Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 3714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 53-2 тоот хаягт оршин суух Баярмагнайгийн Пүрэвсүрэн /РД:ЦГ84092761/-гийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр, Хангарьд ордон, 12 дугаар давхар хаягт байрлах Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Миний бие Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Зураг төсөл газар зохион байгуулалтын хэлтэст Барилгын салбар хариуцсан зураг төслийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж ирсэн.

 

Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажил олгогч хуульд зааснаар байнгын ажлын байранд гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй боловч 1 /нэг/ жилийн хугацаа тогтоож байгуулсан, байнгын ажлын байранд хугацаатай ажиллах нь миний хүсэл зориг биш байсан, харин тогтвортой хугацаа заагаагүй байнгын ажлын байранд ажиллах, ажлын байраар хангуулах нь ажилтан миний жинхэнэ хүсэл байсан.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5/3417 тоот дугаартай албан бичгээр надад мэдэгдэл өгч, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/04 тоот тушаалаар Б.Пүрэвсүрэн надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

 

Миний бие ажиллах хугацаандаа аливаа ноцтой зөрчил гаргаагүй, байгууллагын дотоод журам, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн ба ажил олгогч байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах тухай хуульд заасан үүргээ зөрчин хугацаатай гэрээ байгуулж, одоо Хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгож байгаа тус үйлдлийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

 

Иймд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/04 тоот тушаал хууль зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэгч намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Зураг төсөл газар зохион байгуулалтын хэлтэст Барилгын салбар хариуцсан зураг төслийн мэргэжилтнээр 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажилласан. Дээрх ажил мэргэжилд Б.Пүрэвсүрэнтэй харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу 1 /нэг/ жилийн хугацаатай гэрээ байгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгагдсан.

 

Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

 

Иймд, Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан хугацаатай байгуулах гэрээний хувьд талууд харилцан тохиролцсон байх ёстой юм. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний эрх зүйн гэрээний төрөл учраас талууд гэрээний нөхцлүүдийг харилцан тохиролцох ёстой, гэтэл нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнтэй байгуулсан гэрээнд энэ талаар зохицуулаагүй байна, мөн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэл, шаардлагаар хугацаатай байгуулсан эсэх талаар тодорхой зүйл алга байна, ийм учраас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хууль зөрчсөн байна гэв.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь тус Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг анхнаасаа мэдэж байсан, Хөдөлмөрийн тухай хуульд гэрээг хугацаатай байгуулж болохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч тал 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б/04 тоот тушаалыг хүчингүй болгоно гээд байгаа, гэтэл энэ тушаал өөрөө хуулийн дагуу гарсан, нэхэмжлэгч талд хуульд зааснаар энэ тохиолдолд заавал мэдэгдэх шаардлагагүй байхад манай байгууллагын зүгээс түүнд Хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгох талаар мэдэгдэж, танилцуулснаар дуусгавар болгосон. Бүтэц зохион байгуулалтын хувьд Барилгын салбар хариуцсан зураг төслийн мэргэжилтэн шаардлагатай байгаа ч одоо ажиллаж байгаа ажилтнууд тухайн ажил үүргийг хуваарилж аваад зохих ёсоор гүйцэтгэж байгаа, хэрэв тус орон тоо үнэхээр шаардлагатай байсан бол ийнхүү Хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгохгүй байсан гэв.

 

Нэхэмжлэгч талд Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай бичгээр мэдэгдэл өгсний дараагаар түүнээс өдрийн дотор 2 /хоёр/ удаа хүсэлт өгснийг ажил олгогч тал хүлээн авч танилцаад хариу өгсөн, тухайн мэдэгдэл, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т тус тус нийцсэн учраас хууль зөрчөөгүй, үндэслэлтэй болно.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

 

  1. Б.Пүрэвсүрэнтэй байгуулсан 14/02 тоот Хөдөлмөрийн гэрээ /2014.01.17/,
  2. Б.Пүрэвсүрэнг ажилд томилсон тухай Б/06 тоот тушаал /2014.01.17/,
  3. Ажлын байрны тодорхойлолт,
  4. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/3417 тоот мэдэгдэл,
  5. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 тоот тушаал,
  6. Нийслэлийн засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/87 тоот захирамж /Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай/,
  7. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дүрэм,
  8. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын бүтэц,
  9. Б.Пүрэвсүрэнгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
  10. Б.Пүрэвсүрэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандаж гаргасан өргөдлүүд,
  11. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/190 тоот хариу албан бичиг,
  12. Цалингийн тооцооны карт,
  13. Цалин олгосон төлбөрийн даалгаврууд тус тус авагджээ.

 

Түүнчлэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс дараах нотлох баримтуудыг цуглуулахаар холбогдох захирамжийг гаргажээ. Үүнд:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг гаргуулах тухай 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13866 тоот захирамж,
  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын хүсэлтээр хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандаж гаргасан өргөдлүүдийг гаргуулан авах тухай 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16204 тоот захирамж.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Харин хариуцагчийн зүгээс Б.Пүрэвсүрэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг хууль зөрчөөгүй, байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хуулийн заалттай ч түүнтэй харилцан тохиролцож, хугацаатай гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлснийг хууль зөрчөөгүй гэж мэтгэлцэж байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар тус газрын Зураг төсөл газар зохион байгуулалтын хэлтэст Барилгын салбар хариуцсан зураг төслийн мэргэжилтнээр томилогдож, ажил олгогч талтай 14/02 тоот дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ба Үндсэн хуульд зааснаар Төр нь хүний эрх, эрх чөлөө хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэдийнхөө өмнө хариуцах үүрэгтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг зохицуулах бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажилтантай Хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэл, шаардлагаар хугацаатай болон хугацаагүй байгуулах үүргийг ажил олгогч тал хүлээдэг.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй бөгөөд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйл болон 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт нь тус тус хөдөлмөрийн харилцаанд оролцсон ажилтны хөдөлмөрлөх эрхийг хуулиар хамгаалж буй зохицуулалт юм.

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь байнгын ажлын байранд хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан гэж маргадаг ба ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгсний дараагаар тэрээр үргэлжлүүлэн ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан бол хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгчийн ажил албан тушаалыг байнгын ажлын байр гэдэгтэй огт маргадаггүй харин нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж мэтгэлцдэг.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэсний дагуу Б.Пүрэвсүрэнтэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэдэг.

 

Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтууд болох Хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, цалингийн карт, тооцооллоос тус тус үзвэл нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин сунгагдсан байх бөгөөд гагцхүү хариуцагч тал ямар үндэслэл, шаардлагаар ийнхүү ажилтан Б.Пүрэвсүрэнтэй Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон талаар харилцан тохиролцож зөвшилцсөн гэх үйл баримт тодорхой бус байна.

 

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь мөн адил тус гэрээнд хамаарах  юм. Өөрөөр хэлбэл, талууд Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний талуудын чөлөөтэй байдлын зарчимд суурилж, гэрээний гол нөхцөл, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн болон хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нарын хооронд байгуулсан 14/02 тоот гэрээг хугацаагүй байгуулах ёстой атал ийнхүү ямар үндэслэл, шалтгаан, шаардлагаар хугацаатайгаар байгуулсан гэдгийг тодорхойлох, нотлох зүйл алга байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй ба энэ утгаараа Монгол Улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан бичгээр хийх хэлцлийн шинжийг хангасан байхыг шаардана. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэсэн зохицуулалттай.

 

Гэвч нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн болон хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 14/02 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ямар үндэслэл, шаардлагаар хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон, ажилтны зүгээс ажил олгогч талтай харилцан тохиролцсон хүчин төгөлдөр хүсэл зориг байсан эсэх нь нотлогдохгүй, харилцан тохиролцсон үндэслэлээ гэрээнд тусгаагүй, талууд харилцан тохиролцсон байх тохиолдол, мөн харилцсан тохиролцсон гэдэг нь тус тус нотлогдохгүй байна.

 

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл хэдийгээр нэхэмжлэгчийн сарын цалин хөлс 700,000.00 төгрөг боловч тэрээр ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө сүүлийн 3 /гурав/ сарын хугацаанд нийт 4,236,800.00 төгрөгийн цалин хөлс авсан байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлвол ажилтны 1 /нэг/ өдрийн цалин хөлс 62,767.41 төгрөг, үүнийг ажилгүй байсан хугацаа болох 96 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 6,025,671.36 төгрөг болж байгаа ба үүнийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэгэнт дээр дурьдснаар нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байсан гээд түүнийг эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч талаас гаргуулж байгаатай холбогдуулан тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх нь ажил олгогч талын хүлээх үүрэг юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 111,361.00 төгрөг гаргуулж, улсын орлогод төлүүлэхээр шийдвэрлэв.

 

   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн гаргасан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Пүрэвсүрэнг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,025,671.36 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд олгох, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 111,361.00 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР