| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/03946/и |
| Дугаар | 3946 |
| Огноо | 2016-05-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 3946
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-85 байрлах Эх Монгол групп ХХК /РД:2841258/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын 28-94 тоотод оршин суух Арслан овгийн Уртнасангийн Баттулга /РД:ЧЛ79121279/-д холбогдох 9,300,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмар, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагч У.Баттулга, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Эх Монгол групп ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компанийн Сохо тавилгын их дэлгүүрийн барилга, гадна шугам сүлжээг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 209 тоот улсын комиссын актаар байнгын ашиглалтанд оруулсан. Сохо тавилгын дэлгүүрийн гадна шугам сүлжээний засвар үйлчилгээний зардал нь 1 /нэг/ сард 3,100,000.00 төгрөг гардаг.
Манай компани иргэн У.Баттулгатай 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний 3.4-т зааснаар Сохо тавилгын их дэлгүүр болон Лакс хоом худалдааны төвийн гадна шугам сүлжээний эвдрэл гэмтэл болон засвар үйлчилгээний зардлыг талууд хуваан хариуцахаар зохицуулсан. Иргэн У.Баттулгын Лакс хоом худалдааны төвийг 2015 оны 09 дүгээр сард улсын комисс хүлээн авч, ашиглалтанд орсноос хойш гадна шугам сүлжээний засвар үйлчилгээний зардал болох нийт 6 сарын 9,300,000.00 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.
Иймд, хариуцагч У.Баттулгаас 9,300,000.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, цаашид гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлэхийг үүрэг болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Баттулга 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:
Миний барьж байсан барилга Эх Монгол Групп ХХК-ийн эзэмшлийн газар руу орсон тул бид 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирсон. Үүнд:
Миний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, нэхэмжлэгчийн барилгын гадна шугам сүлжээнд холбож, барилга нь ашиглалтанд орж, дулаан, цэвэр, бохир усны шугам ашиглаж эхэлсэн ба манай барилга нь 2016 оны 09 дүгээр сард улсын комисс хүлээлгэн өгч, ашиглалтанд орж, одоо ч шугам сүлжээг хэвийн саадгүй ашиглаж байна.
Иймд, тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр бол У.Баттулгын барьсан барилга манай компанийн эзэмшлийн газар руу 107 м,кв талбай бүхий хэмжээгээр орсон учраас бид үүнийг хүлээн зөвшөөрч, харин өөрийн барьж буй барилгын гадна шугам сүлжээний ажлыг У.Баттулгын зардлаар хийж гүйцэтгүүлэх, тус 107 м,кв талбайтай газрыг түүний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч манай компаниас тус гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд татгалзах зүйлгүй, гагцхүү хариуцагчаас энэхүү гарсан зардлыг төлсөн тохиолдолд газрыг шилжүүлнэ, мөн тухайн шугам сүлжээг тэнцүү эрхтэйгээр эзэмшиж, ашиглана, угтаа бол бидний газрууд хөрш залгаа, уг шугам сүлжээ нь анхнаасаа манай компанийн газар дээр байсан учраас техникийн болоод бусад зүйлүүд манай нэр дээр байдаг.
Эх Монгол Групп ХХК-ийн зүгээс Мөнх минж ХХК-тай бохир усны дамжин өнгөрөх гадна завсрын худаг болон шугам хоолойн цэвэрлэгээ үйлчилгээ ашиглалтын гэрээ байгуулсан, хариуцагч У.Баттулга энэ гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд шүүхэд гомдол гаргахгүй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж бид 107 м,кв талбайтай газрыг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх бичиг ч хүртэл бэлдсэн байгаа гэв.
Хариуцагч У.Баттулга нь шүүхэд гаргасан тайлбартаа :
Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 9,300,000.00 төгрөгийг анхнаасаа надад мэдэгдээгүй, гэхдээ бидний хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлж, 107 м,кв газрыг миний нэр дээр шилжүүлэх, тус гадна шугамыг тэгш эрхтэйгээр хариуцана гэвэл би эвлэрхэд бэлэн, тус төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй байна гэв.
Талууд шүүх хуралдаанд харилцан ярилцаад дараах Эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхээр баталгаажуулахаар тохирчээ. Үүнд.
Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Эх Монгол Групп ХХК нь хариуцагч У.Баттулгад холбогдуулан 9,300,000.00 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 163,750.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар эвлэрч, Эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл талууд 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирсон байна. Үүнд:
Тус гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хариуцагч У.Баттулга тухайн ажлыг 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хийж дуусгах, уг үйл ажиллагааны зардалд нэхэмжлэгч нь 12,000,000.00 төгрөгийг хариуцагчид өгсөн бөгөөд шугам сүлжээний ажил бүрэн хийж дууссаны дараа 107 м,кв газрыг гэрээнд зааснаар түүний нэр дээр шилжүүлэх, цаашид дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус зэрэг дундын эзэмшлийн гадна шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээний зардлыг тэнцүү хувааж хариуцахаар гэрээлсэн байна.
Талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнээс дүгнэвэл хэдийгээр хариуцагч У.Баттулга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч түүний бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт дурьдснаар нэхэмжлэгч тал Хамтран ажиллах гэрээнд зааснаар 107 м,кв талбайг түүний нэр дээр шилжүүлэх, шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх, цаашид Хамтран ажиллах гэрээний заалтуудыг зохих ёсоор мөрдөх, тус гэрээний 3.4-т заасан дундын эзэмшлийн гадна шугам сүлжээг тэгш эрхтэйгээр хариуцахаар талууд тохирч, нэхэмжлэгч тал Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр болсон зэргээс үзвэл зохигчид тодорхой нөхцлөөр эвлэрэхээр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл талууд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх талуудын эвлэрэл, хариуцагчийн зөвшөөрөл зэргийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай.
Хэдийгээр талууд дээр дурьдснаар нэхэмжлэгч Эх Монгол Групп ХХК нь Эвлэрлийн гэрээнд зааснаар тодорхой үүрэг хүлээж байгаа ч зохигчид 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, дээрх зүйлийг өмнө нь харилцан тохирсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч гадна шугам сүлжээг зохих ёсоор гүйцэтгэж, ашиглалтанд оруулсан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс түүнд 107 м,кв талбайтай газрыг шилжүүлэх, цаашид дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус зэрэг дундын эзэмшлийн гадна шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээний зардлыг тэнцүү хувааж хариуцах үүрэг гэрээний дагуу зохицуулагдсан хэвээр байжээ.
Хавтас хэрэгт цугларсан баримтаас үзвэл Эх Монгол Групп ХХК нь Нийслэлийн Хан Уул дүүрэг, 2 дугаар хороонд байрлах 8015/0280 тоот нэгж талбарын дугаартай 4664 м,кв талбайг Цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмшдэг байх бөгөөд Хамтран ажиллах гэрээ болон Эвлэрлийн гэрээнд зааснаар хариуцагч У.Баттулга нь нэхэмжилсэн 9,300,000.00 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 163,750.00 төгрөг, нийт 9,463,750.00 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнд 107 м,кв талбайтай газрыг шилжүүлэх, гэрээний бусад заалтыг дагаж мөрдөхөө илэрхийлсэн байхаас гадна эвлэрлийн баталгаа болгож, нэхэмжлэгч талын зүгээс Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт газрын тодорхой хэсгийг хариуцагч У.Баттулгын нэр дээр шилжүүлэх бичгийг хавсаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед зохигч нарт болон шүүхэд энэхүү маргааныг эвлэрлийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхий байдлаар эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гуравдагч этгээд байхгүй, талуудын эвлэрэл нь зөвхөн тэдгээрийн хооронд үүсч, бий болсон гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан шаардлагын хүрээнд байгаагаас гадна утга агууламж нь ойлгомжтой, тодорхой байгаа ба хэрэв талууд Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар зөвхөн тэдгээрт хамаарах учраас энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэгэнт өмнө нь байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан эрх, үүргээ биелүүлэх нь талуудын үүрэг бөгөөд үүнийгээ Эвлэрлийн гэрээнд тусгаж буй нь хариуцагчаас 9,300,000.00 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 163,750.00 төгрөг, нийт 9,463,750.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөх нөхцөл, сэдэл болж байна.
Нэхэмжлэгч Эх Монгол Групп ХХК нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор болж, С.Мягмарт 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болон мөн 22-ны өдөр итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчийн бүхий л эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.
Хэрэгт хавсаргасан Эх Монгол Групп ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмар нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тус тус зааснаар эрх бүхий этгээдээс итгэмжлэл авсан байх бөгөөд тус итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан холбогдох шаардлагыг хангасан байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 35 дугаар зүйлд тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох ба гагцхүү төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр тодорхойлогдоно.
Нэгэнт уг хэрэгт хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүнд хууль зүйн зөвлөгөө үзүүлж буй өмгөөлөгч нар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч талтай эвлэрсэн учраас бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг гэж хүлээн авч, бүрэн эрхгүй этгээдийн үйлдэл, үүний улмаас нэхэмжлэгч Эх Монгол Групп ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.
Дээр дурьдснаас тус тус дүгнэвэл талуудын эвлэрэл нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний шаардлагын хүрээнд гаргасан нэхэмжлэлтэй хэрэг маргаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс тус эвлэрлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР