| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0018/Э |
| Дугаар | 025 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 025
БӨ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч Ф,
шүүгдэгчийн өмгөөлөгч Е,
шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох 1913********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1958 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БӨ аймгийн А суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, БӨ аймгийн А сумын * дүгээр багт оршин суудаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 45, 197в, 75а дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан, А , регистрийн дугаар БА58******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч А нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож А сумын төвд хөдөлгөөнд оролцож байхдаа гол замаар явж байсан 00-00 БӨЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж, иргэн А ын эрүүл мэндэд хүнд, иргэн Х ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хоёр: Эрүүгийн 1913********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,
2. Хохирогч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
4. Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/,
5. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б гийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 450, 451 дүгээр шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-65, 69 дүгээр хуудас/,
6. Шүүх химийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,
7. БӨ аймгийн авто тээврийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай ослын дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,
8. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/,
9. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
10. Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
11. Хохирогч А , Х нарын эмнэлэгт хэвтсэн гэх өвчний түүх болон мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн 34-63 дугаар хуудас/,
12. Шүүгдэгч А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дүгээр хуудас/,
13. Хохирогч А , Х нараас “шүүгдэгч А гаар хохирлын мөнгө 3.500.000 төгрөг төлүүлж авахаар тохиролцсон бөгөөд үүнээс 1.000.000 төгрөгийг бэлэн авч, үлдэгдэл 2.500.000 төгрөг үлдсэн тухай” БӨ аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 213 дугаар хуудас/,
14. Шүүгдэгч А гаас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хохирогч А , Х нарт 2.500.000 төгрөг төлсөн тухай баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед өөрийн эзэмшлийн 00-00 БӨТ улсын дугаартай, Уаз 31512 загварын тээврийн хэрэгслийг жолоодон БӨ аймгийн А сумын төвд замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 15.9 дэх хэсгийг зөрчсөний улмаас гол замаар явж байсан 0637 БӨЗ улсын дугаартай мотоциклыг мөргөж, иргэн А ын эрүүл мэндэд хүнд, иргэн Х ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
- Хохирогч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн 0637 БӨЗ улсын дугаартай мотоциклээр эхнэр Х ийг суулгаж авч, сумын төвд байрлА Төрийн банк болон сургуульд очих ажил гараад төв замаар “Инжу” нэртэй дэлгүүр өнгөрч явж байхад миний зүүн гар талд байрлА хоёр давхар саарал тосгон байшингийн булангаас миний жолоодож явсан мотоциклийн зүүн гар талаас саарал өнгийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэгээд миний бие уг тээврийн хэрэгсэл надад зам тавьж өгөх байх гэж бодсон ба хурдаа тохируулан явж байхад гэнэт эхнэр бид хоёрын зүүн талын хэвлий тус газраас хүчтэй мөргөсөн ба эхнэр бид хоёр хоёр тийшээ шидэгдэж газар унасан байна лээ. Тэгэхэд ухаан алдаж босоод ирсэн ба зүүн талын хавирга хэвлий орчим маань өвдөж, баруун талын толгойн орой хэсгээс цус гарчихсан байсан. Эхнэр бид хоёрыг мөргөсөн гэх машины жолооч манай сумын А гэдэг хүн байсан. Тэр хүн хүрч ирээд намайг болон эхнэр бид хоёрыг босгож авч, хажуу талд ойрхон байсан сумын эмнэлэг рүү оруулсан. Тэгээд эмнэлэг очиход миний толгой хэсгээс цус гарсан байна гэж У эмч оёдол тавьсан. Тэгээд бие маань гайгүй болохоор нь А д гэрлүүгээ хүргээд өгчих гэсэн. Орой 16 цагийн үед дахин өвдөж, хэвлий хэсэг буюу зүүн талын хавирга тус газар хатгаж зовиуртай байхаар нь дахин сумын эмнэлэгт зам тээврийн осол гаргасан жолооч А гаар хүргэгдэж ирсэн. Тэгээд У эмч үзээд хэвтэн эмчилгээ хийлгэж байж, аймаг руу түргэн тусламжид дуудлага дуудах шаардлагатай байна гэснээр 12 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 05 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгээс түргэн тусламжийн машин ирээд эхнэр бид хоёрыг аймаг руу авч явсан. Тэгээд аймгийн мэс заслын тасагт хэвтэж, дотор эрхтнээс дэлүү задарсан байна гэж яарА хагалгаанд орж, дэлүүгээ авхуулсан. Эхнэр Х бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр яваад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Нийт 3.964.255 төгрөгийн хохирол гарсан. Үүнээс А 980.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,
- Хохирогч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нөхөр А ын мотоциклийн ар талын суудалд сууж, бид хоёр сумын төвд байрлА Төрийн банк болон сургуульд очих ажил гараад төв замаар замын хөдөлгөөнд ороод явж байсан ба “Инжу" нэртэй дэлгүүр өнгөрч байхад манай нөхрийн жолоодож явсан мотоциклийн зүүн гар талд байрлА 2 давхар саарал тосгон байшингийн булангаас саарал өнгийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирснийг харсан. Тэгээд нөхөр маань мотоциклийн хурдыг хасаж аярхан явж байхад нөгөө туслах замаар гарч ирсэн тээврийн хэрэгсэл хүчтэй мотоциклийн зүүн талаас бид хоёрын зүүн талын хэвлий тус газарт мөргөсөн ба нөхөр бид хоёр хоёр тийшээ шидэгдэж газар унасан байна лээ. Тэгээд ухаан алдаж босоод ирсэн чинь нөхөр бид хоёрыг мөргөсөн гэх машины жолооч суудалд доошоо харсан байдА сууж байсан ба намайг харангуут машинаас нь буугаад над руу хүрч ирсэн. Тухайн үед хүчтэй мөргөснөөс болж миний зүүн талын хавирга хэвлий орчим маань өвдөж, мөн зүүн талын хөл гишгэж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
- Шүүгдэгч А , А нарын зам тээврийн осол гарах үед жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/
- БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б гийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 450 дугаартай “1. Иргэн А ын биед хэвлийн битүү гэмтэл дэлүүний няцрал, урагдал, хэвлийн хөндийн цус алдалт, тархи доргилт, толгойн оройн хэсэгт мэс заслын оёдол тавьсан язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд зам тээврийн ослын үед учрах боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна,
451 дугаартай 1. Иргэн Х ийн биед зүүн талын хөх, зүүн талын өвдөг шилбэ тавхайн хэсгүүдийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын өвдөгний хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд зам тээврийн ослын үед учрах боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх” дүгнэлт /хавтаст хэргийн 64-65, 69 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх химийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаартай “...Иргэн А гийн бие нээс авсан гэх А гэж хаягласан 2 ш хуруу шилтэй цус нь шинжилгээнд бүрэн тэнцэнэ. Иргэн А нь эрүүл байсан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,
- БӨ аймгийн авто тээврийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай ослын “...Зам тээврийн осолд орсны улмаас тээврийн хэрэгслүүдэд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,
- БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай “Уаз 21512 маркийн 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан ”гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
- Хохирогч А , Х нарын эмнэлэгт хэвтсэн гэх өвчний түүх болон мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн 34-63 дугаар хуудас/,
- Шүүгдэгч А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед өөрийн 00-00 БӨТ улсын дугаартай Уаз-469 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож, хажуудаа эхнэрийн хамт гэрээс гарч сумын төв рүү очсон. Тэгсэн эхнэр маань дэлгүүрээс эд зүйл авна гэхээр нь машинаас буулгаад өөрөө ганцаараа шатахуун түгээх станцаас бензин авахаар төв замаар явж байгаад зүүн гар тийшээ туслах зам руу орсон. Уг туслах зам нь гэр хорооллын зам байсан ба үзэгдэх орчин харагдахгүй огцом өнцөгтэй булан байсан. Тэгсэн уг өнцгөөс миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талаас мотоциклтой жолооч гарч ирээд миний машины урьд хэсгээр мөргөлдөж газар унасан. Уг мотоциклийн жолооч А байсан ба хойд талд нь эхнэр нь Х байсан. Уг мотоцикл миний тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөлдөж унах үед нөгөө хоёр маань газар шидэгдэж унасан. Тэгээд би яарА тусламж үзүүлж, нөгөө хоёрыг босгож аваад эмнэлэгт очсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 15.9 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч А ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Х ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан тус зам тээврийн осол хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч А г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч А н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т заасан хүнд зэргийн гэмтэлд, хохирогч Х ийн эрүүл мэндэд учирсан хохирол дээрх журмын 2.4.1-д заасан хөнгөн гэмтэлд тус тус хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Энэ гэмт хэргийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А , Х ын мэдүүлснээр нийт 3.500.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А нь хохирогч А , Х нарт учруулсан хохирлын мөнгийг төлж өгсөн тул шүүгдэгч А г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч А , Х нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй.
Мөн нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хувьд энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаанд хүчингүй болгож, холбогдох байгууллага, албан тушаалтан нь ялын биелэлтэд хяналт тавих ёстой.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч А д тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч А д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
7. Шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч А , Х нарт төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ