Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 727

 

Б.Д, А.А, Д.Б,

Э.М, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Пүрэвтогтох,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Р.Булган,

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Тэнгис,

Шүүгдэгч Э.Мгийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Д, А.А, Д.Б, Э.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн 201526030543 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Д нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бурхантын гудамжны дунд байрлах Оршуулгын газрын зүүн хойд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Г.Дг “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр Г.Дгийн толгойн тус газар чулуугаар цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт,

А.А, Д.Б, Э.М нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бурхантын гудамжны дунд байрлах Оршуулгын газрын зүүн хойд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Г.Дг “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, биед нь дух, зулай, дагз, шилбэнд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

Б.Б нь мөрдөн байцаалт, шүүхэд худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сануулсаар байтал 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар, А.А, Д.Б, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Б.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Баянбатын Б.Дыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар, шүүгдэгч Цахар овогт Амаржаргалын А.А, Норолхоосүрэн овогт Даваадоржийн Д.Б, Боржигон овогт Эрдэнэжаргалын Э.М нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, Хан-Ууп дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Баянсангийн Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овогт Баянбатын Б.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цахар овогт Амаржаргалын А.А, Норолхоосүрэн овогт Даваадоржийн Д.Б, Боржигон овогт Эрдэнэжаргалын Э.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Дыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А, Д.Б, Э.М нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд биечлэн эдлүүлэхээр тогтоосон 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Д.Б, Э.М нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 219 хоног, А.Агийн цагдан хоригдсон 260 хоног, Д.Бийн цагдан хоригдсон 219 хоног, Э.Мгийн цагдан хоригдсон 240 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Даас 4.043.510 /дөрвөн сая дөчин гурван мянга таван зуун арав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэгт олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даавууны хайчилбар 1 ширхэг, ууттай шороо, цаасан ууттай хайчилбар 1 ширхэг, цаасан ууттай шороо, босоо захтай саарал өнгийн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн урд тал нь саарал хөндлөн судалтай ноосон цамц 1 ширхэг, хар цэнхэр өнгийн нилон материалтай өмд 1 ширхэг, шаргал өнгийн пүүз 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ. 

 

Ялтан А.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах  гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж ял оноосон гэж давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Аг бусадтай бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч А.Агийн гэм бурууд тохируулан ял шийтгэлийг оногдуулахдаа хэрэглэсэн хуулийн заалт нь хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг буруу гэж үзсэн. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэргийн талаар ямар нэгэн зүйл заалтыг тусгайлан зааж хуульчлаагүй бөгөөд танхайрах гэсэн үйлдэл нь дангаараа хор уршиг учруулаагүй бол тусдаа Зөрчлийн тухай хуулиар захиргааны хариуцлага хүлээлгэх үйлдэл болсон. Харин танхайрах явцдаа бусдад хохирол, хор уршиг тухайлбал бусдын бие махбодид гэмтэл, хохирол учруулсан нь тогтоогдвол уг гэмтлийнх нь шинж чанараас хамаарч энэ хуулийн тохирох зүйлээр зүйлчлэж шийдвэрлэгдэнэ. Гэтэл анхан шатны шүүх А.Агийн үйлдлийг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнээд ял оноосон зүйл нь өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр буруу зүйлчилсэнд гомдолтой байна. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар "Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй" гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж, шүүгдэгч А.Агийн үйлдлийг "Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах" гэмт үйлдэл гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж дүйцүүлэн ял оноосон нь "...гэм буруугийн төсөөтэй шинжийг хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй" гэсэн дээрх заалттай шууд зөрчилдөж, түүний хувийн болон эрх зүйн байдлыг илт дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн заалт шууд зөрчигдсөн гэж үзнэ. Мөн анхан шатны шүүхийн энэ удаагийн шийдвэр нь бусад шүүхийн адил төрлийн гэм буруутай этгээдэд хэрэглэж буй хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энэ байдлыг нэг мөр зөв ойлгож, хэвшүүлж, жишиг тогтоож шийдвэрлэхгүй бол цаашид ижил төрлийн гэмт үйлдлийг буруу зүйлчилж, хууль хэрэглээний хувьд буруу, алдаатай жишиг болж тогтох эрсдэлтэй гэж үзэж байна. Жич: Гэмт үйлдлийн гол шинж болсон бусдад хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заагдаагүй байна. Шүүхээс шүүгдэгч А.Аг гэм буруутай гэж үзвэл түүний үйлдлийг бусадтай бүлэглэн бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд илүү зөв, шударга болж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хангана. Ингэж шийдвэрлэхдээ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч А.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний нөхөр Г.Д нь 2015 оны 7 дугаар сарын 13-нд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдаж, бидэнд маш их гарз хохирол учирсан. Уг хэргийг маш удаан хугацааны туршид мөрдөн шалгаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс Б.Дын үйлдлээс амь нас нь хохирсон хэмээн тогтоож, ял оногдуулсан ба оршуулгын зардлыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон шүүх хурлын дараа Б.Дын өмгөөлөгч, эх нь хохирлыг төлж барагдуулах гэсэн юм гээд байнга утасдаад байсан чинь ял оногдуулсан шүүх хурлын дараа хохирол төлөх талаар огт ярихаа больж, харин ч төлөх мөнгө, төгрөггүй, төлж чадахгүй гэж хохирогчид хүн чанаргүй хандах болсон. Миний бие гэр бүлийн гол тулгуур, хань ижлээ алдаад зогсохгүй дээр нь оршуулгын зардлаар хохироод байна. Гэтэл Б.Д болон бусад холбогдогч нар нь бүлэглэн манай нөхрийг зодож, амь насыг нь бүрэлгэсэн байж өнөөдөр хохиролд нэг ч төгрөг төлөөгүй, уучлалт гуйгаагүй, өөрсдийн үйлдсэн хэрэгт огтхон ч гэмшихгүйгээр үл барам, хэрэг хийгээгүй гэж мэлзэж, уг хэргийг шийдвэрлэх ажиллагааг маш их удаашруулж, хохирогч намайг хуулийн байгууллага руу нааш цааш явуулан чирэгдүүлж, хохироосон. Хохирогчийн хувьд нэгэнт хохирлоо төлүүлж авч чадахгүй байгаад болон шүүхээс Б.Дт 4 жилийн хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Учир нь түүний ар гэрийнхэн нь хохирогчид гаргаж байгаа зан байдал нь шүүхээс Б.Дт оногдуулсан хорих ял үйлдсэн хэрэгт нь тохирохгүй, дэндүү хөнгөдсөнөөс болж байна гэж үзэж байна. Иймд Б.Д нь гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөөгүй бөгөөд түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад анхан шатны шүүх түүнд 8 жилийн хорих ял оногдуулж уг ялыг насанд хүрээгүй байхдаа үйлдсэн хэмээн 4 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хохирлыг гаргуулж, ялыг нь хүндрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч гэм буруутай этгээдээс ямар нэгэн хохирол аваагүй. Үүнд маш их гомдолтой байгаа. Ялтан Б.Д гэм буруугаа хүлээдэггүй. Гэмт хэрэг үйлдэх үед Б.Д насанд хүрээгүй байсан тул оногдуулах ял нь 50 хувь багассан. Түүний үйлдсэн гэмт хэргийн санкц 5-12 жилийн хорих ялтай байх тул ялын дээд хэмжээгээр ял оногдуулж, насанд хүрээгүй хүний ялыг багасгах журмыг хэрэглэж өгнө үү. Анхан шатны шүүх гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд Б.Дыг бусдын амь насыг санаатай хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогчийн амь нас хохирсон байна гэж үзэн ял оногдуулсан. Аль зүйлээр гэм буруутайд тооцох нь эргэлзээтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Ялтан Б.Дын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд хор уршиг учирч хохирогч нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар баримт зэргээр хангалттай тогтоогддог. Иймд хэргийг зөв зүйлчилсэн гэж үзэж байна. Б.Д нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэн шийдвэрлэсэн нь зөв болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол аваагүй гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлөх завсарлага хүссэн. Б.Д насанд хүрээгүй бөгөөд амьжиргааны түвшин доогуур амьдралтай. Б.Д нь 63 дугаар тусгай сургууль төгссөн. Иймд Б.Дын эцэг, эхийн зүгээс хохирол төлөх хэцүү байгаа. Гэхдээ Б.Дын эцэг хүний мал маллаж, хөлсөнд нь авсан малаа хохиролд өгье гэдэг боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мал авахгүй гэсэн. Тухайн малыг борлуулж мөнгийг нь өгөх гэтэл хорио цээрийн бүсэд байгаа тул малыг нь гаргахгүй хүндрэлтэй байдалд байгаа. Энэ талаар би хохирогч болон түүний өмгөөлөгчтэй уулзаж, хэлж байсан. Б.Дын ар гэрийнхэн хохирлыг төлөхөө илэрхийлдэг. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Ялтан Д.Бийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй. Б.Д, Д.Б, Б.Б нар нь тусгай сургууль төгссөн. 2 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд, Шүүх сэтгэц эмгэг судлалын төвөөс гаргасан дүгнэлтэд тавьсан асуултанд эдгээр хүүхдүүд өөрсдийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр хэлж байсан нь харагддаг. Сэтгэцийн эмч нар хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно” гэж заасан. Давж заалдах шатны шүүх энэ байдлыг онцгой анхаарч өгнө үү. Шүүгдэгч нарын төгссөн гэх 63 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтантай уулзсан. Эдгээр хүүхдүүд тухайн цаг хугацаанд уншиж, бичиж чаддаггүй байсан бөгөөд гарын үсэг зурж буй байдал, сэтгэцийн эмчид өгсөн мэдүүлэг, нэмж, хасч буй байдал зэргээс тодорхой харагддаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

 

Ялтан Э.Мгийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Ялтан Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь сэтгэцийн хөнгөн эмгэгтэй, бичиг үсэг мэддэггүй. Мөн амьжиргааны түвшин доогуур амьдралтай. Б.Бат-Эрдэнийг худал мэдүүлэг өгсөн гэж зүйлчилсэн хэргийг хуулийн зохих зүйл заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын Б.Бд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Пүрэвтогтох шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.М, Д.Б, А.А нарын хувьд тусгай ангид заагаагүй гэмт хэргийг төсөөтэй хэрэглэж ял халдаасан гэж давж заалдах гомдол гаргасан байна. Бусдыг илтэд үл хүндэтгэсэн, хүч хэрэглэсэн тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр ял шийтгэдэг байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, хүч хэрэглэсэн тохиолдолд энэ зүйлээр шийтгэхээр заасан байгаа тул хуулийг төсөөтэй хэрэглэсэн зүйл байхгүй. Э.М, Д.Б, А.А нарын үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчсөн, хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь гэмтлийн зэргээр зүйлчлэгдэх гэмт хэрэг тул энэ зүйлээр зүйлчлэгдэх үндэслэлгүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасны дагуу шүүх шийдвэрлэсэн. Эдгээр шүүгдэгч нар анх удаагаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх ямар нэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхээс оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг өөрсдийн үйлдлийг ойлгохгүй, сэтгэцийн хомсдолтой гэж Б.Тэнгис өмгөөлөгч тайлбарлалаа. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно” гэж заасан байна. Гэтэл сэтгэцийн байдлыг тогтоолгосон дүгнэлтэд эдгээр шүүгдэгч нарыг өөрсдийн үйлдлийг ойлгон, өөрийгөө удирдан жолоодох чадвартай гэж гарсан. Энэ нь тэдний удаа дараагийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгч байсан тайлбараар нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Д, А.А, Д.Б, Э.М, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Прокуророос Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх “...Б.Дд хохирогчийн амь насыг хохироох хор уршигийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үнэдэслэлтэй, ...” гэж дүгнэн, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1282 дугаартай шинжээчийн “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зулай ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зулайд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтас, 106-107 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 1012 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Г.Дгийн биед учирсан гавал тархины гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд, ... шарх гэмтлүүд нь тус  тусдаа ... хөнгөн зэрэгт, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа ... гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. ... Г.Д нь ГССҮТ-д 43 цаг эмчлэгдэж байгаад нас баржээ. ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтас,111-113 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэгийн ... Бид нар ... 10-20 минут болоод ... гэртээ иртэл гэр дотор харанхуй байсан. Манай талийгаач нөхөр хойд талын орон дээр ... толгойноос нь цус гарчихсан сууж байсан. ... зодсон хүмүүс чинь хаана байгаа вэ гэж асуутал юу ч дуугаралгүй гэрээс гараад явчихсан. Охин Гантуяа бид хоёр дагаад гартал оршуулгын газрын тийшээ явж байснаа ...1 м өндөртэй хашааг даваад орсон. ... давхар дэлгүүр лүү гараараа заагаад байсан. Тэгснээ нуруугаараа газар унасан. Бид нар дөхөөд очтол гар, хөл нь таталдаад байхаар нь Мөнгөнхөлөг тэвэрээд авсан. ... /1 дүгээр хавтас, 70-71 дүгээр хуудас/ мэдүүлэг зэргээс үзэхэд амь хохирогч Г.Д нь бусдад зодуулснаас хойш 10-20 минутын дараа гавал тархины гэмтлийн улмаас ухаан алдаж, улмаар эмнэлгийн тусламж авч, 43 цаг эмчлэгдэж байгаад нас баржээ.

 

Чулуугаар бусдын толгой руу цохих нь аюултай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдаж болно гэдэг нь энгийн ухамсарын түвшинд ухамсарлагдсан байх ёстой асуудал гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхээс Б.Д нь хохирогчийн амь насыг хохироох хор уршигийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзээд зүйчлэлийг өөрчилсөн нь учир дутагдалтай болжээ.

 

Хор уршигийг хүсээгүй нөхцөл байдлаас гадна үйлдлийн шинж чанар буюу амь насанд аюултай үйлдэл хийсэн эсэх, гэмтлийн улмаас ямар хугацааны дараа амь нас нь аюултай байдалд орсон эсэх, амь хохирогч гэмтлийн улмаас ямар хугацаанд амь насаа алдсан, эмнэлгийн тусламж авч, ямар хугацаанд эмчлэгдсэн, энэ хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал ямар байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр гэм буруутай этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэхээр байна.

 

Хэдийгээр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэж орсон боловч уг нөхцөл байдал буюу хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж хэвээр байгаа болно.

 

Харин ямар тохиолдолд, аль зүйл хэсгээр зүйлчилж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүнд өгөх хууль зүйн үндэслэл, дүгнэлтээс хамаарахаар байна.

 

Мөн прокуророос Б.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинж нь өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилсөн буюу болсон бодит байдлыг болоогүй байдлаар, болоогүй зүйлийг болсон байдлаар зохиож мэдүүлэг өгсөн байдал хамаарна.

 

Б.Бат-Эрдэнийн сэжигтнээр өгсөн “...Миний эхний өгсөн 2 мэдүүлэг үнэн. Сүүлд 2016 оны 6 дугаар сарын 27-нд мэдүүлэг өгөхөд А.А надаас “чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад өгчихөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би хууль сайн мэдэхгүй болохоор “би худлаа мэдүүлэг өгсөн” гэж ярьсан юм. Үнэндээ А.А нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой манайд байхдаа согтуу “тэр хүнийг зодсон, элэг, бөөр лүү нь цохисон, Б.Д чулуугаар цохисон” гэж ярьсан нь үнэн. ...” /5 дугаар хавтас, 9 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.Б нь өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилсөн, уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна.

 

Худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн хувьд, гэрч нь хэрэгт холбогдсон хүнийг хамгаалсан, эсхүл буруутгасан байдлаар мэдүүлэг өгч, мөрдөн байцаалт, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, ээдрээ төвөгтэй болгосон байдаг тул Б.Бат-Эрдэний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхгүй.  

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Д, А.А, Д.Б, Э.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ялтан А.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.