Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 029

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч К ,

шүүгдэгч С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 2013********** дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Их булангийн 10-14 тоотод оршин суудаг, ам бүл 5 эцэг эх, ах эгч нарын хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С , регистрийн дугаар: БЮ00******.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч С  нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БӨ аймгийн Ө 4 дүгээр багт байрлах аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын хажууд үл ойлголцох маргааны улмаас Ө сумын 4 дүгээр багийн иргэн Ж ыг толгойгоороо хамар руу нь мөргөснөөс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч С  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/,

2. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

3. Хохирогч Ж ын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх/ хавтаст хэргийн 13-21 дүгээр хуудас/,

4. Хохирогч Ж аас гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 24-28 дугаар хуудас/,

5. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б  2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С  нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БӨ аймгийн Ө 4 дүгээр багт байрлах тус аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын хажууд үл ойлголцох маргааны улмаас Ө сумын 4 дүгээр багийн иргэн Ж ыг толгойгоороо хамар тус газар мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: - Хохирогч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед би “Тирлик” захад байрлах “Гаусар” гэх гуанзанд сууж байхад манай хөрш Т хочтой Б, түүнтэй цуг 3 танихгүй залуу ирээд хэдүүлээ нийлж архи ууя гэхээр нь тэгье гэж хэлээд Улаанбаатар нэртэй 0,75 гр-ын архи аваад уг архийг уучхаад цахилгаан шугам сүлжээний хажууд ирээд би утсаа барьцаанд тавиад дахин нэг шил архи аваад уг архийг ууж дуусгачхаад дахин архи авах гэж байгаад Б той цуг явж байсан нэрийг нь мэдэхгүй, өндөр залуутай маргалдсанаас болоод шууд намайг барьж аваад толгойгоороо хамар руу минь мөргөсөн.

Миний хамарнаас цус гарсан ба би цагдаа руу очно гэхэд минь дахин барьж аваад толгой болон цээж хэсэг рүү гараараа цохсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/,

- Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...уг архийг уучхаад бид нар тарахаар болоод А  болон Ж  нар машинтай яваад өгсөн. Тэднийг явсны дараа С  болон Ж  нар хоорондоо хэрэлдээд С  нь Ж ын хамар руу цохисноос Ж ын хамарнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

- Хохирогч Ж ын БӨ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 13-21 дүгээр хуудас/,

- Хохирогч Ж аас гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 24-28 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б  2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн: “1. Иргэн Ж ын баруун зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б , Ж , А нарын хамт 17 цагийн үед Тирлик захад байдаг гуанзанд очоод хоол идээд сууж байгаад Б ын таньдаг залуутай тааралдсан. Уг залуугийн нэрийг нь Ж  гэж нэрлэдгийг нь би сүүлд мэдсэн юм. Ж  Б д архи авч өгөхөөр болоод бид нар уг гуанзнаас гараад машинд суугаад дэлгүүрээс очоод Улаанбаатар нэртэй 0,75 гр-ын архи авч цахилгаан шугам сүлжээний газрын хажууд очоод архийг машин дотор сууж байгаад ууцгаасан юм. Уг архийг уучхаад би утсаа дэлгүүрт барьцаанд тавиад “Арвай” нэртэй архи авсан. Уг архийг уучхаад би А гэх машины жолоочтой юм яриад зогсож байтал Ж  ирээд та хоёр хэрэлдээд байх зүйл байхгүй гэх мэтээр үг хаяад хэрүүл өдөөд байхаар нь би түүний нүүр рүү нэг удаа мөргөтөл тэр миний баруун талын нүдний хэсэг гараараа нэг удаа цохисон юм. Тэгтэл Ж ын хамраас нь цус гарсан ба Б  ирээд биднийг салгаж авсан ба Ж  цагдаад дуудлага өгсөн. Ж ын цагдаад дуудлага өгснийг мэдээд би зугтаагаад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С  нь иргэн Ж ыг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С аас шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна хэмээн мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч С ы хохирогч Ж ын эрүүл мэндэд “баруун зүүн талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн  шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн зүй бус харилцаа нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С  нь хохирогч Ж тай сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлын улмаас үүсэн үр дагавар буюу хор уршиг болох 50.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С  нь хохирогч Ж тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 5/5 дугаартай саналд яллагдагч С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч С д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч С д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч С ы хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т