Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 021

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Ф,

шүүгдэгч Ө  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө д холбогдох 1913********* дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Өлгий сумын 9 дүгээр баг, хөх хад 44-11 тоотод оршин суудаг, 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 2 жилээр тэнсэн хянан харгалзсан, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 7 сар 7 хоногоор ял шийтгүүлж байсан, Ө , регистрийн дугаар БЮ89******

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Ө  нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн орчимд Өлгий сумын 8 дугаар багт байдаг гэртээ эхнэр нь Б ийг үл ойлголцох маргааны улмаас жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг гараараа зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Ө   мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913********* дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

2. Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 32 дугаар хуудас/,

3. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

5. Шинжээч эмч Х ын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө  нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн орчимд БӨ аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байдаг гэртээ эхнэр нь Б ийг үл ойлголцох маргааны улмаас жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг гараараа зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн үед Ө  утсаа асаасан ба утсанд нь баахан мессеж ирэхээр нь би утсыг нь авч мессежийг нь хартал Урэмжид байдаг хятад эмэгтэйтэй баахан зүйл бичсэн хоолойгоороо ярьсан зүйлийг харсан. Дахин өөр нэг мессеж ирэхээр нь хартал Зулаа гэдэг эмэгтэйтэй чаталсан байсныг унших гэтэл Ө  уурлаад утсаа өшиглөөд утасных нь дэлгэц эвдэрсэн. Тэгээд намайг боомилж аваад миний толгойг хойшоо дараад шаланд хэвтүүлээд нүүр рүү минь тохойгоороо цохиод толгой руу минь цохиод босч ирээд хөл рүү минь өшиглөхөд би Ө ээс би жирэмсэн хүн шүү, намайг бодохгүй юмаа гэхэд хүүхдээ бодооч гэхэд Ө  намайг зодохоо больсон. Би тэр өдөр унтаж чадахгүй, нөхөртөө гомдоод уйлсан. Маргааш нь Ө  өөр хүүхэнтэй холбогдож байгаа талаар хадам аав, ээжид уйлаад хэлэхэд тэд өмөөрсөн тул охиноо аваад гарах гэтэл Ө  охиноо надаас булааж аваад намайг боомилсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

- Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний хариуцсан багт БНКазахстан улсын иргэн Б  гэдэг эмэгтэй манай багийн оршин суугч Ө  гэдэг залуутай гэрлээд 3 жил болсон, өнөөдөр манай Өлгий сумын Засаг дарга Б  надад тэр эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн юм шиг байна. БНКазахстан улсаас надад тэр эмэгтэйгийн хамаатан садангууд залгасан, нөхөр нь зодсон юм шиг байна, та нар очиж үзээд ир гээд нийгмийн ажилтан А  бид хоёрыг явуулсан байсан. Тэгээд бид нар очиж уг айлын хашаанд ороход Х  гэдэг хүн гарч ирсэн. Тэрний дараа бид нар жилийн тооллогонд явж байна гээд хэлээд тэр эмэгтэй хаана байна гээд асуусан. Тэр үед Х  тэр хоёр тустай гарсан, гэрт хүн байхгүй гээд бид нарыг гэртээ оруулсангүй, тэгсний дараа тэр эмэгтэй жирэмсэн байсан болохоор өрхийн эмнэлэгт очиж хариуцсан эмчийг дагуулж, уг айлд ирэхэд тэр эмэгтэй нөхөртэй хамт машинаас бууж байсан. Зүүн талын нүд нь хөхөрч, нүүр ам нь хавдсан байсан ба уг эмэгтэйгээс юу болсон талаар асуухад нөхөр нь зодсон талаар хэлсэн. Тэгээд бид цагдаад авч ирсэн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 32 дугаар хуудас/,

- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр Б  Ө тэй хэрэлдээд Ө ийн нүүрийг нь маажсан байсан. Ө  надад хэлэхдээ миний нүүрийг Б  маажсанаас болоод би дургүй хүрээд түүний нүүрнээс хойшоо түлхсэн минь үнэн гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

- Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны орой миний охин Б  фейсбүүкийн видео чатаар над руу залгаж өөрийг нь нөхөр нь Ө  зодсон талаар хэлсэн. Б  утсаар ярьж байхад утсыг нь түүний нөхөр булааж аваад чатыг дуусгасан. Уг үйл явдалд санаа зовж Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргад залгаж хэлэхэд Засаг дарга Цагдаад хандсан байна. Охин маань нөхөртэй зодуулсан гэж сонссон тул санаа зовоод Казахстанаас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Намайг Ө ийн гэрт ирэхэд Б ийн нүүрний хэсэг болон гар, хөлний хэсэг газрууд хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х ын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай: 1.Иргэн Б ийн биед баруун ба зүүн нүдний доод зовхинд цус хуралттай, хамрын нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт зүүн завжинд хөх ягаан туяатай цус хуралттай, духны баруун талд хавдартай, хөх ягаан цус хуралттай, хүзүү хоолойд олон тооны багалзуурдсан янз бүрийн хэлбэр хэмжээний хөх ягаан туяатай цус хуралттай, зурагдсан шархтай, зүүн бөөрний орчим цус хуралттай, зурагдсан шархтай, зүүн шилбэнд, баруун шагайд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн ба баруун бугуй орчим хэмжээтэй хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Б ийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно. 3. Иргэн Б ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 4. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагаас эхлэн шөнийн 03 цаг хүртэл Б  бид хоёр хоорондоо маргалдсан. Бид маргалдаж байх явцад манай эхнэр миний нүүрийг самардаад авахаар нь би түүний нүүрнээс хойшоо түлхсэн, тэгтэл дахин над руу дайрахаар нь би хүчээр тэвэрч аваад боль гэсэн боловч болихгүй байхаар нь би түүний биеийн хэсгээс чанга барьж базаж байсан. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн, эхнэрээ зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ө  нь эхнэр болох Б ийг үл ойлголцох маргааны улмаас жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг гараараа зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ө ээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ө ийн гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, гэр бүлийн хүрээнд эхнэр болох Б ын жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг гараараа зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ө ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь ахуйн шинжтэй хэрүүл маргаан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ө ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн бөгөөд хохирогчоос хохирол нэхэмжлээгүй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ө т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ө  нь хохирогч Б тэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 5/04 дугаартай саналд яллагдагч Ө т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ө  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Ө т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Ө т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ө т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө ийн иргэний цахим үнэмлэх болон гадаад паспортыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х д даалгасугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Ө д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т