Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 4034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 11-106 тоот хаягт оршин суух Ноён цорс овогт Батхүүгийн Даваадалай /рд:ЧД75090213/-гийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 18 тоот хаягт байрлах Цагдаагийн ерөнхий газарт холбогдох ажилгүй байсан хугацааны 19 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор 11,972,204.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

          Нэхэмжлэгч Б.Даваадалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 тоот шийдвэрээр Б.Даваадалай намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 9 сар, 7 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 5,871,500.00 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах болон Улсын дээд шүүхээс тус тус хянаж, хэвээр үлдээсэн.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 дугаартай шийдвэрээр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгож, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулж, Захиргааны шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн юм

 

            Гэтэл хариуцагч Цагдаагийн ерөнхий газар 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна.

 

            Иймд, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 19 /арван ес/-н сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 11,972,204.00 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

              Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хариу тайлбартаа:

 

             Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 тоот шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 тоот тушаалын Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,871,500.00 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

            Уг шийдвэрийг хариуцагч талаас давж заалдсан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн магадлал, хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 тоот тушаалаар Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилсон.

 

            Мөн шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны олговор болох 5,871,500.00 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны холбогдох дансанд шилжүүлсэн.

 

            2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Цагдаагийн албаны тухай хууль мөрдөгдөж эхлэсэн ба Хууль зүйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/266, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/12, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/167 тоот тушаалаар Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, Цагдаагийн ерөнхий газарт Мөрдөн байцаах газар гэсэн бүтэц буюу харьяа нэгжгүй болсон.

 

            Цагдаагийн байгууллагын дээрх хууль тогтоомжийн хүрээнд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг бүх шатанд шинээр хийсэн бөгөөд чиглэлийн ахлах гэх ажлын байр байхгүй болж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын зарим бүтэц, орон тоог нэгтгэж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг шинээр байгуулсан.

 

            Энэ бүтцээр нэхэмжлэгч Б.Даваадалайгийн урьд эрхэлж байсан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс шинэ бүтцээс хасагдаж, тус хэлтэс мөрдөхөөр харьяалал тогтоосон хэргүүдийг нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст шалгагдах болсон.

 

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Мөрдөн байцаах газрын хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагчийн ажлын байрны тодорхойлолтын дагуу мөн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн баталсан Нийслэлийн цагдаагийн газрын хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчийн ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын ангилал, зэрэглэлээр ТТ-125 байхаар тогтоосон.

 

            Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар Б.Даваадалайгийн цалин хөлсийг бууруулахгүйгээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай ижил албан тушаалд томилсон боловч тэрээр одоог хүртэл томилсон ажилд ажиллаагүй нь цаашид түүний Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болж байна.

 

            Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

              Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай ижил албан тушаалд томилох шийдвэр гарсан боловч хариуцагч Цагдаагийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, дахин явуулахаар сэргээсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаад байгаа шиг ижил албан тушаалд томилсон зүйл биш юм.

 

            Угаасаа хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал хариуцагчийн зүгээс биелүүлээгүй өдий хүрч байна.

 

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх тул бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/169 тоот тушаалаар Б.Даваадалайгийн цолыг сэргээсэн, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 88 тоот тушаалыг шүүхэд өгсөн, энэ тушаалаас Б.Даваадалайгийн урьд эрхэлж байсан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс шинэ бүтцээс хасагдсан гэдэг нь тодорхой харагдах юм.

 

            Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай өмнөх тайлбар, татгалзлаа дэмжиж байна гэв.

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох болон бусад баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

 

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 тоот шийдвэр,
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 388 тоот магадлал,
  3. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 265 тоот тогтоол,
  4. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 629 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж,
  5. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 70 тоот гүйцэтгэх хуудас,
  6. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх тухай 55 тоот тогтоол,
  7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 тоот шийдвэр,
  8. Нэхэмжлэгч Б.Даваадалайгийн иргэний үнэмлэхийн хуулбар,
  9. Нэхэмжлэгч Б.Даваадалайгийн 2013 оны цалингийн карт,
  10. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын хариу тайлбар,
  11. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 тоот шийдвэрийн биелэлтийн хүрээнд 5,213,663.00 төгрөг шилжүүлсэн тухай баримт,
  12. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 тоот тушаал,
  13. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын өдрийн Б/241 тоот тушаал,
  14. Ажлын байрны тодорхойлолт,
  15. Нэхэмжлэгч Б.Даваадалайгийн Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа,
  16. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 88 тоот тушаал,
  17. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/169 тоот тушаал,
  18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэл.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Даваадалай нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны 19 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговорт 11,972,204.00 төгрөг гаргуулах тухай, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Харин хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын зүгээс Б.Даваадалайд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц ижил ажил, албан тушаалд томилсон, өмнөх цолыг сэргээж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж  мэтгэлцэж байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Нэхэмжлэгч Б.Даваадалай нь Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаар Цагдаагийн дэд хурандаа цолтойгоор ажиллаж байсныг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 тоот тушаалаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаар томилж, улмаар 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 669 дүгээр тушаалын дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Энэхүү шийдвэрт нэхэмжлэгч Б.Даваадалайгаас гомдол гаргасныг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 669 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 235 тоот тушаалаар түүнийг 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаар ажилласнаар тооцжээ.

 

Харин Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 тоот шийдвэрээр Б.Даваадалайг Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагчийн үүрэгт ажлаас 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаар томилон шийдвэрлэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэж, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүх тус тус хэвээр баталсан байна.

 

 

  Ийнхүү Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 тоот шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 30 тоот тушаал гаргаж, түүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, Хууль зүйн сайдын 2014 оны А/194 тоот тушаалаар баталсан Цагдаагийн албан тушаалын цол олгох журмын дагуу Цагдаагийн хошууч цол олгохоор шийдвэрлэжээ.

 

Гэвч нэхэмжлэгч Б.Даваадалайгийн зүгээс тус Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 30 тоот тушаалыг шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандаж, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 629 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 70 тоот гүйцэтгэх хуудсыг тус тус гаргуулж, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Захиргааны хэргийн шүүхийн дээрх 336 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан ба хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон гэсэн үндэслэлээр 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч Б.Даваадалай тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих ёсоор хэрэгжээгүй, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 тоот тушаал нь түүний ажил, албан тушаал, цолыг бууруулсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар татаж, тус албаны 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 489 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Б.Даваадалайгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох уг хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 тоот шийдвэр гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 489 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын зүгээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар 17-ны өдрийн 336 тоот шийдвэрээр Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохдоо 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 30 тоот тушаал гаргаж, түүнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, Цагдаагийн хошууч цол олгохоор шийдвэрлэснийг буруу гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийн 336 тоот шийдвэрээр Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан байтал хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын зүгээс одоо болтол тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэвээр байгаа ажээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

 

Нэгэнт Захиргааны хэргийн шүүх Б.Даваадалайгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж, түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалыг дүгнэхдээ Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Цагдаагийн байгууллагын шинэ бүтцээр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын харьяа Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон өөрчлөгдсөн байх бөгөөд Мөрдөн байцаах газар нь Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс тус тус бүрдэхээр болсон гэж дүгнэсэн байхад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, Цагдаагийн хошууч цол олгохоор шийдвэрлэсэн нь буруу гэдгийг шүүх тогтоосон байна.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх  газрын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг батлах тухай 88 тоот тушаалаас үзвэл нэхэмжлэгч Б.Даваадалайгийн урьд эрхлэж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц зохион байгуулалтын бүтэц, ажил албан тушаал байх ба хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 30 тоот тушаалыг гаргаснаас хойш Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар 17-ны өдрийн 336 тоот шийдвэрийг биелүүлэх талаар идэвхитэй үйлдэл хийгээгүй байна.

 

Хэдийгээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/169 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Даваадалайгийн Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээж, түүнд буцаан олгосон байх боловч түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилох тухай шүүхийн шийдвэр одоо хүртэл зохих ёсоор биелэгдээгүй, тус шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 30 тоот тушаал гаргасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тооцогдоогүй, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь буцаан томилоогүй байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд, дээр дурьдснаас тус тус дүгнэвэл хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын зүгээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар 17-ны өдрийн 336 тоот шийдвэрийг биелүүлээгүй, үүнээс улбаалан нэхэмжлэгч Б.Даваадалай нь ажилгүй байгаа бөгөөд тэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжлэх эрхтэй байхаас гадна хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийгдээгүй байх тул хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийх нь зүй ёсны болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.Даваадалайгийн гаргасан хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт холбогдох ажилгүй байсан хугацааны 19 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор 11,972,204.00 төгрөг гаргуулах тухай, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,972,204.00 төгрөгийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Даваадалайд олгох, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.грөг осугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР