Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 520

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанд холбогдох Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн 153/2016/*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оны 09 сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус байгууллагын дотоод ажил хэрэг, үйлчлэгчийн ажилд томилогдсон билээ. Тус газрын дарга Р.******* нь намайг 2016 оны 08 сарын 03-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Би тус байгууллагад ******* сар ажилласан байхад намайг түр томилсон тушаал хэвээр, харинжинхлээгүй. Мөн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй. Иймд Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн Б/******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 833,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллага шүүх гаргасан тайлбартаа: Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны үе үеийн сайдаар ажиллаж байсан С.*******, Д.*******хорол, Н.Батцэрэг нарын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/79 тоот, 2015 оны А/101 тоот, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/83 тоот тушаалуудаар 3 удаа Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны бүтэц орон тоо, дүрэм батлах тушаал гарсны дагуу үндсэн бүтцийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Дээрх сайдуудын 3 тушаалд дотоод ажил бичиг хэрэг-үйлчлэгч, дотоод ажил бичиг хэрэг-нярав гэсэн орон тоонууд огт заагдаагүй байхад /миний бие ээжтэй нь эгч дүүсийн хүүхдүүдийн хувьд ээж нь надаас түр ч гэсэн ажилд оруулж өгөөч гэж гуйсны хувьд/ нягтлан бодогч Б.*******тэй зөвшилцөж, цалингийн сангийн тооцоо гаргуулж байгаад өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд орон тоо гаргаж 2 жил түр гэрээтээр авч ажиллуулсан.

Эдийн засгийн хямрал жижиг байгууллагуудын хувьд ч гэсэн хүнд тусаж 2016 оны 06 дугаар сараас эхэлж ажилчдын амралтын мөнгө олгож чадахгүйд хүрсэн, мөн 2016 оны 07 дугаар сарын төсвийн хэлбэлзэл сөрөг гарсан гээд олон бэрхшээлтэй асуудал үүссэн тул ажилчдын хурлыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, дотоод ажил бичиг хэрэг- нярав гэсэн орон тоон дээр гэрээтээр түр ажиллаж байсан Г.*******т ээлжийн амралт олгож, 2016 оны 08 дугаар сарын 03-нд чөлөөлсөн болно.

Одоо Г.*******ын эрхэлж байсан дотоод ажил бичиг хэрэг-нярвын ажлыг дагнан гүйцэтгэж буй хэн ч байхгүй болно. Харин үндсэн бүтцийнхээ хүрээнд усны нөөцийн нэгдсэн менежмент, төлөвлөлт, олон нийт сургалт, хариуцсан мэргэжилтэн Б.Уянгад бичиг хэргийн ажлыг, жолооч Б.Энхбадрахад нярвын ажлыг тус тус хариуцуулан ажиллуулж байна.

Г.******* нь ажил үүргээ алдаа дутагдал гаргахгүйгээр гүйцэтгэж ирсэн гэж дурдсанд гайхаж байна. Учир нь 2016 оны эхний 06 сарын байдлаар байгууллагын удирдлагад 17 удаа ажилчдын хурал хийснээс 7 хуралдааны тэмдэглэлд даргын гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй, 10 хуралдааны тэмдэглэл огт хөтлөгдөөгүй байгаа.

Миний бие Г.*******ыг чөлөөлсөн тушаалаа хуульд заасан үндэслэлийн дагуу, мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн сахилгыг баримталж ажиллах үүднээс гаргасан болно.

Иймд миний бие Г.*******ыг цалингүй ажиллуулахыг хүсээгүй, мөн хуульд заасан үндэслэлийн дагуу чөлөөлсөн тул Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанд холбогдуулан Хар нуур Ховд голын сав газрын захиргааны даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Р.*******д шүүх хуралдааны зарыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хариуцагчийг байхгүйгээр шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцсэн болно.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ажил олгогч нь ажилтан Г.*******ыг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын даргын Б/11 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-5/-аар дотоод ажилтан, үйлчлэгчээр түр хугацаагаар томилж, ажилтантай хөдөлмөрийн гэрээг 2014 оны 09 дугаар сарын 01-ний өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөрүүдэд тус тус хугацаагүй /хх-7-8, 72-75/ байгуулжээ.

Мөн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал /хх-6/-аар Г.*******ыг дотоод ажил бичиг хэрэг, нярвын ажилд түр томилж, улмаар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-4/-аар Г.*******ыг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Г.******* нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн зэрэг нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-7-8, 72-75/, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. Мөн дээрх баримтуудаас үзэхэд ажилтан Г.******* нь тус байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг нотолж байна.

Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын дарга 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Г.*******ыг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн төсвийн хүндрэл цалингийн сан хүрэлцэхгүйгээс үүдэн тус сав газрын захиргаанд гэрээтээр дотоод ажил бичиг хэрэг, нярвын ажлыг түр гүйцэтгэж байсан Г.*******ыг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. Мөн ажилтан Г.*******ыг төсвийн хүндрэл цалингийн сан хүрэлцэхгүйн улмаас ажлаас чөлөөлсөн болох нь Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрынзахиргааны хурлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хх-37-39/-ээр, Г.*******т ажлаас чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдсэн эсэх нь гэрч Б.******* /хх-53-54/, Б.Энх-Бадрах /хх-55-56/, Г.Нямдаваа /хх-57-58/, Б.Уянга /хх-59-60/ нарын мэдүүлэгүүдээр тус тус нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг.

Гэвч Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын дарга нь ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтыг баримталж шийдвэр гаргаж байх хуулийн шаардлагыг зөрчсөн, ажил олгогчийн тушаал нь эрхийн акт болохын хувьд хуулийг буруу хэрэглэн тушаал гаргасан байна. Мөн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ ажил олгогч төсвийн хүндрэл цалингийн сан хүрэлцэхгүй байгаа гэж дурдсан нь ажилтныг ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр заалтад хамаарахгүй юм.

Хариуцагч байгууллагын дарга Р.*******гийн шүүхэд гаргасан тайлбарт /хх-49/ Г.******* бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн болон төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил албан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй албан тушаалд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх мөн арга хэмжээ авсан байх хэрэгтэйг заасан байдаг. Мөн -ын сайдын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/83 дугаартай тушаалд дотоод ажил бичиг хэрэг нярав гэсэн орон тоо батлагдаагүй тул Г.*******ыг авч ажиллуулах боломжгүй юм гэжээ.

Хэрэв байгууллагын орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол энэ талаарх баримтаа нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлэх байсан бөгөөд энэ талаар хариуцагч баримтаар нотлоогүй байна. Гэхдээ хариуцагч байгууллага ажилтныг чөлөөлсөн тушаалаа гаргахдаа энэхүү үндэслэлээр чөлөөлөөгүй байна.

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглосон заалт нь мөн ажлаас чөлөөлөх үндэслэл биш харин ажилтныг ажилд авах, ажилтантай анх хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахад хамаарах заалт юм.

Иймд нэхэмжлэгч Г.*******ын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд олгогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Г.*******ыг Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.*******ын ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн сүүлийн 3 сар буюу 2016 оны 5, 6, 7 дугаар саруудаар тооцоход:(503,120+458,521+437,747):3 = 466,462 төгрөг /1 сарын дундаж цалин хөлс/ байна.

Иймд нэхэмжлэгч Г.*******ын ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 2 сард ногдох нөхөх олговорт (466,462 х 2 сар) = 932,924 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газраас гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн тооцуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 2 сард ногдох нөхөх олговорт 833,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн сүүлийн 3 сараар нөхөн олговрыг тооцоход 932,924 төгрөг гарч байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (ажилд эгүүлэн тогтоосон тул) + 26,940 (932,924 төгрөгийн олговорт тохирох улсын тэмдэгтийн хураамж) нийт 97,140 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.

Хавтаст хэргийн 26, 27 дугаарт авагдсан Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргааныдаргын тушаалууд нь хэрэгт давхардан авагдсан, хавтаст хэргийн 29, 30, 32, 33 дугаар хуудаст авагдсан материалууд нь хэрэгт ач холбогдолгүй, хэргийн 31, 34, 35, 36, 46, 47, 48 дугаар хуудаст авагдсан материалууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ыг Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дотоод ажил, бичиг хэрэг, нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас Г.*******ын ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 2 сард ногдох олговорт 932,924 төгрөг /есөн зуун гучин хоёр мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Г.*******ын ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны газарт үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газраас улсын тэмдэгтийн хураамжид 97,140 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА