Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/196

 

2020        3         05                                     2020/ШЦТ/196

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0679/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

хохирогч Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч К.Уранчимэг, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд,

хохирогч Тайгын булаг авто ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгч: Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг, Д.Чинзориг, Н.Оролжмаа нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн       Ц.Б-д холбогдох эрүүгийн 1809041360020 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25 дугаар гудамж, 114 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 45-76 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэгт холбогдох үедээ Эй Би Эм Финанс ТМЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтай байсан гэх Ц.Б /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ди эй эм өү эй” ББСБ-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 73-77 УНБ улсын дугаартай Тоёото ланд крузейр-200 маркийн автомашиныг 57.000.000 сая төгрөгөөр барьцаалж тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан авто тээврийн төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохироч К.Уранчимэгт 57.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тайгын буга авто” ХХК-д 73-77 УНБ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 31.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр  сарын 10-ны өдөр нэмж барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж хохирогч Б.Гантөмөрт нийт 41.439.030 төгрөгийн хохирол учруулж бусдад нийтдээ 98.439.300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагын  хууль ёсны төлөөлөгч К.Уранчимэг мэдүүлэхдээ: “Ц.Б 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эхнэр Бүжидмаагийн хамт 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-200” маркийн өөрийн эзэмшлийн автомашиныг фидуцийн гэрээний дагуу манай компанийн өмчлөлд шилжүүлж, 50.000.000 төгрөгийн зээл авсан. Манай компани уг гэрээний дагуу Ц.Бын худалдаа хөгжлийн банкны 510028661 дансанд шилжүүлсэн. 091828 тоот зээлийн гэрээний дагуу Ц.Б, Бүжидмаа нар нь зээлийн хүүг сар бүр төлж байсан бөгөөд зээлийн гэрээний хугацааг гурван удаа сунгасан байдаг. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зээлийн гэрээний хүүг хугацаанд төлж байсан. Уг өдөр дахин зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сунгаснаас хойш зээлийн төлөлт хийгдээгүй. 091828 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу зээлийн хүү 4.5 хувь болж өөрчлөгдсөн. Ц.Б, Бүжидмаа нарт зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. Зээлийн гэрээг дахин шинэчлэн байгуулах талаар Ц.Б, Бүжидмаа нар нь манай байгууллагад хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 091828 зээлийн гэрээг дуусгавар болгон 092077 тоот зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг байгуулж, 57.000.000 төгрөгийн зээл авсан. Уг гэрээний дагуу Ц.Б-ын 510028661 Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш нэг ч удаа зээлийн төлөлт хийгдээгүй. Зээлийн төлбөрийг хаахыг удаа дараа сануулж байсан боловч удахгүй мөнгө орж ирнэ, зээл хааж дуусгана гэж хэлдэг байсан. 2018 оны 08 дугаар сард Ц.Б-ын гэрт очиж машиныг хурааж авах гээд ачилтын машин дуудсан тухай мэдэгдсэн. Гэтэл үл таних хүн машиныг унаад зугтаасан. Энэ үед авто тээврийн үндэсний төв болох 1900-1234 гэх утас руу залгаж асууж тодруулахад Ди эй эм өү эй” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд байсан 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд крузейр-200” авто машиныг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Б нь манай компанийн албан бичгийг болон захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, “Тайгын булаг авто” ХХК-д шилжүүлсэн байсан.  Өнөөдрийн байдлаар нийт бодит хохирол болох 140.674.100 төгрөг, үүнээс үндсэн зээлийн хүү 70.072.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.602.100 төгрөг болсон байна. Тиймээс 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд крузейр-200” маркийн автомашиныг 80.000.000 төгрөгөөр тооцон манай компанийн өмчлөлд шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 60.674.100 төгрөгийг гаргуулж компанийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Тайгын булаг авто ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр мэдүүлэхдээ: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй “Тоёота Ланд круйзер-200” маркийн автомашиныг  барьцаалан зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 31.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авснаас хойш эргэн төлөлтийн графикийн дагуу нэг сарын дараа буюу 5 дугаар сарын 22-нд төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Гар утас руу залгахаар нь авдаггүй байсан. 2018 оны 8 дугаар сард гэрт нь очиход өөрөө байгаагүй. Эхнэр нь санхүүгийн асуудал хүндэрсэн байгаа учраас одоохондоо төлөх боломжгүй байна. Удахгүй төлнө гэх зүйлийг хэлсэн байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Б нь зээл авсан салбар дээр очиж уулзаад автомашинаа барьцаанд тавиад нэмж 10.439.030 төгрөгийг авсан байдаг. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээндээ хоёр зүйлийг нэмсэн. Нэгт: нийт зээлийн дүнг 50.000.000 төгрөг болгож, Хоёрт: барьцаа хөрөнгийг өөрсдийн эзэмшил ашиглалтанд авч, зогсоолд байршуулсан. Өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Б.Ууганбаяр гэх хүнд хандан Прокурорын эд хөрөнгө хураан авах тухай зөвшөөрлийн дагуу ирж уг автомашиныг хураан авсан. Манай байгууллагаас зээл авснаас хойш нийт 678 хоногийн хугацаа өнгөрсөн байдаг. Энэ хугацаанд огт төлбөр хийгдээгүй. Үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүүг 254 хоногоор тооцон 14.816.836 төгрөг, алданги 25.000.000, зогсоолын төлөр 542.000 төгрөг, нийт 90.816.836 төгрөгийн хохиролтой болсон байна. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай компанид мэдэгдэлгүйгээр 41.439.030 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг 90.816.836 төгрөгөөс хасаагүй. Анхнаасаа автомашинаар хохирол барагдуулахаар тохиролцсон байсан. Иймд 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” маркийн автомашинаар хохирлыг барагдуулах хүсэлтэй байна.” гэв.

Хохирогч Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэгийн "...73-77 УНБ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг анх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Б, Н.Бүжидмаа нар нь манай ББСБ-д барьцаалан 50 сая
төгрөгийн зээл авсан... 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хураан авахаар
гэрийнх нь гадаад очоод ачигч машин дуудаад машиныг нь ачуулах гэж байхад
хэн нь юм бүү мэд нэг нь тэр машиныг унаад зугтчихсан байсан. Тэгээд унаад
зугтаад явчихаар нь Авто тээврийн үндэсний төвийн лавлах 1900-1234 дугаарт
залгаж тус машиныг эзэмшигчийн мэдээллийг шалгуулахад тэр машин нь манай
байгууллагын нэр дээр биш “Тайгын булаг авто” ХХК буюу “Сайн” авто ломбардны нэр дээр шилжсэн байсан юм. Ингээд би Авто тээврийн үндэсний төв дээр очиж
уулзаж лавлахад тус машиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 004
дугаартай манай компаний тамгатай, захирал Sung Hyun Kwak-ийн гарын үсэгтэй
албан бичгийг үндэслээд Ц.Б-ын нэр дээр шилжүүлэн өгсөн гэж надад
тус албан бичгийнх нь хуулбарыг өгсөн. Тэр албан бичгийг харахад манай
байгууллагын бланк биш, дугаарлалт нь биш, мөн баруун дээд буланд нь
бичигдсэн байгууллагын дугаар нь биш /Н.Бүжидмаагийн эзэмшлийн Эй Би эм
финанс ТМЗ ХХК-ийн дугаар бичигдсэн байсан/, манай компаний тамга биш байсан
бөгөөд сайн харвал дуурайлган хийсэн юм шиг зарим бичгүүд нь хэмжээний хувьд
өөр, зайтай байгаад байгаа юм. Мөн дээр нь манай захирал Sung hyunk wak нь өөрөө харчихаад тэр хуурамч албан бичиг дээрх гарын үсэг минийх биш,
дуурайлган зурсан юм шиг байсан гэж хэлж байсан... Одоо ойролцоогоор 72 сая
төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...57.000.000 төгрөгийг Ц.Б-д дансанд
шилжүүлэн өгсөн... Хохирол хор уршгийг Ланд круйзер 200 маркийн автомашинаар
барагдуулах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-44 тал/,

Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх-ийн 46-47 тал/,

“Ди Эй Эм Өү Эй” банк бус санхүүгийн байгууллагын Ц.Б-тэй хийсэн гэрээний хуулбарууд /хх-ийн 176-189 тал/,

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 49-53 тал/,

Гэрч Kwak Sung Hyun /Гуаг Сон Хён/-ий "...2018 оны 4 сард манай нэр дээр байсан 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг “Сайн” ломбард руу шилжүүлсэн байсан. Бид түүнийг нь 2018 оны 8 сард мэдсэн юм. Ц.Б нь хуурамч бичиг баримт бүрдүүлж тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг "Сайн" ломбард руу шилжүүлж тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж 30.000.000 төгрөгийн зээл авсан байсан... гэтэл яг энэ өдрөө Ц.Б нь “Сайн” авто ломбард дээр очоод зээлийг 50.000.000 төгрөг болгож өсгөж авсан байсан юм..." гэх мэдүүлэг/хх-ийн 65 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Б-н гэрчээр өгсөн: "...Би өөрийн эзэмшлийн 7377 УНБ улсын дугаартай, саарал өнгийн “Ланд круйзер 200” маркийн авто машиныг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр СБД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чонон бөртэ төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулах Ди эй эм өү эй ББСБ-д барьцаалан, зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай, сарын 3,5% хүүтэй 50 сая төгрөгийг зээлж авсан... Энэ үед би “Ди эй эм өү эй” ББСБ-аас миний зээлийг дуусч машиныг барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг дуурайлгаж, хуурамчаар хийгээд өөрийн нэр дээр тус машинаа шилжүүлэн аваад түүнийгээ өөр ББСБ-д барьцаалж тэр ББСБ-аас авсан мөнгөөрөө ЖДҮДС-аас газар тариалангаараа төсөл бичиж зээл авахад зуучилж байсан хүндээ төлбөрийг нь өгч, зээлээ бүтээлгээд гараад ирчих юм бол тус ЖДҮДС-аас авсан зээлээрээ энэ 2 ББСБ-ын зээлийг төлөөд хаачихна гэж тооцоолоод дээрх автомашиныг чөлөөлсөн албан бичиг хуурамчаар хийлгэхээр болсон юм.... Нэг удаа явахдаа Өвөрмонгол таксины жолоочоор хуурамч баримт бичиг хийдэг хүнийг олуулаад энэ Ди эй эм өү эй ББСБ-ын албан бичиг, тамга тэмдгийг нь хуурамчаар дуурайлган хийлгүүлээд, захирал “Гуаг Сон Хёон”-ы гарын үсгийг би өөрөө дуурайлган зурчихсан юм. Тэгээд баруун дээд буланд нь байсан байгууллагынх нь дугаарыг өөрчлүүлээд би өөрийн “Эй Би Эм финанс ТМЗ” ХХК-ийн оффисын дугаарыг тавьчихсан юм. Учир нь Авто тээврийн үндэсний төвөөс тус ББСБ руу утасдаад мэдчихэж магадгүй гэж бодоод өөрчлөөд өөрийн ажлын газрын утсыг тавьсан юм. Ингээд хуурамчаар хийлгэсэн албан бичгийг би Авто тээврийн үндэсний төвд өгч, тус машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Ингээд энэ машинаа “Тайгын булаг авто” ХХК-д буюу “Сайн” авто ломбардад зээлийн барьцаанд тавьж, 30 сая төгрөгийг зээлж авсан юм. Би гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн  66-67 тал/,

шүүгдэгч Ц.Б-н дахин өгсөн "...Тухайн үед би “Ви чат” ашигладаг байсан ба “Ви чат”-аар надад “Ди Эй Эм Өү Эй” гэх нэртэй ББСБ-н бичиг баримтыг гаргаад өгье гэсэн хүн рүү “Ди Эй Эм Өү Эй” гэх нэртэй ББСБ-н тамга тэмдэгтэй цаасны зургийг явуулсан. Тэгээд 3, 4 хоногийн дараа “Ди Эй Эм Өү Эй” гэх нэртэй ББСБ-н албан бичиг нь замын үүдээр машинаар хүнд дайгаад явуулсан байсныг би авсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 115-116 тал/,

Гэрч М.Пүрэвдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний бие Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтэст мэргэжилтнээр 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би энэ 73-77 УНБ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг “Ди эй эм өү эй” ББСБ-н өмчлөлөөс иргэн Ц.Бт шилжүүлэх бүртгэлийг хийсэн... Би энэ машиныг иргэн Ц.Б-н нэр дээр шилжүүлэхдээ “Ди эй эм өү эй” ББСБ-ын 2018 оын 4 дүгээр сарын 24-ний өдрийн 004 дугаартай албан бичгийг үндэслэж шилжүүлж өгсөн...Энэ албан бичгийг хуурамч гэдгийг тухайн үедээ мэдээгүй. Харин одоо энд ирээд мэдэж байна. Тэр машины архивын материалыг шүүж үзэхэд Ц.Б нь өөрийн нэр дээр тэр машиныг шилжүүлж аваад, богино хугацааны дотор дахин өөр ББСБ буюу Тайгын булаг авто ХХК-ий нэр дээр шилжүүлсэн байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “277 дугаартай шинжээчийн дүгнэлт

1. Авто тээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж буй ШхСХШ 0868-0946, 2018.04 cap гэсэн хавтаст материалын 012 дугаар хуудсанд авагдсан Damao capital 2018.04.24 гэсэн огноотой №004/ "Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст" гэсэн баримтын доод хэсэгт "ЗАХИРАЛ" гэсний ард. /SUNG-HYUN KWAK/ гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Гуаг Сон Хёоны гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

Харин дээрх баримтын доод хэсэгт байх улаан өнгийн тэмдэгний дардас гэх зүйлийн гадна хүрээг тэмдэгний бараар дарж, дотор бичгүүдийг хэвлэсэн хуурамч тэмдэгний дардас байна.

2.3. Тохирохгүй байгаа шинж тэмдгүүдийг "Үзлэг ба шинжилгээ "Хүснэгт №1, 2", Гэрэл зургийн үзүүлэлт" хэсгүүдээс дэлгэрэнгүй үзнэ үү”. гэх дүгнэлт /хх-ийн 82-94 тал/,

Скайтел компаниас гаргаж өгсөн дугаарын тодорхойлолт /хх-ийн 124 тал/,

Ц.Б-н гадаад паспортын хуулга /хх-ийн 132 тал/,

Ц.Б-н Худалдаа хөгжлийн банкны 410028661 дугаарын
дансны хуулга /хх-ийн 222-224/

“Ди Эй Эм Өү Эй” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 49505990 дугаартай дансны хуулга /1хх-ийн 235 тал/,

Гэрч Х.Гэрэлийн өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Бүжидмаа, Ц.Б нар 091828 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийн зээл манай ББСБ-с авсан. Зээлийн хүү 3.5% байсан. Тэгээд зээлийн гэрээ 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дууссан гэрээний хугацаа дуусаад зээлийн хүү 4.5 хувь болдог журамтай. Тэгээд анх зээл авсан өдрөөс зээл, зээлийн хүү төлөөгүй болохоор 56.650.000 төгрөг болсон. Тэгээд өндөр хүүтэй зээлийн гэрээний дагуу мөнгөө төлж барагдуулж чадахгүй байсан болохоор зээлийг дуусгавар болгох шаардлага тавьсан. Тэгээд Бүжидмаа Ц.Б нар мөнгөгүй байсан болоод зээл чөлөөлдөг хувь хүмүүс өдрийн 1 хувийн хүүтэй зээлийг хааж өгдөг. Энэ хүмүүст мөнгө байхгүй байсан болохоор манай байгууллагын захирал өөрийн таньдаг хүнээр 0.5 хувийн хүү 56.650.000 төгрөгийг хааж өгсөн. Тэгээд 091828 дугаартай зээлийн гэрээ дуусгавар болсон. Тэгээд зээл чөлөөлсөн хүний төлбөр гаргаж өгөхийн тулд Ц.Б манайхаас 092077 дугаартай зээлийн гэрээ байгуулж 57.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээл авсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 236 тал/,

Гэрч Б.Бүжинлхамын өгсөн: "...Ингээд Ц.Б, Н.Бүжидмаа нар нь зээл
чөлөөлдөг гэх хүнээр 56.650.000 төгрөгийг манайд төлүүлж зээлээ хаалгасан.
Харин бид тус өдөрт дахин зээлийн гэрээг шинэчилж байгуулан Ц.Бт
тус өдөр 57 сая төгрөгийг түүний Худалдаа хөгжпийн банкны данс руу шилжүүлж
өгсөн юм..." гэх мэдүүлэг /1хх-ийн 237 хуудас/,

“Ди Эй Эм Өү Эй” ХХК-аас гаргаж ирүүлсэн албан бичиг /1хх-ийн 247 тал/,

Хохирогч Тайгын булаг авто ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн "...Манай “Тайгын булаг авто” ХХК-ийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 10-1A тоотод хаягтай “Сайн” авто ломбардны 8 дугаар салбар дээрээс Цогтсайхан овогтой Бямба-Очмр нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай. 01946206 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, РЭТХГ09Р7Б5О67173 арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдэж, мөн ондоо Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн “Тоёота ланд круйзер-200” маркийн автомашиныг манай байгууллагад барьцаалан, зээлийн гэрээ байгуулан 31,000.000 төгрөгийг зээлж авсан. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр унах нөхцөлтэй зээлийн гэрээгээ шинэчлээд машинаа манай зогсоолд байршуулан, зээлийн гэрээг 50.000.000 төгрөгийн дүнтэй болгож зөрүү 10 орчим сая төгрөгийг бэлнээр нь аваад явсан.... Хураан авч явах үед нь би Ц.Б нь тус машиныг өөр ББСБ-ын нэр дээр барьцаанд тавьчихаад хуурамч бичиг баримт ашиглан манай байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэн зээл авч залилсныг мэдсэн. Манай байгууллагад 57.302.000 төгрөгийн хохирол учирсан байна. Задаргааны хувьд үндсэн авсан мөнгө нь 50,000,000 төгрөг, 7,302,000 төгрөг нь өнөөдрийн байдлаарх хүү, алданги, бусад зардлын төлбөр байгаа... Манай байгууллагын дансанд Ц-Ц.Б нь өөрөө 41.439.030 төгрөгийг биднээс асуухгүйгээр хийсэн байна лээ. Энэ манай дансанд орж ирсэн байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-62 тал/

Гэрч Д.Дарханбаатарын өгсөн: “...2018 оны 9 сарын үед байх манай зээлийн эдийн засагч Сайнбилэгээс иргэн Ц.Б нь автомашинаа барьцаалан унаж явах нөхцлөөр зээл авсан ба зээлийн эргэн төлөлт огт хийхгүй байсан тул тус Ц.Б-г дуудан уулзахад тэрээр бидэнд хандан миний хувьд зээлийн төлөгдөөгүй дүн дээр эргэн төлөлт хийгээгүйн улмаас үүссэн хүү алдангийн дүнг нэмээд тус дүнд нь барьцаат зээлийн гэрээ байгуулан машинаа танайд байршуулья гэдэг санал тавьсан түүнийг нь хүлээн авч би төлөгдөөгүй дүн дээр хүү алданги нэмэхэд 39.560.970 төгрөг болсон бөгөөд Ц.Б нь өөрөө нэмж мөнгө аваад дүнгээ тэгшлээд 50.000.000 төгрөгийн зээл болгоё гэхээр нь мөн зөвшөөрч 10.439.030 төгрөгийг нэмж бэлнээр өгөөд 2018 оны 9 сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулаад машиныг зогсоолд байршуулсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,

Гэрч Ш.Сайнбилэгийн өгсөн: “...Миний бие “Сайн” авто ломбарданд 2018 оны 02 дугаар сараас эхлэн одоог хүртэлх хугацаанд зээлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Цогтсайханы Ц.Б нь зээл авахаар манайд хандсан юм. Түүний дагуу тэрээр манай байгууллагын нэр дээр шилжүүлэх албан бичгийг нотариатаар батлуулан түүнд бэлнээр 31.000.000 төгрөгийг гарган өгсөн... Ингээд эргэн төлөлт хийхгүй явсаар 2018 оны 09 дүгээр сард манай байгууллага дээр өөрөө ирж уулзаад барьцаалсан машинаа манай байгууллагын хашаанд байршуулж тавьдаг нөхцлөөр дахин зээл нэмж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,

Тайгын булаг ХХК-иас Ц.Бт 31 сая төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 28, 159 тал/,

Ц.Бын Гадаад паспортын хуулбар /хх-ийн 132 тал/,

73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины талаарх мэдээллүүд /хх-ийн 143-153 тал/, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн хуулбарууд,

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Тайгын булаг авто” ХХК-нд шүүгдэгч Ц.Б нь 41.439.030 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 157 баримт/,

Дамно хөрөнгийн үнэлгээний газрын эд хөрөнгийн үнэлгээ /73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин /хх-ийн 80-81/ тал,

Тайгын булаг авто ХХК-тай байгуулсан гэрээний хуулбар 2018.04.27 /1хх-ийн 20-29 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-н яллагдагчаар өгсөн: "...би тухайн үедээ хуурамч бичиг баримтаа ашиглан өөрийн нэр дээр шилжүүлж аваад түүнийгээ өөр газар барыдаалж мөнгө аваад зээлж авсан мөнгөөрөө бусад бага сага өрөө дараад үлдсэн мөнгөө хүмүүст өгч зуучлуулаад хүү багатай их хэмжээний зээл гаргуулан аваад ББСБ-даа зээлээ төлж машинаа чөлөөлж авна гэж тооцоолсон юм. Тэгтэл миний тооцоолсноор болоогүй. Өөр нэг өртэй байсан хүмүүс гэнэт гарч ирж мөнгөө нэхэж авснаар санасандаа хүрээгүй юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 тал/,

73-77 УНБ улсын дугаартай автомашиныг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 31-35 тал/,

Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 73-77 УНБ улсын дугаартай авто машины лавлагаа болон бусад баримтууд /1хх 134-153 тал/,

Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 156-157 тал/,

7377 УНБ улсын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнд хориг
тавьсан тухай баримт /1хх-ийн 161, 224 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2017.06.30-ны өдөр болон 2018.03.30-ны өдөр тус тус Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагад өөрийн өмчлөлийн 80.000.000 /наян сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг 57.000.000 сая төгрөгийн барьцаанд тавихаар Зээлийн гэрээ болон  Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулж тус ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018.04.24-ний өдрийн огноотой Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагын албан бланк,тамга тэмдэг болон түүний захирал БНСУ-ын иргэн Гуаг Сон Хёоны гарын үсгийг хуурамчаар үйлдэж ашиглан барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг үйлдэж Авто тээврийн үндэсний төвд хандаж 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг өөрийн нэр дээр 2018.04.27-ны өдөр хууль бусаар шилжүүлэн хууран авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагад 57.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2018.04.27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Тайгын булаг авто ХХК-д 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн барьцаанд тавьж, автомашины өмчлөлийг уг ББСБ-д шилжүүлсэн гэдгээ нууж өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, Тайгын булаг авто ХХК-тай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулж 31.000.000 төгрөг, 2018.09.10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ дахин байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж хохирогч Тайгын булаг авто ХХК-д  41.439.030 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд бусдад нийтдээ 98.439.300 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт асуултанд хариулахдаа “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхнаасаа залилах, хууран мэхлэх санаа зорилго байгаагүй учраас хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн бөгөөд энэ нь дараах байдлаар няцаагдаж байна.

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг зээлийн барьцаанд тавьж, Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагатай барьцаат Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд дагалдах гэрээ буюу Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцийн гэрээ/ байгуулснаар 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины өмчлөл хохирогч  Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-д шилжсэн байна. Гэтэл шүүгдэгч Ц.Б нь “Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-ын албан бланк, тамга тэмдэг, захирлынх нь гарын үсгийг хуурамчаар үйлдэж ашиглан албан бичиг үйлдэж  Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-ийн өмчлөлд шилжсэн 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машины өмчлөлийг өөрийн нэр дээр төрийн эрх бүхий байгууллагыг хуурах замаар шилжүүлэн авч дахин Тайгын булаг авто ХХК-ийг  хуурч, залилан хоёрын хоёр аж ахуй нэгжид эд хөрөнгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэрэг мөн байна.

Эхний хохирогч болох Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-ыг залилж зээл авчихаад уг ББСБ-ын албан бланк, тамга тэмдэг, захирлынх нь гарын үсгийг хуурамчаар үйлдэж ашиглан 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машины өмчлөлийг өөрийн нэр дээр төрийн эрх бүхий байгууллагыг хуурах замаар шилжүүлэн авч дахин Тайгын булаг авто ХХК-ийг  хуурч, залилан 41.439.030 төгрөгийн зээл авч хохироосон үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй залилах гэмт хэрэг болно.

Хохирогч Тайгын булаг авто ХХК-ийн зүгээс шүүгдэгч Ц.Б-н манай байгууллагатай байгуулсан Зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь хүчин төгөлдөр гэрээ тул Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машины өмчлөлийг манайд тогтоож хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтийн тухайд шүүгдэгч Ц.Б нь анхнаасаа Тайгын булаг авто ХХК-ийг залилах, хохироох санаа зорилгоор хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэрээ, хэлцэл хийсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл мөн байх тул уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 

Иймээс иргэний эрхзүйн зарчмын үүднээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, хэлцлээр шилжүүлэн авсан зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлөх ёстой билээ.

Хохирол төлбөрийн хувьд Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-ын нэхэмжилсэн   үндсэн зээл 57.000.000 төгрөг, зээлийн хүү 70.072.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү           13.602.100 төгрөг нийт 140.674.100 төгрөгийн нэхэмжлэлээс үндсэн зээл болох 57.000.000 /тавин долоон сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б-с гаргуулж, үлдэх 83.674.100 /наян гурван сая зургаан зуун далан дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгчийн хувьд анх авсан үндсэн зээлийн хэмжээнээс 2-3 дахин илүү хүү алдангийг төлөх үндэслэлгүй болно.

Харин хохирогч “Тайгын булаг авто” ХХК-ийн нэхэмжилсэн 90.358.835 /ерэн сая гурван зуун тавин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар  нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч Ц.Б нь Тайгын булаг авто ХХК-иас залилан авсан үндсэн зээлийн 41.439.030 төгрөгийг “Тайгын булаг авто” ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь хохирогч байгууллагын  хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, мэдүүлэг, бусад баримтаар нотлогдож байна. Иймээс шүүгдэгч Ц. Ц.Быг Тайгын булаг авто ХХК-д хохирол төлбөрт 41.439.030 төгрөг төлснийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү шүүгдэгч Ц.Б-н хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь үндэстэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан төрөл хэмжээний дотор торгох ялыг сонгон хэрэглэж 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч Ц.Б-н өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хураан авч шүүгдэгч Ц.Бын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машины бичиг баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Б-г хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с 57.000.000 /тавин долоон сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-д олгож, Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-ын нэхэмжлэлээс үлдэх 83.674.100 /наян гурван сая зургаан зуун далан дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч Тайгын булаг авто ХХК-ийн нэхэмжилсэн 90.358.835 /ерэн сая гурван зуун тавин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Тайгын булаг авто ХХК нь шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч “Тайгын булаг авто” ХХК-д хохирол төлбөрт тооцон 41.439.030 /дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин есөн мянга гуч/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Б-н өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машиныг хураан авч түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машины болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төоөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш           14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР