| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00697/И |
| Дугаар | 798 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 798
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг, Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЙ66072108, Суухан овогт Анкаагийн Алтанцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж байгаа бөгөөд бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Алтанцэцэг нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хонь маллаж байсан. Тухайн үеийн бичиг баримтууд нь гэр нь шатаж устаж үгүй болсон юм билээ. мал маллаж байсан. Одоо түүний нас өндөр болж байгаа тул шүүхэд хандсан. Иймд А.Алтанцэцэгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажилаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Алтанцэцэг нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Анкаагийн Алтанцэцэгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. А.Алтанцэцэгийн 1988 оны төрөлтийн түүхэд түүнийг Өмнөговь сумын Холбоо багт малчин гэж бичжээ,
3. Итгэмжлэл,
4. Гэрч М.Басангийн шүүхэд өгсөн: “Би 1960 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Холбоо бригадад малчнаар 1990 он хүртэл, “Цог” компанид 1992 он хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. А.Алтанцэцэг 1981 онос Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Холбоо бригадын малчнаар ажилд орж нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1989 оныг дуустал ажилласан юм. Түүний нөхөр Дүгэрсүрэн нь мөн Холбоо бригадын малчин байсан. Бид нэг байгууллагад хамт ажиллаж, амьдарч байсан нь үнэн юм. Тухайн үед нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, намын хорооны даргаар н.Дамдин гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч Р.Пүрвээгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн харьяа Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орж 1985 он хүртэл ажиллаад Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчноор 1990 он хүртэл, “Цог” компанид 1992 оны 6 дугаар сар хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан. А.Алтанцэцэг 1981 онос Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Холбоо бригадын малчнаар ажилд орж нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1989 оныг дуустал ажилласан юм. Түүний нөхөр мөн Холбоо бригадын малчин байсан. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
6. Гэрч М.Басан, Р.Пүрвээ нарын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч А.Алтанцэцэг нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн А.Алтанцэцэгийн цалингийн тодорхойлолт, А.Алтанцэцэгийн 1988 оны төрөлтийн түүхэд түүнийг Өмнөговь сумын Холбоо багт малчин гэж бичигдсэн байдал, гэрч М.Басан, Р.Пүрвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч А.Алтанцэцэгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Суухан овогт Анкаагийн Алтанцэцэгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч А.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР