| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0064/э |
| Дугаар | 0069 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 0069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч Э.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Ч
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Чнь 2019 оны 12 сарын 22-ны өдөр эхнэр Б.А-г бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.
-Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би нөхөр хүүхдийн хамт байр хөлсөлж амьдарч байгаа юм. 2019 оны 12 сарын 21-ний орой манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон ба уг арга хэмжээ 00 цагийн үед тарсан. Би тухайн үед багийн найз Т гэх залууг дуудаад ажлын газрын 2 хүнтэй хамт гэрт нь очиж архи ууж байгаад 03 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ харихдаа мөн найзаараа хүргүүлсэн. Гэтэл Т миний барьж байсан Юнителийн дугаар руу мессеж бичсэн байсан. Тухайн үед миний дугаар манай нөхөрт байсан юм. Улмаар нөхөр Ч 2019 оны 12 сарын 22-ны өдөр ажлаасаа ирээд дугаар руу чинь хүн мессеж бичсэн гээд намайг хардаад бид 2 маргалдаж байгаад манай хажуу өрөөг хөлсөлдөг Б-д ороод хана налаад сууж байтал Ч миний зүүн талын шанаа руу өвдөглөж би газар унасан. Манайд Б, С нар байсан ба Ч-г болиулсан. Би гэрээсээ гарч яваад эгчийндээ очиж хоноод маргааш нь толгой өвдөөд байхаар цагдаад өргөдөл гаргасан гэсэн мэдүүлэг /хх 7 хуудас/
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би найз А-н хажуу талын өрөөг хөлсөлж амьдардаг байсан ба 2019 оны 12 сарын 22-ны өдөр А-н нөхөр Ч гэртээ ирээд эхнэрээ өөр хүнтэй хардаж маргалдаад байсан. А эгч манай өрөөнд орж ирээд хана налаад сууж байхад Ч ах орж ирээд чи эгчийнхээ ийм гэдийг мэдсэн бол надад хэлэхэд яадаг юм гээд уурлаад байсан. А эгчийг гэртээ оръё гээд өшиглөх шиг болсон. А эгч хажуу талаараа газар унасан. Ингээд Ч, А нар гэртээ орсон гэсэн мэдүүлэг /хх 8 хуудас/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай дүү Ч 2019 оны 12 сарын 22-ны өдөр над руу яриад би ажлаасаа ирж байна. Намайг тосоод аваадах гэхээр нь би ээжтэй хамт Ч-г тосч авсан чинь А-ийн гар утас нь надад байсан юм. Гэтэл эрэгтэй хүнээс шөнө 04 цагт гэртээ орсон уу гэсэн мессеж ирсэн. Би А-тэй уулзаж салах асуудал ярина гээд ээж бид хоёрыг дагуулаад гэртээ орсон. Ингээд бид нар ярилцсан чинь Ч эхнэрээсээ сална гээд А манай дүүгээс уучлалт гуйгаад байсан. А хажуу өрөөг нь хөлсөлдөг найзынх руугаа орсон. Тухайн үед эхнэрээ толгой руу нь цохисоныг нь мэдэхгүй, дараа нь Ч би А-ийн толгой руу нэг удаа цохисон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 10 хуудас/
2019 оны 12 сарын 25-ны өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 49 дугаартай: Б.А-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 12 хуудас/
-Яллагдагч Э.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би нүүрсний уурхайд ажилладаг. 2019 оны 12 сарын 21-ний өдөр манай эхнэр байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцоод 00 цагт тараад ажлынхаа газрын хүмүүстэй байж байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад гэртээ орлоо гэж над руу залгасан. Тухайн үед эхнэрийн барьж байсан юнителийн дугаар надад байсан ба эхнэрийг гэртээ орлоо гэж ярьсаны дараа нэг дугаараас эхнэрийн дугаар руу нөхөр чинь уурлаж байна уу гэсэн мессеж ирсэн. Маргааш нь би ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэхдээ эхнэрээсээ салъя гэж бодоод эгч, ээжээ дагуулаад гэртээ орсон. Эхнэртээ чи өөр хүнтэй уулзлаа гээд маргалдсан. Гэтэл манай эхнэр хажуу талын өрөөг хөлсөлж байсан Баасансүрэнгийн өрөөнд ороод суучихаар нь би араас нь ороод эхнэртэйгээ маргалдаж байгаад хөл рүү нь өшиглөсөн чинь миний өвдөг хэсэг эхнэрийн толгой руу цохигдож манай эхнэр газар толгойгоороо унасан гэсэн мэдүүлэг /хх 40-41 хуудас/,
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / хх 01 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 16 хуудас/
-Э.Ч-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 38, 40-41 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Ч нь 2019 оны 12 сарын 22-ны өдөр эхнэр Б.А-ийг бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Одоо шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ч нь 2019 оны 12 сарын 22-ны өдөр Б.А-г бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.А “...Ч миний зүүн талын шанаа руу өвдөглөж би газар унасан. Би гэрээсээ гарч яваад эгчийндээ очиж хоноод маргааш нь толгой өвдөөд байхаар цагдаад өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг /хх 7 хуудас/, гэрч П.Б, Э.Б нарын мэдүүлгүүд /хх 8, 10 хуудас/ хохирогчийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 49 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
прокуророос шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.