Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00601

 

Г.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03458 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалтай,

Г.Оийн нэхэмжлэлтэй

“М Т”ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 27 300 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Оршихийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Зоригтсүрэн болон “М Т”ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ажлын байр захиалан бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний төлбөр 54 000 000 төгрөг бөгөөд гэрээ байгуулахад 24 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр 07-ны өдөр 500 000 төгрөг, нийт 27 300 000 төгрөг төлсөн. З.Зоригтсүрэн нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч эхнэр Г.О нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 52 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр “М Т”ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 01 тоот ажлын байр захиалан бариулах гэрээний шаардах эрх, төлбөр гаргуулах эрх, гэрээнээс татгалзах эрхийг өвлөн авсан болно.Хариуцагч тал өөрийн нэр дээр нэхэмжлэгчийн захиалсан 18 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр гэрчилгээ авсныг хавтас хэрэгт өгснөөр мэдсэн. Иймд Ажлын байр захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 27 300 000 төгрөгийг “М Т”ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутагт Даймонд худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт 59А-1-31 тоотод 18 м.кв ажлын байрыг барьж хүлээлгэн өгсөн. З.Зоригтсүрэнгийн эхнэр Г.Оийн нэхэмжлэлтэй хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэх саналтай байна. Гэрээний дагуу 54 000 000 төгрөг төлөх ёстой, гэрчилгээ манай компаний нэр дээр гарсан байгаа одоо Г.Оийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03458 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “М Т”ХХК-аас 27 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “М Т”ХХК-аас 294 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “М Т”ХХК-ийн төлсөн 243 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших хяналтын гомдолдоо:  Магадлалыг дараах шалтгаанаар эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. З.Зоригтсүрэн 2014 оны 10-р сарын 31-ний өдөр “Мануул трейвэл” ХХКомпанитай 54 000 000 төгрөгөөр ажлын байр бариулах гэрээ байгуулж павильоны урьдчилгаанд 27 300 000 төгрөг өгчээ. Ажил гүйцэтгэгч тал З.Зоригтсүрэнгийн захиалсан павильоныг өөрийн хөрөнгөөр барьж дуусган ашиглалтанд оруулж 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Мануул трейвэл” ХХКомпанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. З.Зоригтсүрэн 2015 оны 01-р сарын 12-ны өдөр нас барсан тул түүний эхнэр Г.От 2017 оны 9-р сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэжээ. Захиалгаар барьсан павильоныг Г.Оийн өмчлөлд шилжүүлэх гэхээр хүлээж авахгүй, маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэхээс татгалзсан юм. Гэрээний 3.4-т захиалагч нь “...гэрээнээс дангаар татгалзаж захиалсан байраа буцаах тохиолдолд төлсөн төлбөрөөс нийт үнийи дүнгийн 30% тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлнө“ гэжээ. Иймээс ажил гүйцэтгэгч тал гэрээний үнэ 54 000 000 төгрөгний 30% буюу 16 200 000 төгрөгийг Г.От төлөх үндэслэлгүй байна.”Мануул трэйвелХХКомпаниас 27 300 000 төгрөг гаргуулж Г.От олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч “М Т”ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний үүрэгт шилжүүлсэн 27 300 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үлдэгдэл төлбөрөө төлөөд захиалсан үйлчилгээний талбайг өгөхөд татгалзах зүйлгүй гэж маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...захиалгаар барьсан павильоныг өгөх гэхээр нэхэмжлэгч авахаас татгалзсан,...гэрээний 3.4-т захиалагч нь гэрээнээс дангаар татгалзаж, захиалсан байраа буцаах тохиолдолд төлсөн төлбөрийн нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан тул 16 200 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй...” гэсэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах агуулгатай гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээнэ.

2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэж, уг гэрээний дагуу “М Т”ХХК нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Даймонд худалдаа үйлчилгээний төвийн 1 давхрын 59А-1-3 тоот 18 м.кв ажлын байрыг барьж өгөх, З.Зоригтсүрэн нь 54 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, урьдчилгаа төлбөрт 27 300 000 төгрөгийг өгсөн, З.Зоригтсүрэн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан, түүний хууль ёсны өвлөгч Г.О нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг авснаар “М Т”ХХК-д холбогдуулж гэрээний талаар шаардлага гаргах эрх үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт нийцсэн байна.

“М Т”ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй ба шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан тул талуудын байгуулсан гэрээний 3.4-т “Гүйцэтгэч талаас үл хамаарах шалтгааны улмаас энэ гэрээнээс дангаар татгалзаж захиалсан байраа буцаах тохиолдолд төлсөн төлбөрөөс нийт үнийн дүнгийн 30%-тай тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлж, төлбөрийг тухайн байрыг шинэ захиалагч гэрээ байгуулж, төлбөр бүрэн хийгдсэн тохиолдолд буцаан авна” гэж тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, үүрэг үүсгээгүй тул нэхэмжлэлээс харилцан тооцох үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :      

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 243 000 төгрөг, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                П.ЗОЛЗАЯА