Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 126/2019/0001/З |
Дугаар | 221/МА2021/0197 |
Огноо | 2021-04-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2021/0197
“Х а Э х х
х” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга А.Б-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч В.Э, гуравдагч этгээд Л.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Н.Б-ийн өмгөөлөгч Н.Т нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй, “Х а Э х х х” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга А.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 2-ын 1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х а Э х х х” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаартай захирамжийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооноос иргэн П.Бд газар эзэмших эрх эзэмшүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах хэсэг болох П.Бээс Н.Бд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаартай захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах Н.Б-өөс Л.Ч-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Х а Э х х х” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга А.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Б.М нараас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Б.Л агсан “Х а Э х х х” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл буюу тэргүүлэгчдээс зөвшөөрөл авах шаардлагатай байсан эсэх, түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр эсэх, удирдах зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр эсэхийг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй...” гэсэн мөртлөө “...Б.Л агсан Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-ын 1 дэх хэсэгт зааснаар байгууллагаа төлөөлөх эрхтэй юм...” гэж дүгнэсэн учир дутагдалтай, ойлгомжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хуульчилж “удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах” эрхтэй гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Б.Л агсан нь удирдах зөвлөл буюу тэргүүлэгч гэх \Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо төрийн бус байгууллагын 1998 оны дүрэмд заасан/ 5 хүний хамтын шийдвэр, тогтоолоор олгосон эрх хэмжээ, зөвшөөрлийн хүрээнд тус төрийн байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах хязгаарлагдмал эрхтэй байсан байхаар ойлгогдоно.
Иймд дээрх хуулийн зохицуулалтаас харахад Хөвсгөлд аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоог гүйцэтгэх захирал Б.Л нь шууд төлөөлөх эрхтэй гэсэн үг биш юм.
2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Б.Л нь газар эзэмших гэрчилгээ бусдад шилжүүлэх хүсэлт ирүүлсний дагуу газар эзэмших гэрчилгээг шилжүүлсэн нь хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна...” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 38.3-т зааснаар Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна гээд “38.3.1 энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”,-ийг шалгахаар заажээ.
Гэтэл 38.2 дугаар зүйлийн 38.2.1-т “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ”, гэж тусгайлан зааж өгсөн байтал дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангуулахгүйгээр газар эзэмших эрхийг гэрчилгээ шилжүүлсэн нь хариуцагчийг буруутгах үндэслэл болсон.
Өөрөөр хэлбэл, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байх хуулийн шаардлага нь Нотариатын тухай хуулиар зохицуулагдах харилцаа бөгөөд мөн хуулийн 31.1 дүгээр зүйлийн 31.1.4-т зааснаар “...үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал”, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл болох бөгөөд тухайлсан маргаан бүхий харилцааны тухайд газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эрх зүйн үр дагаврыг бий болгох ёстой байжээ.
Хэдий шүүхийн шийдвэрт “...Засаг дарга эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахдаа төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн шийдвэртэй эсэхийг тодруулдаг байхаар хуульд заагаагүй...” гэх боловч дээр дурдсан гэрээ, хэлцэл гэрчлэх нотариатын үйлдэл хийгдсэн эсэхийг тодруулж буй үйл ажиллагаа нь хэлцэл хийгч нэг тал болох Б.Л агсны “Х а Э х х х”-г төлөөлөх эрхтэй эсэхийг давхар шалгах ёстойг Засаг даргад давхар үүрэг болгожээ.
Мөн тухайн үед Б.Л агснаас газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлт ирүүлсэн нь хариуцагчийн хувьд хууль ёсны баримт байх боломжгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ байгууллагын тамга, тэмдэгтэй, байгууллага төлөөлөх эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй албан тоотоор шилжүүлдэг байсан, байгууллагын тамга, тэмдэгтэй албан бланкыг нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаггүй...” болон шүүхийн шийдвэр үндэслэх хэсгийг тайлбарласан даргалагч шүүгч Ж.Гийн “...Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дээрх үйл ажиллагаанд ийм практикт нэгэнт тогтсон байх тул үүнийг илт хууль бус гэж үзэх боломжгүй юм...” гэх аман тайлбар зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх” зарчмыг үгүйсгэж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасан нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байх хуулийн шаардлагыг үл хайхарсан байж боломгүй зүйл юм.
Нөгөө талаас шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...П.Б, Н.Б, Л.Ч нарын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэгжих учиртай...” гэж дүгнэсэн байдаг.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар “хууль ёсны итгэлийг хамгаалах гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэсэн байна.
Гэтэл Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн...” гэж заасан тул уг маргаан бүхий газрын өмчлөгч нь төрийн эрх бүхий байгууллага байх тул мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн байх боломжгүй тул хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй юм.
Харин хавтаст хэрэгт авагдсан “Х а Э х х х” НҮТББ-ын 2012 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 4\111 дугаартай Б.Л агсан болон П.Б нарын маргаан бүхий газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж ойлгохоор агуулга бүхий албан бичиг болон бусад баримтуудад үндэслэл болговол мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар яригдаж болох юм.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьд шийдвэрлэгдэж, хүчингүй болсон анхан шатны шүүх хуралдаанд “...далд эдийн засаг” гэж тайлбарлах, улмаар төрийн мэдлийн газрыг эрх шилжүүлж байгаа нэрийдлээр худалдан борлуулж, наймааны хэсэг болгож буй хэсэг бүлэг хүмүүсийн хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаа хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай.
Мөн “...Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар төрийн бус байгууллагын өмнөх удирдлагын шийдвэр үйл ажиллагаа хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй...” гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Угтаа хүсэл зоригийн илэрхийлэгч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон явдал нь хэлцэл, хүсэл зориг, түүний илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй хэдий ч уг хэлцэл болон хүсэл зоригийн илэрхийллийг үүнээс өөр үндэслэлээр буюу Б.Л агсан тухайн хэлцлийг хийхэд “Х а Э х х х” НҮТББ-ыг төлөөлөх эрхгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэхэд саад болохгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахыг хүссэн эрх, ашиг сонирхол нь өөрөө хууль ёсны байна.
3.Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ талууд Газрын тухай хуулийн 38.2 дугаар зүйлд заасан баримтуудыг хавсаргахаар заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дурдахдаа 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө дээрх заалт байгаагүй мэтээр тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлтэй биш болсон.
Энэхүү өөрчлөлт орсон гэх заалт нь зөвхөн Газрын тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 38.2.3 дахь заалт хамаарч байхад бусад заалтыг хамааруулсан нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.
Дөрөв. Анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 0442 дугаартай магадлалын заалтыг хэрэгжүүлсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ алдаа гаргаж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан заалтыг хууль ёсны дагуу хэрэгжүүлээгүй нь гаргаж байгаа шийдвэр нь илтэд алдаатай шийдвэр болсон тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Батбаатар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...1.анхан шатны шүүхийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дугаар хуудас 3 болон 4 дэх догол мөрөнд ...Б.Л агсан нь Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирлын хувьд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-ын 1 дэх хэсэгт зааснаар байгууллагаа төлөөлөх эрхтэй юм. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна” гэж заасан бөгөөд дүрэмд удирдах зөвлөлийн даргатай байх, түүний эрх хэмжээний талаар заагаагүй харин холбооны даргын эрх хэмжээг зааж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.” гэжээ.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-ын 1 дэх хэсэгт Гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах; мөн зүйлийн 1-д “...удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах” гэж заасан байна.
Энэ нь төрийн бус байгууллагын аливаа өмч хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг гаргахдаа удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээнд буюу удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирал нь эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байхаар байна. Гэтэл тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал асан Б.Л нь удирдах зөвлөл буюу холбооны бусад тэргүүлэгч гишүүдийн хамтын шийдвэргүйгээр дур мэдэн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан ба ийнхүү газар шилжүүлэх хүсэлт гаргах эрх хэмжээ түүнд олгосон эсэх асуудлыг нягтлалгүйгээр Засаг дарга хүлээн авч шууд шийдвэрлэсэн нь Засаг даргын ажлын шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байхад шүүх Засаг дарга ирүүлсэн бичиг баримтын үнэн зөв эсэхийг шалгах үүрэггүй гэж үзсэн нь буруу болжээ.
2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 22 дугаар хуудсанд “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ байгууллагын тамга, тэмдэгтэй, байгууллага төлөөлөх эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй албан тоотыг авч, иргэнээс өргөдлийг бичүүлж аваад шилжүүлдэг байсан. Учир нь байгууллагын тамга, тэмдэгтэй албан бланкыг нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаггүй. Харин 2 иргэн хоорондоо газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх болбол гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаг байсан..." гэснээс үзэхэд нотариатаар гэрчлүүлсэн гэрээг шаардахгүйгээр Засаг дарга шийдвэр гаргасан байна. Захиргааны байгууллагаас тавьсан энэ шаардлагын хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгч, авч байгаа иргэн, хуулийн этгээдийн буруу биш..." хэмээн анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлахгүйгээр зөвхөн хариуцагч талын гаргасан үндэслэлгүй тайлбарыг баримтлан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т зааснаар нотариатаар гэрчлүүлсэн гэрээг эрхийн гэрчилгээг шилжүүлж байгаа талууд хавсаргах бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; гэж заасны дагуу газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд “нотариатаар гэрчлүүлсэн гэрээг” заавал хавсаргах бөгөөд хуульд заасан шаардлагын дагуу энэхүү гэрээг хавсаргасан эсэхийг Засаг дарга тодруулах үүрэгтэй байна.
Гэтэл тус ТББ-аас гаргасан хүсэлт, иргэн П.Б, Н.Б нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг үндэслэн нотариатаар гэрчлүүлсэн гэрээг шаардахгүйгээр Засаг дарга шийдвэр гаргаж байгаа нь газрын тухай хуулийг зөрчсөн шийдвэр байна.
Түүнчлэн Иргэд хоорондын газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нотариатаар баталгаажуулж болдог, харин Аж ахуй нэгж, иргэн хоорондын энэ төрлийн гэрээг баталгаажуулахыг шаарддаггүй гэж хариуцагчийн гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хөдөлшгүй нотлох баримтаар үнэлж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
3.“...төрийн бус байгууллагын удирдах зөвлөл буюу тэргүүлэгчдээс зөвшөөрөл авах шаардлагатай байсан эсэх,...захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй бөгөөд иргэний хэргийн шүүхийн...маргаанд хамаарна” гэж үзсэн байна.
Энэхүү маргааны үндсэн гол асуудал нь "газар шилжүүлэх эрх хэмжээ олгогдоогүй байхад өөрийн албан тушаалын байдлыг ашиглан газар шилжүүлэх бичиг баримтыг үйлдэж гуравдагч этгээдэд төлбөртэйгөөр шилжүүлж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм.
Үүнээс үзвэл 1 дүгээрт, газар шилжүүлэх эрх хэмжээ олгогдсон эсэхийг шүүхээс тогтоох ёстой, тэгэхэд энэ асуудлыг уучлаарай захиргааны маргаан биш иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх маргаан гэж үзсэн нь шүүхийн зүгээс гаргаж байгаа хамгийн том алдаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Уг хэрэгт оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Манлайбаяр нарын гаргасан давах гомдол дээр нэмэлтээр гаргаж байгаа болно” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Бгаас Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаартай захирамжийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбооноос иргэн П.Бд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах хэсэг болох П.Бэс Н.Бд газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах Н.Бөөс Л.Чод газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчээс “гүйцэтгэх захирал Б.Л нь удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр төрийн бус байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн албан бичгийг үндэслэн хариуцагчаас нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ байхгүй байхад газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас “төрийн бус байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийг үндэслэн газрын эрхийг бусдад шилжүүлсэн” гэж тус тус маргажээ.
1.Нэхэмжлэгч “Х а Э х х х”-г 1992 онд хувьчилж, 1998 оны 01 дүгээр сарын 08-ны байдлаар тус холбоо нь 18 хоршоо, 1 компани бүгд 19 гишүүнтэй, тэрээр сумдын хоршоодын эрх ашгийг хамгаалах, гишүүдийг төрийн болон бусад байгууллагуудад төлөөлүүлж оролцуулах, төв, орон нутгийн үйлдвэр албан газруудтай гэрээгээр ажиллаж, бүтээгдэхүүнийг хөдөө худалдах, зуучлах, гишүүддээ болон хөдөөгийн малчдад үйлчлэх зорилготой төрийн бус байгууллагын хэлбэрээр ажилладаг байжээ[1].
Хоршооны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус холбоо нь ээлжит бус хурлаа 1998 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр хуралдуулан, дүрмээ баталж, удирдах зөвлөлийн гишүүд, холбооны даргын анкетыг баталгаажуулан[2], эдгээр материалыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд, холбооны дарга Б.Л хүргүүлж, түүний хүсэлтийг үндэслэн Хууль зүйн яамнаас Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо ТББ-ийг 1998 оны 06 дугаар сарын 09-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ[3].
Хоршооны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хоршоо хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх буюу хоршооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, санхүү, аж ахуйн зэрэг асуудлыг хянан шалгаж, нийтлэг удирдлагаар хангах чиг үүргийг Хоршоодын холбоо хэрэгжүүлнэ.”, 36.2-т “Хоршоодын холбоо нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага байна.”, 36.3-д “Хоршоодын холбооны талаархи энэ хуульд зааснаас бусад асуудал нь Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдана.” гэж заасан.
Мөн Хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Тэргүүлэгчид нь дарга, хоёр буюу түүнээс дээш гишүүнээс бүрэлдэх ба Тэргүүлэгчдийн дарга нь хоршооны дарга байна.”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хоршооны дарга бүх гишүүдийн хурлыг даргалж, бүх гишүүдийн хурлын болон Тэргүүлэгчдийн шийдвэрт гарын үсэг зурна.” гэж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах;” гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч “Х а Э х х х” төрийн бус байгууллагын хувьд дарга бөгөөд удирдах зөвлөлийн даргаар Б.Л ажиллаж байсан, тэрээр тус холбоог төлөөлөн бусад байгууллагад явуулж байсан баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхтэй, уг бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан гэдэг нь хурлын протокол[4], удирдах зөвлөлийн гишүүдийн анкет[5], Хууль зүйн яаманд хүргүүлсэн албан бичиг[6], Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг[7], Холбооны 1998 онд баталсан дүрмийн Гурав дахь хэсгийн 7-д “... Холбооны дарга нь холбооны нэрийн өмнөөс төр, улс, олон нийт, аж ахуйн бусад нэгжүүд болон гадаадын байгууллагатай харилцаж гэрээ байгуулах, итгэмжлэл олгох, тушаал гаргах эрхтэй.” зэргээр тогтоогдож байна.
Иймд “Х а Э х х х” төрийн бус байгууллагыг төлөөллийг хэрэгжүүлж, тус байгууллагаас бусад байгууллагад явуулах аливаа албан бичигт гарын үсэг зурах бүрэн эрхтэй Холбооны дарга Б.Лгийн гарын үсэгтэй газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргыг буруутгах үндэслэлгүй юм.
Учир нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.” гэж, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх.”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заажээ.
Эдгээр хуулийн заалтаас дүгнэхэд, хариуцагч Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхдээ тухайн “Х а Э х х х” төрийн бус байгууллагын дарга бөгөөд удирдах зөвлөлийн дарга Б.Л нь холбооны удирдах зөвлөл, тэргүүлэгчдийн зөвшөөрлийг авсан эсэх, тэдгээрийн шийдвэр байгаа эсэхийг шалгах үүрэг хуулиар түүнд хүлээлгээгүй тул нэхэмжлэгчийн маргаж буй “удирдах зөвлөлийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Маргаж буй газрын хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 90 дүгээр шийдвэрээр Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршоодын холбоонд 210700235 нэгж талбар бүхий 5600 м2 газрыг 40 жилийн хугацаатай контор, үйлчилгээний зориулалттайгаар газар эзэмших эрх олгож[8], газар эзэмшүүлэх гэрээ[9] байгуулжээ.
Холбооны дарга Б.Л, П.Б нарын гаргасан хүсэлтийг[10] үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжаар[11] Х а э х х холбооны эзэмшлийн газраас П.Бд 3213 м2 газрыг 33 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжаар[12] Холбооны дарга Б.Л, П.Б, Б.Б нарын хүсэлтийг үндэслэн П.Бэс Н.Бд 3150 м2 үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
Үүний дараа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар[13] Н.Б, Л.Чоос гаргасан хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн маргаан бүхий 3150 м2 үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг Л.Чод шилжүүлжээ.
Газрын тухай хуулийн 38.2.1-д заасан “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ” хавсаргасан эсэхийг хариуцагч Засаг даргаас тодруулахыг хуулиар заасан боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй. Тодруулбал, Б.Л, П.Б, Н.Б нараас “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”-г, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлттэйгээ хамт гаргаж өгөөгүй байхад түүнийг хариуцагч Засаг даргаас тодруулаагүй гэдэг нь хэргийн оролцогчдын тайлбар, газрын хувийн хэргээс тогтоогдож байна.
Гэвч гуравдагч этгээд П.Бд газар эзэмших эрх шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамж[14], П.Бэс мөн гуравдагч этгээд Н.Бд газар эзэмших эрх шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийг[15] шүүхээс хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй актууд нь гуравдагч этгээд П.Б, Н.Б, Л.Ч нарт газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий актууд бөгөөд эрх зүйн үр дагаврын хувьд одоогоор гуравдагч этгээд Л.Ч маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагаанд “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтална гэж, 48 дугаар зүйлийн 48.3-д “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг... энэ хуулийн ... 48.2.2, ....-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэсэн зарчим, хэм хэмжээний дагуу гуравдагч этгээд Л.Ч маргаан бүхий газрыг эзэмших эрх олж авснаас хойш 8 жилийн дараа, түүнд эерэг нөлөөлөл бий болгож, газар эзэмших эрх олгосон шийдвэрийг “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ хавсаргасан эсэхийг хариуцагч Засаг даргаас тодруулах үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр хууль бус гэж шүүхээс хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэхээр заасан бөгөөд газар эзэмших эрх олж авсанаар тухайн этгээдэд “эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар бий болно” гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч талаас “маргаан бүхий газрыг өмчлөгч нь төрийн эрх бүхий байгууллага байх тул мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх боломжгүй” гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 62 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 63-66 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 93, 3-р хавтас 20-25 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 57 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 58 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 63 дахь тал арын нүүр
[7] Хэргийн 3-р хавтас 19 дэх тал арын нүүр
[8] Хэргийн 2-р хавтас 130 дахь тал,
[9] Хэргийн 2-р хавтас 129 дэх тал
[10] Хэргийн 2-р хавтас 143-147 дахь тал
[11] Хэргийн 1-р хавтас 168 дахь тал
[12] Хэргийн 2-р хавтас 237-240 дэх тал
[13] Хэргийн 1-р хавтас 166 дахь тал
[14] Хэргийн 1-р хавтас 168 дахь тал
[15] Хэргийн 2-р хавтас 237-240 дэх тал