж байгаа машин 800.000-1.000.000 төгрөгийн үнэтэй болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би харгана бэлтгэхэд тусгай зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ, тусгай зөвшөөрөл аваагүй миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 1-д  “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: ...нэн ховор”, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна”, хуулийн хавсралтын 94-рт “Говийн харгана” хэмээн тус тус  хуульчилсан байна.

Шүүгдэгч С ийн бэлтгэсэн нэн ховор ургамал болох говийн харгана ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар түүх, бэлтгэхийг хориглосон тул түүний гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд БӨ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С ийг хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч С гийн хууль бусаар харгана бэлтгэж ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

БӨ аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч С ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас харганы экологи эдийн засгийн үнэлгээ нь 49 ширхэг х 5.000 төгрөг, нийт 245.000 төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С гийн хуульд зааснаас өөр зорилгоор говийн харгана ургамал бэлтгэсэн үйлдлийн улмаас байгаль орчинд нийт 245.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь энэхүү учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 1.225.000 төгрөг болж байна.

Шүүгдэгч С  нь шүүхийн шатанд бодит хохирол 1.225.000 төгрөгөөс 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 490.000 төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1000********* дугаартай дансанд тушаасан бөгөөд прокурорын шатанд 735.000 төгрөгийг БӨ аймгийн Б сумын 10************ дугаартай дансанд бэлэн бусаар төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн БӨ аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/03 дугаартай албан бичигт: “С  нь нөхөн төлбөрийн 735.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 09-нд Б сумын орон нутгийн орлогын 10************ тоот дансанд буруу ташаа шилжүүлсэн байна. Тус нөхөн төлбөрийг аймгийн Байгаль орчны газрын дансанд эргүүлэн шилжүүлэх гэсэн боловч Сангийн яамнаас Төрийн сангийн гүйлгээг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хаасан тул 1 дүгээр сарын 20-ноос эхэлж шилжүүлэн өгөх болохыг мэдэгдэж байна” гэж дурдсан байна.

Шүүгдэгч С гаас хохирлын мөнгийг өөр байгууллагын дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон байх ба иргэний нэхэмжлэгч этгээд болох БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1000********* дугаартай дансанд 735.000 төгрөг ороогүй тул шүүгдэгч С  иргэний нэхэмжлэгчид 735.000 төгрөгийг төлөх төлбөртэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С гаас хохирлын үлдэгдэл мөнгө 735.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч этгээдэд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж, шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулах хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч С гийн эзэмшлийн Зил-131 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч С ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Зил-131 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, БӨ аймгийн Б сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн нэгжид байгаа хууль бусаар бэлтгэсэн 49 ширхэг говийн харгана ургамлыг тус тус улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 0000 УВА улсын дугаартай, Зил-131 загварын тээврийн хэрэгслийн АЯ№00****** дугаартай гэрчилгээг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С гаас Зил-131 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө Увс аймгийн иргэнээс худалдаж авсан гэж мэдүүлсэн бөгөөд уг тээврийн хэрэгслийн АЯ №00****** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигч хэмээн С гийн нэр бичигдээгүй боловч Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 111.2 дахь хэсгийн 111.2.1-д “Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ: өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” хэмээн хуульчилсан тул АЯ №00****** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, Зил-131 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч С ийн эзэмшил, өмчлөлд байгаа хөдлөх хөрөнгө гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С ийг хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч С гаас 735.000 /долоон гучин таван мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч С  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С гийн эзэмшлийн Зил-131 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Зил-131 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгчээс хуульд зааснаас өөр зорилгоор бэлтгэж, БӨ аймгийн Б сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн нэгжид байгаа 49 ширхэг говийн харгана ургамлыг тус тус улсын орлого болгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 0000 УВА улсын дугаартай, Зил-131 загварын тээврийн хэрэгслийн АЯ№00****** дугаартай гэрчилгээг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х д даалгасугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн  Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т