Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 00042

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: М.Л

          Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисс, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох  

“Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Э-ыг түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0010/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, гуравдагч этгээд М.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, иргэдийн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие М.Л нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Яргуйт багийн Засаг даргаар нэрээ дэвшүүлсэн. Тухайн өдөр иргэдийн Нийтийн Хуралд ирсэн иргэдийг ирцийн бүртгэлд бүртгэхдээ регистрийн дугаар бичихгүй бүртгэсэн нь зориудаар иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, иргэдийн Нийтийн Хурлыг будлиантуулах зорилготой байсан нь дараах байдлаар нотлогдож байна.

1. Сонгуулийн ирцийн бүртгэлд 419 иргэн бүртгүүлсэн байхад 427 саналын хуудсыг хэвлэж, 8 саналын хуудас зориудаар илүү хэвлэж, Тооллогын комисст өгч 419 саналын хуудас гэж хэлээд гарын үсэг зуруулж тамга даруулж баталгаажуулсан. Нэг хүн нэг л саналын хуудас бөглөдөг. Гэтэл хуралд оролцсон иргэдийн ирцээс саналын хуудас нь илүү байна.

2. Ирцийн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийг нэг бүрчлэн нэрээр нь дуудаж бичиг баримтыг нь шалгаж, 304 иргэнд саналын хуудас олгосон. Үндсэндээ 304 иргэн санал өгсөн байхад саналын хайрцаг нээхэд 326 саналын хуудас гарч ирж ирцийн бүртгэлээс 22 саналын хуудсаар илүү гарч тоологдсон. Үүнээс үзэхэд санал тооллого хууль бус болсон.

3. Тус багийн харъяат, хэвтэрт байдаг, хуралд өөрийн биеэр оролцоогүй, бүрэн асаргаанд байдаг, Яргуйт багийн Овоотын 9-3 тоотод оршин суугч, ИБ53051202 регистрийн дугаартай н.Ч 63 настай иргэний өмнөөс түүний гэр бүлийн хүн болох ИБ47061612 регистрийн дугаартай 70 настай иргэн З иргэний үнэмлэхийг нь авч очиж саналын хуудас авч өмнөөс нь санал өгсөн байна.

4. Мөн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Тооллогын комиссын тогтоолд зөвхөн тухайн комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах байтал Хурлын дарга, нарийн бичгийн дарга баталгаажуулсан нь хууль бус үйлдэл гэдэг нь илт. Энэ мэтчилэн хууль бус үйлдлүүд нь хувь хүн, иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, хууль бусаар зохих журмын дагуу зохион байгуулагдаагүй сонгуулийн үйлдэл гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар хүчингүй болгож өгнө үү. Иймд багийн иргэдийн Нийтийн Хурлын болон Тооллогын комиссоос гаргасан шийдвэрүүд болох нийт 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр бусад тооцож, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан хуралдуулж өгнө үү”[1]

“...Тооллогын комисс нь санал авах ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй бөгөөд хэдэн сонгогч оролцож байгаа болон хэдэн сонгогчид саналын хуудас олгосон, үүнээс олгосон саналын хуудаснаас хүчинтэй саналын хуудас хэд байсан, хүчингүй хуудас хэд байгаа талаар Тооллогын комисс саналын тоог тоолж тогтоогоогүй бөгөөд саналын хуудсаар хэдэн хүн санал өгсөн, үүнээс М.Э хэдэн сонгогчийн санал авсан, М.Л хэдэн саналын тоо авсан, Б хэдэн саналын тоо авсныг Тооллогын комисс 55.9 %, Л 34.9%, Б 0.9% гэж сонгогчдын саналыг хэлж, үүнийгээ сонгогчдын олонхийн санал гэж үзсэн төдийгүй Тооллогын комисс нь сонгуулийн саналыг тоолж баталгаажуулаагүй.

Дээрх хууль бус 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 тоот захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг гарсан нь хууль бус захирамж болсон гэж үзэж байх тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 тоот захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Э-ыг түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргаж байна”[2]

“Миний бие М.Л нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн гаргахдаа дутуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шаардлага гаргахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргахаа орхигдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна”[3] гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь  хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Э-ыг түр томилсон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх удаа гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа өөрчилж, нэмэгдүүлсэн байгаа. Энэ шаардлагынхаа хүрээнд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хурлын үйл ажиллагааг хууль бус болсон гэж үзэж байгаа үндэслэл бол сонгуульд харьяаллын бус иргэд оролцсон. Тухайн багийн иргэдийн дунд явуулах ёстой.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 10 дахь хэсгийг зөрчсөн. М.Э 55.9%-ийн санал авсан гэх үндэслэл нь батлагдахгүй байна. Энэ сонгуульд харьяаллын бус 94 хүн байна гэж нотлох баримтаас судлаад үзсэн. Түрүүчийн шүүх хурал дээр эндээс хасагдсан. Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нэрсийн жагсаалтад нэрё нь байгаа хэдий ч хаяг дээрээ байдаг эсэх нь тодорхой бус байна. Иргэдийн ирцийн бүртгэлд дээр овог, хаяг нь байхгүй байгаа учраас энэ хүн мөн гэж нотлох зүйл байхгүй. Амаараа нь энэ мөн байна, энэ тэрний нөхөр, эхнэр байна гэж үзээд байна.

Тэгэхээр эдгээр зөрчилтэй 94 хүнийг харьяаллын бус гэж үзэж болохоор байна. Тухайн сонгуульд оролцож байгаа багийн иргэн гэдгийг иргэний үнэмлэхийг үзэж шийдвэрлэх байсан. Иргэдийн хэлж байгаа хаягаар нь бүртгэж байсан байна. Одоо энэ хүн мөн, биш гэж тогтоох боломжгүй. Үүний үндэслэлийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ирцийн бүртгэл өөрөө үнэн зөв баримт болохгүй байна. Иргэний үнэмлэхийг хараад бүртгэсэн гэж тайлбарладаг. Гэтэл иргэний үнэмлэхний хаягаасаа шилжээд явсан байх магадлалтай.

Эсвэл өөр багт бүртгэлтэй байж иргэний үнэмлэх дээр Яргуйт багийн харьяалалтай байх боломжтой. Бүгд насанд хүрсэн хүн байгаа гэж тааж байгаа болохоос насанд хүрээгүй ижил нэртэй хүн байхыг үгүйсгэхгүй. Жишээ татаж байгаа боловч 94 хүн дээр ийм зөрчил байгаа. Эдгээр хүмүүсийг хэнд саналаа өгсөн эсэхийг тогтоох боломжгүй. Ирцийн бүртгэлийг үнэн зөв баримт гэж харж шийдвэрлэх боломжгүй байна. Хурлын тэмдэглэл дээр 309 хүнээс санал авсан гэх боловч 311 хүний саналын хуудас байгаа тухай хариуцагч Б.П тухайн үед тайлбарлаж байсан. Тэгсэн мөртлөө 2 саналын хуудас хүчингүй гэсэн байна. Тэгэхээр 309, 311, 316, 326 юм уу? тодорхой болоогүй байна. Сүүлд тодруулахаар 311 саналын хуудас гарч ирсэн гэж хэлдэг. Хэдэн саналын хуудас хэдэн хүнд өгөөд, хэдэн саналын хуудас хайрцагнаас гарч ирээд, хэдэн саналын хуудас хүчингүй болсон нь огт тодорхойгүй. Гэрчүүдээс асуухаар ер нь энэ багийн санал авах ажиллагаа маш эмх замбараагүй хуулинд заасан журмын дагуу явагдаагүй гэж тайлбарладаг. Эрдэнэтуяа, Баттогтох нар 2 саналын хуудас авч болдог юм уу? гээд л 2 удаа саналаа өгсөн. Хурлын дарга Б.Б-ийн эрх хэмжээг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25-д тодорхой тусгаад өгсөн байдаг. М.Э 55.9%-ийн санал яаж авсан нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хурал болсон ба миний бие уг хурлаар иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Хуралдаан нь хууль зөрчсөн зүйл байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ор үндэсгүй худал зүйлсийг бичсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            1. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хурал 15-р сургуулийн урлагийн зааланд болсон. Иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдыг бүртгэх ажлыг тус багийн хэсгийн ахлагч 4 ажилтан хийсэн ба хурал 10 цаг 00 минутад эхлэх ёстой байсан ч хуралд оролцохоор ирсэн иргэд өглөөний 07 цагт сургуулийн гадаа хаалган дээр орох гээд хүлээж байсан тул хаалга онгойлгонгуут бөөнөөрөө дайран орж бүртгэл хийж байсан хэсгийн ахлагч болон цагдаагийн албан хаагчдыг дайрч түрэн орж ирсэн. Ингээд хуралд оролцохоор ирсэн иргэдийг иргэний цахим үнэмлэхээр нь бүртгэж оруулсан. 2-рт: Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох саналын хуудсыг хэвлэх үед принтер алдаа заасны улмаас иргэдийн Нийтийн Хуралд 419 иргэн бүртгүүлснээс хэтэрч 8 саналын хуудас илүү хэвлэгдсэн. Энэхүү илүү хэвлэгдсэн 8 саналын хуудсыг Яргуйт багийн нийгмийн ажилтан Т.Д нь Баян-Өндөр сумаас ирсэн хяналтын мэргэжилтэн Ж.У-д хүлээлгэн өгсөн. Илүү хэвлэгдсэн 8 саналын хуудсаар санал хураагаагүй байтал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ илүү хэвлэгдсэн 8 саналын хуудсаар санал хураалт явуулсан мэт бичсэн нь худал байна.

3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргад нэр дэвшигчийг тухайн багт оршин суугаа иргэд өөрсдөө сонгох ажиллагаа тул ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа биш юм. Нэхэмжлэгч нь өөрийгөө ямар нэгэн нам, эвслийг төлөөлөн Яргуйт багийн Засаг даргад нэр дэвшсэн хэмээн ойлгож байгаа бол энэ нь эндүүрэл болно. Учир нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...” гэж заасан нь иргэдээс багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгож, томилуулах талаар санал болгож буй үйл ажиллагаа юм.  4-рт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “Тус багийн харъяат, хэвтэрт байдаг, хуралд өөрийн биеэр оролцоогүй, бүрэн асаргаанд байдаг, Яргуйт багийн Овоотын 9-3 тоотод оршин суугч, ИБ53051202 регистрийн дугаартай н.Ч 63 настай иргэний өмнөөс түүний гэр бүлийн хүн болох ИБ47061612 регистрийн дугаартай 70 настай иргэн н.Загдсүрэн иргэний үнэмлэхийг нь авч очиж саналын хуудас авч өмнөөс нь санал өгсөн байна” гэсэн нь худал байна. Иргэн Д.З нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд өөрийн гэр бүлийн хүн болох Н.Ч-ийн хамт ирж саналаа өгсөн. Харин нэхэмжлэгч нь уг иргэдийн нэр, хаяг, регистрийн дугаар зэрэг мэдээллийг хаанаас олж авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд үүнийг гайхаж байна”[4] гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тооллогын комисст ажиллах хүмүүсийг нэр дэвшүүлж сонгодог. М.Л өөрөө тооллогын комисст оруулах хүнээ санал гаргаж нэр дэвшүүлж оруулсан. Хурлын нарийн бичгийн дарга хийсэн хүн бол М.Л-ын саналаар орж ирсэн. Тухайн үедээ гомдол санал гарч асуудал болсон зүйл байхгүй” гэв.

  Хариуцагчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дах хэсэгт “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэсэн заалтыг хангаж иргэд хуралдаа оролцсон. Нэр дэвшигчийн санал 50%-аас дээш байх ёстой гэсэн. Мөн л М.Э нь 55,9%-ийн санал авсан. Овоот, Толгод гэсэн хаяг зөрүүтэй зүйл байгаа. Гэхдээ энэ багийн иргэн биш гэж үзэх үндэслэл байхгүй. Яргуйт баг нь шинэ баг учраас хаягийн шинэчлэлт хийгдээд солигдсон учраас иргэний үнэмлэх дээрх хаягаас өөр байгаа.

Иргэд өөрсдөө зарим нь шинэ хаягаа сайн мэдэхгүй хуучин хаягаа хэлээд байдаг гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хууль зөрчсөн ажиллагаа гэж тайлбарлаад байгаа нь нэхэмжлэгч М.Л-ын эрхийг яаж зөрчөөд байгааг ойлгохгүй байна. Тооллогын комисс нэрийг дугуйлахдаа орхигдуулсан гэж хэлдэг. Тэр бол зүгээр гараар хийж байгаа зүйл хангалттай нотолгооны баримт биш. М.Л, М.Э нар 65 саналын зөрүүтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Б.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие хурлын заалнаас нэр дэвшүүлсэн саналыг зөвшөөрч Тооллогын комиссын даргаар ажиллахдаа Баян-Өндөр сумаас өгсөн удирдамжийн дагуу төрийн албан хаагчийн зааварчилгаар хуралдааны үйл ажиллагаанд Тооллогын комисст ажиллан бид тооллогоо хийхдээ хүн нэг бүрчлэн бүх Тооллогыг комиссын гишүүд гар дамжуулан тоолоод бүх нэр дэвшигчдийн тоогоор хүн тус бүрийн тоог гаргаж, хувийг нь тогтоож өгсөн бөгөөд хамгийн сүүлд миний бие төрийн албаны ажилтнаас одоо болсон уу гэж асуухад болсон одоо явж болно гээд явсан. Нэхэмжлэгч М.Л-ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж эсэргүүцэж байна”[5] гэжээ.

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын 21 багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Уг хурлаас иргэдийн олонхийн саналаар сонгогдсон иргэнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг баримтлан тухайн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргаж, томилуулах санал ирүүлсний дагуу 5 өдөрт багтаан сумын Засаг даргын захирамж гарган томилж батламжилсан. Уг захирамжид багуудын Засаг дарга нарыг Авилгатай тэмцэх газрын мэдэгдэл ирэх хүртэл хугацаагаар түр томилсон. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамж нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна”[6] гэжээ.

  Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр захирамжаар М.Э-ыг Яргуйт багийн Засаг даргааар түр томилсон. Энэ нь Авилгатай Тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх албан бичиг  иртэл түр томилдог. Маргаад байгаа Баян-Өндөр сумын Засаг даргын захирамж хүчинтэй хэвээр байгаа” гэв.

            Гуравдагч этгээд М.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М.Л-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1-рт: 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдсан. Уг хуралд оролцохоор ирсэн иргэдийг Яргуйт багийн хэсгийн ахлагч нар бүртгэсэн. Иргэдийг бүртгэхдээ холбогдох бичиг баримт болох цахим үнэмлэхийг нь шалгаж бүртгэж оруулсан.

2. Саналын хуудсыг хэвлэх үед техник алдаа гарч иргэдийн Нийтийн Хуралд 419 иргэн бүртгүүлснээс хэтэрч 8 саналын хуудас илүү хэвлэгдсэн. Илүү 8 саналын хуудсыг Яргуйт багийн нийгмийн ажилтан Т.Д нь Баян-Өндөр сумаас ирсэн Ж.У-д хүлээлгэн өгсөн. Илүү хэвлэгдсэн 8 саналын хуудсаар санал хураалт явагдаагүй болно.

3. Тооллогын комисс тооллогыг худал явуулж, М.Л-ын авсан саналыг хассан эсвэл нэр дэвшигч миний иргэдээс авсан саналыг хуурамчаар нэмж тоолсон үйл ажиллагаа явагдсан зүйл огт байхгүй. Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал нь тухайн өдөр тасралтгүй 12 цаг үргэлжилсэн бөгөөд маш олон хүний хүч хөдөлмөр, цаг зав орсон.

4. Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Засаг даргад нэр дэвшихдээ аль нэг нам, эвслээс бус иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдээс нэр дэвшсэн. Яргуйт багийн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурал хууль зөрчиж явагдаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үндэслэл муутай үнэн бодит байдалд нийцээгүй зүйлсийг бичсэн байна.

Иймд нэхэмжлэгч Яргуйт багийн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар М.Л-ын эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[7] гэжээ.

Гуравдагч этгээд М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэд хуралдаа оролцоод хэнийг дэмжих үү? гэдгээ өөрсдөө шийдэх эрхтэй. Сонголт хийхгүй байсан ч болдог. Тухайн хүний мэдлэг, чадвар юу ч хамаарахгүйгээр өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд саналаа өгдөг. Тухайн тооллогын комисс алдаа гаргаж байгаа гэж маргахаас илүү бүтэн өдрийн 12 цаг хуралдаж өгсөн иргэдийн сонголтыг хүндэтгэх ёстой. Би М.Л-аас 65 хүний саналаар илүү байсан. Тухайн багийн иргэдийн ирцээс харахад иргэдээс нэг ч өөр баргийн иргэн байгаагүй. Цагдаа нар хяналт тавиад сумын мэргэжилтэн хүртэл хяналт тавьж байсан.” гэв.

  Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ирцийн бүртгэл дээр /+/ гэж тэмдэглээгүй 24 хүн байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Үүнийг амархан шийдвэрлэх боломжтой. Саналын хуудсаа тоолоод үзэхэд ирцийн бүртгэл дээрх тоо таарч байгаа. /+/ гэж тэмдэглээгүй нь буруу байна гэж шүүх үнэлэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ удаа дараа өөрчилсөн. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажилласан. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Иргэдийн төлөөлөгч Г.С шүүх хураладанд гаргасан дүгнэлтдээ: “Яргуйт багийн иргэдийн нийтийн Хурлын тооллогын комиссын албан бичгийн алдаа байгаа ч уг хаяг, овог нэрийн зөрчилтэй иргэд тус багийн иргэд болох нь баримтаар нотлогдож байгаа тул сонгуулийг дахин явуулах үндэслэлгүй байхгүй болно” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг түр томилж, батламжлах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн 2. М.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”;

Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисст холбогдуулан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх дээрх маргаан бүхий захиргааны актуудыг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй, гадагшаа чиглэсэн, эрх зүйн үр дагавар  үүсгэж буй захиргааны акт гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын дарга Б.П нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-т зааснаар түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч М.Л-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг түр томилж, батламжлах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн 2. М.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, мөн Тооллогын комисст холбогдуулан гаргасан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэг. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, уг хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг багийн иргэдээр хэлэлцэж, тус багийн Засаг даргад М.Э, М.Л, Б нарын нэрийг дэвшүүлж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцсон иргэдээс нууцаар санал хурааж, саналын хайрцагаас 309 хүчинтэй саналын хуудас[8] гарсан байх бөгөөд М.Э-ыг 173 иргэн буюу 55.9 хувь, М.Л-ыг 108 иргэн буюу 34.9 хувь, Б-г 28 иргэн буюу 0.9 хувь нь багийн Засаг даргад нэрийг дэвшүүлэхээр саналаа өгсөн болох нь хуралдааны тэмдэглэл, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Саналын хуудас зэргээр тус тус тогтоогдлоо.

Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан эхлэхэд 419 иргэн оролцохоор бүртгүүлсэн боловч багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хураахад 309 иргэн оролцож, саналаа өгсөн байх тул тухайн асуудлыг хэлэлцэх үед санал өгсөн иргэдээс санал тоолсоныг зөв гэж үзэв.

Нэхэмжлэгч нь “...326 саналын хуудас гарч ирж, ирцийн бүртгэлээс 22 иргэн саналын хуудсаар илүү санал өгсөн” гэж тайлбарласан байх бөгөөд тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр хуудас /2017.04.22-ны Яргуйт багийн ИНХ-ын хуралдааны шүүхэд ирүүлсэн эх материалын 26, 27 дугаар хуудас/-т багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтад 326 иргэн нууцаар санал өгсөн талаар тэмдэглэжээ.

Харин багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, нууцаар санал хураахад саналын хайрцагаас 309 саналын хүчинтэй хуудас гарч үүнээс саналын дүнг тоолсон талаар Яргуйт багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар хуудас /2017.04.22-ны Яргуйт багийн ИНХ-ын хуралдааны шүүхэд ирүүлсэн эх материалын 29 дүгээр хуудас/, Тооллогын комиссын “Санал хураалтын дүнгийн тухай” 04 тоот тогтоол[9] , Яргуйт багийн ИНХ-ын “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 04[10] тоот хуралдааны тогтоолуудаар тус тус нотлогдож байна.

Орхон аймгийн Статистикийн хэлтсийн 2017 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 97 дугаартай албан бичгээр ирүүлсэн статистикийн мэдээллээр Яргуйт баг нь 2016 оны жилийн эцсийн байдлаар 1716 өрхтэй байсан байх тул тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх санал хураалтад 309 иргэн оролцсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 /Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд...аймгийн сумын төвийн багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно/-т зааснаар хуралдааны ирц хүчинтэй байна.

Нэхэмжлэгчээс “Яргуйт багт оршин суудаггүй, санал өгөх эрхгүй хүмүүс санал өгсөн” гэж тайлбарлаж байгаа нь Улсын бүртгэлийн хэлтсийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлтоор үгүйсгэгдсэн болно.

Хэдийгээр Яргуйт багт харьяалагдаж байгаа боловч гудамж, хаалганы дугаар зөрсөн зарим нэг иргэний хаягийн зөрчлийг тухайн багийн харьяалалгүй иргэн санал хураалтад оролцсон гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчээс “Ирцийн бүртгэлийг регистрийн дугаараар бүртгээгүй нь тухайн санал хураалтад сонгуулийн насны хэдэн хүн оролцсон болохыг тогтоох боломжгүй, сонгуулийн насанд хүрээгүй хүмүүс санал өгсөн. Мөн нэг хүн 2 удаа санал өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч хэдийгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн ирцийн бүртгэлд иргэдийн регистрийн дугаар, насны талаар тусгаагүй ч нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар сонгуулийн насанд хүрээгүй иргэд санал хураалтад оролцсон, мөн нэг иргэн удаа дараа санал өгсөн болох нь нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа дээрх үндэслэлүүд нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Иймд Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, М.Э-ыг багийн Засаг даргад нэрийг дэвшүүлсэн нь нэхэмжлэгч М.Л-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр:Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 173 иргэн буюу 55.9 хувийн саналаар М.Э-ыг тус багийн Засаг даргад нэр дэвшигчээр сонгосон тул тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг гаргаж, Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн байна.

Ийнхүү багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар санал болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөрчөөгүй гэж үзэн Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцон иргэдийн олонхийн санал авсан М.Э-ыг /2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг үндэслэн/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжаар Яргуйт багийн Засаг даргаар томилжээ.

Хуулийн дагуу явагдсан саналын дүнг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар М.Э-ыг Яргуйт багийн Засаг даргаар томилсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамж нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч М.Л-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-аас: “...Багийн Засаг даргын санал хураалтад оролцсон иргэдийг ирцийн бүртгэлд  /+/ гэж тэмдэглэсэн гэдгийг хариуцагчаас тайлбарладаг,  гэтэл дээрх маргаан бүхий багийн Засаг даргад санал өгсөн 284 /+/ тэмдэглэсэн бүртгэл байгаа. Санал хураалтад 309 иргэн оролцсон гэдэг,  25 /+/ тэмдэглэгээ буюу 25 иргэн санал хураалтад оролцоогүй байх магадлалтай, үүнийг хэрхэн тооцох...” гэх тайлбарт шүүх бүрэлдэхүүн үнэлэлт өгч, маргаан бүхий багийн Засаг даргад 284 иргэн санал хураалтад оролцсон гэж үзвэл М.Э-д санал өгсөн 173 саналаас зөрүүтэй байгаа 25 хүний саналыг хасч тооцоход М.Э-д 148, М.Л-д 108, Ч.Б-д 28 хүн тус тус санал өгсөн гэж үзээд санал өгсөн 284 хүнээс тооцоход 52.1%-ийн санал М.Э авсан, өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар /50+1/ олонхийн санал авсан  гэж дүгнэн,  Яргуйт багийн иргэдийн нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Багийн Засаг даргыг сонгосон иргэдийн нийтийн эрх ашгийг хөндөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтуудыг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

             1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.Л-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисс, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Э-ыг түр томилсон захирамжийн заалтыг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан М.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун төгрөг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.САРАНГЭРЭЛ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА

                                        ШҮҮГЧ                                      Б.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 


[1] Хэргийн 1-2 дугаар хуудас: Нэхэмжлэгч М.Лхагвын шүүхэд гаргасан нэхэмжлэл

[2] Хэргийн 54 дүгээр хуудас: Нэхэмжлэгч М.Лхагвын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага

[3] Хэргийн 97 дугаар хуудас: Нэхэмжлэгч М.Лхагвын шүүхэд гаргасан нэхэмжлэл

[4] Хэргийн 20, 24-25 дугаар хуудас: Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Баярмаагийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар

[5] Хэргийн 62 дугаар хуудас: Хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн шүүхэд ирүүлсэн тайлбар

[6] Хэргийн 63 дугаар хуудас: Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар

[7] Хэргийн 50-51 дүгээр хуудас: Гуравдагч этгээд М.Эрдэнэбулганы шүүхэд ирүүлсэн хариу тайлбар

[8] Мараан бүхий Яргуйт багийн иргэдийн нийтийн Хурлын  Засаг даргад өгсөн “Саналын хуудас”

[9] 2017.04.22-ны Яргуйт багийн ИНХ-ын хуралдааны шүүхэд ирүүлсэн эх материалын 10 дугаар хуудас

[10] Дээрх эх материалын 6 дугаар хуудас