Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 785

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин, нэхэмжлэгч Л.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Б ,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: Э  ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Л.Б ы үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *** тоот зоорийн давхарын 81 м.кв талбай бүхий объектын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Л.Б  миний бие нь 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Э  ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах тухай *** тоот гэрээ байгуулан *** тоот зоорийн давхарын 81 м,кв талбай бүхий объектыг 1 м.кв үнэ нь 148.150 төгрөг байхаар тооцож нийт 12.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч

одоог хүртэл уг объектынхоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авч чадахгүй байна. Учир нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2012 оноос хойш удаа дараа хандсан боловч янз бүрийн шалтаг шалтгаан тоочсоор миний өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй олон жил чирэгдүүлж байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байна. *** тоот зоорийн давхарын 81 м.кв талбай бүхий объектын өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагүй болно гэв.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** дугаар байр буюу *** тоот байрыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60%-ийн гүйцэтгэлтэйгээр Э  ХХК /***/-ийнөмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд Зоос банк болон БНСУ-ын Хана банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны***, 2013 оны ***, 2014 оны ***, 2015 оны *** тоот албан бичгээр, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны ***, 2010 оны *** албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Тухайн орон сууц, гаражийг Э  ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж 60%-ийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна хэмээн заасан байдаг.

Э  ХХК нь тухайн орон сууц болон гаражийн барилгыг барьцаалан Зоос банк болон БНСУ-ын Хана банкнаас зээл авсан бөгөөд тухайн барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б  Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмчлөгчөөр тогтоолгоогүй байж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй. Иймд Л.Б ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Л.Б ы үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *** тоот зоорийн давхарын 81 м.кв талбай бүхий объектын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Л.Б  Э  ХХК-ийг төлөөлж ***-тэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Г******* хотхоны ******* дугаар байрны доор байрлах зоорийн давхарын 81м.кв талбай бүхий объектыг 2010 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ-г[1] байгуулж улмаар Э  ХХК-ийн захирал *** 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр албан бичгээр[2] Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт дээрх зоорийн давхрын өмчлөгчөөр Л.Б ыг бүртгүүлэх хүсэлт гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 8/60[3], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар[4] албан бичгүүдээр ...уг орон сууцыг бүхэлд нь Э  ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн, тоот тус бүрээр нь иргэний өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй, Зоос банк болон БНСУ-ын Хана банкинд барьцаалсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна ... эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн орон сууцны барилгыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн албан бичгүүдийн дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн...тул бүртгэж, өмчлөлд шилжүүлэх боломжгүй гэж бүртгэхээс татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Голден Вилл орон сууцны хотхоны барилгын ажлыг захиалагч Э  ХХК нь нэхэмжлэгчийн худалдах худалдан авах гэрээ байгуулсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Г******* хотхон ******* дугаар байрны зоорийн давхарын 81 м.кв талбай бүхий объектыг 60 хувийн гүйцэтгэлтэйгээр 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт өөрийн өмчлөлдөө бүртгүүлсэн[5], улмаар 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Э  ХХК нь БНСУ-ын Хана банк болон Зоос банктай дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ***[6], 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ***[7], 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ***[8], 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ***[9], 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ***[10], 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ***[11], 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн***[12], 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ***[13] дүгээр албан бичгүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ***[14] дугаар албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн, нэхэмжлэгч эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг баттай нотолсон баримт байхгүй бол, мөн зүйлийн 14.1.9-д заасан мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаана, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 18.1.8-д улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагийн бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ...уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагүй ... гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч Л.Б  нь 81 м.кв талбай бүхий объектын өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна.

Иймд ...Э  ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн тухайн бүртгэл хууль ёсны бөгөөд хүчинтэй, эрх бүхий байгууллагуудаас шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй, энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол... мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гэж заасантай нийцэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Б ы гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Л.Б ы үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *** тоот зоорийн давхарын 81 м.кв талбай бүхий объектын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэхүү шүүхийн шийдвэр нь Л.Б ыг *** тоот зоорийн давхарын 81 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоход саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б ы Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Л.Б ы үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *** тоот зоорийн давхарын 81 м.кв талбай бүхий объектын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.АДЪЯАСҮРЭН