Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 3912

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Роял кестл 103 дугаар байр, 601 тоот хаягт оршин суух Мэдээ овогт Базарын Бат-Эрдэнэ /РД:ИЭ69013011/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намьяанжү гудамж, 33г байр, 58 тоот хаягт оршин суух Эс овогт Дамдинпүрэвийн Төмөрбат /РД:ЙС76050734/-д холбогдох 44,370,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

            Б.Бат Эрдэнэ миний бие 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Төмөрбаттай Зээлийн гэрээ байгуулж, 29,000,000.00 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаатай, 1 /нэг/ сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

 

            Хариуцагч Д.Төмөрбат нь Зээлийн гэрээний үүргийг 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж гүйцэтгэх байсан ч огт биелүүлээгүй бөгөөд гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг түүнд удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлсөнгүй.

 

            Иймд, хариуцагчаас үндсэн зээл 29,000,000.00 төгрөг, зээлийн хүү 870,000.00 төгрөг, алданги 14,500,000.00 төгрөг, нийт 44,370,000.00 төгрөг нэхэмжилж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.Төмөрбат нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие Б.Бат-Эрдэнээс 29,000,000.00 төгрөгийг Зээлийн гэрээ байгуулж, сарын 2 хувийн хүүтэйгээр 2 /хоёр/ сарын хугацаатай зээлж авсан нь үнэн бөгөөд 4,000,000.00 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрдөг.

 

            Иймд, тус Зээлийн гэрээгээр үлдэх 25,000,000.00 төгрөг, зээлийн хүү 870,000.00 төгрөг, нийт 25,870,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч улс орон даяар эдийн засгийн хямралтай, бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа бодит байдлыг харилцан ойлголцож, эвлэрэх саналтай байна.

 

            Миний зүгээс нийт нэхэмжлэлийн шаардлагаас 25,870,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч болох юм. Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь Дорнод аймгийн Баян сумын Дөч гол гэдэг газарт орших “А” тусгай зөвшөөрөлтэй алтны шороон ордыг зуучилж, Тод бум ХХК, Хөөсгөл ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллуулж, манай компанийг маш их хохироосон.

 

            Тэрээр өөрийнхөө буруутай үйлдлээс манай Тод бум ХХК-нд хохирол хүлээгээд байгааг ойлгож, алданги 14,500,000.00 төгрөгийг нэхэмжлэлээсээ татна гэдэгт итгэж байна. Хэрэв Зээлийн гэрээний маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэхгүй тохиолдолд Б.Бат-Эрдэнэ болон Хөөсгөл ХХК-иас гэрээний үүрэг биелэх боломжгүй болсноос үүссэн хохирлыг нэхэмжлэх болно. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авахгүй байхыг хүсье гэжээ.

             

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            Хариуцагч Д.Төмөрбат нь нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөхдөө 4,000,000.00 төлсөн гээд үндсэн зээл 25,000,000.00 төгрөг, хүү 870,000.00 төгрөг, нийт 25,870,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин алданги 14,500,000.00 төгрөг төлөхөөс татгалздаг. Шүүх хуралдаан болохоос өмнө зохигч бид эвлэрэх гэсэн боловч санал зөрөлдөөд болсонгүй.

 

            Нэхэмжлэгчийн зүгээс 29,000,000.00 төгрөгийг зээлийн хүү болох 870,000.00 төгрөгийн хамт өнөөдөр төлсөн тохиолдолд үлдэх алданги болох 14,500,000.00 төгрөгөөс татгалзаж, эвлэрэх санал гаргасан юм, гэтэл хариуцагчийн зүгээс 14 хоногийн хугацаанд төлнө гээд байгаа, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүсэл зориг нь 29,870,000.00 төгрөгийг өнөөдөр л төлсөн тохиолдолд алдангиас татгалзах юм, гэтэл нөгөө талдаа хариуцагч тал өмнө төлсөн 4,000,000.00 төгрөгийг хасч тооцуулаад 25,870,000.00 төгрөгийн хувьд эвлэрэх ойлголттой байх шиг байна, тэгэхээр талуудын эвлэрлийн нөхцөл нийцэхгүй байна.

 

            Мөн хариуцагч тал нэгэнт 4,000,000.00 төгрөг төлсөн гэж байгаа бол миний зүгээс тус 4,000,000.00 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй, харин алдангиас чөлөөлөх, багасгах асуудлын хувьд нэгэнт үүрэг гүйцэтгэгч болох Д.Төмөрбат нь өөрөө гэрээгээ зөрчсөн, энэ олон жилийн хугацаанд тэрээр үүргээ биелүүлж, нэхэмжлэгч талд зээлсэн мөнгөө өгсөн бол нэхэмжлэгч тодорхой орлого олох боломжтой байсан, зээл төлөгдөхгүй удсан учраас нэхэмжлэгч Б.Бат Эрдэнэ тодорхой хэмжээнд хохирсон, ийм учраас алдангиас чөлөөлөх, багасгах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

 

             Барьцааны гэрээний хувьд бүртгэгдсэн эсэх асуудлыг мэдэхгүй, нэхэмжлэгч талын зүгээс заавал хүний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулаад яах бэ гэж байсан, тийм ч учраас бид нэхэмжлэлдээ энэ талаар дурьдаагүй, Барьцааны гэрээг шүүхэд өгөх болсон шалтгаан нь Зээлийн гэрээ байгуулахдаа дагалдаж хийсэн гэдгийг нотлох гэсэн юм.
 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            Б.Бат Эрдэнэ болон Д.Төмөрбат нар бизнесийн харилцаатай хүмүүс юм. Миний зүгээс энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт зохигчдыг аль болох эвлэрүүлэх талаас нь ярилцсан бөгөөд хариуцагч Д.Төмөрбат нь 29,870,000.00 төгрөгийг өнөөдөр шууд төлж чадахгүй ба 14 хоногийн дотор төлнө гэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй, мөн өмнө нь төлсөн 4,000,000.00 төгрөгийг хасах ёстой, ийм учраас тус төлбөр төлсөн баримтыг гаргуулах хүсэлтэй байсан боловч нэгэнт нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаасаа хасахаар болсон тул хүсэлт гаргах шаардлагагүй боллоо.

 

            Иргэний хуульд зааснаар алданги 0.5 хувь гэдэг нь хамгийн өндөр хувь хэмжээ юм, нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс тус 29,870,000.00 төгрөгийг өнөөдөр төлсөн тохиолдолд алданги болох 14,500,000.00 төгрөгөөс чөлөөлөн гэж байгаа нь түүнд хариуцагчийг алдангиас чөлөөлөх хүсэл зориг байна гэсэн үг. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ үүнийг болоод бусад нөхцөл байдлыг харгалзан үзээд алдангийг бууруулж өгөхийг хүсье гэв.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

 

  1. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ,
  2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан Барьцааны гэрээ,
  3. Барьцааны зүйлийн өмчлөгч Б.Сарантуяагаас зээлдэгч Д.Төмөрбатад олгосон итгэмжлэл,
  4. 0252980 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,
  5. 0252948 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,
  6. Голомт банкны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10/266 тоот тодорхойлолт,
  7. Талуудын хариу тайлбарууд.

 

Түүнчлэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс авсан арга хэмжээний хүрээнд дараах баримтууд цугларсан байна. Үүнд:

 

  1. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн хүсэлтээр хариуцагч Д.Төмөрбатын эд хөрөнгө, банкин дахь дансны зарлагын гүйлгээг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд битүүмжлэх тухай шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10035 тоот захирамж,
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагааны 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гомдлын дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10035 тоот захирамжид өөрчлөлт оруулсан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 399 тоот тогтоол,
  3. Тэдгээрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн тоот.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Бат Эрдэнэ нь хариуцагч Д.Төмөрбатад холбогдуулан 44,370,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч талаас өмнө нь төлсөн 4,000,000.00 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч тооцохоор болжээ.

 

Хариуцагч Д.Төмөрбатын зүгээс нэхэмжлэгч талаас 29,000,000.00 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, өмнө нь 4,000,000.00 төгрөг төлсөн гээд харин алданги болох 14,500,000.00 төгрөгийг талуудын хооронд үүссэн өмнөх харилцаанаас улбаалан төлөхөөс татгалзаж байгаа ажээ.

 

Шүүх хуралдаанд зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэн хэлэлцэх талаар харилцан санал солилцсон боловч тэдгээрийн хүсэл зориг нэгдсэнгүй.

 

Шүүхээс хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Д.Төмөрбатаас 38,370,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бат Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

 

Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Бат Эрдэнэ нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Д.Төмөрбаттай Зээлийн гэрээ байгуулж, нийт 29,000,000.00 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн байна.

 

Талууд тус Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож иргэн Баянжаргалын Сарантуяагийн эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18659312465250 тоот нэгж талбарын дугаартай газар, хариуцагч Д.Төмөрбатын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 18659312483222 тоот нэгж талбарын дугаартай газрыг тус тус барьцаалуулахаар Барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулсан энэхүү Зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 болон мөн уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч Б.Бат Эрдэнийн зүгээс зээлдэгч Д.Төмөрбатад зээлийн гэрээний зүйл болсон 29,000,000.00 төгрөгийг түүний өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар зохигчид маргахгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдаж, Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

 Тус Зээлийн гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч Д.Төмөрбат нь үүрэг гүйцэтгүүлэгч Б.Бат-Эрдэнэд 29,000,000.00 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ашигласан хугацаа болох 45 хоногийн хүү /нэг өдрийн хүү 19,334.00 төгрөг/ 870,000.00 төгрөг, нийт 29,870,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч Д.Төмөрбарт нь гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч тэрээр үндсэн зээл, зээлийг хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх юм.

 

Иймд, зээлдүүлэгч Б.Бат-Эрдэнэ нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Төмөрбатаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь мөнгөн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус зааснаар зээлдүүлэгч талд үндсэн зээл болон тохирсон хүүг төлөх нь зүйтэй.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Төмөрбатын зүгээс өмнө нь 4,000,000.00 төгрөгийг төлсөн гэдэг боловч хэзээ төлсөн эсэх нь тодорхой бус байгаагаас гадна тус төлбөрт үндсэн зээлийг ашигласан хугацааны 870,000.00 төгрөгийн хүү багтсан эсэх, тухайн төлбөрөөс үндсэн зээлээс хасагдах ёстой байсан уу зэрэг зүйлүүд тодорхой биш байна.

 

Гэвч хариуцагч Д.Төмөрбат нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хариу тайлбартаа өмнө нь төлсөн 4,000,000.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч, хүү болох 870,000.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаас тус 4,000,000.00 төгрөгийг хасч тооцох тухай хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хариуцагчийг үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000.00 төгрөг болон зээлийн хүү 870,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Нэгэнт хариуцагч Д.Төмөрбат нэхэмжлэл гаргахаас өмнө 4,000,000.00 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

Зохигчдын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар Анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг тус Зээлийн гэрээ хангасан байгаагаас гадна үүрэг гүйцэтгэгч Д.Төмөрбат нь гэрээнд заасан зээл төлөх хугацааг 3 /гурав/ жил гаруй хугацаагаар хэтрүүлсэн байх тул зээлдэгч Б.Бат-Эрдэнэ нь түүнээс Анз шаардах эрхтэй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан бууруулахыг хүсчээ.

 

Монгол Улсын Иргэний 232 дугаар 232.6-д зааснаар алдангийн хэмжээ нь 0.5 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтай бөгөөд зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээнд 0.5 хувиар тохирсон байна.

 

Харин хэргийн нөхцөл байдал болоод үндсэн зээлийн хэмжээтэй тухайн тохиролцсон алдангийг харьцуулан авч үзвэл нэгдүгээрт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас хариуцагч Д.Төмөрбатын зүгээс ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, тэрээр үүргийг гүйцэтгэхэд тодорхой нөхцөл байдлууд нөлөөлсний улмаас чадахгүй байсан хоёрдугаарт, үүргийг гүйцэтгэх талаар тодорхой арга хэмжээ авч байсан зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй ба хариуцагч Д.Төмөрбат нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ийнхүү Зээлийн гэрээ байгуулж, Анзын талаар тохирч байх үеийн нөхцөл байдал хожим өөрчлөгдсөн, Анзыг бууруулах ямар нөхцөл, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа, анхнаасаа тохирсон Анз нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон зэрэг үйл баримтын талаар нотлохгүй байна.

 

Иймд, үндсэн зээл болох 25,000,000.00 төгрөгөөс тооцсон 12,500,000.00 төгрөгийн алдангийг бууруулах үндэслэл алга байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Анзын хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу тооцвол 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд тооцогдсон алдангийн хэмжээ 12,500,000.00 төгрөг болсон байна.

Монгол Улсын Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйл, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Хэрэгт хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх тодорхой бус, бүртгэсэн талаар бичилт, улсын бүртгэгчийн тамга тэмдэг зохих ёсоор дарагдаагүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ болон хариуцагч Д.Төмөрбат нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ нь хуульд зааснаар бүртгэгдээгүй байх тул хүчин төгөлдөр хэлцэл биш болно.

 

                       

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүлийн 282.1, 282.3-д тус тус зааснаар хариуцагч Д.Төмөрбатаас 25,000,000.00 төгрөгийн үндсэн зээл, ашигласан хугацааны зээлийн хүү 870,000.00 төгрөг, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтыг тус тус үндэслэн 12,500,000.00 төгрөгийн алданги, нийт 38,370,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэд олгосугай.

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,800.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Төмөрбатаас 349,800.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10035 тоот захирамж нь энэхүү шийдвэрийг тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР