| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/03701/и |
| Дугаар | 3701 |
| Огноо | 2016-04-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 3701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энэбиш даргалж, шүүгч С.Хишигбат, Б.Ундраа, нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант 2 дугаар баг, Өгөөмөр дэнж 2 дугаар гудамж, 1 тоот хаягт оршин суух Боржигин овогт Мандаагийн Аюурзана /РД:НМ63092219/-ын гаргасан,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 3-575в тоот хаягт оршин суух Нэргүйн Оюунбаяр /РД:ЧТ86121117/-т холбогдох 3,191,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Аюурзана, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, хариуцагч Н.Оюунбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Дуламжав, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Аюурзана 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагийн үед Жаргалантын салдаг уулзварт 08-32 төв улсын дугаартай хьюндай старекс маркийн миний эзэмшлийн машиныг Верна маркийн 69-83 унч улсын дугаартай машин эзэмшигч Н.Оюунбаяр зөв талын урд талаас мөргөж, миний машин их хэмжээний хохирол учруулсан.
Замын цагдаагийн ахмад н.Батболдын хэргийн газрын ослы актаар хариуцагч гэм буруутай гэж тогтоогдсон. Энэ ослоор хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, тогтоол гаргасан.
Миний машинд Гэрэгэ эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар 690,000.00 төгрөгийн хохирол гарсан боловч зарим эд ангийн үнэлгээг дутуу гаргасан ба нийт сэлбэр, ажлын хөлсөнд үнэд 1,031,000.00 төгрөг гарсан.
Би машинаараа Жаргалант сумаас Улаанбаатар хот руу сард 3 удаа хүнсний ногоо тээвэрлэж, 2,160.000.00 төгрөгийн орлого олдог.
Иймд, Н.Оюунбаяраас машинд учруулсан хохирол 1,031,000.00 төгрөг, олох ёстой байсан орлого 2,160,000.00 төгрөг, нийт 3,191,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмлжлийн нийт шаардлага болох 3,191,000.00 төгрөгийн нэхэмжлэлийн 625,000.00 төгрөгөөс татгалзаж байна, учир нь 625,000.00 төгрөгийг Номин даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөр гээд төлчихсөн юм. Үлдэх 2,566,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 65,000.00 төгрөг нь үнэлгээний зөрүү, үлдэх 2,501,000.00 төгрөг нь зардал, олох ёстой байсан орлого юм, иймээс 2,566,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Оюунбаяр 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгаас Улаанбаатар хот руу 17:00 цагийн үед Верна маркийн 69-83 унч улсын дугаартай машинтай явж байгаад Жаргалант сумын салдаг уулзвар дээр 08-32 төв улсын дугаартай хьюндай старекс маркийн машинтай зүүн урд хэсгээрээ мөргөлдсөн.
Тухайн үед нэн даруй холбогдох байгууллага болох Цагдаагийн хэсэгт бүртгүүлэн дуудлага өгч, өөрийн даатгуулсан Номин даатгал ХХК-нд мэдэгдэж, улмаар дуудлагын дагуу ослын газарт орон нутаг хариуцсан Замын цагдаагийн ахмад н.Батболд байцаагчаар ахлуулсан бүрэлхэдүүн ирж, хэмжил хийсэн ба даатгалын компанийн ажилтнууд мөн ирсэн.
Тус ослын актаар миний буруу болохыг тогтоосон, миний зүгээс үүнтэй маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг, ингээд хохирогчийн хохирлыг барагдуулахаар Гэрэгэ эстимэйт ХХК-нд хандаж, М.Аюурзанын гэрт авчирж, үнэлгээнд шаардлагатай гэрэл зураг, болон бусад баримтыг өгч, үзлэгийг хийлгэсэн юм.
Үнэлгээ нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан ба урд буфер, зүүн урд крыло, зүүн урд амартизатор, зүүн урд гар, зүүн урд босоо тэнцвэржүүлэгч, буферийн нэмэлт гэрэл, зүүн под крыло, зүүн доод гар, татуурга, зэргийг их хэмжээний гэмтэлтэй гээд солих шаардлагатай тул нийт 475,000.00 төгрөг, зүүн урд хаалгыг засварлахад шаардлагатай 35,000.00 төгрөг, дээрх эд ангийг солих, засварлахад 180,000.00 төгрөг, нийт 690,000.00 төгрөг болсон.
Миний бие холбогдох даатгалын компанид нөхөн төлбөрийн хүсч, ажлын 22 хоногт багтаан шийдэж өгнө гэсэн юм.
Энэ хугацаанд би нэхэмжлэгч М.Аюурзанын эхнэр н.Лхагвасүрэнгийн хамт Жаргалант сумаас Улаанбаатар хотод зарим нэг засварын газраар орж, ажлын хөлсийн талаар лавлахад 150,000.00-200,000.00 төгрөг болж байсан.
Нэхэмжлэгчийн автомашин нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүрэн засварлагдсан ба Номин даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэр н.Лхагвасүрэнгийн данс руу шилжүүлсэн.
Иймд, нэхэмжлэгч М.Аюурзанын хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Зохигч нараас өгсөн болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Аюурзана хариуцагч Н.Оюубаярт холбогдуулан гэм хорын хохиролд 3,191,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд 625,000.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2,501,000.00 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг барагдуулсан тул үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх бүрэлдэхүүн талуудын тайлбар, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.
Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Жаргалантын салдаг уулзварт хариуцагч Н.Оюунбаяр нь зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн 08-32 төв улсын дугаартай хьюндай старекс маркийн автомашинд хохирол учруулсан нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт, мөн тус өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаар тус тус тогтоогдож байна.
Уг ослоор хариуцагч Н.Оюунбаяр нь өөрийн эзэмшлийн Верна маркийн 69-83 унч улсын дугаартай машинтай явж байгаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч М.Аюурзанын эзэмшлийн машиныг мөргөж хохирол учруулжээ.
Хэдийгээр нэхэмжлэлд хавсаргасан баримт болоод нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл түүний эзэмшлийн 08-32 төв улсын дугаартай хьюндай старекс маркийн автомашин Хаан банкны 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болсон фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэх баримт байгаа боловч зээлийн дансны хуулгаас дүгнэвэл зээл зохих ёсоор төлөгдөж байгаа нь өмчлөлд бодитоор Хаан банкинд шилжээгүй байгаагаас гадна нэхэмжлэгч тал автомашиныг өөрөө бодитоор эзэмшиж, ашиглаж байх тул тэрээр тус автомашинтай холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Нэгэнт хариуцагч Н.Оюунбаяр нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч М.Аюурзанын эд хөрөнгөд хохирол учруулсан тул тэрээр уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч нь шүүхэд бичгээр өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн гэм буруугийн талаар маргадаггүй ба 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн N:411160129451832185 тоот шийтгэврийн хуудсыг хүлээн авч, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 44, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9 дах заалтыг тус тус зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, холбогдох торгуулийг төлж барагдуулсан гэх бөгөөд гагцхүү нэхэмжлэлд дурьдсан 3,191,000.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй, хохирлыг барагдуулсан гэж мэтгэлцэж байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Н.Оюунбаяр нь Номин даатгал ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж, Монгол Улсын Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 болон 7 дугаар зүйлд зааснаар өөрийн хариуцлагаа даатгуулжээ.
Даатгагчаас даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т тус тус зааснаар учирсан хохирлыг үнэлсэн мэргэжлийн хохирол үнэлэгчийн дүгнэлтийг үндэслэн тухайн хохирлыг барагдуулах журамтай бөгөөд Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй даатгалын хохирол үнэлэгчийн гаргасан хохирлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэдэг.
Даатгалын хохирол үнэлэгч Гэрэгэ Эстимэйт ХХК нь нэхэмжлэгчийн 08-32 төв улсын дугаартай хьюндай старекс маркийн автомашинд учирсан хохирлыг үнэлж, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтээр тус автомашинд 690,000.00 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн байх ба тухайн үнэлгээнд зохигчид маргаан гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хохирлын хэмжээг тодорхойлохдоо тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д зааснаар хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлох ба нэгэнт зохигчид Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хохирлын үнэлгээнд гомдол гаргаагүй тул тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хохирлын талаар санал нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Даатгагч Номин даатгал ХХК-ийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17, 19 дүгээр зүйл заасан журмын дагуу Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг үндэслэн хохирогчид 625,000.00 төгрөгийг түүний эхнэр н.Лхагвасүрэнгийн Хаан банкин дах 5740161005 тоот дансанд 11473 тоот дугаартай төлбөрийн даалгавраар шилжүүлсэн байх бөгөөд тус нөхөн төлбөрийг хүлээн аваагүй гэх үйл баримтын талаар нэхэмжлэгч тал мэтгэлцэхгүй, нэхэмжлэлийн шаардлагаасаа 625,000.00 төгрөгөөс татгалзаж байх тул түүнийг өөрт учирсан хохирлоос 625,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх нь зүйтэй юм.
Харин автомашины засвар үйлчилгээний зардалд нэмэлтээр гаргасан 341,000.00 төгрөгийн зардлыг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зам тээврийн ослоос учирсан хохирол гэдгийг нотлохгүй байгаагаас гадна нэхэмжлэлд хавсаргасан зарлагын баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас үнэлэх боломжгүй байна.
Иймд, хариуцагч Н.Оюунбаяр нь нэхэмжлэгч М.Аюурзанын автомашинд учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар дүгнэгдсэн 690,000.00 төгрөгийн хохирлоос түүний Даатгагч Номин даатгал ХХК-иас 625,000.00 төгрөгийг төлсөн байх тул зөрүү 65,000.00 төгрөгийг нөхөн төлөх нь зүйтэй юм.
Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.
Автомашиныг засвартай байх хугацаанд 2,160,000.00 төгрөгийн төмс борлуулж, орлого олох ёстой байсан, осол болсон өдрөөс хойш автомашиныг засвартай байх хугацаанд энэ хэмжээний орлого олж чадаагүй, би 1 /нэг/ сард ойролцоогоор 2,160,000.00 төгрөгийн орлого олдог гэх тайлбартаа Өгөөмөр өгөөж ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 02, 10, 23-ны өдрийн зарлагын баримтаар нотолно гэж нэхэмжлэгч М.Аюурзана мэтгэлцдэг боловч энэ нь нотлогдохгүй байна.
Учир нь, нэхэмжлэгчийн тайлбараас дүгнэвэл тэрээр хүнсний ногоо тариалдаг бөгөөд өөрийн зоориноосоо байнгын нийлүүлэлт хийдэг иргэд, аж ахуй газрууд байдаг ба 70-80 шуудай төмсний үнэ ойролцоогоор 2,160,000.00 төгрөг хүрдэг гэжээ.
Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас тус тус үзвэл түүний автомашин хэдий хугацаанд засвартай буюу ашиглах боломжгүй байсан нь тодорхой бус мөн нэхэмжлэгчийн зоорьт 2,160,000.00 төгрөгийн үнэ бүхий төмс байсан эсэх, тухайн төмсийг байнга худалдан авдаг харилцагчтай эсэх нь тодорхой бус байгаагаас гадна нэхэмжлэгч нь өөрөө автомашины сул зогсолтын үед дээрх 70-80 шуудай төмсөө зарчихсан гэж тайлбараас тус тус дүгнэвэл 2,160,000.00 төгрөгийг олох ёстой байсан орлого гэдгийг нэг мөр нотолж чадахгүй байна.
Түүнчлэн Өгөөмөр өгөөж ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 02, 10, 23-ны өдрийн зарлагын баримт нь нэхэмжлэгчийг 1 /нэг/ сард тогтмол 2,160,000.00 төгрөгийн орлого олдог гэдгийг нотлохгүй бөгөөд уг 2,160,000.00 төгрөг нь цэвэр ашиг уу эсхүл борлуулалтын орлого уу, сар бүр хэдий хэмжээний борлуулалт хийдэг, үүнээс ашиг, алдагдал нь хэд байдаг талаар тодорхой баримт байхгүй тул үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иймд, олох ёстой байсан орлого болох 2,160,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ШҮҮГЧ Б.УНДРАА