Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 024

 

            Б-Ө аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х  даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

            улсын яллагч Т,

            шүүгдэгч С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б-Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох 1913********** дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын харьяат, 1987 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б-Ө аймгийн Дэлүүн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Б аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С , регистрийн дугаар: БЭ87*******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч С  нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 22-р хорооны иргэн Б д ямаа цуглуулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.600.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч С аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Б ын 5055******* дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

2. Г гийн 5051******* дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

3. С ы 5086******* дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 59-64 дүгээр хуудас/,

4. С ы өвлийн байшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

5. Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

6. Гэрч М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

     8. Шүүгдэгч С ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С  нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б д ямаа цуглуулж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.600.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б ын Х банкин дахь 5055******* дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

- Г гийн Х банкин дахь 5051******* дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

- Яллагдагч С ы Х банкин дахь 5086******* дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 59-64 дүгээр хуудас/,

- Яллагдагч С ы өвлийн байшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

- Хохирогч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг шилжүүлэхдээ А аймгийн Ц суманд амьдардаг хадам дүү Г гийн данснаас С гийн данс руу шилжүүлж байсан. Нийт гурван удаа мөнгө шилжүүлж байсан. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр С  миний өөрийн данс руу 6.000.000 төгрөг шилжүүлж, хэд хоногийн дараа буцааж С  данс руу Бзүрх дүүрэгт байдаг гэрээсээ 5.000.000 төгрөгийг шилжүүлж байсан. Нэмж Б-Ө явах замдаа Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс 600.000 төгрөг С  данс руу шилжүүлж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

- Гэрч М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын сүүлчээр хүү болох С  нь миний утас руу залгаж, хөдөөнөөс боломжийн үнээр, ямаа олдох уу, хотоос нэг хүн ямаа цуглуулахаар захиж байна. Та хүмүүсээс асуугаад өгөөч гэхээр нь би боломжийн үнээр ямаа олдохгүй, нядалгааны үеэр малчид өндөр үнээр малаа зарах байх, одоогоор мал олдохгүй гэж хэлсэн. Харин тухайн үед С  нь Б  гэх хүнээс мөнгө төгрөг авснаа хэлээгүй. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны үед С  маань сураггүй алга болсон. Тэгээд бид нар 3 хоног хайж, өөрт нь холбогдож чадаагүй бөгөөд яагаад алга болсныг нь хүнээс 7.600.000 төгрөгийг ямаа цуглуулж өгнө гэж аваад, ямаа цуглуулж өгөхгүйгээр өөр юманд зарцуулсан байсан. Ингээд Б  гэх хүнийг таньдаг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

- Яллагдагч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би УБ хотод оршин суудаг Б  гэх хүнтэй танилцсан бөгөөд уг хүн маань “ГХ” буйдангийн Б-Ө аймаг дахь салбарт тээвэр хийдэг байсан. Өөрөөр хэлбэл УБ хотоос уг компани барааг тээвэрлэж ирдэг байсан. Б  ахтай 2018 оны 05 дугаар сард юм шиг санагдаж байна, анх танилцаж байсан юм. 2019 оны 03 дугаар сард Б  манай аймагт ГХ ХХК-ны эд материалыг тээвэрлэж ирсэн бөгөөд бид хоёр танилцаж, ярилцаж сууж байхад, Б  ах, над руу хандаж, танай аймагт ямаа /бог мал/ боломжийн, хямд, ноолуур сайтай байдаг гэж сонссон, ямаа цуглуулах боломж байдаг болов уу гэхээр нь би судалж үзье гэж хэлсэн.

Тэгээд 2019 оны 07 дугаар сард наадмын дараа Б  ах над руу залгаж, ямаа цуглуулж өгөх боломж бий юу. Мөнгө нь бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай аав болон хадмууд хөдөө мал малладаг, тэд нарт хэлж байгаад, ямаа цуглуулж өгөхөд тусалж чадна гэж хэлсэн. Тэгсэн Б  нь миний 5086******* тоот дансанд 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би хөдөө сумуудаар ямаа цуглуулж явах гэхэд Б  ах мөнгө шилжүүлсний дараа 7 хоног өнгөрөхөд 6.000.000  төгрөг хэрэг болсон. Буцаад шилжүүлж өгөөрэй гэхээр нь түүний данс руу /санахгүй байна/ 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд үлдсэн 2.000.000 төгрөгөөр ямаа цуглуулж чадаагүй. Б  ах удахгүй мөнгө нэмж шилжүүлж өгнө гэхээр нь хүлээж байсан. Ингээд хэд хоног Б  ах холбогдохгүй удсан болохоор түүний дугаар луу залгахад, хүүхэд нь авсан ба аав Эрээн хот руу явсан гэж хэлсэн. Учир нь би тухайн үед Б  ахаас мөнгө асуух гэж залгасан юм. Үлдсэн 2.000.000 төгрөгт нэмж мөнгө шилжүүлж өгнө гэж өөрөө хэлсэн юм. Ингээд Б  ах 2019 оны 08 дугаар сарын 17-ны үед миний данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тухайн үед Б  ахад одоо удахгүй ямаа цуглуулахаар хөдөө явна гэж хэлсэн ба надтай байнга холбогдож байсан. Тэгээд сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 600.000 төгрөг нэмж шилжүүлж өгөхийг санал болгоход шилжүүлсэн байсан. Гэтэл би ямаа цуглуулж чадаагүй. Б  ахад ямаа цуглуулж байгаа гэж худлаа хэлсэн. Тэгээд 2019 оны 09 дугаар сарын 15-ны өдөр Б  ах аймагт ирсэн ба надтай уулзаж, цуглуулсан ямаагаа авч явахаар болсон. Тэгэхээр нь би сандраад ямаа цуглуулж чадаагүй гэж хэлээгүй бөгөөд та Толбо сум руу явж байгаарай, би удахгүй яваад очно. Тэгээд тэндээс тооцоо хийнэ гэж хэлээд, сандарсандаа УБ хот руу яваад, 14 хоног байж байгаад ирсэн. Түүнээс хойш Б  ахтай холбогдож чадаагүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч , маш их гэмшиж байна. Би урьд өмнө мал цуглуулж үзээгүй. Аав маань хөдөө байдаг болохоор дамжуулж хэлээд, Б ын шилжүүлсэн мөнгөнд, ямаа аваад өгнө гэж бодсон юм. Тэгсэн би аав болох М д энэ асуудлын талаар хэлээгүй. Миний буруу, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 6 дугаар сард өвлийн байшин худалдаж авсан бөгөөд уг башингын засварын ажилд зарцуулсан юм. Одоо ямар ч мөнгөгүй байна. Ойрын хугацаанд хохирлыг барагдуулж өгөх болно. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Залилах гэмт хэрэг нь “хуурч, эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй үйлдэл юм.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дүгнэхэд шүүгдэгч С  нь өөрөө мал худалдах, худалдан авах чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй мөөртлөө хохирогч Б д ямаа цуглуулж өгнө гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 7.600.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, уг мөнгийг хувийн байшингийн засварын ажилд зарцуулсан нь шүүгдэгчээс хохирогчид мөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, бусдын эд хөрөнгийг олж авах сана зорилго агуулсан байна.

Шүүгдэгч С ы энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б д 7.600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч С  нь 7.600.000 төгрөгийг хохирогчид төлж өгөхөө илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч С аас хохирлын мөнгө 7.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.

Шүүгдэгч С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б-Ө аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ө сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Б-Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б-Ө аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ө сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Б-Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С аас 7.600.000 /долоон сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б д олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч С  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т