Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 4078

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан, 1 дүгээр хэсэг гудамж, 1-21 тоотод оршин суух Боржигин овогт Дагмидын Янжмаа /РД:ЧИ58092325/-гийн гаргасан,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Виста оффис 4 давхар /РД:2714728/ хаягаар үйл ажиллагаа явуулдаг “Мфикс капитал” ХХК-нд холбогдох Орон сууцны болон  авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Янжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Миний бие “Мфикс капитал” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 44А байрны 13 тоот, 4 өрөө бүхий 132 м,кв талбайтай орон сууцыг 1 м,кв талбайг 1,350,000.00 төгрөгөөр тохирч, нийт 178,200,000.00 төгрөгөөр мөн зоорийн давхрын 164 тоот 18 м,кв талбай автозогсоолыг захиалж, 14,000,000 төгрөгөөр тохирч, төлбөр болох нийт 192,200,000.00 төгрөгийг 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бүрэн төлсөн.

 

 Миний зүгээс тус орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Хан Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан боловч банкны барьцаанд байгаа, Шийдвэр гүйцэтгэх албаны албан тоотоор битүүмжлэгдсэн гэсэн хариу өгч, гэрчилгээг гаргах боломжгүй гэсэн.

 

Нэхэмжлэгч Д.Янжмаа би тус орон сууцыг автозогсоолын хамт 2011 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд амьдарч байгаа бөгөөд хариуцагч талд төлбөрийг бүрэн төлсөн болно.

 

Иймд, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 44А байрны зоорийн давхрын 13 тоот, 4 өрөө 132 м,кв талбайтай орон сууцыг 1 м,кв талбайг 1,350,000.00 төгрөгөөр тохирч, нийт 1,78,200,000.00 төгрөгөөр мөн зоорийн давхрын 164 тоот 18 м,кв талбай автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Д.Янжмаа нь 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 44А байрны 13 тоот, 4 өрөө бүхий 132 м,кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхрын 164 тоот 18 м,кв талбай автозогсоолыг захиалан бариулж, төлбөр тооцоог барагдуулсан болно.

 

Иймд, нэхэмжлэгч Д.Янжмааг Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 44А байрны 13 тоот, 4 өрөө бүхий 132 м,кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхрын 164 тоот 18 м,кв талбай автозогсоолын өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр  иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах ба гагцхүү хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Янжмаа нь “Мфикс капитал” ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 44А байрны 13 тоот, 4 өрөө бүхий 132 м,кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхрын 164 тоот 18 м,кв талбай автозогсоолыг захиалан бариулж, хүлээн авахаар тохирч, Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба  захиалагч Д.Янжмаа нь төлбөрийг 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн Капитрон банкин дахь дансанд төлсөн байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, шаардлагын хэмжээгээ багасгах, татгалзах, эвлэрэх эрхтэй бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Мфикс капитал” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд байгаагаас гадна захирамжийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.

 

Хэдийгээр нэхэмжлэлд дурьдснаар ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 44А байрны 13 тоот, 4 өрөө бүхий 132 м,кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхрын 164 тоот 18 м,кв талбай автозогсоол нь банкны барьцаанд байгаа боловч Ажил гүйцэтгэх гэрээгээр барьж гүйцэтгэсэн орон сууц, автозогсоолыг хариуцагч тал нь нэгэнт гүйцэтгэсэн ажлын үр дүн учраас захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул дээрх автозогсоолуудыг гэрээний дагуу барьж гүйцэтгэж, бий болгосноор нэхэмжлэгч Д.Янжмааг хууль ёсны өмчлөгч гэдгээс татгалзахгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ажээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 болон 35 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.

 

Зохигчид уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор болж, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С.Баяр-Эрдэнэ /РД:НЭ89102615/, мөн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Галтаа /РД:ШВ84081714/ нарт итгэмжлэл олгож, тэдгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгч, хариуцагчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох С.Баяр-Эрдэнэ, Ц.Галтаа нар хуулиар олгосон бүхий л эрхийг эдэлж, үүрэг хүлээх тул хариуцагч “Мфикс капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

 

 Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь ийм бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас түүнийг бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн болон үүний улмаас хариуцагч “Мфикс капитал” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

 

Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагчийн зөвшөөрөл нь тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

 

Иймд, Д.Янжмаагийн гаргасан “Мфикс капитал” ХХК-нд холбогдох Орон сууц болон автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Д.Янжмаагийн гаргасан “Мфикс капитал” ХХК-нд холбогдох Орон сууц болон автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгч Д.Янжмаагийн гаргасан Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхон, 44А байрны 13 тоот, 4 өрөө бүхий 132 м,кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхрын 164 тоот 18 м,кв талбай автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч “Мфикс капитал” ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Янжмаагаас төлсөн 70,200.00 төгрөгийн тал хувь болох 35,100.00 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас, үлдэх 35,100.00 төгрөгийг хариуцагч “Мфикс капитал” ХХК-иас гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.МАНДАЛБАЯР