| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04008/и |
| Дугаар | 4008 |
| Огноо | 2016-05-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 4008
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баян дөхөм, 10 дугаар гудамж, 1а тоот хаягт оршин суух Хишигсүрэнгийн Энхтуяа /РД:УА79052301/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбуланд байрлах 203 дугаар цэцэрлэгт холбогдох ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагч 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмаа, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б-31 дугаартай 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар гал тогооны туслах ажилтнаар томилогдож, Хөдөлмөрийн гэрээг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулан ажилласан.
Уг Хөдөлмөрийн гэрээнд 9 сарын хугацаагаар ажиллах хугацаа тогтоосон байдаг боловч хугацаагүй ажиллахаар өөрөөр хэлбэл, байнгын ажлын байранд томилон ажиллуулсан юм.
Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тогооч н.Болормаа нь багшаар ажиллах болсноор тус тогоочийн орон тоон дээр намайг ажиллуулахаар эрхлэгч зөвшөөрч, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тогоочоор ажиллах болсон юм. Эрхлэгч миний тогоочийн үнэмлэхийг нэхээгүй тул түүнд өгөөгүй байх үед хувцастай хамт угаагдаж, ашиглах боломжгүй болсон.
2015 оны 12 дугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж, цэцэрлэгийг шалгах үед миний тогоочийн үнэмлэхийг нэхэхэд би ашиглах боломжгүй гэж хэлээд дахин гаргуулаад Мэргэжлийн хяналтын байцаагчид үзүүлсэн.
Цэцэрлэгийн эрхлэгч энэ хооронд намайг ажлаас халах тухай мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн ба би тус өдөр хүртэл ажилласан.
Ингээс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/05 тоот дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Намайг ажлаас халсан шалтгааныг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд, хариуцагч 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 тоот дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 402,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмаа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б/31 тоот тушаалаар Хишигсүрэнгийн Энхтуяаг гал тогооны туслахаар хугацаатай гэрээ байгуулан, ТҮ-1-1 дүгээр шатлалаар 371,016.00 төгрөгөөр цалинжуулан ажиллуулсан ба түүнээс 4, 5 дугаар саруудад тогоочийн үнэмлэх бий эсэх талаар асууж, авчирж үзүүлээрэй гэж хэлж байсан юм.
2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс бүх ажилчид ээлжийн амралтаа авахад ажилласан хугацааны ээлжийн амралтыг өгч, амруулсан.
2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тогоочоор ажиллаж байсан Чулуун овогтой Болормаа багшаар ажилллах болсон гээд өргөдлөө гэнэт өгсөн, ингээд Х.Энхтуяаг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс Б/52 тоот тушаалаар тогоочоор ажиллуулахаар хугацаатай гэрээ байгуулсан юм. Тухайн үед гэрээ байгуулж байхад тогоочийн үнэмлэхээ авч ирээрэй гэж хэлж байсан, дараа нь тогооч Ш.Гантулга, О.Удвалжаргал нарын дэргэд удаа дараа 9, 10, 11, 12 дугаар саруудад үнэмлэхийг шаардсан.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дизентерия өвчин манай цэцэрлэгт гарч, Мэргэжлийн хяналтын байцаагч н.Цэцэгээ арчидасын шинжилгээ авч, тогоочийн үнэмлэх, сургалтанд хамрагдсан зэргийг шалгахад тогооч Х.Энхтуяа үзүүлэх үнэмлэхгүй байсан. Ингээд тэрээр 14 хоногийн хугацаанд үнэмлэхийг авчирж шалгуулах үүрэг өгөөд явсан юм.
2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрсэн зөрчлийн тайланг өгөхөд Х.Энхтуяагийн тогоочийн үнэмлэхийг тандаж, мэргэжлийн хяналтаар шалгуулах даалгавар надад өгсөн юм.
Энэ өдрөөс хойш Х.Энхтуяагийн тогоочийн үнэмлэхийг шалгах эрх бүхий этгээд би биш болж, мэргэжлийн хяналтын байцаагчийн тавьсан актын шаардлагын заалт арилаагүй учир түүний 2016 оны 01 дүгээр сарын 22-ны Б/05 тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.15-д заасны дагуу үндэслэлтэй юм гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч талаас эвлэрэх санал байна, заавал тогооч гэсэн албан тушаалд томилогдохгүйгээр өмнө нь ажиллаж байсан тогоочийн туслах болоход татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлага болох 402,000.00 төгрөгөөс татгалзаад эвлэрч болно гэсэн бол хариуцагч 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмаагийн зүгээс нэхэмжлэгчийн оронд авсан ажилтныг яах бэ гэсэн асуудал байна, одоо цэцэрлэг, сургууль амрах тул эсхүл энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс буцаагаад авч болох юм, харин энэ хугацааны цалин, хөлс олгохгүй, өөрт нь угаасаа ээлжийн амралтын мөнгийг бүрэн олгосон байгаа гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн зүгээс за тэгвэл тогоогчийн туслах биш харин тогоочийн албан тушаалд энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс томилон гэвэл 402,000.00 төгрөгөөс татгалзаад эвлэрч болж байна гэхэд хариуцагч талын зүгээс зөвшөөрч байна, гэхдээ хууль, журмын дагуу үнэмлэх шаардах учраас заавал үнэмлэхтэй байх ёстой шүү, одоо угаасаа цэцэрлэг амрах гэж байгаа тул энэ хугацаанд тогоочийн үнэмлэхээ зохицуулах биз, бидэнд төсөв байхгүй учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож чадахгүй гэв.
Талууд харилцан тохиролцоод дараах утга бүхий Эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байх бөгөөд шүүх хуралдаанд талууд харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхтуяа нь хариуцагч 203 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дээрх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад талууд эвлэрч, хариуцагч Х.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагаас 402,000.00 төгрөгөөс татгалзаж, харин хариуцагч 203 дугаар цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгч Х.Энхтуяаг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуучин ажилд эгүүлэн томилохоор болж, Эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар зохигч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй эвлэрэл нь хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тогтоол гаргах зохицуулалттай.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Энхтуяа нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/31 тоот тушаалаар 203 дугаар цэцэрлэгт гал тогооны туслах ажилтнаар томилогдож, улмаар 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/52 тоот тушаалаар түүнийг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тогоочоор томилон ажилуулахаар болсон байх бөгөөд тэдгээрийн хооронд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Гэтэл хариуцагч 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмаа 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч Х.Энхтуяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, тус цэцэрлэгийн дотоод журмын 2.15 болон ажлын байранд тавигдах шалгуур шаардлагыг хангаагүй гээд тус өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тогоочийн мэргэжлийн үнэмлэхгүй байсан гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д боловсролын туслах ажилтанд тогооч хамаарах бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-т зааснаар цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, эмч, тогооч болон үйлчилгээний бусад ажилтан ажиллах ба цэцэрлэг нь хүүхдийн эрүүл ахуй, хоол хүнс, ариун цэврийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй учраас Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалтын дагуу цэцэрлэгт мэргэжлийн эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байхыг шаарддаг.
Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөлтэй Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагаас тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох зорилгоор тусгайлсан сургалт зохион байгуулдаг бөгөөд тус байгууллагаас тухайн сургалтанд тэнцсэн иргэнд мэргэжлийн үнэмлэх, диплом олгодог байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Энхтуяа нь Ган хөлөг констракшн ХХК-ийн дэргэдэх ирээдүй сургалтын төвөөс 382 тоот дугаартай мэргэжлийн талон авсан байх боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байх үед тус үнэмлэх байгаагүй, түүнээс удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй гэж мэтгэлцдэг.
Гэвч шүүх хуралдаанд талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч байх бөгөөд энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхэд болон зохигч нарт илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талуудын эвлэрэл нь зөвхөн тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаанаас бий болсон шаардлагын хүрээнд байгаа ба зохигчид Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас энэхүү эвлэрэл нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрэх эрхтэй бөгөөд тус хуулийн 32 дугаар зүйлд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болохоор зохицуулсан.
Нэхэмжлэгч Х.Энхтуяа нь уг хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Г.Энхтүвшинд итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, үүргийг олгохоор болжээ.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Г.Энхтүвшин нь нэхэмжлэгчид хуулиар олгосон бүхий л эрхийг эдэлж, үүрэг хүлээх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хариуцагчтай харилцан тохиролцон эвлэрч, гэрээ байгуулсан нь бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас бүрэн эрхгүй этгээд эвлэрсэн гэж үзэхгүй юм.
Ийнхүү дээр дурьдснаас тус тус дүгнэвэл талуудын эвлэрэл тэдгээрийн хоорондын Хөдөлмөрийн харилцаанаас бий болсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР