Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 81

 

 

Д.Ургамалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01107 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ургамалмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/266 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/280 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Д.Ургамалмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Ургамалмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11/266 тоот тогтоол гаргасан. Дээрх 11/266 тоот тогтоол нь хууль бус байна тогтоолоо хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад шат дараалан гомдол гаргаж байтал дахин ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 9/28 тоот тогтоол гарган 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3/27061 албан тоотоор мэдэгдэл хүргүүлж байгаад гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/266 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/280 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар Д.Ургамалмаагаас 48 877 330 төгрөгийг гаргуулж “Ориент-Инвест” Банк бас санхүүгийн байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Д.Ургамалмаагийн хамтран өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203008850 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 15 дугаар байр, 52 тоот хоёр өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2015/02 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2015/04 дугаартай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 15 дугаар байр, 52 тоот хоёр өрөө орон сууцыг 112 600 000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь үнэлгээнд гомдол гаргаж 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандсан. Төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00445 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 475 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 001/ат2016/00502 тоот тогтоолоор нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32016/03393 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд төлбөр төлөгч Д.Ургамалмаа нь үндэслэлгүйгээр удаа дараа гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл бол анх үнэлгээнд гомдол гаргасан байдаг. Үнэлгээ хүчин төгөлдөр гэдгийг Улсын дээд шүүх тогтоосон, үнэлгээний 70 хувиар дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 1 жил 5 сар нэхэмжлэл гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/266 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/280 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ургамалмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг дутуу үнэлсэн, нэхэмжлэлийн утгыг бүрэн ойлгохгүйгээр нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж үндсэн ажлаа хийлгүй өмчлөгчийн эрх ашгийг хохироож байгаа талаар нэхэмжлэл гаргаж байхад 70 хувиар тооцон тогтоож анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасан нь хуульд нийцсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хэргийг дахин үнэн зөвөөр нь шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Ургамалмаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/266 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/280 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар Д.Ургамалмаагаас 48 757 330 төгрөгийг гаргуулж “Ориент-Инвест ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

                                                                                                                     /Хэргийн 7 дугаар тал/

 

Уг шийдвэрийн биелэлтийг хангуулахаар төлбөр төлөгч Д.Ургамалмаагийн эд хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагдсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.                                 

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15 дугаар байрны 52 тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2015/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2015/04 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна.         /хэргийн 35-39 дүгээр тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Д.Ургамалмаа өмчлөгч З.Цэдэнжав, З.Мэргэн, З.Балжмаа нар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15 дугаар байрны 52 тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгснийг төлбөр авагч “Ориент-Инвест ББСБ” ХХК зөвшөөрөхгүй үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.                                                                   

/хэргийн 43-45 дугаар тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15 дугаар байрны 52 тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 112 600 000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй болно.

  /хэргийн 67-77 дугаар тал/

 

Хэргийн 64-65 дугаар талд авагдсан баримтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3/27061 дүгээр албан бичгээр анхны албадан дуудлага худалдаанд 2 өрөө орон сууцыг 112 600 000 төгрөгийн 70 хувиар тооцон 78 820 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад оруулах тухай мэдэгдэж, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/280 тоот тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/266 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй, энэ талаар ажиллагаа хийгдээгүй тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Ургамалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ