Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 3927

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 269 тоот хаягт оршин суух Амаржаргалын Эрдэнэбат /РД:МЗ66010539/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот хаягт оршин суух Тогоохүүгийн Баатарсүх /РД:ЦД85081976/-д холбогдох 2,645,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лхагвасүрэн, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            Миний бие 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Т.Баатарсүхэд Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот хаягт 2 өрөө байрыг 57,500,000.00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцоод худалдан авагч болон түүний эхнэр С.Лхагвасүрэн нарын зээлийн боломжийг харгалзан үзээд 55,000,000.00 төгрөгийг банкны зээлээр гаргуулж, үлдэх 2,500,000.00 төгрөгийг Зээлийн гэрээгээр авахаар тохирсон юм.

 

            Зээлийн гэрээний дагуу 2,500,000.00 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүгүй, үүнээс хойших хугацаа хэтрүүлсэн сар тутамд 0.2 хувийн алданги тооцохоор байгаа бөгөөд хариуцагч Т.Баатарсүхэд удаа дараа мөнгөө төлөх талаар шаардаж, сануулж байсан боловч өгөөгүй өдийг хүрлээ.

 

            Иймд, үндсэн зээл 2,500,000.00 төгрөг, алданги 145,000.00 төгрөг, нийт 2,645,000.00 төгрөгийг Т.Баатарсүхээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Т.Баатарсүх 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан хариу тайлбартаа:

 

             Миний бие Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот хаягт 2 өрөө байрыг 55,000,000.00 төгрөгөөр худалдан авсан. Тухайн байр нь хэрэглээний халуун усгүй бөгөөд А.Эрдэнэбат тухайн үед халуун ус тун удахгүй орох болно, тийм учраас байраа ийм хямдхан зармааргүй байна гээд надтай 2,500,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурцгаасан.

 

            Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд манай байранд хэрэглээний халуун ус ороогүй ба орох эсэх ч тодорхой бус байна.

 

            Тухайн Зээлийн гэрээний дагуу би А.Эрдэнэбатаас 2,500,000.00 төгрөгийг аваагүй учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Нэхэмжлэгч А.Эрдэнэбатын зүгээс хариуцагчийн гаргасан хариу тайлбарт бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            Бидний хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ 55,000,000.00 төгрөгөөр байгуулагдсан боловч зах зээлийн буюу харилцан тохиролцсон үнэ 57,500,000.00 төгрөг юм. Т.Баатарсүх тус байрны халуун усны хэрэглээний талаар нөхцөл тавиагүй бөгөөд түүний гэр бүл тухайн байрны нөхцлийг сайн мэддэг, тэнд амьдарч байсан.

 

            Орон сууц худалдах, худалдан авах гэрээ мөн Зээлийн гэрээнд ч энэ тухай дурьдаагүй, гэрээний стандарт загварт 57,500,000.00 төгрөгөөр орон сууцыг худалдан авч, үлдэх 2,500,000.00 төгрөгийг зээлийн байдлаар оруулах нөхцөл заалт үгүй тул энэхүү 2 гэрээг тусад нь хийсэн.

 

            Анхнаасаа тус байрыг худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хариуцагч Т.Баатарсүхийн эхнэр С.Лхагвасүрэн голлох үүрэгтэй оролцож, түүний санал хүсэлтээр 57,500,000.00 төгрөгийн гэрээг түүний зээлийн боломжийг харгалзан үзэж 55,000,000.00 төгрөгөөр байгуулж, үлдэх 2,500,000.00 төгрөгийг Зээлийн гэрээний дагуу авахаар болсон.

 

            Иймд, Т.Баатарсүхээс 2,500,000.00 төгрөг, алданги 145,000.00 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Т.Баатарсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            Анх Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот хаягт 2 өрөө байрыг худалдан авахаар тохирч, нэхэмжлэгч А.Эрдэнэбаттай удаа дараа ярилцсаны дагуу орон сууцны үнийг 57,500,000.00 төгрөгөөр тохирсон юм. Тэр үед орон сууцыг худалдан авахад банкнаас зээл авч, санхүүжих болоход зээлийн эргэн төлөлт, цалин хөлснөөс хамааран 55,000,000.00 төгрөгийн хэмжээнд байсан тул Орон сууц худалдах, худалдан авах гэрээг 55,000,000.00 төгрөгөөр байгуулж, харин үлдэх 2,500,000.00 төгрөгийг Зээлийн гэрээ байгуулж, хожим өгөхөөр болсон.

 

            Одоо тус Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот хаягт 2 өрөө байр нь бидний өмчлөлд байдаг бөгөөд банкинд барьцаалагдсан байгаа.

           

            Гэхдээ тухайн орон сууцны үнэ 57,500,000.00 төгрөг гэж тохироход хэрэглээний халуун ус удахгүй ирнэ гэсэн учраас ийнхүү тохирсон юм. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэглээний халуун ус байхгүй, доголдолтой хэвээр байна.

 

            Зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан талаар маргаан байхгүй, нөхөр бид хоёр нэхэмжлэгч А.Эрдэнэбатаас тухайн үед хэрэглээний халуун ус хэзээ орох талаар лавлаж байсан ба тэрээр удахгүй орох байх гэж байсан боловч ороогүй л байна.

 

            Нэхэмжлэгч ийнхүү биднээс 2,500,000.00 төгрөг нэхэмжилж байгаа бол бид Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж, бүх гарсан зардал, хохирлоо нэхэмжлэх болно. Зээлийн гэрээ байгуулж, А.Эрдэнэбатаас 2,500,000.00 төгрөгийг аваагүй учраас тус мөнгийг буцаан төлөх нь үндэслэлгүй юм.

 

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

 

  1. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ,
  2. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ,
  3. Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот хаягт 2 өрөө байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
  4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандсан өргөдөл,
  5. Талуудын хариу тайлбар,
  6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь хариуцагч Т.Баатарсүхэд холбогдуулан 2,645,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Т.Баатарсүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Т.Баатарсүхээс 2,645,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Т.Баатарсүх, түүний эхнэр С.Лхагвасүрэн нартай Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Шар хад 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны 49 тоот хаягт 2 өрөө байрыг тэдгээрт худалдахаар тохирчээ.

 

Талуудын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд зааснаар орон сууны үнийг 55,000,000.00 төгрөг гэж тохирсон боловч зохигчдын тайлбараас дүгнэхэд зохигчид уг орон сууцны үнийг 57,500,000.00 төгрөгөөр тохирч, худалдан авагч талуудын мөнгөний бололцоо, зээлжих чадварыг харгалзан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг 55,000,000.00 төгрөгөөр байгуулж, үлдэх 2,500,000.00 төгрөгийг хожим өгөхөөр харилцан тохиролцон 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 2,500,000.00 төгрөгийг хариуцагч Т.Баатарсүх 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл, Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ 57,500,000.00 төгрөг байсан боловч талууд харилцан тохиролцоод 55,000,000.00 төгрөгөөр гэрээ байгуулж, түүнийг үндэслэн холбогдох банкнаас зээл олгосон, үлдэх 2,500,000.00 төгрөгийг хожим төлөхөөр Зээлийн гэрээ байгуулсныг зохигчид хүлээн зөвшөөрч, уг үйл баримтын талаар маргахгүй байгаа болно.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 231 дүгээр зүйлийн 231.1.1 болон 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар энэ төрлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд тус хуулийн 40, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай юм.

 

Гэвч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба мөн тус хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцох юм.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лхагвасүрэнгийн зүгээс нэхэмжлэгч А.Эрдэнэбатаас 2,500,000.00 төгрөгийг аваагүй учраас буцаан төлөх үндэслэл байхгүй гэж маргаж байна.

 

Гэвч талуудын хоорондын тохиролцоогоор хариуцагч Т.Баатарсүх, С.Лхагвасүрэн нар нь нэхэмжлэгч А.Эрдэнэбатаас нийт 57,500,000.00 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авч, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх тул хэдийгээр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг 55,000,000.00 төгрөгөөр үнэлж, гэрээг байгуулсан ч гэлээ 57,500,000.00 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авч, бодитоор эзэмшиж байгаа бөгөөд зөрүү 2,500,000.00 төгрөгийг Зээлийн гэрээгээр хожим төлөхөөр тохиролцсон байгаагаас тус тус дүгнэвэл үүрэг гүйцэтгэгч А.Эрдэнэбатын зүгээс үүрэг гүйцэтгүүлэгч Т.Баатарсүхэд 2,500,000.00 төгрөгийн үнэ бүхий зүйлийг шилжүүлэн өгсөн гэж тооцогдох тул хариуцагчийн 2,500,000.00 төгрөгийг аваагүй учраас буцаан төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Нэг талаар хариуцагч Т.Баатарсүх Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дутуу төлбөрийг төлөх үүрэг хүлээж байгаа хэдий ч талууд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг Зээлийн гэрээний үүргийн харилцаа болгон өөрчилж, өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохирсон байна.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болгох тухай харилцааг зохицуулсан бөгөөд тус хуулийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон нь тухайн үүргийн харилцааг дуусгавар болгож, өөр төрлийн үүргийг шинээр үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Эрдэнэбат хариуцагч Т.Баатарсүх нар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг 55,000,000.00 төгрөгөөр тооцож, худалдагч тухайн үнийг авах, худалдан авагч талд өмчлөх эрхийг шилжүүлснээр энэхүү гэрээний үүргийг дуусгавар болгож, харин 2,500,000.00 төгрөгийн зээлийн харилцааг шинээр бий болгосон гэж дүгнэгдэж байна.

       

Иймд, нэхэмжлэгч А.Эрдэнэбат, хариуцагч Т.Баатарсүх нарын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар Зээлийн гэрээ байгуулагдаж, зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тус Зээлийн гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч Т.Баатарсүх нь үүрэг гүйцэтгүүлэгч А.Эрдэбатад 2,500,000.00 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөх үүрэг хүлээжээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч Т.Баатарсүх нь гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч тэрээр зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх юм.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс зээл төлөхгүй байсан шалтгаанаа өмнөх Орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбон тайлбарладаг боловч үүнийгээ болоод үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх бусад шалтгаан байсан гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, зээлдүүлэгч А.Эрдэнэбат нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч Т.Баатарсүхээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь нэгэнт үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 281 зүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч талд 2,500,000.00 төгрөгийг төлөх нь зүй ёсны болно.

 

Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар Анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг тус Зээлийн гэрээ хангасан байгаагаас гадна үүрэг гүйцэтгэгч Т.Баатарсүх нь гэрээнд заасан зээл төлөх хугацааг 3 /гурав/ жил гаруй хугацаагаар хэтрүүлсэн байх тул зээлдэгч А.Эрдэнэбат нь түүнээс Анз шаардах эрхтэй юм.

 

Иймд, нэхэмжлэгч талын зүгээс нийт 2,500,000.00 төгрөгийн зээлийг хариуцагч тал тохирсон хугацаанд төлөөгүй учраас хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувиар алданги тооцож, 29 хоногийн алдангийг шаардсан байх бөгөөд хэргийн нөхцөл байдал, бусад зүйлийг харгалзан үзэхэд алдангийг бууруулах, хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэл байхгүй байгаа учраас 145,000.00 төгрөгийн алдангийг хариуцагч Т.Баатарсүхээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Т.Баатарсүхээс 2,500,000.00 төгрөгийн зээл, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтыг тус тус үндэслэн 145,000.00 төгрөгийн алданги, нийт 2,645,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,270.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Баатарсүхээс 57,270.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Эрдэнэбатад олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР