Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 4038

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 72б байрны 09 тоотод оршин суух Н.Гантулга /РД:СД85112014/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 42 дугаар байрны 970 тоотод оршин суух Д.Туяа /РД:СД59061008/ нарын гаргасан

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Жуковын 55/1 Оросын худалдааны төлөөлөгчийн газарт байрлах Тэлмэн констракшн ХХК-нд холдогдох Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг хүчингүй болгуулж, 14,373,676.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Н.Гантулга, Д.Туяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            Тэлмэн констракшн ХХК-ийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Шинэ налайх хорооллын 11А байрны 2 дугаар орцны 2 давхрын 19 тоот хаягт байрлах 37.28 м,кв талбайтай 2 өрөө байрыг 1 м,кв талбайг 1,190,000.00 төгрөгөөр тооцож, нийт 44,363,200.00 төгрөгөөр худалдаж авахаар тус компанитай харилцан тохиролцон 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 0378 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.

 

            Энэхүү гэрээний дагуу бид урьдчилгаа төлбөрт 13,308,960.00 төгрөг төлж, гүйцэтгэгч тал 2014 оны 3-4 улиралд орон сууцыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн юм.

 

            Гэтэл тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй удсан тул бид 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дээрх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан авахыг хүссэн. Гэтэл тус компаниас гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа тухайн гэрээний 6.1-д заасан 10 хувийн торгуулийг гэрээ цуцалсан гэж суутгаж, 8,872,640.00 төгрөгийг буцаан өгөхөөр шийдвэрлэсэн байсан.

            Энэ асуудлаар бид тус компанийн захирал З.Зандантай уулзахад тэрээр байр зарагдсаны дараагаар төлбөрийг бүрэн олгох тухай шийдвэр гаргасан юм. Гэтэл уг компанийн байр ашиглалтанд орж, худалдагдахыг удаан хүлээж өнөөдрийг хүрсэн, 0378 тоот гэрээний хууль зөрчсөн заалтуудыг үндэслэн бидний эд хөрөнгөө дураараа захиран зарцуулах эрх ашгийг хохироож байна.

 

            Иймд, хариуцагч Тэлмэн констракшн ХХК-иас Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг хүчингүй болгуулж, 14,373,676.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Тэлмэн констракшн ХХК-ийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:

 

            Шинэ налайх хорооллын орон сууц хугацаандаа ашиглалтанд орохгүй хойшилж байсны шалтгаан нь хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай холбоотой. Орон сууцыг хүлээн авах улсын комиссын үйл ажиллагааг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулан ажиллаж байхад тус газрын захиалгаар бохир ус зайлуулах, төвлөрсөн цэвэрлэх байгууламжид холбогдох Туул-1 төслийн хүрээнд гүйцэтгэсэн шугам сүлжээний сорилт, туршилт бүрэн хийгдэж дуусаагүй байсан.

 

            Мөн Шинэ налайх хорооллын Ф300-500 мм-ийн 22 км-ын урттай шугам угсралтын ажлыг хүлээн авах комисс 2013 онд ажиллаж байсан боловч Ургах наран хороолол зөвшөөрөлгүй дур мэдэн бохир усаа холбож, холбогдоогүй битүү шугамыг бохир, лагаар дүүргэсэн зөрчил гарснаас болж улмаар хөлдөлт үүсч, тус шугамыг засварлах, хэвийн ажиллагаанд  оруулах шаардлагатай зэрэг төр, засгийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас улбаалан хойшлогдсон. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн талаар зохицуулж, дээр дурьдсан нөхцөл байдлуудаас шалтгаалан орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй.

 

            Гэрээний 6.1, 6.2 дахь заалтын хувьд талууд анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан, захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд 10 хувийн торгууль хүлээж, дараагийн захиалагчийн мөнгө орж ирснээр урьдчилгаа төлбөрийг буцаан олгохоор харилцан тохиролцсон учраас хууль зөрчөөгүй.

 

            Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирчээ. Үүнд:

 

  1. Нэхэмжлэгч Н.Гантулга, Д.Туяа нар нийт нэхэмжилсэн 14,373,676.00 төгрөгийн 1,064,716.00 төгрөгөөс татгалзах,
  2. Хариуцагч Тэлмэн констракшн ХХК-ийн зүгээс 13,308,960.00 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулах,
  3. Тэлмэн констракшн ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,308,960.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 224,494.00 төгрөгийн хамт, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг тус тус бэлнээр эсхүл нэхэмжлэгч Н.Гантулгын Хаан банкин дахь 5024501265 тоот дансанд төлөхөөр болжээ.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр  иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах бөгөөд гагцхүү энэхүү эвлэрэл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөхгүй байх хуулийн зохицуулалттай.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Н.Гантулга, Д.Туяа нар 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Тэлмэн констракшн ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Шинэ налайх хорооллын 11А байрны 2 дугаар орцны 2 давхрын 19 тоот хаягт байрлах 37.28 м,кв талбайтай 2 өрөө байрыг 1 м,кв талбайг 1,190,000.00 төгрөгөөр тооцож, нийт 44,363,200.00 төгрөгөөр авахаар тохирсон ба тэдгээрийн хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

Захиалагч Н.Гантулга, Д.Туяа нь тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар урьдчилгаа төлбөрт 13,308,960.00 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөхөөр болсон ба гүйцэтгэгч тал орон сууцыг 2014 оны 3 дугаар улирлаас 4 дүгээр улиралд багтааж барьж, хүлээлгэн өгөхөөр болсон байна.

 

Гэвч хариуцагч Тэлмэн констракшн ХХК-ийн барьж буй тухайн орон сууц тодорхой шалтгааны улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй тул захиалагч болон гүйцэтгэгч нар харилцан тохиролцоод 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц захиалах гэрээг цуцалж, захиалагчаас төлсөн 13,308,960.00 төгрөгийг буцаан олгох болоход тус гэрээний 6.1, 6.2-т заасан торгууль авах, захиалсан байрыг бусад этгээд худалдан авч, мөнгө шилжин орж ирсэн тохиолдолд урьдчилгаа төлбөрөөс холбогдох торгуулийг хасч, шилжүүлэх тухай заалтыг захиалагч нар үл хүлээн зөвшөөрч, ийнхүү нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч Н.Гантулга, Д.Туяа нар нийт нэхэмжилсэн 14,373,676.00 төгрөгийн 1,064,716.00 төгрөгөөс татгалзах, хариуцагч Тэлмэн констракшн ХХК-ийн зүгээс 13,308,960.00 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,308,960.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 224,494.00 төгрөгийн хамт, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг тус тус бэлнээр эсхүл нэхэмжлэгч Н.Гантулгын Хаан банкин дахь 5024501265 тоот дансанд төлөхөөр болсон байна.

 

Энэхүү хэргийг шүүхээс шийдвэрлэх ажиллагаанд шүүхэд болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талуудын эвлэрэл нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд байгаа ба  зохигчид Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас энэхүү эвлэрэл нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрэх эрхтэй бөгөөд тус хуулийн 32 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.

 

Зохигчид энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Т.Баярдалай, мөн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр С.Хатанзориг, Д.Тамир, М.Эрдэнбилэг нарт итгэмжлэл олгож, тэдгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгч, хариуцагчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Т.Баярдалай, М.Эрдэнэбилэг нар хуулиар олгосон бүхий л эрхийг эдэлж, үүрэг хүлээх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчид ийнхүү эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

 

 Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хоорондоо харилцан тохиролцон эвлэрч, гэрээ байгуулсан нь бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас бүрэн эрхгүй этгээд эвлэрсэн гэж үзэхгүй юм.

 

Ийнхүү дээр дурьдснаас тус тус дүгнэвэл талуудын эвлэрэл тэдгээрийн хоорондын гэрээний харилцаанаас бий болсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгч Н.Гантулга, Д.Туяа нарын гаргасан хариуцагч Тэлмэн констракшн ХХК-нд холбогдох Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг хүчингүй болгуулж, 14,373,676.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Н.Гантулга, Д.Туяа нар нийт нэхэмжилсэн 14,373,676.00 төгрөгийн 1,064,716.00 төгрөгөөс татгалзах, хариуцагч Тэлмэн констракшн ХХК-ийн зүгээс 13,308,960.00 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,308,960.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 224,494.00 төгрөгийн хамт, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг тус тус бэлнээр эсхүл нэхэмжлэгч Н.Гантулгын Хаан банкин дахь 5024501265 тоот дансанд төлөхөөр болсныг тус тус дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Эвлэрлийн гэрээнд тус тус зааснаар Н.Гантулга, Д.Туяа нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэлмэн констракшн ХХК-иас 224,494.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

                                   

 

 

 

   ШҮҮГЧ                                Б.МАНДАЛБАЯР