Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Н.Улсболд

              Шүүгдэгч                                          Н.ЛО нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.ЛОт холбогдох 1932002180224 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарапг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, "Оюу Майнинг энд эксплорейшн" ХХК-нд эксковаторын оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, * тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Нмтогтохын ЛО РД:/*/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Яллагдагч Н.ЛО нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Урт булгийн ам" гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "ОООЗАЫ РХ380" загварын эксковаторыг жолоодон газарт булсан байсан трубаг авах үедээ трубаны үзүүрээр М.Бжын толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.ЛО мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Бжын мэдүүлсэн "...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр урьд өмнө нь ажиллаж байсан зөвшөөрөл бүхий газар болох Урт булагийн аманд очиж өнгөрсөн жил газар булсан байсан усан бууны ус дамжуулах төмөр хоолойг гаргасан. Тухайн үед ЛО эксковатор бариад газраас төмөр хоолойг гаргаж байсан. Нм бид 2 хажууд нь хараад зааж зөвлөөд зогсож байсан. Тэгж байтал Нм надад хоёулаа нөгөө тал руу нь гаръя гэж хэлээд түрүүлээд явсан. Би араас нь явах гээд буруу хараад зогсож байтал гэнэт толгой руу газраас ухаж гаргаж байсан төмөр хоолой босож ирээд цохьсон. Тухайн үед миний толгой манараад өвдөж байснаа сүүлдээ ухаан санаа орж гараад амнаас цус амтагдаад эхэлсэн. Тэгэхээр нь би уурхайн дарга Бх ахад энэ талаар хэлсэн. ...Миний эмчилгээ хагалгааны зардлыг компаний захирал Баттөр эхнэр нь болох Цг эгч 2 бүрэн даасан одоогоор нэхэмжпэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бхгийн мэдүүлсэн: "...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед багаж техник хэрэгслээ хураагаад ЛО эксковаторыг жолоодож газарт булагдсан байсан трубаг үзүүр хэсгээс эксковарторын шанагаар нь татаж байтал нэг трубаны нөгөө талын үзүүр газраас ойж гарч ирээд тэнд ойрхон зогсож байсан Бжын толгойг оносон. Тэгээд Бж ухаан алдаж унаагүй толгой хавдчихлаа толгой өвдөж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 1-2 ширхэг толгойны өвчин намдаах цитрамон эм өгсөн. Түүнээс хойш Бжын биеийн байдал нь хэвийн хамт багаж хэрэгсэл хураалцаад зөөлцөөд байж байсан. Тэгсэн 14 цагийн үед Бж машин дотроо унтчихсан байхаар нь дуудаж сэрээгээд хоол идэж цай уу гэхэд жаахан байж байгаад болъё гээд байсан. Дахиад 1 цаг орчим босч ирэхгүй биеийн байдал нь тааруу болоод царай нь цайгаад ирэхээр нь Бжыг аваад машинаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд толгойгоо гэмтээсэн байна яаралтай Улаанбаатар хот руу юм уу Дарханы эмнэлэгт үзүүл гэхээр нь ойрхон учраас Дарханы эмнэлэгт ирж үзүүлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нмын мэдүүлсэн: "...2019 оны 10 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Урт булаг гэх газарт булсан байсан усны хоолоыг эксковаторь- жолооч ЛО ухаж гаргаж байсан. Хажууд нь Бж бид хараад зогсож байсан. Энэ үед Бж бид 2 эксковаторын ертөнцийн зүгээр зүүн талд эксковатороос 10 хүрэхгүй метр зайд ухаж байсан нүхний зүүн талын төгсгег орчимд зогсож байсан. Тэгээд би Бжыг хоёулаа цаана нь гарч харъя гээд би түрүүлээд нүхний зүүн талаар буюу зогсож байсан талаараа тойрч гараад цаагуур нь явж байтал нүдний үзүүрт төмөр труба босож байгаа харагдсан. Тэгээд эргээд хартал Бж зогсож байсан газраа толгойгоо барьчихсан сууж байсан. Тэгэхээр нь би энэ яг цохиулчихлаа гэж бодоод гүйгээд очсон. Энэ үед ЛО буугаад ирсэн. Бжыг гайгүй юу гэхэд гайгүй ээ трубонд толгойгоо цохиулчихлаа тэгэхдээ хэлээ хазчихлаа гэж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Гхийн мэдүүлсэн: "...Хоол болсоны дараа 2 залуу гадаа байрлуугса- саарал өнгийн воганчигноос нэг залууг сугадаад байшин руу авч орсон. Тухайн үед би согтуу хүн юм болов уу гэж бодсон. Тэгээд гэрт ороод хүн хаашаа л бол хаашаа найгаж уначих гээд унтаж байгаа хүн шиг байсан. Хоол цай өгөхөд идэхгүй гээд ямар ч байсан хүний ярьсаныг ойлгоод байсан. Тэр залууг газар хэвтүүлэхэд хурхираад унтаад байсан. Тэгээд нөгөө хүмүүс нь тэр залуугийн өмсөж байсан хувцсыг солиод яаралтай эмнэлэгт үзүүлнэ гээд Баруунхараа чиглэлд явсан. Тэдгээр хүмүүсийн яриагаар уурхайн техник хэрэгслээ буулгах гэж байгаад трубо, төмрийн үзүүрт цохиулсан гэж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Гсийн мэдүүлсэн: "...ЛО газар булсан байсан усны төмөр хоолойг гаргах гээд ухаж байсан. Тэгээд газар хөлдүү гарахгүй байхаар нь төмөр хоолойн ил гарсан хэсэг дээр нь шанагаараа дарсан чинь төмөр хоолойн үзүүр нь босож ирээд ойролцоо зогсож байсан Бжын толгойн тус газар цохьсон. Тухайн үед Бжын бие зүгээр гадна ил харагдах гэмтэл байгаагүй ба толгой өвдөөд байна гээд байсан. Тэгээд сүүлдээ царай нь цонхигоод нэг л биш болохоор нь бид нар Мөнхжаргал айлын гадаа техник хэрэгсэлээ аваачиж байрлуулаад Баруунхараагийн эмнэлэг явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 3-11-р хуудас/

            Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №945 тоот шинжээчийн дүгнэлт: "...М.Бжын биед тархины хүнд зэргийн няцралт, дух, чамархай, дагз ясны суурь ясруу шилжсэн битүү хугарал, дух чамархай хэсгийн хатуу хальсан дээрх тархмал цусан хураа, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр хүчтэй цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх  /хх-ийн 43-44-р хуудас/

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.ЛОын мэдүүлсэн: "...Урт булагийн ам гэх газарт очиж өмнө нь үлдээсэн байсан төмөр хоолой, бусад жижиг сажиг зүйлсээ авч байсан. Тухайн үед би эксковатор бариад газар булсан байсан төмөр хоолойг ухаж гаргаж байсан. уг газраас ойролцоо ертөнцийн зүгээр эксковаторын зүүн талд нүхний ойролцоо Бж, Нм 2 нүхнээс төмөр хоолой гаргахыг хараад зогсож байсан. Бусад хүмүүс ойр орчмын эд зүйлсийг цуглуулж машин дээр ачиж байсан. би газар булсан байсан усны төмөр хоолойг ухахад газар хөлдсөн байсан тул авагдахгүй байсан. нилээн ухаж байгаад сүүлдээ төмөр хоолойн нүүрэн хэсэг нь ил гараад ирсэн. Тэгэхээр нь би эксковаторын шанагаар ил харагдаж байгаа төмөр хоолойн харалдаан дээрээс нь газрын хөрсөн дээр нь дарсан чинь хөлдүү хөрс цөмөрч хагараад эксковаторын шанага төмөр хоолойн дээрээс дарсан. Энэ үед төмөр хоолойн зүүн талын үзүүр нь газраас босож ирээд ойролцоо зогсож байсан Бжын толгойн ар хэсэгт цохьсон. Тухайн Нм ухаж байсан нүхний эсрэг талд миний өөдөөс хараад Бжын зогсож байсан газар луу хуруугаараа заагаад байхаар нь би тэр зүг рүү нь харахад Бж зогсож байсан газраа толгойгоо дараад доош сууж байсан. тэгэхээр нь би буугаад Бж дээр очисон чинь Бж толгйгоо бариад суугаад юу ч ярихгүй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/ болон  

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 59 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 60 дугаар хуудас/, яллагдагчын гарын хурууны дардас /ХХ-ийн 62  дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /ХХ-ийн 63  дугаар хуудас/, жолооны үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 64-65 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.ЛО нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Урт булгийн ам" гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "DOOSAN DХ380" загварын эксковаторыг жолоодон газарт булсан байсан трубаг авах үедээ трубаны үзүүрээр М.Бжын толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Бжын мэдүүлэг  /хх-ийн 25-27-р хуудас/, гэрч Ч.Бхгийн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч Б.Нмын мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, гэрч Ж.Гхийн  мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, гэрч О.Гсийн  мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/ болон Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №945 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/, яллагдагч Н.ЛОын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.ЛО нь хохирогч М.Бжын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.ЛО нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Урт булгийн ам" гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа  2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "DOOSAN DХ380" загварын эксковаторыг жолоодон газарт булсан байсан трубаг авах үедээ трубаны үзүүрээр М.Бжын толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Н.ЛОт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор болох хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Монгол овогт Нмтогтохын ЛОыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.ЛОт хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Н.ЛО нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг  тус тус дурьдсугай. 

6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.ЛОт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ