| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/03917/и |
| Дугаар | 3917 |
| Огноо | 2016-05-03 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 3917
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,
1971.05.11 өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 29-443 тоотод оршин суух, Бөхчүүд овогт Ижилсэгийн Пүрэвсүрэнг /РД:ХЗ71051315/ архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, а/х С.Эрдэнэбаатар /Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны байцаагч/, гуравдагч этгээд И.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс болон итгэмжлэгдсэн төлөөлөгч а/х С.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 29-443 тоотод оршин суух, Бөхчүүд овогт Ижилсэгийн Пүрэвсүрэн нь байнга архидан согтуурч гудамж талбайд бөөгнөрөл үүсгэж архи уусан үедээ гудамжаар яваа хүмүүсээс мөнгө нэхдэг, хамар хашааны айлуудынхаа амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны арга хэмжээ авахуулсан. 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 52 удаа захиргааны арга хэмжээ авагдаж байсан.
Мөн тэрээр архи согтууруулах зүйл байнга хэрэглэх идэвхитэй донтох хамт шинж оноштой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тус шүүхэд И.Пүрэвсүрэнг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
И.Пүрэвсүрэн нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 29-443 тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байна. Тэрээр 2016 оны 1, 3, 4 саруудад эрүүлжүүлэгдэж байсан ба Чингэлтэй дүүргийн засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч болон И.Пүрэвсүрэн, хөрш Б.Бат-Эрдэнэ нарын тайлбар мэдүүлэгт “И.Пүрэвсүрэн нь байнга архи уудаг, гудамж талбайд архи уун бөөгнөрөл үүсгэдэг, гудамжаар явах иргэдээс мөнгө нэхдэг” гэсэн байна.
И.Пүрэвсүрэн нь “архи согтууруулах зүйл байнга хэрэглэх идэвхитэй донтох хамт шинж” оноштой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул дээрх нөхцөл байдлыг тус тус үнэлж, түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Иймд, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн23 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Бөхчүүд овогт Ижилсэгийн Пүрэвсүрэнг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2.И.Пүрэвсүрэнг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР