Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 111/2020/0024/З |
Дугаар | 221/МА2021/0134 |
Огноо | 2021-03-12 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2021/0134
“У” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, О.З, хамтран хариуцагч Т.Х, гуравдагч этгээд Л.П нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг тус тус баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож, “У” ХХК-тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаанаар хангах гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчээс “Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15ны өдрийн 5/1260, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1a542 дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, тус компанитай “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаанаар хангах гэрээ” байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Тус компани Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцож, аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаартай албан бичгээр “...сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хуралдааны шийдвэр, зөвлөмжийн дагуу ... “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгож байна” гэж мэдэгдсэн. Уг харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах бөгөөд захиалагчийн зүгээс төрийн өмчийн хөрөнгөөр сургуулийн барилгыг дулаанаар хангах этгээдийг сонгон шалгаруулсан. Энэхүү сонгон шалгаруулалтын тухайд аливаа этгээд гомдол гаргаагүй болно. Гэтэл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичгээр “...ажлын 5 хоногийн дотор хандивыг тушаагаагүй тохиолдолд гэрээ хийгдэхгүй... танай компанитай гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдэж байна” гэж, улмаар “З” ХХК-д гэрээ байгуулах эрхийг олгосон нь хууль бус болсон.
Учир нь шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон тендерээс татгалзах цоо нөхцлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийн захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүл оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах...” Манай компанийн тухайд гэрээ байгуулахаас татгалзаагүй, гүйцэтгэлийн баталгааг энэ тохиолдолд шаардаагүй тул гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох, дараагийн этгээдтэй гэрээ байгуулах үндэслэл бүрдээгүй байна.
Орон нутагт өгөх хандивыг сар бүр 14,400,000 төгрөгөр тохиролцсон бөгөөд энэ нь хариуцагч нарын тайлбараар нотлогддог. Нэхэмжлэгчид 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулах эрхийг олгоод үүнээс 13 хоногийн дараа “...гэрээ байгуулахгүй” тухай мэдэгдсэн атлаа төлөлт хийгээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн шүүхээс энэ талаарх хэргийн оролцогчдын тайлбарыг судлалгүйгээр “...201,600,000 төгрөгийг хугацаанд нь бүрэн төлөхөөр зөвшөөрсөн гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч тухайн мөнгийг хуваарийн дагуу төлөхөөс татгалзаагүй боловч нэгэнт эрхээ цуцлуулсан, маргаантай байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс тохиролцсон төлөлтийг сар бүр хийх боломжгүй болох нь тодорхой юм.
Мөн хариуцагч “сургуулийг дулаанаар яаралтай хангах шаардлагын үүднээс “З” ХХК-д гэрээ байгуулах эрхийг олгосон” гэж тайлбарладаг. Гэвч бид сургуулийг дулаанаар хангах ажлын хүрээнд уурын тогоо, шугамын хоолой зэрэг шаардлагатай материалуудыг худалдан авч ажлаа эхлүүлсэн байсан, орон нутагт төлөхөөр тусгасан хандив нь дулаан хангах ажиллагаатай хамааралгүй, түүнд саад учруулахааргүй асуудал тул сургуулийн үйл ажиллагаанд эрсдэл учруулахгүй болно.
Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалт нь сургуулийн барилгыг халаахад шаардлагатай дулааныг үйлдвэрлэн, худалдах этгээдийг шалгаруулсан. Энэ нь сонгон шалгаруулалтын баримт бичигт уурын зуух барих, шугам сүлжээ байгуулахад зориулж төсвөөс мөнгө хуваарьлаагүй, баригдсаны дараа орон нутгийн өмчид шилжүүлэх үүрэг хүлээлгээгүй гэдгээр тогтоогдоно. Гэтэл шүүхээс “...дулааны шугам сүлжээг барьж байж дулаанаар хангах учраас зөвхөн дулаанаар хангах худалдан авах ажиллагаа гэж үзэх боломжгүй” гэж буруу дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр “У” ХХК өөрийн өмчлөлийн уурын зуух, шугам сүлжээг байгуулж, үүнээс бий болох дулааныг гэрээлсэн этгээдэд нийлүүлснээр сонгон шалгарсаны үр дүнд бий болсон эрхээ хэрэгжүүлнэ. Харин гуравдагч этгээдийн уурын зуух болон шугамыг барьж дуусгасан, нүүрс буулгасан, улсын комисс хүлээн аваагүй байгаа зэрэг нь үүнд хамааралгүй юм. Учир нь захиалагч нь уурын зуух, шугам сүлжээг бариулах, худалдан авах тендер зарлаагүй. Эдгээрээс гадна шүүхээс Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 албан бичгийг буруутгасан агуулгатай дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, мөн “З” ХХК-тай гэрээ байгуулаагүй нь хууль зөрчсөн зэргээр нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Шийдвэрийн Тогтоох хэсэг баримтласан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалт нь энэ тохиолдолд хамааралгүй, захиалагчийн төлөх урьдчилгаа төлбөрийн тухай зохицуулалт байна.
Дээрх байдлаар анхан шатны шүүх маргааны талаар буруу дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж, тавигдах ерөнхий шаардлагадаа “Уурын зуухны зориулалтаар үйл ажиллагаа явуулах газартай байх, шалгарсан аж ахуйн нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр аймгийн орон нутгийн хөгжлийн санд хандив өргөх, хандивын доод хэмжээ 100,000,000 төгрөг, сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь баримт бичгийн дагуу материалаа эмх цэгцтэй бэлтгэж ирүүлнэ” гэж, үүний дараагаар хариуцагч 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр “Тус сонгон шалгаруулалтад оролцогч “У” ХХК нь хандивын үнийн санал 201,600,000 төгрөг, өөрийн эзэмшлийн газартай тул хамгийн сайн үнэлэгдсэн сонгон шалгаруулалт гэж үзэж гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор хандивын 201,600,000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн дансанд тушаахыг мэдэгдэж, заасан хугацаанд хандивын мөнгийг тушаагаагүй тохиолдолд гэрээ хийгдэхгүйг анхааруулсан байна.
Улмаар хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр “...тус сонгон шалгаруулалтад хандивын үнийн санал болох 201,600,000 төгрөгийг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор тушаагаагүй тохиолдолд гэрээ хийгдэхгүй болохыг анхааруулсан. Иймд хүйтний улирал эхэлж байгаа тул ... танай компанитай гэрээ байгуулахгүй болохыг үүргээр мэдэгдэж байна” гэж, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгээр “...тус ажилд “У” ХХК шалгарсан боловч орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 201,600,000 төгрөгийг заасан хугацаа хэтэрч, танай компани орон нутгийн төсөвт 200,000,000 төгрөгийг төвлөрүүлсэн гэх үндэслэлээр ажлыг хийж гүйцэтгэх эрхийг “З” ХХК-д олгосон байна.
Гэтэл нэхэмжлэгчээс Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/1260 дугаартай албан бичиг, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/542 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож, “У” ХХК-тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар сургуулийн барилгын дулаанаар хангах гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж маргасан байна.
Захиргааны гэрээ байгуулах эсэх нь захиргааны сонгох боломжид хамаарах бөгөөд дээрх нөхцөл байдлаас үзвэл, “тендер эсхүл концесст ялсанд захиргааны байгууллага гэрээ байгуулахгүй байгаагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үү, зөрчигдөж болзошгүй тохиолдол уу” гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэлээ “...гэрээ байгуулахгүй гэдгээ нэхэмжлэгчид 1а/513 дугаар албан бичгээр мэдэгдсэн...” гэснээс үзвэл, татгалзсан актын эсрэг гаргах даалгах нэхэмжлэлийн тухайд үндсэндээ захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлд тусгай урьдчилсан нөхцөл адил хэрэглэгдэх бөгөөд хэрэгт авагдсан Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/6515 дугаар албан бичгээр “...Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1а/513 тоот мэдэгдэл, сонгон шалгаруулалтад тавигдах ерөнхий шаардлага, урилга зэргээс үзэхэд дээрх үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамаарахгүй...” гэснээс үзвэл нэхэмжлэгч тухайн татгалзсан актыг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан боловч уг албан бичгээр үйл ажиллагааны тендер биш гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн субъектив эрхийг зөрчсөн болохыг буюу захиргааны акт гаргуулахыг шаардах эрхийн үндэслэл нь материаллаг хэм хэмжээнээс үүссэн эсэх, хэрэв үүссэн бол түүнийгээ нэхэмжлэлд тодорхой заасан байхыг шаарддаг тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг тодруулан дүгнэлт өгөх ёстой.
Мөн түүнчлэн хэрэгт авагдсан Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/6515 дугаар албан бичиг болон бусад баримтуудаас үзвэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэх ёстой эсэх дээр дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН